Монголчууд нүүдэлчин аймаг, улс байсан хэдий ч хот суурин газар байгуулж байсан, бас нүүж, суурьшиж явсан түүхэн уламжлалтай ард түмэн. Хэдий манай нийслэл нэгэн үедээ “эсгий хот“ гэж нэрлэгдэж байсан боловч одоо нэг сая гаруй хүнтэй томоохон хот болон хөгжих байна. Улаанбаатар манай хувьд орчин үеийн хот байгуулалтын үлгэр загвар, бас анхны гараа нь. Манай нийслэлээс өрнө, дорнын янз хэлбэр бүгд харагддаг ч яг нарийндаа Европ маягийн хот үүссэн гэж судлаачид үздэг юм билээ.
Харин дараагаар нь барих хот ямархан хот байхыг хэн ч төсөөлж чадахгүй. Хамгийн гол нь хот байгуулалтын амин гол хэсэг бол ерөнхий төлөвлөгөө юм. Манай нийслэл хот өдгөө тав дахь ерөнхий төлөвлөгөөгөө хэрэгжүүлж байна.
Гэтэл зарим аймгийн төв төдийлөн сайн боловсруулсан төлөвлөгөөтэй эсэх нь мэдэхгүй. Юутай ч хот байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг зохиож түүнийг хатуу мөрдөх нь хамгийн гол зүйл.
Түүнийг хатуу, хууль мэт мөрдөхгүй бол зөвхөн цаас болж хувирах бөгөөд хэн дуртай хүний харандааны үзүүрээр хот босно гэсэн үг.
Сүүлийн жилүүдэд манайд Эрдэнэт, Дархан, Чойбалсан, Багануур зэрэг хот тосгод аймгийн төвүүд бүгд л хотын шинж олж тэнд байдаг зовлон бэрхшээлийг эдэлж эхэлж байна.
Ялангуяа хотыг анхнаас нь бодолцож барьж байгуулахгүй бол юунд ч хүргэж болох олон асуудалтай тулгарч, бараг хотоо хаяад нүүх ч байдалд тулж байгаа жишээ дэлхий дахинаа олонтаа тохиолдож байлаа. Манай Монголд ч гэсэн зарим аймаг, сумын төвүүд нүүж л байлаа.
Хот байгуулалтыг зөвхөн хэдэн байшин барих мэтээр төсөөлөх нь дэндүү гэнэн хэрэг бөгөөд хот өөрөө урлаг юм.
Тийм болохоор түүний архитектурын шийдэл, газар зүйн байршил, усны болоод цахилгаан эрчим хүчний хангамж, дэд бүтцийн шийдэл нь хотын амин чухал зүйлс.
Үүний хажуугаар мартаж болохгүй нэг зүйл бол хот хэзээ нэгэн цагт томорч урьд өмнө төсөөлж байгаагүй хүндрэлүүд гарч ирдэг. Тухайлбал манай нийслэл хотыг нэг үе 400-500 хүнтэй хот байх мэтээр төсөөлж байсан бол өнөөдөр нэг сая гаруй оршин суугчтай болчихлоо.
Харин хотын агаарын бохирдол ийм хэмжээнд хүрнэ гэж хэн ч зүүдлээгүй.
Учир нь нөгөө л цэвэр онгон байгаль хэвээрээ байх мэт бодож, цахилгаан станцуудыг хотын бараг төв баруун хэсгүүдээр байршуулсан нь агаарын хэвийн найрлага, бүтцэд асар их өөрчлөлт гарч одоо хэрхэх вэ? гэдэгтэй тулж байна.
Үүнээс гарах арга зам нь утаагүй түлш, гүйцэд шаталттай зуух. Хамгийн гол шүүлтүүр бол ногоон ургамал, ой, мод бүхий талбай, цэцэрлэгжсэн орчин гэж үзэж болно. Яагаад гэвэл дэлхий ертөнцийн хүчил төрөгчийн хийн энэхүү давхаргыг 3.5 тэрбум жилийн хугацаанд зөвхөн ногоон ургамал л үүсгэсэн байдаг.
Тийм болохоор тэрхүү утаагүй түлш, угааргүй зуухны тухай бодож болох боловч хамгийн гол арга хэмжээ бол ногоон ургамал.
Өнөөдөр Улаанбаатар хот нэг сая гаруй хүнтэй том хот болсон. Харин ийм том хотын амин сүнс нь зөвхөн ногоон байгууламж. Гэтэл ногоон ургамал ямар их ач холбогдолтойг бид өнөө хир сайн ойлгохгүй байна. Жишээ нь нэг га ойн мод сөөг нь 18 сая шоо метр агаарыг цэвэршүүлж, утаа униарын 30-35 хувийг өөртөө шингээдэг. Энэ нь яндангийн утаа униарыг шүүж, мод ургамал өвлийн улиралдаа навч шилмүүсгүй болсон үедээ ч агаарын бохирдлыг 40 хувь хүртэл багасгаж дуу чимээг ихээхэн бууруулдаг байна. Ялангуяа навчит мод техникийн болон бусад дуу чимээний 25 хувийг замхруулж, тоос шороог 21-76 хувь хүртэл өөртөө барьж, хэт халалт болон хөрөлтийг 2-3 хэмээр бууруулан хот, суурин газарт бичил уур амьсгал бий болгодог.
Асфальт чулуун зам талбай бүхий газар, шил, тоосгон ханатай барилга, байгууламж ихтэй төв суурин газрын агаар илүү халуун бүгчим байдаг.
Мод ургамал тарьж суулгаж цэвэршүүлснээр орчин тойрны чийг тунадасны 75 хувь нь хөрсөнд шингэж агаарын чийгшилтийг 4-7 хувь ихэсгэж нарны хэт төөнөлтийг 10-15 дахин багасгадаг гэж эрдэмтэд тооцоолжээ. Энэ байдлаас үзэхэд ногоон байгууламжийн ач холбогдол хот суурин газарт асар их бөгөөд зөвхөн үүнийг төлөвлөж хэрэгжүүлэх учиртай.
Үүний тулд ногоон байгууламж, цэцэрлэгжилт гэдэг ойлголт хот суурин газарт илүү хамаатай бөгөөд үүний ач холбогдлын тухай цөөхөн үг хэлэх гэсэн юм.
Учир нь хотын ногоон байгууламж гэдэг хотын агаарыг цэвэршүүлж, агаарыг чийгшүүлдгээс гадна хүмүүсийн ажиллаж амьдрах тохьтой нөхцөлийг бүрдүүлж, хотын экосистемийг зохицуулж өгдгөөрөө өндөр ач холбогдолтой. Тиймээс ногоон ургамлаас өөр тийм гайхамшигт шүүлтүүр өнөө хир нь байхгүй. Хот суурин газрыг барьж байгуулахдаа ногоон мод ургамал тарьж суулган тохижуулдаг нь хот байгуулалтын жишиг юм.
Өнөөдөр Улаанбаатар хотод нэг хүнд 6,3 ам цэцэрлэгжсэн талбай ногдож байгаа нь ийм хэмжээний хотуудын жишгээр авч үзвэл 2-3 дахин доогуур үзүүлэлт юм. Юутай ч хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнгүүдээ төлөвлөн газрыг нь авч үлдээд дараа нь тэрхүү цэцэрлэгээ байгуулж болно шүү дээ.
Гэтэл газар ч үгүй үлдчихээд дараа нь цэцэрлэг байгуулах гэвэл аль хэдийнэ барилга байгууламж болчихоод хэн ч цэцэрлэгт зориулж газраа өгөхгүй. Ийм байдалд хүрэхгүйн тулд тэрхүү ерөнхий төлөвлөгөө, ерөнхий схем гэдгийг яриад байгаа хэрэг.
Хот, суурин газрыг цэцэрлэгжүүлэхдээ эхлээд барилга, байшин, бусад зүйлээ сайн төлөвлөсний эцэст ногоон байгууламжаа суурилуулах бөгөөд эс тэгвэл хийсэн юм чинь газарт орж эвдэж устах нь их байдаг.
Мод сөөг тарина, ургуулна гэдэг бүхэл бүтэн шинжлэх ухаан учраас ямар нэгэн дадлага туршлагагүйгээр хотыг цэцэрлэгжүүлэх байтугай хашаа хороогоо ч олигтой өөд нь татчих мэдлэг, мэргэжил дутдаг.
Тийм цаг үе таарлаа ч ном хараад тэр бүр ойлгогдохгүй. Ийм учраас ойжуулна, цэцэрлэгжүүлнэ гэдэг амаргүй ажил бөгөөд танд мэдлэг, арга туршлага хуримтлагдсан байх ёстой. Ганц ч мод ургуулж үзээгүй байж мод тарих амархан мэт төсөөлөх нь гэнэн хэрэг. Тийм ч учраас өнөө хир хийсэн бидний хөдөлмөр яагаад үр дүнд хүрэхгүй байна вэ.
Үүнд учир бий. Жишээ нь манай монголчууд мод, ургамал тарьж байсан түүхэн уламжлал багатайн дээр байгаль цаг уурын хүчин зүйл гэж нэг адармаатай юм манай оронд байдаг.
Тэр нь зундаа 35-40 хэм халж, өвөлдөө 40-55 хэм хүйтэрдэг эрс тэс уур амьсгал. Хамгийн хүндрэлтэй зүйл бол хуурайшилт.
Жилд унадаг хур тунадасны хэмжээгээрээ манай орон их сул газарт тооцогдох бөгөөд цаг уурын энэхүү хүчин зүйлийг тооцох учиртай.
Сүүлийн үед манай нийслэлээс хашаа, хороондоо өөрийнхөө хөрөнгөөр мод тарьсан айлыг урамшуулах журам гаргаад мөрдөж байна. Энэ нь тарьж сур, ургуулсны чинь дараа урамшуулъя гэсэн бодлого бөгөөд мод тарьж, ургуулж, бас үхүүлж, түүний зовлон жаргалыг мэдэхгүй хүнд шууд газарт булсан дор нь шагнахгүй, 2-3 жил ургуулсны нь дараа урамшуулдаг журам юм.
Цаашдаа зөвхөн хашаа хороог биш, Туул, Сэлбэ голын сав болон ойжуулалтын, мод үржүүлгийн газрыг ч ингэж урамшуулах хөшүүрэг хэрэглэж болно. Та 100 га газрыг ойжуулчих, 5 жилийн дараа 100 сая төгрөг өгнө гэвэл энэ ажил руу хошуурах ард иргэд, байгууллага, сонирхогчид их гарна гэж бодож байна.
Хот суурин газрыг цэцэрлэгжүүлэх ажлын эрх зүйг сайн болгож хийх ажлыг нь бодлого чиглэлтэйгээр эхнээс нь зохион байгуулах учиртай. Тухайлбал гэр хороолол үүсч байхад л мод тариулах арга хэмжээ давхар авч байсан бол өнөөдөр хаана ч гэсэн хот ногоорчихсон л байх байсан. Ингэж хандах нь аль алиндаа хэрэгтэй байсан.