Монголын улс төрд, улс төрч ба иргэний нийгэм гэсэн ажил үүргийн хуваарь бий хэмээн хатагтай Дэлгэрмаа ангилжээ.
 
  Ийм ариун нандин ажил үүргийн хуваарь аль хэдийнээс язгуураасаа үүсч бий болсон гэнэ ээ. Цаашид албан ёсоор энэ ажил үүргийнхээ хуваарийн дагуу монголчууд улс төрийн эрх мэдлийн хувьд кастуудад хувааг­дана. Каст гэдэг нэр томъёо нь арьстан буюу цэвэр үүлдэр гэсэн утгатай португаль гаралтай үг юм байна. Каст гэхээр л энэтхэгчүүд санаанд ороод байсан чинь алдаа байжээ. Монголчууд энэтхэгтэй өдөр ирэх тусам адилхан болж, баячууд нь хэт баяжиж, ядуус нь улам олширч, уруудан доошилж байна. Монгол дахь улс төрийн кастын тогтолцооны үндсэн хоёр ойлголт нь улс төрч буюу Варна, иргэн буюу Далит гэсэн ухагдахуунууд юм. Энэхүү кастын тогтолцоо нь нэлээд нарийн нийл­мэл тогтолцоо бөгөөд заримдаа зан заншил, намын харьяалал, цаашилбал өвөр түрийвч нэгтэй, эрх мэдлийн талаар далдуур хэлхээ холбоотой овгийн байгуул­лын бүтэцтэй хэсэг бүлэг хүмүү­сийн тогтолцоо аятай ойлгог­доно.
 
  Улс төрийн кастын тогтол­цооны хамгийн дээд давхрааг бүрдүүлэгч хэсэг нь дээдсийн бүлэг буюу намуудын удирдах зөвлөл, зөвлөлдөх хороо гэх мэтээр нэрлэгдсэн удирдах түвш­ний хүмүүсээс бүрдсэн хэсэг байдаг. Тэднийг брахманууд гэж болно.
 
  Брахманууд нь ариун “Пуруш” бурхны амнаас үүссэн домогтой тул тэдний гол үүрэг нь ариун ном судар, хууль ёсыг судлах, номлох ёстой ариун дээд санваартнууд болно. Хууль тогтоох гэдэг нь ариун ёсыг тогтоох ажил учир зөвхөн тэдэнд л хамаарах ажил болох нь ойлгомжтой. Хууль сурталч­лах, хэрэгжүүлэх ажлууд ч тэдний ажил үүргийн хуваарьт багтах болно. Тэдний хийх ёстой үндсэн ажил нь ярих, хэлэх, гутаах, доромжлох, шүлс­дэх, амлах, хуурах, нулимах, заналхийлэх, хэрэлдэх, сүрдүүлэх, дарамтлах зэрэг амаар үйлдэх ариун ажлууд болой. Хааяа шөвөгдөх, үзүүртэй төмрөөр хатгах зэрэг ажлыг ч гүйцэтгэдэг.
 
  Брахмануудыг дотор нь МАХНМАН –ууд ба АНМАН –ууд гэж хувааж болох боловч тэд нэг кастад багтах учир хоорондоо салшгүй холбоотой болно. Нэг хэсэг энэ хоёр тус тусдаа өөр өөр кастууд байж каст, кастаараа нэг нэгнийхээ дээр доор орж гарч байлаа. Яваандаа нэгдэж нэг каст болсон, одоохондоо тусдаа ч юм шиг харагдаж байгаа ч аажимдаа уусан сүлэгдэж нэгдэж байгаа юм. Нэг кастад байдаг учир хоорондоо гэр бүл болохыг ч бас зөвшөөрнө. Тухайлбал МАХН-ын С.Баяр АН-ын Х.Хулан хоёрын гэрлэлтийг сонгодог жишээ болгон нэрлэж болно. Эсрэг тэсрэг бүлэглэлийн төлөөлөл мэт боловч тэд нэг кастынхан учир нэг ширээнд суух байтугай нэг хөнжилд орох нь төдий л цээртэй зүйл бус.
 
  Цаашилбал хоёр намын лидерүү­дийн хүүхдүүд, ач зээ гуч нарын гэрлэлтийг төгсгөлгүй үргэлж­лүүлэн дурдаж болно. Хамт­ран байгуулсан компани, хамтын бизнес, хамтын удирдлагын талаар мянган жишээг хэлж болно. Жишээлбэл “ҮНСНИЙХЭН” гэж ч нэрлэгддэг “Энержи Ресурс” –ийнхнийг дурдаж болж байна. Тэд нэг кастынхан. Нэг кастынхан учраас ураг төрлийн харилцаа зөвхөн энэ л кастдаа яваг­дах учиртай бөгөөд үзэл бодлын өчүүхэн зөрүү энд хамаа бус, доромж бус. Харин өөр кастынхантай хуримлах нь бит­гий хэл харилцах нь цээртэй буюу.
 
  Өөрөөр хэлбэл улс төрч хүн, иргэн хүнтэй гэрлэх, хамт хоол идэх, харилцах уулзах зэрэг нь байж болшгүй зүйл юм. Улс төрчдийн иргэдтэй хийх уулзалт гэдэг нь ихээхэн доромж зүйл учраас түүнийг 4 жилдээ ганцхан удаа сонгуулийн өмнө л хийнэ. Дүгнэвэл иргэд хийгээд сонгогчид гэдэг нь тэдний хувьд хөндөж болохгүй (untouchable) бүлэг юм. Ёроолынхон буюу хөндөж болохгүй бүлгийн зүв зүгээр иргэдтэй тэд харьцахыг хориглоно. Брахманууд ёроолынхонтой харьцах нь битгий хэл эгцэлж харахыг цээрлэнэ.
 
  Брахмануудын доод талд Ксиатрууд (Кшатрий), Вэйсүүд (Вайшъя), Шудрууд (Шудра) байна.
 
  Ксиатрууд нь “Пуруш” бурхны гараас гарсан тул “эр зориг, хүч чадлын бэлгэдэл” тулал­­дах, удирдах үүрэгтэй. Гол­лон цэргийн жанжнууд, хүч­ний байгууллагынхан, цаг­даа, тагнуулынхан байна. Улс төрийн сонгуулийг зохион бай­гуулж, “иргэний нийгмийнхэн”-тэй тулалдаж, нухчин дарж, сон­гуулийн бус энхийн цагт удирдаж, засаглаж, айлган сүр­дүүлж, баривчлан хорьж байдаг. Улс төрчдийн гар хөл болох өөрийн гэсэн толгойгүй, хүч үзүүлэх, хүчлэн нураах, бүлэглэн боорлох авиртай биеийн бөхөөр зүтгэгчид энэ бүлэгт багтана. Мөн улс төрчдийн гар хөл болж шалгах, хаах, хөөх, эвдэн нураах, татварлах, дарамтлах, бэлэг тараах, хишиг хүртээх үүрэгтэй татварын алба, мэргэжлийн хяналт, хил гааль, цагдаа сэргийлэх, таг­нуул, сөрөг тагнуул, сэм тагнуул, мэдээлэгч, дамжуулагч, мессен­жерүүд, орон нутгийн удирд­лага, сум баг хорооны засаг дарга, тамгын газрын ажилчид энэ бүлэгт багтана. Тэд улс төрчдөд үйлчилж, тэдний нүдний аясаар ажиллаж, хоол олж идэх үүргийг хүлээн авчээ.
 
  Вейсүүд нь бурхны гуянаас төрсөн “баялаг бий болгогчид” газар тариалан, хөдөө аж ахуй, гар урлал, худалдаа эрхлэгчид багтана. Заримдаа тэднийг бизнес­менүүд гэх нь ч бий. Апу, Сапу, Алтжин, Петровис, МCS, Energy Resurs гэх мэт улс төр дагасан бизнес бүлэглэлийнхэн энэ бүлэгт багтана. Тэд эрх мэдэлгүй учир эрх мэдэлтнүүдийг тэжээж, авлигаар цутгаж, эрх мэдлийг худалдаж авна. Брахмануудыг үйлч­лэхгүй бол тэдний бизнес дам­пуурах учир үнэндээ тэд өөрөөр байж чаддаггүй байна. Нөгөөдүүл нь ч гэсэн тэдэнгүй бол амьдрах аргагүй учир Вейсүүдийг дэмжиж, боломж олгож, хариуд нь хувьдаа намдаа дэмжлэг санхүүжилт олж авна. Ногоон гэрлийн компаниуд, татварын өршөөлийн хууль, НӨАТ-ыг тэглэх, татвар бууруулах, гаалийн татварыг тэглэх, буман нарны гэрэл, ногоон хэрэм, мян­ганы зам гэхчлэн бизнес сан­хүүгийн элдэв зохицуулалт нь тэднийг тэжээхийн тулд л гаргасан санаа...
 
  Шудрууд “Пурушу” бурхны хөлнөөс гарсан домогтой тул дээрх гурван бүлэгт үйлчлэх ёстой доод гаралтай жирийн хүмүүс юм. Тэдэнд сонгох эрх бий боловч, сонгогдох эрхгүй юм. Сонгогдох эрх гэдэг нь доод кастаас дээд кастат шилжих мобиль хөдөлгөөн учир энэ нь байж болшгүй зүйл болно. Нэг кастаас нөгөө каст руу шилжиж болдог байх юм бол ямар юмных нь кастын систем байх билээ. Тиймээс нэр төдий сонгох эрхийг тэдэнд зориулан тунхаглан өгч, нэр дэвшигчдийг сонголтгүйгээр сонгож байх үүр­гийг тэдэнд зориулан тулган хүлээлгэжээ. Хөндөж болохгүй бүлгийнхэн мал адгуус хариулах, угааж цэвэрлэх, үүрч дүүрэхээс авахуулаад ертөнцийн хамаг хар бор ажлыг хүчлэн гүйцээж, хоёр идэхгүй хоосон хонохгүй, ертөцийн шар нар бор хоногийн өнгөрөөх хувьтай улс гэж брахманууд сэтгэнэ. Тэдэнд хүүхдийн мөнгө, эх орны хишиг мэтийг хүртээж байгаа нь үнэндээ ихээхэн харж үзэж байгаа хэрэг бөгөөд ингэж их харж үзээд байхад өөрсдийг нь сонгохгүй бол харин хохь чинь болно шүү хэмээн далайлган сүрдүүлнэ.
 
  Гэнэтхэн харин хөдөл­гөө­нийхөн гэж хэдэн тэнэгүүд гарч ирээд сонгуульд өрсөлдөнө гэхчлэн муйхарлах болов. АН-ын үзэл санааны лидер, зууны манлай нийтлэлч нь хөдөлгөөн гэдэг үгийг дэлхийн хамаг л нэвтэрхий толиудаас эрээд олоогүй гэнэ. Хөдөлгөөнийхөн бүр давраад тэдэнтэй адилхан дээд кастад орохоор тэмүүлэх болов. 90 онд Ардчилсан социалист хөдөлгөөн гэгч байгуулагдаад, улмаар МСДН болоход тэрээр анхных нь дарга болж байсан түүхтэй. Гэхдээ тэр хөдөлгөөнийг үгүйсгэв. Зузаан зузаан ботиудад байхгүй л бол хорвоод байхгүй гэсэн үг. Гүйцээ. Түүний улс төрийн мэдлэг, байр суурь ердөө энэ. Ёроолынхон буюу иргэд улс төрд орж ирэх гээд байна, аюутугай, сэрэмжилтүгэй. Кастын системээ хамгаалъя.