Баабар саяхан “Бидний үеийнхний чадах ба чадахгүй зүйлс” гэсэн нэгэн ноцтой өгүүлэл бичив. Би хувьдаа түүнийг хүндэтгэж, санал нийлэхдээ нийлчихээд, хааяа зөрөхдөө зөрчихөөд л явж байдаг хүний нэг. Гэхдээ түүний энэ өгүүлэл бидний хувь заяатай хэтэрхий их холбоотой, бас гутранги үзэл, идэвхигүй байдлыг илт номлосон учраас арга буюу үүний эсрэг өөрийн үндэслэлийг гаргаж байна. Ганцхан зүйл гуйхад уншигчид Баабарыг битгий хараагаад байж үзээрэй. Яагаад гэвэл би түүнийг хүнийх нь хувьд огт үнэлж дүгнэх гээгүй, бусад үйлдлүүдийг нь шүүн цэгнэх гээгүй, ердөө л түүний энэ ганц өгүүллийг тойруулан асуудлыг хөндөж байна. Ер нь “юм бичдэг” хүний нэг өгүүлэл нь “муу” байлаа гэхэд бусад нь бүгдээрээ муу муухай, тэр ч байтугай бичсэн эзэн нь адгийн амьтан болчихож болохгүй биз дээ. Ингээд би Баабарын хэлснийг тод хараар ялгаж, дагаж тайлбарлах нь илүү зохимжтой гэж бодож байна.

Баабарын “статистик”

…Эдийн засгийн социалист харилцаа нь дундат зууны хоцрогдолтой байсан манай орныг үйлдвэржүүлж, хотжуулж, хүн амыг эрүүлжүүлж, боловсролыг бүх нийтийн болгосон үнэнийг хэн ч үгүйсгэх аргагүй. Ялангуяа 1960-аад онд зохиогдсон соёлын довтолгоо нь нүүдлийн хоцрогдсон орныг ХХ зууны энд хүргэж өгсөн.
Хүн болгон мэдэх энэ түүхэн үнэнийг Баабар тэргүүтэн 20 жилийн турш үгүйсгэж, цаг ямагт буруу замаар явж ирсэн хэмээх үзэл онолын голлох үзэл сурталч болж байсныг өөрийнх нь үй олон бүтээл гэрчилнэ. Энд иш татах, сануулах нь дэндүү илүүц хэрэг болно. Миний хувьд социализмыг огтхон ч өө сэвгүй байсан гэж нотлох гээгүй, харин монголын “ардчилал” бүрэн мухардалд орж, олон талаараа социализмаасаа ч долоон дор болсон гэдгийг бол бүрэн нотолж чадна.

Сүүлийн хорин жилийн амжилт бол харин юун түрүүн монголчуудын хүчин зүтгэл, хөдөлмөрийн үр дүн билээ.
Тэгвэл Баабарын саяхан дурдсан социалист амжилт хэний хөдөлмөрийн үр дүн юм ? Хоньчин Цогтгэрэл, Намхайнямбуу, ажилчин Амгалан, Гүнжинлхам зэрэг олон мянган эх орончийг тухайн үед шууд хэлээгүй боловч Та “тэнэг” л гэсэн биз дээ. “Шударга хүнээр зөвхөн манаач хийлгэдэг” гэсэн афоризм анх хэнээс гарсан юм ?! Баабар энэ үеийг бүхэлд нь буюу өмнөх үеийнхний хийсэн бүх зүйлийг ердөө л нулимж байсан бус уу.

Ер нь бол энэ өгүүлэл Монгол Улс зөвхөн сүүлийн 20 жилд л хөгжиж байгаа гэдгийг “нотлох” гээд үзэл санааны мухардалд орсны тод илрэл болж байна. Цаг хугацааны том хэрчимд бол монголчууд хамгийн азтай байсныг манай газрын зураг өөрөө гэрчлээд өгнө. Ер нь бол өнгөрсөн ХХ зуунд дандаа “жаргаж” байсан улс орон ганц ч байгаагүй.

Хорвоо урагшилж байгаа болохоор…адилхан шилжилт хийж буй 40 гаруй оронтой харьцуулахад амжилттай гэж хэлж болохуйц үр дүнтэй байгаа юм.
Дэлхий дээр 200 гаруй улс байдаг. Социализм нурж, ардчилал эхэлсэн 1989 онд НҮБ-ын мэдээллээр БНМАУ дэлхийд 72 дугаарт жагсдаг байсан. Одоо 170 -180 дугаар байранд байгаа. Энийг чинь ямар ч тэнэг хүн ухарч хойшилсон гэнэ биз дээ. Мэдээж ахиж дэвшсэн үзүүлэлт байлгүй яахав, гэхдээ нийгэм дандаа дэвшиж (прогресс) байдаг биш, харин бууран доройтож (регресс) болдог гэдгийг нотлоод мөн ч олон жил болж байна.

Би монголын нийгэм төрийн систем задралд орж, төрийн удирдлага бүрэн алдарсан учраас бууран доройтсон гэж дүгнэж байна.

Нийгмийн тун цөөн хэсэг нь хуримтлалтай байсан ба хамгийн дээд рекорд тогтоогч нь тэр үеийн ханшаар бодоход 30 мянган долларын хадгаламжтай байлаа. 2008 онд болсон эдийн засгийн хямралын үеэр монголчуудын дотоодын банкинд хадгалуулсан хуримтлал 4 триллион төгрөгт хүрсэн байлаа.
Одоо монголын нийт хадгаламж эзэмшигчдийн 97 хувь нь 10 хүртэл сая төгрөгийн хадгаламжтай, үлдсэн 3-хан хувь нь “томчууд” байгаа гэдгийг УИХ-д албан ёсоор мэдээлсэн. Одоо манай банкнуудын нийт актив 4,089,955,1 сая төгрөг байгаатай харьцуулаад үзэхэд бүх асуудал ойлгомжтой. 100 хүнээс ердөө л 3-хан нь “цатгалан”, үлдсэн 97 нь өлөн зэлмүүр юм уу, өлсгөлөн байхыг дэвшил гэдэг юм байж.

1990 онд манай дундаж цалин 5 доллар байсан бол өнгөрсөн жил анх удаа олон жилийн мөрөөдөл болсон 300 доллар дундаж үзүүлэлт боллоо. Хөдөлмөрийн доод орлогыг төрөөс яг 100 доллароор тогтоов… Сүүлийн арван жилд нэг хүнд ноогдох ДНБ-ийн хэмжээ 4 дахин өссөн нь дэлхийд маш том үсрэнгүй үзүүлэлт юм.
Энд Баабар сүүлийн 20 жилд монголчууд 60 дахин баян болсон гэж шууд нотолж байна. 3-хан хувь баячууд болон 97 хувь болох дундчууд болон ядуучуудынхаа орлогыг “нийлүүлж” нэмж байгаад шууд л нийт хүн амдаа “хуваахаар” ийм тоо гардаг юм. Хэрэв эдийн засаг ярьж хүн амын орлогыг хэлж байгаа бол зарлагыг ч мөн адил ярих зарчимтай. Яагаад энийг ярихгүй байгаа нь их хачирхалтай. Амьдрал үнэхээр хэцүүдэж байгааг амтай болгон ярьж байна. Хүн бүхэнд тодорхой байгаа зүйлийг урвуугаар “нотлох” нь гэмт явдал болно.

Социализмын төгсгөлөөр Улаанбаатарт нийтдээ 3 мянган автомашин хөдөлж байсны ердөө нэг зуу нь хувийнх байлаа. Одоо Улаанбаатар 150 гаруй мянган автомашинтай болжээ. Энэ өсөлт бол харин үнэн. Гэхдээ 1990 онд Монголд 43792 автомашин, үүнээс 7962 суудлын автомашин байсан. Харин 6660 хувийн автомашин байсан юм. Өсөлтийг тоо дарах аргаар “нэмэгдүүлж” огт болохгүй, тэр тусмаа хүн бүхэн мэдэж байхад.

Монголд одоо хоёр сая гар утас ашиглалтанд байна.

Хүн төрөлхтний нийтлэг амжилтыг ганцхан монголын “ардчиллын амжилт” болгож болохгүй байх. 20 жилийн өмнө АНУ болон Баруунд ч гэсэн гар утас нэг их байгаагүй.

Статистик монгол хүн өдөрт 2600 ккалори хоол идэж байгаагийн дотор жилээр бодоход зуун кг мах ноогдож буй нь дэлхийн хамгийн сайн үзүүлэлтийн нэг.
Уг нь хүний идэх хэмжээ огт өөрчлөгддөггүй. Баабар бид хоёр идээд идээд өдөрт 5 кг мах, 10 кг гурил огт идэж чадахгүй нь мэдээжийн хэрэг. Энэ чинь тэгээд ардчиллын амжилт юм биз дээ. Монгол хүн социализмын үед цагаан хоолтон шахуу байж байгаад ардчиллын үед дэлхийн хамгийн сайн “махчин” болсон гэж нотлох нь утгагүй асуудал. Харин 1989 онд 839,1 мянган тн үр тариа хураан авч байсан бол 2009 онд 391,7 мянган тн болжээ. Атрын аян маян хийгээд олсон амжилт нь энэ л дээ. Бид чинь махнаас гадна бас гурил иддэг юм байгаа биз дээ. Бусад үзүүлэлтийг би удахгүй жичид нь ярина.

Дундаж наслалт 3-5 жилээр сунаж, ой хүртлэх хүүхдийн эндэгдэл хэд дахин буурчээ.
За боль доо. 1989 онд 73953 хүүхэд төрж байсан бол 2009 онд 68544 болж буурчээ. 1000 хүнд ногдох төрөлт 1989 онд 36,5 байсан бол 2009 онд 25,1 болсон. 1000 хүнд ногдох хүн амын ердийн цэвэр өсөлт 1989 онд 28.0 хувь байсан бол 2009 онд 19,4 болж буурсан. Үр хөндөлтийг ямар ч хяналтгүй хийхээр чинь хүүхдийн эндэгдэл буурч, хүн ам нийтдээ залуужихаар дундаж наслалт бага зэрэг өсдөг юм байгаа биз дээ.
За нэг иймэрхүү аргаар “ардчиллын амжилт”-ыг харуулах гэвэл огт боломжгүй.

“Ардчиллын” зарим статистик
Нийгмийн өсөж уруудаж байгааг статистик болон бусад судалгааны цогц үзүүлэлтүүдээр нотлодог боловч Баабар шиг ингэж оочин цоочин авах нь “тархи угаах”-аас өөр юм биш. Уг нь би 1989-1990 болон 1999 оны статистик үзүүлэлтүүдийг харьцуулан ардчиллын 10 жилийн ойгоор нийтэлж байсан юм. Бүгдээрээ шахам “амжилтын өвчтэй” байсан болоод уншсан хүн бараг байхгүй. Удахгүй 20 жилийн харьцуулалтыг уншигчиддаа толилуулна гэдгээ амлаж байна. Эрэгцүүлэхэд их сонин байдаг юм. Энэ удаад Баабарын “мэдээгүй” буюу “мартсан” зарим нэг тоо баримт дурдая гэж бодож байна.

Миний судалгаагаар монголчууд бид жилд ердөө л 80 орчим өдөр “ажилладаг” юм. Энэ нь жилийн нийт өдрийн 20 орчим хувь болдог. Харин “жаргана цэнгэнэ” гэдгийг ч ёстой үзүүлээд өгнө шүү дээ.

Өнөөдөр манайд 450 гаруй аялал жуулчлалын компани, 10500 ор бүхий 425 зочид буудал, 537 дэн буудал, 255 жуулчны бааз, 155 амралтын газар, жуулчин тээврийн үйлчилгээний 10 гаруй байгууллага ажилладаг.

2007 оны байдлаар зөвхөн Улаанбаатар хотод л 1665 буудал, сауна, бар, караоке, диско цэнгээний газар байдаг. Энд 6000 гаруй биеэ үнэлэгчид байдаг ч энэ нь ихэд дарсан тоо юм. Харин улсын хэмжээнд 19000 биеэ үнэлэгч, 10000-11000 бэлгийн ижил чиг хандлагатай хүн байдаг болсон. Хар тамхи мансуурах бодис хэрэглэх зуршилтай 900-аад хүн буйгаас гадна энэ нь томоохон сүлжээ болсон.

Эдүгээ архи болон согтууруулах ундаагаар үйлчилдэг хүнсний дэлгүүр, мини болон супермаркетын тоо 3800 гаруйд хүрсэн байна. Үүний дээрээс сар тутам 120-150 дэлгүүр архи согтууруулах ундаа худалдан борлуулах тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргадаг.

1989 онд улсын хэмжээнд 6614 гэмт хэрэг гардаг байсан бол 2009 онд 20373 болжээ. Гэмт хэргийн тоог 5-8 дахин дарагдуулдаг нь олон судалгаагаар нотлогдсон байдаг.

1989 онд улсын хэмжээнд нийт 87 хүн амины хэрэг гарч байсан бол одоо 3000 хол гараад явж байна. Бараг дайн болж байна ш дээ, наана чинь ?! Энэ бас дэвшил үү ?!

1991-2006 оны гүйцэтгэлээр Монгол Улс 18 орон, олон улсын байгууллагаас 1 млрд 661 сая ам.долларын зээл авчээ. Мөн 1991 оноос хойш 20 орон, олон улсын байгууллагаас 1 млрд 620 сая ам.долларын буцалтгүй тусламж авсан байна. Үүний дэргэд Орост төлсөн 250 сая ам.долларын өр ёстой хүүхдийн тоглоом байхгүй юу.

Баабар хэдэн жилийн өмнө “Айл гэр болж тоглох амархан, айл гэр болох хэцүү” гэж айлдаж билээ. Эдгээр тоо баримтууд бол “ардчилал” болж тоглосны чинь бодит үр дүн мөн. Одоо ёстой ахиж “тоглуулахгүй”.

Энэ бүхнийг Баабар ганцаараа хийсэн гэж би огт хэлээгүй байна.

Дурдсан тоо баримтууд үнэхээр гол харламаар байгаа боловч миний хувьд ард түмнийхээ ирээдүйд итгэж байна, учир нь бидэнд маш олон боломж бий…

Бид ямар тоглоом юу уу ?

Ноён Баабар тэргүүтэн 20 жил ардчиллын замаар явах ёстой гэж биднийг оюун санааны хувьд “дагуулж давхисан”. Одоо юу вэ ?! “Ардчиллаа” замруулж, завхруулж хаячихаад бурууг нь ард түмэндээ тохож эхэлж байна. Баабарын оюун сэтгэлгээний заль мэх яг энд л эхэлж байна даа…

Шилжилт гэдэг бол юун түрүүн сэтгэлгээний үндсэн өөрчлөлт юм байна. Ийм өөрчлөлт зөвхөн үе солигдсоноор бүтнэ гэдэг нь цаг өнгөрөх тутам улам ойлгомжтой болж байна… Энэ бүхнийг гагцхүү цаг хугацаа л эмчлэнэ…
Манай ард түмэн нэгэнт “сэтгэлгээний” хувьд шинэчлэгдэж өөрчлөгдөөгүй, өөрөөр хэлбэл “ардчиллыг ойлгоогүй” учраас бид ахиад үе солигдтол хүлээх ёстой болж байна. Харин энийг бол заль мэх гэдэг юм. Өөрчлөлтийг балайруулсныг засахад мэдээж цаг хугацаа орно. Гэхдээ энэ бол голлох нөхцөл биш. Хамгийн гол нөхцөл нь балайруулсан болон балайруулж байгаа хүмүүс өөрчлөлтөд саад болохгүй байх ёстой. Энд ардчиллыг хэн завхруулсан бэ гэсэн хамгийн энгийн асуудал үүснэ. Ард түмний ердөө л 3 хувь болох эрх баригчид энэ хариуцлагыг хүлээнэ, хүлээх ч ёстой…

Иргэд өөрснөө учраа олохгүй ч гэсэн төрийн төлөөлөгчдийн мунхаг ойлголтыг мэс заслалын аргаар ч засах бололцоогүй байгаа шүү дээ.
Миний ойлгож байгаагаар шинэ феодалууд эрх мэдлээ хадгалан үлдэх “онолын” шинэ үндэслэл гаргаж ирж байна. Манай иргэд учраа олохгүй байна гэнэ. Харин ч учраа ойлгож, хамаг муу муухайгийн шалтгаан нь төр буюу нэр бүхий эрх баригчид болон намуудыг гэж үзэж байгаа нь бүх төрлийн судалгаагаар нотлогдож байна. Манай иргэд учраа олохгүй байгаа ганцхан асуудал бий. Энэ нь арчаагүй “төрийн төлөөлөгчдийг” яаж орвонгоор нь халж өөрчлөх вэ гэдэгт оршино.

Мэс заслын арга гэдэгт би тодорхой нэр бүхий хүмүүсийг эрх мэдлээс зайлуулах, мөн тэдний “хоргодох газар” болсон тодорхой намуудыг хориглох, төрийн байгууламжийг өөрчлөх асуудлыг ойлгож байна. Ийм мэс заслын арга байвал сайн л биз, яагаад гэвэл “төрийн төлөөлөгчид” дэндүү хэтэрч, даварч, сагаж, сагсуурч байна. “Төрийн төлөөлөгчийн” мунхаг ойлголтыг засахыг ардчилал гэдэг юм.

Ерөөс төрийн тухай дундад зууны үхширмэл ойлголт өнөөгийн бидний ил ба далд ухамсраас салах ч бололцоогүй.
Монголын “төрийг” ганцхан жилийн дотор засч, нийгмийг 3-4 жилийн дотор тогтворжуулах бүрэн боломжтой. Үүнийг эртний үеэс авахуулаад нэн шинэ түүх, мөн системийн цогц шинжилгээ бүрэн нотолдог. Асуудлын учир “дундад зууны үхширмэл ойлголт” ард түмэнд байгаадаа биш, төр нь өөрөө дундад зууных болчихсонд байгаа юм. Энэхүү “дундад зууны төрийг” халахгүй бол өөр юуг халах ёстой гэж ?!

Бид төрөө хайрлан данхайлгаж томруулах тусмаа, ард түмнээ хайрлан энхрийлж цацаж нялах тусмаа нийгмээ улам хорлож, моралийн хувьд ялзруулж, ирээдүйгээ алж байгаагаа өөрснөө анзаардаггүй.
Энэ төр шиг юмыг хайрлаад байгаа хүн Монголд тун цөөхөн, бараг байхгүйтэй адил. Харин Баабар л “хайрлаад” байх шиг байна. Сонгууль дөхөөд л эрх баригчид ард түмнээ “хайрлан нялцганаж” байна даг. Ингэснээрээ тэд Монголын ирээдүйг үнэхээр хорлож байна. Төр нь хулгай хийж, худал хэлэхээ больчихвол нийгэм нь ч зүгээр болчихдог юм. Ноён Баабарт “зөвлөх” үнэхээрийн зовлонтой асуудал боловч социал онолын бүтээлүүд, синергетик зэрэг системийн судалгааны шинэлэг арга зүй, нэн ялангуяа түүхийн гүн ухаан сайн уншиж бай гэж хэлмээр байна…

…Аль болох багыг санаачилж, байгааг улам дордуулалгүй дараа үедээ халаагаа хүлээлгэж өгөх тэр цагийг тэсвэрлэн хүргэвэл хожмын хор холбогдол нь хавьгүй бага байх болно. Дахиад хорьхон жил тэсэх хэрэгтэй байна… Одоо бүр байчихаад “аль болох багыг санаачил” гэж уриалдаг болж байх шив. Ард түмэндээ ингэж уриалдаг улс гүрэн, нийгмийн зүтгэлтэн гэж энэ дэлхийд байхгүй. Харин анхных нь Монгол болж байгаа юм биз дээ.
“Байгааг улам дордуулахгүй” гэдэг “уриа” чинь ёстой утга алга. Үүнээс илүү дордоно гэж хаа байдаг юм ?!

Энэ төрд бодлого гэж угаасаа байхгүй, ямар ч шийдвэр гаргаж чадахгүй байгаа, тэр ч байтугай нийгмээ удирдаж огт чадахгүй нь “нууц” байхаа аль хэдийн больсон. Иймээс одоо эрх баригчдыг бүх нийтээрээ ил тод харааж байна. Ийм атал бүр 20 жил “тэс” гэнэ үү ?!

Юун 20 жил, наад төр чинь 2 жил ч болохгүй. Бид ч яахав, Баабарын үгэнд ороод “тэсэхээр” болж гэхэд наад эрх баригч бүлгүүд чинь шунал, тэнэг хоёроосоо болоод үймүүлэх гээд бэлтгээд л байна ш дээ. Наад зах нь Н.Энхбаяр хүртэл “тэмцэгч” болчихоод давхиж л явна. Үүнийг Баабар сайн мэдэж байгаа…

Миний бодлоор аль болохоор ихийг санаачилж, энэ жорлон шиг байдлаас үтэр түргэн гарах ёстой. Цаг нь ч болж, нөхцөл нь ч болж…

20 жил уриалж уриалж, “дагуулж дагуулж”, одоо бүрэн мухардал, задралд ороод ирэхээрээ ахиад 20 жил “тэс” гэдэг наад “онол” чинь ёстой адгийн үзэл суртал байна.

Баабар мэдээж маш олон “зөв” болон “буруу” зүйл бичдэг. Энэ нь ямар ч хүнд байдаг явдал. Харин ертөнцийг үзэх үзэл, эрхэмлэлийн тогтолцоо, оюун сэтгэхүйн баримжааны том түвшинд түүнийг ингэж орвонгоороо холбирч байхыг би л хувьдаа санахгүй байна. Монголчууд бид Баабарын тоглоом юм уу ?! Тэмц гэхээр нь тэмцдэг, тэс гэхээр нь тэсдэг хөгийн юм гэж огт байдаггүй юм. Тэхдээ бүр ноён Баабарыг 80 шүргэтэл нь “тэсэхдээ” ч яахав дээ…
Бидний үеийнхэн энэ арчаагүй төрийг өөрчилж чадна, чадахгүй бол сөнөнө…Энэ ч гэсэн ерөнхийдөө бас л Баабарын өөрийнх нь л үг шүү дээ…

Судлаач Д.Ганхуяг