Өнгө мөнгөний сонгуулийн золиос
Хүн алж, байшин сав шатааж, хулгай дээрмийн ажил хүний санаанд оромгүй хэмжээнд очсон өнгөрсөн долоо хоногийн үйл явдал нь нам төвтэй улс төрийн хүчнүүдийн хоорондын тэмцэл дээд цэгтээ хүрснийг гэрчилж байна. Монголын улс төрийн амьдрал эхээсээ адаг хүртлээ ялзарч муудан, ямар нэгэн муу муухай үр дагавар нэхэж байсныг харууллаа. Намын байраар сор залж, хүний амь гарздах болсон нь жирийн иргэдийн буруу юм уу? Иргэд, төрийн хамгаалалтын цагдаа, сэргийлэхийн алба хаагчид эрүүл мэнд, эд эрхтнээрээ хохирч, олон зуун залуус ачигдаад шоронгийн амьдралд орлоо. Арваннэгдүгээр анги төгсчдийн элсэлтийн бүртгэлтэй давхацсан эл өдөр их дээд сургуульд бүртгүүлчихээд тарж явсан залуус ч энэ хоморгонд нь өртсөн бололтой.
Олон хүчин зүйл нийлж аюул осол авчирсан энэ үйл явдлыг өнгөцхөн үзэгдэх, харагдах хэмжээнд тайлбарлахаас хэтрэхгүй байгаа нь харамсалтай. Хууль тогтоох байгууллага руу буюу УИХ-ын гишүүн болохоор олон тэрбумаар мөнгө цацаж, үхэн хатан улайран дайрч байна гэдэг нь ялалт байгуулсан толгой намын хүнд машин механизм бүхий л салбарт ажиллаж түүгээрээ мөнгө төгрөг “хийх” боломжтойг харуулж байгаа хэрэг. Нэг үгээр хэлбэл ард түмний мөнгөөр, ард түмнээс сайхан амьдрах арга зам нь болдог. Тийм ч учраас олон арван иргэд хуучин шинэ намуудад итгэл үзүүлэхээ больж, иргэний байгууллагууд нэгдэн нийлж, эрх ашгийнхаа төлөө тэмцэлд боссон нь энэ удаагийн сонгуулийн онцлог байсан юм. Хороо дүүргийн засаг дарга нар бүгд МАХН-ын гишүүд байдаг. Сонгуулийн хэсгийн болон тойргийн хороодын дарга нар ч энэ бүрэлдэхүүнээр голдуу ажилладаг. Энэ давуу талдаа дулдуйдсан, дээрх аппаратыг дангаараа захирч ирсэн улалмжлалаараа сонгууль бүрт ялалт авчирах “түшиц бааз” сонгуулийн хороог МАХН энэ жил ч бас дээд зэргээр ашиглалаа.
Ядуу орны хувь заяа, сонгуулийн үр дүн чухам эндээс л ихээхэн хамааралтай байдаг ажээ. Тиймээс л өнөөг хүртэл эрх мэдлээ алдахгүй гэсэн ганц эрх ашигт бүхнийг зохицуулан төр захиргааны байгууллагаас эхлэн бүх шатны иргэдийн төлөөлөгчдийн хурал ч “ХУ” намынхнаар дүүрсэн байгаа. Ийм нөхцөл нөхцөл байдалд, ийм хүч тэнцвэргүй сонгуулийн тулаанд АН болон бие даан нэр дэвшигчид, бусад бүх хүчнүүд ямар ч горьдлогогүй гэдгийг сая болж өнгөрсөн сонгуулийн үр дүн бидэнд сайтар ойлгуулж өгсөн.
Хүч тэнцвэргүй ийм байдалд хүмүүсийн хорсол, зэвүүцэл, МАХН руу дайрч давшин, байшин савыг нь шатаах үндсэн шалтгаан болж хүний амь үрэгдэж, хулгай дээрэм зэрэгцлээ. Ард түмний амьдрал дордохын хэрээр аливаа шударга бус явдал газар авч, түүний үр дагаврыг хэн нэгэн этгээд дангаараа эсвэл аль нэг намд тулган хүлээлгэх боломжгүй болдог юм байна. Эхлэл төгсгөл нь олдохгүй, огт шударга бус, эмх замбараагүй орчин нөхцөлд хэн нэгэнд энэ үйл явдлын зөв, бурууг үүрүүлнэ гэдэг аль аль нь шудрага бус зүйл бөгөөд зөвхөн аль нэг явцын хүрээнд л зөв бурууг хэсэгчилэн авч үзэхээс өөр арагүйд хүргээд байгаа юм. Тиймээс ч үзэгдэх байдлаараа байшин шатаасан хүмүүсийн буруу болгон нийгэмд харуулж, тэднийг шоронд суулган шийтгэх нь зөв гэж ойлгуулах санаархал бий. Уг нь шударга бус сонгуулийн тогтолцоо, намуудын эрх ашгийг хамгаалсан үйл явдал байсаар ирсэн нь муу муухай явдлын эх сурвалж болсоор ирсэн байлтай. Шийдвэрлэж чадаа¬гүй, шийдвэрлэхэд хүч мөхөсдсөн олон асуудал хуримт¬лагдсаар ингэж тэсэрч байна. Тэсрэх, тэсрэхдээ зөвтэй, буруутай олон амьтныг хамж шимээд, чирч оддогийг зарим хүн урьдчилан харж чадсан ч байж болох юм.
МАХН-ын байр яагаад шатав?
МАХН гэсэн хаягтай байшин руу шилтэй бензин шидэж, түүний дээд давхруудад зориуд гарч түймэр тавьна гэдэг жирийн үзэгдэл яавч биш. Замдаа тааралдсан машин тэрэг, байшин барилгыг шатааж “галын наадам” хийгээд, улаан гал үзэн баярлаж бахархаж байна гэдэг зориудын явуулга төдийгүй, маш их атаа жөтөө дагуулсан хорслоо тайлж байгаа хэрэг. МАХН-ын байрыг, хэн, яагаад шатаав гэдэг асуулт яах аргагүй олон хүчин зүйлээс эх сурвалжтай юм. Нэгэнт авилгалд идэгдсэн замбараагүй төр засагтай учраас асуудал үнэн зөвөөр шийдэгдэнэ гэхээсээ илүүтэйгээр хууль хяналтын байгууллагаас хамааралтай шийдэгдэнэ бизээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хэвийн журмаар ажиллаж долоо хоног болсны дараа олон нийт энэ асуудлыг дүгнэж, цэгнэх боломж арай дээр болно. Мэдээжийн хэрэг бүх л хүмүүсийг энэ явдалд хамаатуулсан. Жагсаалд оролцож, сонирхож байсан олон хүн эцсийн үр дагаврыг төсөөлөөгүй байсан нь үнэн. Хамгийн гол нь нурааж, шатаах, сүйтгэх бүхий л бэлтгэлийг хангаж оролцсон хүмүүсийг хэн турхирсан бэ? Тэд хаашаа алга болов? Цагдаа, хүчний байгууллагынхан яагаад ийм муу ажиллав гээд шил шилээ дарсан олон асуулт хариултгүй өнгөрөх байх даа.
Чихэнд чийртэй “Ардчилал”
АН өөрийнхөө түүхэн үүрэг зорилгоос ухарч сөрөг хүчний үүргээ умартан үзэл бодол, үйл ажлаараа МАХН-д ууссан нь өнөөдрийн нөхцөл байдлыг бүрэлдүүлэхэд түлхэц болсон. АН энэ удаагийн сонгуулийг дахин мөнгөний сонгууль болгосон. Тэд хамгийн түрүүн “Эрдэнийн хувь”-ийг санаачилан сонгогчдын саналыг мөнгөөр үнэлж, сонгуульд оролцогч бусад нам, эвсэл, бие даагчдыг үзэл санааны өрсөлдөөнөөс өнгө мөнгөний тэнцвэргүй тулаанд урин дуудаж байв.
Сонгуулийн өмнөх дүр зургийг эргэн нэг саная. АН-ын зүгээс ээлж дараалан сонгуулийн ялалтаа тунхаглаж, орой болгон телевизийн сувгаар үлгэр домгийн орноос ирсэн шидтэн мэт үлгэр хүүрнэн байсан. Ц.Элбэгдорж амандаа багтахгүй тоо хэлж, айл бүрт цахилгааны тоолуур шиг урсах мөнгө “гоожуулна” хэмээн нүүр нь ягаарч, нүд нь гялалзан, эргэн тойрноо алмайруулж, алга ташуулж суусан.
Тойрог бүрт саналын хуудсыг тоолж байхад сонгуульд яллаа хэмээн тооцож байсан АН ингэж ялагдсанаа хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа нь яах аргагүй болж өнгөрсөн хар үйл явдлын хамгийн тодорхой учир шалтгаан болж байна. Найман жилийн турш сөрөг хүчин байж, ах намдаа ялагдсаны дээр дахиад дөрвөн жилийг ардаа хийх тэсвэр, тэв¬чээр дутсаны илрэл байлаа. Зөв¬хөн намын хэмжээнд бус олон хүний өнөөг хүртэл явж ирсэн замнал, амь амьдрал энэ сонгуу¬лиар цэглэгдэж байна. Улсын Их Хуралд л орохгүй бол өөр хийж чадаа ажилгүй, 10 гаруй жил парламентад суусан эрхмүүд өөрийнхөө жирийн иргэний амьдралыг огт төсөөлж байгаа нь ерөөсөө л манай хууль тогтоох байгууллага юу болж хувирсныг харуулж байгаа хэрэг.
“1990 онд нэг ч хүний хамраас цус гаргалгүй улс төрийн ялалтаа авсан, 18 жил ардчиллын төлөө тэмцэж явахдаа” гэх яриа бүр улиг домог болтлоо чихэнд чийртэй сонсогдож, бүр яршиг болж гүйцлээ. Ямар ч нийгэмд ард олон дутагдах гачигдах зүйлгүй амгалан, тайван амьдрах л хүсэлтэй байдаг. “Ардчиллаар 18 жил гангарлаа” гэсэн хэн нэгний үг мөн ч онож дээ гэж бодогдох боллоо. Хүний хамраас цус гаргаагүйн гавъяа харин ч “ХУ” намын хуучин үеийн дарга нарын гавъяа байсан гэвэл үнэнд арай илүү нийцнэ. Социалист, коммунистаараа дуудуулж, өнгөрсөн бүхнээ хараан зүхүүлсээр байгаад хүмүүс тэр дундаа хөгшчүүл ардчилсан намыханд дургүй болсон. Ингээд л сонгууль бүрт үр хүүхэд, ач зээ гээд эргэн тойрны хүмүүсээ “ХУ” намд саналыг нь өгүүлж заншиж дээ. Ардчилсан нам 18 жилийн хугацаанд бидний амьдралыг дээрдүүлэх боломж байсан уу гэвэл байсан. Харин одоо тэд “ХУ” намын хуучин дарга нараас ч дор орж дээ.
Социализмын үеийн барилга байшингуудыг алга дарам цаасаар хувьчилж, иргэдэд улсын мөнгөөр хийсэн паспорт олгож, байсан малыг малчидад тарааж өгснөө тэд өөрсдийн гавъяа гэж олон жил гайхууллаа. Энэ мэт “амжилт”-аараа сайрхаж ардчиллыг өөрсдийн өмч мэт үзэх, шинэчлэгдэж, өсөн дэвжих чадваргүй, “ХУ” намынханд мэдлэг чадвараараа аль хэдийнэ гүйцэгдчихсэн тийм хүмүүст одоо болтол итгэл хүлээлгэж улс орныг тэргүүлэх улс төрийн хүчин хэмээн үзэх боломжгүйг энэ удаагийн сонгууль харууллаа.
Нийгмийн хөгжил гэдэг бүтээлч бодит ажлын үр дүн байдгаас биш байгааг нь тарааж өгдөг гавъяа лав бишээ. Тиймээс ч 18 найман жилийн дараа нурааж тарааснаа эргээд барьж байгуулна хэмээн “Атрын аян”, “Үйлдвэржилт” гэж уриалах нь сэтгэлд нэг л буж өгөхгүй, хачин инээдтэй сонсогдож байсан. Иймэрхүү хий хоосон яриа, сүүлдээ бэлэн мөнгөний амлалтууд болон хувирч сонгуулийг том нам бүлэглэлүүдийн анхаарлын төвд оруулан, тэднийг эрүүл саруул ухаанаа алдахад хүргэсэн. Эрүүл бус сонгууль явж явж сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөх аргагүй байдалд хүргэлээ. Эрүүл бус нөхцөл байдал, эрүүл бус үр дагаврыг төрүүлж байгаа хэрэг.
Дайны хажуугаар дажин…
Оройхон утас дуугарлаа. Хөдөөнөөс аав ярьж байна. “Хаана байна? Гэрээсээ гарч болохгүй шүү” гэж нэг амьсгаагаар хэлээд нөгөө ах чинь эхнэрээ дагуулаад талбай дээр жагсаж явна гэнэ. Сая телевиз харж суутал тэнд явж байх шиг харагдаад санаа зовоод ярьлаа. Тэгсэн “Эрх чөлөөнийхөө төлөө, шудрага сонгуулийн төлөө явж байна” гээд тоохгүй байна гэж гомдоллов. Харин нэг их удалгүй ах гэртээ харьж, аав ээжийг амраасан сураг гарав. Хувьсгалт намын байрыг галдан шатааснаас хойш сонгуулийн дүнг эсэргүүцсэн хэсэг нь тарж, харин эмх замбараагүй байдал үүсгэн ашиг хонжоо харсан нь үлдэж эвдэн сүйтгэж, эрээ цээрээ алдсан гэж жагсаалд оролцож байсан зарим хүмүүс ярьж байна. Ямар ч байсан эхэндээ улс төрийн шинжтэй эхэлсэн жагсаал цуглаан сүүлдээ зохион байгуулагчдынхаа хяналтаас гарч, олныг хамарсан эмх замбараагүй байдал үүссэн нь үнэн. Үүнийг далимдуулж ашиг хонжоо хайсан, хутган үймүүлсэн хүмүүсийн “нар гарав”.
Үдэш дахиад л утас дугарлаа. Дүү маань “Би хоригдчихлоо” гэж байна. Чи юу хийж тэрүүгээр явсан юм. Ажлаа тараад шууд харихад яадаг юм гээд хэсэг загналаа. Гэтэл тэр “Үгүй ээ, би ажил дээрээ хөл хорионд орчихсон. Улсын онцгой объектуудыг хамгаалалтад авч, онцгой байдал зарласан” гэж тайлбарлалаа. Энэ нь Ерөнхийлөгчийн зарлиг гарч онцгой байдал тогтоохоос хэдэн цагийн өмнө буюу 23 цагийн үед болсон явдал. Ингэхээр энэ бүх үйл явдал, үймээн самуун, санаатай, зохион байгуулалттай хийсэн зүйл байж болох юм гэсэн хар төрөөд байгаа юм.
Айдас түгшүүр дүүрэн нэг шөнийг үдэж, өглөө эртхэн босоод ажил руугаа яарав. Замын ихэнх хөдөлгөөнүүдийг хааж, телевиз, радиогийн үйл ажиллагааг зогсоож, буутай цэрэг хөлхөлдөн хот тэр чигээрээ дайны байдалд оржээ. Энэ тухай үйл явдлыг бүгд мэдэж байгаа. Үдээс хойшхон тамхи авахаар ТҮЦ явсан залуу алга болчихов. Хийх юмаа олж ядсан, хувийн өс хонзонгоо авах хүсэлтэй цагдаа нар хэнийг ч хамаагүй бариад, хориод байгаа нь үүгээр батлагдав. “Чи яасан их тамхи татдаг юм” гэж хэлээд бариад явжээ. Хүний төлөө биш, ямар ч нөхцөлд жирийн иргэдээ хохироож байдаг ийм нийгэмд амьдарч байгаадаа гутарч байна. Эрхэм таныг гэгээн цагаан өдрөөр ч аваад явах боломж ойр¬хон байна. Эмнэлэгт өвчтэй хүн сахиж байсан иргэнийг, ТҮЦ орохоор ажил дээрээсээ гарсан хүнийг тэд цагдан хорьж байна. Үүгээр ч зогсохгүй дахин баривчилгаа хийнэ гэнэ. Телевизийнхэн, мөн цагдаагийнханы хийсэн дүрс бичлэгийг үндэслэн баривчлах ажиллагааг үргэлжлүүлэх сураг чих дэлсээд авлаа.
Уг нь ерөнхийлөгч ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ “Бий болсон онцгой нөхцөл, үр дагаврыг арилгах, хохирлыг тодорхойлох, хүн ам, нийгмийн амьдралыг хэвийн болгох бүхий л арга хэмжээг одоо хуулийн дагуу шуурхай штабаар дамжуулан авч хэрэгжүүлж байна” гэсэнсэн. Харамсалтай нь нийт нийгмээрээ амгалан тайван болох бус харин түгшүүрийн харанган доор толгой гудгархан алхах болчихлоо.
Цагдаагийн байгууллага хууль зөрчиж байгаа юу?
Цуглаанд оролцож байсан хүмүүсийн дотор галдан шатаах, эвдэж сүйтгэсэн ийм юм болно гэж төсөөлж байсан хүн ховрхон. Харин галдах зорилготой хэдхэн л хүн байсан. Ийм том хорлон сүйтгэх ажиллагаа хийх гэж байгаа хүн талбай дээр мөнгө тарааж явна гэхэд найман настай хүүхэд ч итгэхгүй. Нэг сувгаар явж байгаа мэдээллүүд бүхэлдээ нэг талыг баримтлан, энэ үйл явдлын хариуцлагыг иргэний хөдөлгөөнүүдэд үүрүүлэх гэсэн санааг агуулж байгаа нь хүчний байгууллагуудын үнэн нүүрийг харуулж байна.
Иргэд Ц.Элбэгдорж, С.Баяр нарыг гарч ирэхийг цуглааны үеэр шаардаж байсан. Тэр үед эдгээр эрхмүүд хаана байв? Яагаад юу ч хэлэгүй байсаар үймээн самуунд хүргэв? Хууль хүчний байгууллага өөрийнхөө удирдлагатай робот гэдгээ сүүлийн өдрүүдэд ядуухан “баримт”, чадуухан санаагаараа илчилж орхив.
Манай сэтгүүлийн энэ дугаарыг гарах үед телевиз, радиогийн бүх сувгийг хаачихсан байсан. Эдгээр хэвлэл мэдээллийн байгууллага ажиллаж эхэлсний дараа энэ асуудлын ээдрээ, зангилаа олон нийтэд илүү ойлгомжтой болно гэж найдаж байна. Гэмгүй, мөрөөрөө явсан олон хүнийг хомроголон баривчилж, эрх чөлөөнд халдан цагдаагийн байгууллага хууль зөрчсөн тухай мэдээлэл гарсныг тэд худал гэж няцаасан..
Шоронд орох гэж байж юугаар ч идсэн яадаг юм бэ гэж загнасан
Энэ сарын 1-ний өдрийн үймээн самуунтай холбогдуулан олон хүнийг саатуулсан. Ингэж саатуулахдаа гэм зэмгүй олон хүнийг хомроголон авч яваад, зодож дарамтласан байх юм. Тэдний нэлээд хувийг насанд хүрээгүй хүүхэд эзэлж байгаа юм. Гэрийнхээ гадаа тоглож байсан хүүг хүртэл аваад явсан гэхээр цагдаагийн байгууллагын ямар арчаагүй дорой байгаа нь харагдах бизээ. Бид түр саатуулах байранд 24 цаг болоод гарч ирсэн залуутай уулзаж доорх ярилцлагыг авлаа
- Хэзээ баригдаж, саатуулагдсан бэ?
- Үймээн болсны маргааш орой буюу долдугаар сарын 2-ны 18 цагийн үед ажлынхаа ойролцоох ТҮЦ орчихоод эргэтэл хойноос нэг цагдаа “Амрыг эрье” гэсэн. Пургон дээрээ дагуулж очоод зодож, машиныхаа шалан дээр доош харуулан хэвтүүлээд бороохойдож зодсоор улсын мөрдөн байцаах газар аваачсан. Ёо ёо гэхээр “Чи ганцхан удаа ёолж байхад, цаана чинь өчнөөн цагдаа өвдөж байна” гэж хэлж байсан. Тэр ТҮЦ-нээс юм авч байсан өөр нэг залуу, насанд хүрээгүй хоёр хүүхдийг ч авч явсан. Цагдаа нар ёолохоор баашиллаа гээд, дугарахгүй байхаар гүрийлээ гээд л зодоод байсан.
- Байцаалт авсан биз дээ? түр саатуулах байрны орчин нөхцөл ямархуу байна?
- Улсын мөрдөн байцаах газарт бид дөрвийг ээлжлэн байцааж, үймээн самууны үеэр тэнд очсон уу гэсэн ганц асуулт тавиад “Очоогүй” гэж хариулахаар зодоод байсан. Тэр ч бүү хэл тэнд очсоныг чинь гэрчлэх зураг, бичлэг байгаа гэж сүрдүүлээд зодсон. Тавьсан асуултдаа заавал “Очсон” гэдэг хариу л авахыг хүсч байсан. Тэндээсээ ганц худаг руу ачина гэж байсан ч тэнд хүн хүлээж авахгүй гээд дэнжийн мянгын түр саатуулах байр луу хүргэхээр болсон. Ингэхдээ замдаасаа хүн нэмж ачсаар 30 гаруй хүнийг тэнд аваачсан. Харгалзаж байсан цагдаа нарын нэг нь суу гээд, нөгөө нь зогс гээд, аль аль нь тушаал биелүүлсэнгүй гэж цохиж зодож байсан. Биднийг ганц машины гаражид зуу зуугаар нь хонуулсан. Гадаа хонуулна гэж байсан ч бороо орсон болохоор гаражид оруулсан л даа. Маргааш өглөө нь үймээний үеэр зодуулсан цагдаа нар ирж өөрсдийгөө зодсон хүмүүсийг ялгаад, дараа нь шээсний шинжилгээгээр архи уусан эсэхийг тогтоож нэг хэсгийг, зураг бичлэгтэй тулгаж нэлээд хүнийг авч явсан. Үймээнд оролцсон залуусыг цагдаа нар голдуу баруун гар тал руу нь цохиж бороохойдож байсан бололтой бүх хүмүүсийн баруун гарыг шалгаад хөхөрсөн, шархтай хүмүүсийг ч ялгаж байсан.
- Баригдсан хүмүүсийн дунд гэмгүй хүн олон байсан уу?
- Зүгээр явж байгаад баригдсан хүн зөндөө байсан. Надтай хамт түр саатуулах байранд очсон хүмүүсийн ихэнх нь 14-17 насны хүүхэд байсан. Зарим нь гэрийнхээ гадаа тоглож байгаад баригдаж ирсэн гэх хүүхэд ч байсан. Миний бодлоор цагдаа нарт хүн барьж ирэх нормын тоо тогтоож өгсөн байх. Тэгээд л тэд хэнийг ч хамагүй баривчлаад саатуулаад байсан болов уу.
- Түр саатуулах байранд хоол, унд өгсөн үү?
- Хоол унд бараг өгөөгүй. Өглөө жаахан талх өгсөн нь хатчихсан, бас эвгүй амттай байсан болохоор идээгүй. Өдөр нь гэдэстэй будаа өгсөн. Халбага нь заваан байсан болохоор тогооч эгчээс нь сольж өгөхийг гуйсан. Харин тэр эгч “Та нар шоронд орох гэж байж юугаар ч идсэн яадаг юм бэ” гээд загнаад байхаар нь хоолоо идээгүй.
- Хэзээ суллагдсан бэ?
- Маргааш нь ээж батлан даалтаар гаргахаар хөөцөлдөж, ажил дээрээс тодорхойлолт гаргуулж би дэнжийн мянгаас эргээд улсын мөрдөн байцаах газарт ирсэн. Энэ үеэр монгол телевизийн сурвалжлагч нар ирж ярилцлага авах гэж байсан. Байцаагч, дарга нар нь “Биднийг огт зодоогүй, хоол унд сайн өгсөн гэж хэл. Зааснаас өөр үг хэлж болохгүй” гэсэн. Батлан даалтаар гарахаар болж байцаагчаас тэлээ, түрийвч, гар утсаа авахаар орох хооронд хүртэл зодож, дарамтласан. Гарынхаа үсгийг хурдан зурсангүй, өрөөнд өмдөө тэлээлэх гэлээ, ширээн дээр юм тавьлаа гээд хийсэн үйлдэл бүхнийг буруутган цохьж байсан.
2008 он