2009 онд бүтээсэн киноны хамгийн ширүүн өрсөлдөөн ирэх сарын долоонд болно. Энэ бол кино академиас шалгаруулдаг “Оскар”-ын шагнал гардуулах ёслол билээ. Энэ удаад 24 төрөлд шагнал гардуулах аж. Гэхдээ энэ наадам бол шилдгийн шилдгийг шалгаруулдаг төгс наадам биш ээ. Сайн кино шагналгүй хоцрох тохиолдол байдаг. Учир нь “Oscar” хэтэрхий тэнцвэртэй байх зарчимтай. Энэ нь шүүмж болон ашиг орлогын аль алинд тулгуурладаг гэсэн үг.
 
Тэгэхээр “Oscar”-ын шагнал хүртэж байгаа кино жинхэнэ урлагийн бүтээл байх ямар ч боломжгүй гэсэн дүгнэлтийг ч хийж болох талтай юм. Үүнээс гадна шилдэг хөгжмийн зохиолчид шагналаа гардан авдаг хэдий ч тэднийг ямар шалгуураар, хэрхэн тодруулдаг эсэхийг сайн мэдэхгүй юм. Гэхдээ Академийн санал өгөх эрхтэй 6000 гишүүдийн ердөө 200 нь л хөгжмийн зохиолч гэнэ.
 
Дөрвөн өнцөгтэй өрсөлдөөн буюу шилдэг зураглал номинацын таамаг Энэ жилийн “Оскар”-ын шагнал гардуулах наадмын “шилдэг зураглал” төрөлд 10 кино нэр дэвшиж байгаа. Эдгээрийн дундаас есдүгээр сарын 11-ээс хойш өрнөсөн Иракийн дайны тухай өгүүлэх “Hurt Locker” хэмээх кино шалгарах төлөвтэй байна. (Энэ киноны найруулагчаар Кэтрин Бигелов ажилласан бөгөөд эмэгтэй хүн дайны сэдэвтэй кино бүтээсэнд нь талархах ёстой болов уу).
 
Харин араас нь boxoffice-ийн аварга “Avatar” кино нэхэж байгаа. “Оскар”-ын түүхэнд 80 орчим кино “Шилдэг зураглал”-ын шагнал авсан хэдий ч олон сайн бүтээлүүд хоосон хоцорч байсан удаатай. Тэгэхээр үнэхээр мундаг хийцтэй “Hurt Locker” кино олныг шуугиулж буй өөр бүтээлд “нам даруулж” мэдэх билээ.
 
Энэ төрөлд нэр дэвшиж байгаа кинонуудаас “Up in the Air” кино ч мөн “Оскар” хүртэх боломжтой бүтээл болсон. Гэхдээ уг киноны найруулагч Жэйсон Рэйтман хэмээх шинэ залуу уран бүтээлч уг киногоороо зургаан номинацад нэр дэвшчихсэн байгаа. Уг нь энэ кино “Шилдэг зураглал” шагналыг авах боломжтой боловч Академийн гишүүд шинэ хүнийг шилдэгийнхээ эгнээнд тийм ч амархан багтаахгүй болов уу.
 
Тэрбээр “Thank You For Smoking”, “Juno” нэртэй киногоороо олны танил болсон хэдий ч анх удаа олны талархлыг хүлээсэн кино хийсэн нь “Up in the Air” билээ. Хэрэв кино шүүмжлэгчдийн зүгээс яривал “The Hurt Locker” киног сонгох байлаа. Харин үзэгчдийн ярианаас үзэхэд “Аvatar” л энэ шагналын эзэн болно. Энэ хоёрын тэг дунд нь “Up in the Air” кино байгаа. Эдгээр кинонд хүмүүсийн анхаарал төвлөрсөн байгаа хэдий ч “Inglourious Basterds” киног орхиж болохгүй. Тэгэхээр гол өрсөлдөөн энэ дөрвөн киног тойрч өнгөрөх төлөвтэй байна.