Их зохиолч Д.Нацагдорж “Эрүүл явбал улсын наадам үзнэ” гэж бичсэн байдаг. Тухайн үеийн улсын наадам сайхан болдог байсан биз ээ. Өнөөдөр улсын наадам гоё уу, сумын наадам гоё уу гэж асуувал олон хүн ямар ч эргэлзээгүйгээр сумын наадам гоё гэж хариулна.
 
      Хэрэв бөх үзвэл морь, сур хоёрыг үзэж чадахгүй, морь үзвэл бөх, сур хоёрыг үзэж чадахгүй. Эрийн гурван наадмынхаа аль нэгийг л сонирхоод өөрийгөө наадам үзсэнд тооцно. Бөх үзлээ гэж бодъё. Үнэндээ бол тавын даваанаас өмнөх барилдааныг бөхийн хорхойтнууд л шимтэн үзнэ үү гэхээс над мэтийн “эрлийз” хүмүүст сүүлийн хэдэн даваа л сонирхолтой. Задгай цэнгэлдэхэд бороо орно уу, шороо босно уу, нар шарна уу хамаагүй орж гарах гэж чихэлдэн байж барилдааныг их л холоос бөхчүүдийг ялгаж таних гэж зүдэрч үзнэ.
 
  Морь үзэх бүр ч хэцүү. Тээр хол газар машин тэргээр л очиж таарна. Очсон хойноо машин дотроо үзэхгүйгээс хойш явган явна. Явган хүн морь үзэх шиг хэцүү юм байхгүй. Морьтой хүмүүст дайруулчих гээд, бас тэр их тоос шороонд хаана юу болж байгаа, хэнийх нь ямар морь ирж байгааг ялган харж жинхэнэ утгаараа наадаж цэнгэж чадах ч үгүй. Хэн ямар нөхцөлд, юуны махаар хийснийг нь тааж мэдэхгүй хуушуураас ёсыг бодож амсана. Яг үнэндээ бол хотын бид нар таван литр айраг олж аваад цэнхэр дэлгэцийнхээ өмнө тухалж гэртээ наадамлахыг илүүд үздэг шүү дээ.
 
  Харин сумын наадам бол шал ондоо. Хөдөөгийн хүмүүс аймаг, сумын наадамдаа эртнээс бэлдэж эрчүүд нь морио уяж, эмэгтэйчүүд нь наадамд өмсөх дээл хувцасаа урлана. Тэгээд ч сумын наадамд эрчүүд нь барилдах юм уу, хүүхдүүд нь морь унах мэтээр айл бүхэнд үгүйдээ л хот айл бүхэнд энэ наадамд ямар нэг хэмжээгээр оролцох нэг хүн, эсвэл хэн нэгнийх нь уясан морь байгаа болохоор улам ч сонирхолтой болно. Наадамд явахын өмнө унаж явах мориныхоо дэлийг засаж сайхан хувцас, сайн морь, сайхан эмээл хазаараар гоёно. Гэрлэж амжаагүй залуус, бүсгүйчүүдэд бол наадамд гоёж очих нь юу юунаас илүү чухал. Хурдан морь унах бяцхан хүүдээ аав нь морио дээгүүр давхиулах арга тактикыг дахин дахин сургаж хэлэх бол харин ээж нь мориноосоо унуузай, эсэн мэнд ирээсэй гэж санаа нь зовнин шал өөр захиасыг хэлнэ.
 
  Наадмаа үзэхээс илүү чухал нэг ажил бий. Тэр нь гэрээсээ хол явж амждаггүй эмэгтэйчүүд багын найз нөхөд, танил хүмүүстэй уулзаж шавайгаа ханатал ярьж хөөрөх явдал юм. Наадмын төв асарт сумын албан тушаалтнуудаас гадна өндөр настан, нутаг усандаа нэр хүндтэй хүмүүс сууна. Баг багаараа нэг уяа болж уяачид айраг цагаа, мах шүүс, тавгийн идээгээ нийлүүлэн орсон гарсан хүмүүсийг дайлж элбэг дэлбэг байдаг. Нас болгоны морийг “Түмэн-Эх” дууг эгшилүүлж уралдааны замд үднэ. Тэгээд барианд ирэх хооронд нь бөхийнхөө нэг давааг барилдуулдаг. Бөх нь ч, морь нь ч үзэхэд тун хүртээлтэй. Энд л наадмыг үзсэн шиг үзэж, наадсан шиг наадаж цэнгэдэг. Ихэнх бөхчүүд нь таньдаг, нутгийн залуус болохоор тун үзүүштэй. Хүн бүхний цээжинд гадны бөхөд түрүүгээ алдахгүй юмсан гэсэн түгшүүр төрнө.
 
  Хөдөө нутагт хүмүүс зуны цагт махан хоол тэр бүр идэхгүй, идлээ ч борцтой хоол идэх учир шинэ махаар хийсэн наадмын хуушуур амттай гэж жигтэйхэн. Мартаж болохгүй нэг юм нь мал хуйгаа харж гэртээ үлдсэн нэгэндээ заавал наадмын хуушуур, чихэр боов авцгаадаг. Тэр өдрийн бөх барилдаж, морь уралдаж дууссаны дараа сумын улаан буланд урлаг соёлын арга хэмжээнүүд явагдаад л... Хотынхон сумын наадам үзэхийн төлөө хөдөө явдаггүй. Гэхдээ үүнд болохгүй юм юу байх билээ. Яаж ч бодсон сумын наадам үзэх нь улсын наадам үзэхээс хол дээр гэж хэлэх хүн олон, олон бий. Ялангуяа хүүхэд насандаа үзсэн сумын наадам хүний сэтгэлд мартагдашгүй дурсамж үлдээдэг учраас зохиолчид сумын наадмын тухай олон олон шүлэг зохиол туурвисан байдаг ажээ.
 
Ш.Гүрбазар
Дугуй хээтэй наадам
 
Зүс булаалдсан гурван сумын хүүхнүүд
Хэлэлцсэн юм шиг хөх торгон дээлтэй ирж
Зуузай харшуулсан гурван сумын морьд
Ижилссэн юм шиг суман дэлээрээ гайхуулж
 
Хөх торгон баадантай хөлийн хоёр асар
Хэцийн цэнхэр салхинд хээгээ гээтэл дэрвэхэд
Еэвэн хээтэй зодгоо зууван болтол дугтралцах
Есөн давааны бөхчүүд наадмын цагаригт тэмцэлдлээ
 
Үйлийн үргүй хөөрхөн Алтаншаргын Цэрмаа
Үйтэн хуаран тэрлэгээ дурдан болтол дэрвүүлэхэд
Хатирч саарал морьных нь газар асгасан сүүлнээс
Хаан бугуйвч сүлжих шиг туурайн мөр хоцорлоо
 
Дэлгэрхэтийн наадам гурав хоног нижгэнэсэн
Дэвжээнийх нь дэнж дугуй хээтэй үлдлээ
Морь наргиа хоёр цуглах жамтай талбараас
Монгол газар шороо минь туурайн хээтэйг ухаарлаа 
 
АЙМГИЙН АРСЛАН
 
  Ноднин зун төрж өссөн нутагтаа очиж агаар ус, айраг цагаан дээр сайхан амарч, сэтгэлээ сэргээгээд ирсэн билээ. Хотод суурьшаад нэлээд олон жил болсон боловч ажлын далим, амралт л олдвол нутгаа зорино. Адуу малтай ноцол­дохоос ихэд төсөөрсөн ч аав, ээжийнхээ ажилд бага боловч туслаад, амьтан ах дүүгийнхээрээ орж гарч, нутгийнхаа уул усаар морьтой зугаалах шиг сайхан амралт гэж хаа байхав.
 
  Нэгэн удаа аавынд маань надтай сумын найман жилийн сургуульд нэг ангид байсан, аймгийн арслан Дамиран ирлээ. Багын­хаа найзыг хараад сэтгэл хөөрөн шил юм задалж бид хоёр бүтэн өдөр ярьж хөөрөлдсөн юм. Бид түүнийг багын л “Гүргэр хар” гэж хочилдог байсан нь одоо түүний жинхэнэ нэр шиг манай нутгийнхан бүгдээрээ ийнхүү дуудах болжээ. Дамиран үнэхээр хар ч царайтай, гүргэр ч зантай хүн билээ. Миний л бодоход түүн шиг тэнхээтэй хүн тун ховор. Тэр аймагтаа хоёр ч удаа түрүүлсэн бөгөөд би түүнийг түүнээс олон түрүүлэх боломжтой, бас яагаад улсын наадамд зодог­лодоггүй юм бол гэж дотроо их л гайхдаг байлаа. Би ямар бөх сайн мэдэх биш, гэхдээ л Дамиранг улсын наадамд барилдвал юм дуулгаж мэдэх эр гэж бодно. Тэгээд яриагаа алсаас дөхүүлж байгаад ийн асуулаа:
 
  - Дамиран минь бид хоёр одоо нас гуч гарчихлаа. Одоо чиний бяр чадал, арга мэх чинь ид жагссан байна. Чи одоо дахиад арваас илүү жил сайн барилдахгүй. Найз минь чи улсын наадамд хүч үзэж, нутаг усныхандаа хэн болохоо харуулаач гэлээ. Гэтэл Дамиран хэсэг зуур газар ширтэн дуугүй сууснаа үгээ зөөн байж:
 
  - Өвгөн чинь хотод очоод улсын наадамд барилдлаа гэж бодъё. Алдар цолтой том бөхчүүдийг сайн танихгүй намайг нэг хоёрын даваанд хэн нэгэн аварга, арслан нь аваад л унагачихна. Хот руу явах, наадамд барилдах, буцаж ирэх гэсээр байтал хайран долоо хоног өнгөрнө. Тэр нь дор бол сурсан зангаараа аймгийн наадамд овоо юм амалсан нэгнийх нь давааг ахиулж өгчихөөд, ойр орчмын сумын наадмын байг авч адуундаа нийлүүлж байсан нь дээр. Угаасаа л би амьдрал ахуйгаа ингэж залгуулж, авгай хүүхдээ тэжээж яваа хүн гэж хэнэггүй өгүүллээ. Арай л улсын наадамд барилдах гэж хөөрцөглөөд амжиргаагаа тасалчихна гэж хэлээгүй билээ.
 
  Үүнийг нь сонсоод надад хэлэх ч үг олдсонгүй. Би л лав найзыгаа буруутгаж ер чадахгүй. Гэхдээ л ийм сайхан бөх улсын наадамд барилдаж өөрийнхөө эр бярыг таньж наадамчин олноо баясгаж явахын оронд дов тойрсон юм бодож байгаа нь харамсалтай ч юм шиг. Ай хөөрхий, цагийн эрх ээ гэж.