Асашёрю их аварга зодгоо тайлж гэнэ. Япончууд хавчиж, хяхсан л гэнэ. Домогт их аваргуудынх нь түүхэн рекордуудыг эвдээд байгаа болохоор япончууд айсан л гэнэ. Якуза нар нь дарамталсан л гэнэ. Нөгөө талаас, Асашёрю байнга хэл ам таталдаг л гэнэ. Сумогийн дэг жаягийг зөрчсөн л гэнэ. Сумог үл хүндэтгэсэн л гэнэ. Сануулга авсан л гэнэ. Хүн зодсон л гэнэ. Хэн мэдлээ. Ямартай ч их аварга маань зодог тайлсан тухай мэдээ Монголчуудыг гонсойлгов. 

Японы сумо бөх, үзэгчид сонирхогчдоо алдаж, санхүүгийн хүнд байдалд орчихоод байхад нь Монголын хэдэн бөх л очиж, сумог нь аварсан юм байх. Монголчуудын уран мэх, хурц дайчин барилдаан сумог сонирхолтой болгосонд үнэний хувь бий л байх. Гэхдээ сумог аварсан энэ тэр нь бол юу л бол. Харин, Монголчууд очиж барилдах болсноор Монголчууд бараг бүгдээрээ сумо сонирхогч болсон гэвэл үнэнд нийцэх байх.

Ерээд оноос өмнө Япон орныг гэйша, самуурай, японы милитаризм, халх голын дайн гэсэн ойлголтоор л дамжуулж төсөөлдөг байлаа. Нөгөө талаас электрон бараа, Сони, Хитачи, Шарп, Тоёота автомашин л Япон орны талаарх төсөөллийг орлоно. Япон орны талаарх бидний ойлголт ийм л хүрээнд эргэлдэж байлаа. 1992 онд МУИС-ийн Социологийн тэнхмээс эрхлэн, Японы “Асахи” сонины газрын захиалгаар хийсэн судалгааны дүн ийм л үр дүнг үзүүлсэн байдаг. Харин өнөөдөр энэ байдал эрс өөрчлөгдсөн байна. Сумо барилдаж байгаа Монгол бөхчүүдийн гавьяа нь Монголчуудыг сумод хорхойтой болгосноор хязгаарлагдахгүй. Сумогоор дамжуулж, Япон орон, япончуудын талаарх монголчуудын ойлголт, зан хандлагад эрс өөрчлөлт гарахад нөлөөлсөн гэж хэлж болно.

Чухам сумогоор дамжуулан, 1939, 1945 оны халх голын дайны муу нэр хүндээсээ Япончууд салж чадсан юм. Япончууд, сумогоор дамжуулж, Монголчуудын хувьд эерэг имижтэй, сайн нэр хүндтэй болсон гэхэд хилсдэхгүй бизээ. Дүгнэвэл энэ хэдэн сумочдын гавьяа нь сумог сурталчилсандаа ч биш, Монгол Япон хоёр улсын дипломат харилцаа, хамтын ажиллагаа, Монгол Японы ард түмний ойлголцол, харилцааны эерэгсэлд чухал хувь нэмэр оруулсанд байгаа гээд аваад хаявал нэг их хэтрүүлсэн болохгүй байх. Ямар ч байсан Монгол улсаас Япон улсад суугаа элчин сайдынхаа нэрийг хэн ч мэддэггүй мөртлөө, сумо барилдаж байгаа бөхчүүдээ болохоор эр эм, хөгшин залуугүй мэддэг л юм. Нарийн яривал Японд айлчилсан төрийн тэргүүн, их хурлын дарга, сайдууд, эрхэм гишүүдийн байгуулсан гавьяаг тэдний гавьяатай харьцуулбал ичмээр.

Харин одоо хайртай аварга маань зодгоо тайлчихлаа. Монголын хоёр их аварга хоёул хоёул уйлахыг хараад өөрийн эрхгүй л огшоод явчихлаа. Дахиад хэдэн жил барилдах боломж байсан шүү дээ, ядаж хоёр жил барилдчихсан бол хэд ч түрүүлээ билээ гэх харамсал зэрэгцэнэ. Дөнгөж түрүүлчихээд байгаа аваргыг шахаж байгаад зодог тайлуулчихаар гомдол л үлддэг юм байна. Сумогийн дэг жаяг, дүрэм журмаар бол тэгэхээс өөр аргагүй л байсан байх. Хувь сумо сонирхогчийн хувьд яаж ийж байгаад барилдуулаад байхгүй яасан юм бол гэж л бодогдоно.

* * *

А.Сүхбат аваргыг зодог тайлаад, зүлэг ногоон дэвжээндээ мөргөж ёслоод, нулимсаа шувтран наадмын талбайгаас гарахыг хараад яг л ийм сэтгэгдэл төрж билээ. А.Сүхбат аварга, Б.Гантогтох гарьдууд тэврэлдэн, эр хүний тэр болгон хүнд үзүүлээд байдаггүй нулимсаа нууж ядан, өөрийн эрхгүй унагаж байгааг харсан хэн ч гэсэн дотогшоо өмөлзөж, хоолой зангирмаар байсан. Сүхбат аварга маань тоглож байгаа байлгүй дээ, ирэх жилийн наадмаар барилдах байлгүй дээ гэж горьдон хүлээдэг бөх сонирхогчид одоо ч олон бий байх.

Аварга маань барилдвал бараг л түрүүлнэ дээ, түрүүлэхгүй ч гэсэн наадам хичнээн сайхан сонирхолтой болох билээ гэж хүсэж хүлээдэг фенүүд нь зөндөө бий. Монгол бөхийн сэргэлтийн үе нь яах аргагүй А.Сүхбатын ид барилдаж байх үетэй давхацдаг. Монгол бөх сэргэж, монгол бөхийн үнэлэмж дээшилж, Монгол бөхөө үзэх үзэгчдийн сонирхлыг А.Сүхбат аваргын хурц дайчин, торгон мэдрэмжтэй, уран гоё барилдаанууд татаж, тэрээр үнэндээ бөхийн барилдааныг чимдэг байлаа. А.Сүхбат аварга зодог тайлчихсан чинь ч юм уу, эсвэл барьц сонгуулдаг өөдгүй дүрэмтэй болсноос ч юм уу Монгол үндэсний бөх нэг л амтгүй, ёстой л хоёр шалдан бүдүүн юм бие биенээ түшиж зогсож байгаад зоос шидэж, шоо хаяж түрүүлдэг шахуу уйтгартай зүйл болж хувирсан. Тэгээд л үзүүр түрүүний барилдаан нь хүртэл барьц сонгож шийдэгддэг уйтгартай барилдааныг сонирхогчид цөөрч эхэлсэн дээ. Одоо би цагаан сарын барилдаан, наадмын барилдааныг ёсыг бодож хардаг болохоос шимтэн үздэггүй юм.

* * *

Домогт Майкл Жорданы эцгийг буудан хороосноос болж тэрээр зодог тайлсан билээ. Жордан байхгүй сагс нэг л амтгүй. Хэдийгээр НБА ч гэсэн, түүн шиг уран гоё тоглодог, гайхамшигтай тоглогч байхгүй болохоор үзэх ч юм байхгүй мэт санагдаж байж билээ. НБА-д олон одод бий боловч түүн шиг гайхамшигтай тамирчин байхгүй байлаа. Гольф энэ тэр тоглож 2 жил шахам “тэнэгтэж” байгаад тэрээр сагсан бөмбөгтөө эргэн ирсэн. Жорданыг эргэн ирэхтэй зэрэгцээд сагсан бөмбөг сонирхолтой болж, үзэгчдийн тоо нь ч нэмэгдэж, Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны орлого ч дээшилж, Чикаго Булс багийн санхүү ч сайжирсан гэдэг юм. Жордан ч жилийн 32 сая долларын цалин бүхий хамгийн үнэ цэнэтэй тоглогчоор тодорч, сагсан бөмбөгчдийн үнийг дээшлүүлж, шинэ жишиг тогтоосон. Эргэж ирээд НБА-ийн аваргын алдрыг дахин хоёронтаа хүртээд тэрээр дахин зодог тайлж одсон билээ. Айверсон, Коби, Макгрейди, Уэйд гээд олон олон шинэ залуу одод төрсөн тул түүний энэ удаагийн зодог тайлалт өмнөх шигээ хүнд тусаагүй. Энэ удаагийн зодог тайлалт нь өмнөхөөсөө илүүтэй зүй ёсны мэт санагдсаных биз.

* * *

Домогт Диего Марадона 80-аад онд чухам л хөлбөмбөгийн бурхан тэнгэрийн элч гэмээр гялалзаж байлаа. 1982 оны дэлхийн аваргын тэмцээнээс улаан карт аван хөөгдөж байсан залуу од маань 1986 оны Мексикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд ид гялалзаж байлаа. Тэр жил Аргентиний шигшээ багийг хэн ч зогсоож чадахааргүй байсан юм. Марадона, Вальдано, Канижиа гурвын хослол чухам гайхамшигийг бүтээж байлаа.

165 –хан см өндөртэй Марадона Английн шигшээ багийн хаалгач 190 см өндөр Шилтоны хаалганд мөргөж (үнэндээ бол гараараа цохиж) гоол хийчихээд, “тэр бол миний гар биш, бурхны гар байсан” хэмээн хэнэг ч үгүй мэдэгдэж байлаа.

Мөн тэр тоглолтон дээр талбайн төвөөс эхлэн ганцаараа бөмбөгөө тууж, Английн шигшээ багийн 6 тоглогчийг хаалгачтай нь цуг хууран хийсэн гоол магадгүй хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн шилдэг гоол биз. Хаалттай цохилт хийхдээ, хаалтанд зогсож байгаад үсэрсэн тоглогчдын доогуур нь цохиж гоол хийх ухаан түүнээс л гарна.

1990 онд Аргентиний багийн бүрэлдэхүүн харьцангуй сулавтар байлаа. 90 минутын турш тасралтгүй довтолсон хүчирхэг Бразилийн багийг Марадонагийн ганц оновчтой дамжуулалтаар Канижиа цорын ганц удаа довтлохдоо ажилттай болгож буулгаж авч байлаа. Тэд Мардонагийн хүчээр л шувтаргын тоглолтод шалгарч үлдсэн билээ. Шувтаргын тоглолтод арван хүнтэй үлдэж, торгуулийн цохилтоор гоол алдаж харамсалтайгаар хожигдсон Марадона маань уйлж байлаа.

Гэвч тэрээр 1994 оны дэлхийн аварга шалгаруулах тоглолтод дахин хүрэлцэн ирсэн юм. Эхний тоглолтод гараанд гарч багаа хожуулаад байсан түүнийг хар тамхины хэргээр шалтаглаж тэмцээнд орох эрхийг нь хассан билээ. Өмнөөс нь нулимс гоожмоор харамсалтай байж билээ.

* * *

Валерий Харламов гэж 70-аад оны домог болсон хокейчин байлаа. Жижигхэн шавилхан биетэй ч хэнд ч дээрэлхүүлдэггүй, хурдан уран гоё тоглодог, түүний тоглолтыг үзэхэд бахадмаар байдаг байлаа. Хүүхэд шиг жижигхэн биетэй ч Үндэсний Хоккейн Лигийн аварга том тоглогчдыг унаж тустал нь хуурч, уур цухлыг нь барж, олонтаа хожиж билээ. Баавгай шиг том биетэй, хүчний тоглолтоороо алдартай ҮХЛ-ийнхэн хүүхэд шиг жаахан биетэй түүнд сая доллар амалж, урьж байсан гэдэг. Тэрээр ЦСКА багтаа тоглож, ЗХУ-ын аваргаар 11 удаа, ЗХУ-ын шигшээ багт тоглож, Европийн аваргаар мөн 11 удаа, дэлхийн аваргын алдрыг 8 удаа хүртэж байжээ. 1972, 1976 онуудад олимпийн алтан медалийг хүртэхийн зэрэгцээ 1972 оны олимпод эсрэг багийн хаалгыг 9 удаа мялаасан амжилтаар шилдэг довтлогчоор шалгарч байсан юм.

Энэ ч бас юу ч биш, улсын аваргын тэмцээнд нэг улиралд 40 шайб хийж байсан удаатай. Харламовын гайхамшиг нь энэ амжилтаар хазгаарлагдахгүй. Тэр ид гялалзаж байх үедээ 1976 онд автомашины осолд орж маш хүнд гэмтэл авсан гэдэг. Олон хүн түүнийг эргээд тоглох нь бүү хэл хөл дээрээ ч босч чадахгүй гэж бодож байжээ. Гэвч Харламов гайхамшигийг бүтээж дахин мөсөн дээрээ гарахаар барахгүй, урьдын Харламовын тоглолтыг үзүүлж чадсан гэдэг. Тэр үед Тихонов дасгалжуулагчтай Оросын хоккейн шигшээ баг бараг л ялагдашгүй баг байсан юм. Гэтэл 1981 онд Канадын цомын тэмцээнд явахдаа дасгалжуулагч Вячеслав Тихонов түүнийг шигшээ багийн бүрэлдэхүүнээс хасч орхисон гэдэг. Бараг л түүнээс болоод гэх юм уу, Харламов хоёр дахь удаагийн авто осолд орж эхнэртэйгээ нас барсан билээ. Домогт хокейчинг нас барсныг дуулаад мөнхийн өрсөлдөгч Канадын шигшээ багийн хокейчид эмгэнэн гашуудаж байлаа. Мөсөн талбай дээрээ гарч удтал гашуудал илэрхийлэн хүндэтгэл үзүүлэн зогсож байлаа. Дараагийн удаад болсон Канадын цомын тэмцээний бил үү, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бил үү, нээлтэн дээр Канадын шигшээ багийн хоккейчид, Харламовын хүүд хүндэтгэл үзүүлж мөрөн дээрээ суулган талбайг тойрч байж билээ.

* * *

Их аварга Асашёрю Дагвадоржийн цаг бусаар зодог тайлсантай холбогдуулан энэ мэт дурсамжууд хөврөхийн зэрэгцээ, дээрхийн нэгэн адил гомдол төрж дотроос холгох аж. Энэ мэт дурсамж, гоморхол, хоосон зайг яалтай ч билээ дээ.

www.blod.mn