Хүүхэд гэр бүлийн толь
Хүүхэд хүмүүжүүлнэ гэдэг амаргүй ажил. Хайрыг нь ихдүүлбэл улцгар, өөртөө итгэлгүй, бие даасан биш эсвэл эрхийн тэнэг нэгэн болчих гээд, багадуулбал хатуу ширүүн, хүний сэтгэлийг ойлгодоггүй, муу хүн болж өсчих гээд байна уу? Тиймээс жорыг нь тааруулж хүүхдээ хүмүүжүүлэх нь эцэг эхээс үнэхээрийн их ур ухаан, хичээл зүтгэл шаардаж байдаг. Хүүхдийн хүмүүжил төлөвшлийн 80-90 хувь нь эцэг эх, гэр бүлийн нөлөөнөөс бий болдог гэж Европын судлаачид үзсэн байдаг. Харин манайд арай өөр тоо гарч мэдэх л юм. Учир нь монголчууд бид ийм судалгаа хийж үзээгүй ч юм уу, лав л ийм төрлийн судалгаа олдсонгүй.
”Эх нь хээр алаг бол хүү нь шийр алаг” гэдэг үг монгол ардын зүйр үгэнд бий. Үнэхээр л тухайн хүүхдийн амьдралд хандах хандлага, зан чанар, байгаа байдал нь аав ээжийнх нь хэн нэгэнтэй заава л биш юм аа гэхэд ямар нэгэн хэмжээгээр төстэй байдаг. Манай настайчуудын “Хүнтэй суухдаа удам судрыг нь сайн шинж” гэж хэлдэг нь ч оргүй хоосон зүйл бас биш юм. Тэр бүхэн юу хэлээд байна гэхээр, удам сайтай айлтай ураг барилдвал гэр бүл төлөв төвшин, тайван сайхан амьдрах нэг баталгаа болдог гэж үздэгээс үүдэлтэй. Ээж аавынхаа үгнээс тэс зөрөн суучихаад насаараа аз жаргалгүй, хэрүүл, зовлонтой амьдарч байгаа хүмүүс бидний дунд цөөнгүй байдаг.
Хэдийгээр хүүхдийн оюун ухааны цар хүрээг сургалт хүмүүжлийн ажлаар тэлж өгдөг боловч хүний мөс чанар, сайхан сэтгэл, гаргаж буй зан авир, бие хүний шинжүүд эцэг эхээс хуулбарлагдан бий болдог. Магадгүй та зарим үед хүүхдийнхээ гаргаж буй зан авираас өөрийгөө тольдон хардаг ч байж болох юм.
Хүүхдийн нүдээр эцэг эхчүүд
Хүүхэд гэр бүлийн тусгал байдгийн нэгэн жишээг эндээс харж болно. Сургуулийн өмнөх насны хүү, охин хоёр гэр бүл болон тоглож байна гэнэ. Хүү нь “Би аав болъё, чи ээж бол” гэж хэлэв. Хаалга тог тог тогшин аав нь гаднаас гуйван орж ирээд “Эхнээр цай, хоол аваад ир” гэж агсамнаж, энэ тэрүүгээрх юмаа унагаж байх юм. Гэтэл ээж нь гартаа ганжин атган, ташаагаа тулан зогсож “Өө муу гуйлгачин чинь, дахиад хар усаа гудраад ороод ирэв үү” гэх нь тэр. Хүүхэд яг харсан үзсэнээ шууд тусган авч, зөв бурууг нь ч ялгахгүй өөрийн болгож авдаг жишээ энэ. Ялангуяа цэцэрлэгийн насныханд энэ нь түгээмэл үзэгдэл.
Цэцэрлэгийн насны хүүхдүүдээр гэр бүлийнх нь тухай хөрөг зуруулжээ. Хүүхдүүд аавыгаа зурагтны өмнө сонин дэлгэн уншиж суугаагаар дүрсэлсэн бол ээжийгээ нэг гартаа шанага атган, нөгөө гартаа хүүхдээ тэвэрсэн байдлаар ихэвчлэн зурсан байлаа. Энэ бол Монголын гэр бүлүүдийн нийтлэг дүр зураг. Хүүхдээ хүмүүжүүлэхэд ээж, аав нар хэр нөлөөлж буйг бяцхан үрс нь тайлбаргүйгээр дэлгэн харуулсан нь энэ. Өнөөгийн эцэг эхчүүдийн нэг нийтлэг алдаа бол хүүхдийн хүмүүжилд эхийн үүрэг ролийг илүү чухалчлан авч үздэг явдал юм. Эх хүн л бүхнийг нуруундаа үүрэх ёстой мэт, ээж нар л хүүхэд хүмүүжүүлэх үүрэгтэй юм шиг ханддаг сэтгэхүй манайд эртнээс байсаар ирсэн. Энэ асуудалд хэт ялгаатай хандсанаас болж “Аав нь бурхан, ээж нь чөтгөр” болж орхисон гэр бүлүүд ч цөөнгүй байдаг. Амьдралын явцад нэг л мэдэхэд аав нь хүүхдүүддээ дандаа зөөлөн хандаж, элэгсэг дотно харилцаж, ний нуугүй ярилцаж харин чөтгөрийн дүрд хувирсан ээж нь болох болохгүй юм болохоор загнадаг, айлгаж сүрдүүлдэг болчихсон байх нь бий. Энэ байдлаас болоод хүүхдүүд эцэг эхтэйгээ чөлөөтэй харилцаж чадахгүй харилцааны айдаст автдаг байна.
Шоовдор хөвгүүд
Сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн гэр бүлийн зургийн судалгаан дээр аавтайгаа хамт тоглож байгаа дүр зураг тун ховорхон харагдаж байлаа. Аав нар ажлаа тарж ирээд ихэвчлэн зурагтаа үздэг, зав гарвал сонин гарчигладаг, ажил ихтэйгээрээ далимдуулан гэр бүлийн ажлын ачааллаас зугтдаг явдал манайд маш түгээмэл үзэгдэл. Энэ байдал нийгэмд эрэгтэйчүүдийн үүрэг ролийг багасгах үндсэн нөхцөл болоод байгаа юм биш биз гэсэн хар төрүүлдэг. Манайхны дунд “За эрэгтэй хүүхэд яах вэ, амиа аваад явж дөнгөнө, болохгүй бол хар бор ажил хийгээд явчихна. Харин охидоо л сайн боловсролтой болгож, сайн хүнтэй суулгая” гэсэн яриа нэлээд гардаг. Нөгөө сайн хүргэн нь бас л боловсрол муутай бол таны сайн гэсэн категорит нийцэхсэн болов уу. Харин өнөөдөр эрэгтэй хүүхдийн хүмүүжил боловсролыг илт хаяснаас нийгмийн бүх салбарт тэр тусмаа боловсролын салбарт эмэгтэй хүйсийнхний давамгай байдал улам ихсэж байна. Эрэгтэй, эмэгтэйчүүдийн боловсролын тэгш бус байдал нь тэдний соёл, мэдлэг чадварын ялгаатай байдлыг аажмаар бий болгочихлоо. Түүнээс хамааран эрэгтэйчүүдийн гэр бүлийнхээ өмнө хүлээх хариуцлага суларч, хамтын амьдралд элдэв сөрөг нөлөөлөл, үл ойлголцол, гэр бүлийн хүчирхийллийг бий болгох нөхцөлийг бүрдүүлж байна. Энэ байдлыг эрт анзаарч, ухамсарласан барууны зарим орнуудад “Аавуудын сургууль” гэгчийг байгуулж эхэлсэн байна. Харин манайд энэ нь нэг орхигдсон асуудал болоод байгаа төдийгүй нийгэмд улам бүр газар аваад байгаа нь харамсалтай.
Харснаа дуурайдаг бага насныхан
Хүүхдийн хөгжил төлөвшил хүмүүжил тодорхой үе шаттайгаар явагддаг. Тэр ч байтугай дөнгөж төрсөн нялх үрээ хэрхэн асарч байгаагаас тухайн хүүхдийн хүмүүжил шалтгаалдаг гэнэ. Эцэг эхчүүд нялх хүүхдээ юм ойлгодоггүй гэж бодвол эндүүрэл. Өдөр өдрөөр таны гар дээр бойжиж буй тэр бяцхан амьтан таны гаргаж буй сэтгэлийн хөдөлгөөнийг даган уурлавал уурлаж, инээвэл даган инээхийг хараад та бүр гайхаж орхино гээч. Хөхнөөс сүү гарахгүй бол уурлахдаа хамаг чадлаараа муухай бархирахыг яана. Тэд гаргаж буй ааш авираараа далимдуулан өөрсдийгөө илэрхийлэх ухааныг энэ үеэс эхлэн сурдаг. Тэд ярьж чадахгүй ч гэсэн таны хэлсэн болон хэлж байгаа үгийг ойлгох чадвартай байдаг. Тиймээс та хүүхдээ нялх гэлтгүй дэргэд нь хэлэх, ярих үгээ цэгнэхгүй бол болохгүй.
Хүүхэд хөлд орж, ид хөдөлгөөнтэй, дэгэж дэрэвсэн үедээ хамгийн болгоомжгүй байдаг. Нэг харах нь ээ халуун юм руу орчих гээд нөгөө харахад хаалганд гараа хавчуулчих гээд л. Чимээгүй алга болчихвол заавал ямар нэг юм сүйтгэж байгаа нь тодорхой. Болохгүй бүтэхгүй зүйл энэ үед л хамгийн их гардаг. Жаахан байхдаа би разетикний нүхэнд юм шургуулж үзмээр санагддаг байж билээ. Цэцэрлэгийн багш маань болохгүй гээд байхад л нарийн төмөр шургуулаад тогонд цохиулж ухаан алдсанаасаа хойш дахин тийш зүглээгүй юмдаг. Гараа түлнэ, ий болохгүй гээд байхад хүүхэд чинь плитка руу ойртох гэж дурлаад байвал тийм ч халуун биш байх үед нь нэг удаа гарыг нь хүргээд авахад гэмгүй. Хөөрхий дахин ойртоно л гэж үгүй.
Яг үүнтэй адил хүүхэд болгон болохгүй гэсэн бүхэн рүү саваагүйтэн тэмүүлдэг. Туршлага сууж байж л хүн ухаан орно. Хаширсан хүн гэж харширсан хүнийг хэлнэ гэдэг шүү дээ. Монголчууд бидний хүүхдээ хүмүүжүүлэх арга барилын томоохон алдааны нэг нь хүүхдийн санаачлагын унтрааж гал дээр ус хийдэг явдал юм. Тэгж болохгүй ингэж болохгүй гэж аав ээж нь байнга зааварлан, номхон суулгаж л байвал л болох юм шиг санадаг. Ингэж хэт захиргаадаж хүмүүжүүлснээс болж таны хүүхэд ч бас бусдыг хэт их загнах, дарангуйлах дуртай, хүний үнэ цэнийг ойлгодоггүй, бусдыг байгаагаар нь хүлээн авдаггүй, шүүмжилж, өөлөх, муулах хандлагатай болдог.
Бид хүүхдийнхээ санаачлагыг, шинийг сэдэх урам зоригийг дарснаас болж тэд үзэл бодлоо зөв илэрхийлж чаддаггүй, хүн намайг шүүмжилчих болов уу гэсэн байдалтай, идэвхи санаачлага муутай хүн болон хүмүүжээд байна. Мөн цэцэрлэгийн насныхныг “Далан худалчийн нас”, “Үлгэрийн нас” гэх мэтээр нэрлэсэн нь тун онож хэлсэн үг шүү. Тэд энэ үедээ олон зүйлийг санаанаасаа худлаа зохиож ярьдаг. Гэхдээ хамгийн яршигтай нь өдөрт 10-20 удаа яагаад гэдэг асуултыг тавьдаг.
Эзэнгүй хүүхэд
Социализмын үед хүүхэд хүмүүжүүлэх арга ухаан арай өөр байсан юм шиг ээ. Нийгэм нь ч ялгаатай байсан учраас ёс суртахууны төлөвшлийг харьцангуй сайн өгдөг байсан тал бий. Хэдий тийм ч тэр үеийн эцэг эхчүүд маш завгүй, дээрээс нь олон хүүхэдтэй айлд том нь багыгаа өсгөдөг явдал ч нэлээд түгээмэл байсан. Тиймээс социализмын үеийн гэр бүлүүдээс биеэ даасан хүмүүс нэлээд төрж байсан бол эрхийн тэнэг болсон айлын бага хүүхдүүд ч бас цөөнгүй байдаг. Өнөөдөр ч тэр хүүхдүүдээс ах эгчийнхээ нөмөр нөөлгөнд амьдарч яваа нь олон. Харин орчин үед 3-4 хүүхэдтэй гэр бүлийг олон хүүхэдтэйд тооцдог болсон. Иймээс өнөө үед хүүхэд хүмүүжүүлэх асуудлыг бид арай өөр өнцгөөс нь харах цаг нэгэнт бий болсон. Баруунд “Хүүхдийг долоон нас хүртэл хаан шиг өсгө, түүнээс хойш цэрэг шиг өсгө” гэдэг. Гэтэл манайхан эсрэгээр нь, нялх байхаас сургуулийн 3-4 анги хүртэл нь хараа хяналтан доороо өсгөчихөөд анги ахих тусам хичээлийг нь зааж өгч мэдэхгүй гэсэн нэрийдлээр зүгээр л гаргуунд нь хаячихдаг.
Нөгөө хошин шогийн нөхдүүдийн хэлдэг шиг “Хэн хаагуур ямар юмаа хийгээд дэмий тэнээд байгаа юм бүү мэд”. Нэг ёсондоо хүүхэд нь эзэнгүй орхигддог. Гэтэл хүүхэдтэйгээ хүүхэд шиг биш найз шигээ, том хүн мэт харилцах ёстой хамгийн чухал үе нь “Өсвөр үе” буюу “шилжилтийн нас”-наас эхэлдэг. Шилжилтийн нас гэж хэлсэн нь ч учиртай. Хүүхэд тань том хүн болж байна гэсэн үг.
Энэ үедээ хүүхэд “том хүн” болж байгаагаа мэдэрдэг. Насанд хүрэгчдийн нүдээр аливаа зүйлд хандахыг эрмэлздэг. Үе тэнгийнхэнтэйгээ болон насанд хүрэгчидтэй харилцах харилцаа тэдний хувьд тун чухал юм. Тэдэнд үе тэнгийнхэн, хамт олон, гэр бүлдээ өндөр байр суурь эзлэх хэрэгцээ бий болдог. Хүүхдийн гэсэн бүхий л шинжүүдээс зайлсхийхийг эрмэлздэг. Өөрийнхөө боломжийг дээгүүр үнэлдэг. Мөрөөдөлдөө автдаг. Орчин үеийн хөгжим киног сонирхох сонирхол нэмэгддэг. Үүний зэрэгцээ сэтгэл хөдлөлийн хурц илрэлийг үзүүлэх, заримдаа бүдүүлэг зан авир гаргах нь ч олонтаа. Охид бааранд сууж, нүүрээ байдгаараа будан, моодны дэгжин хувцас өмсөн, урт янжуур зуун гоё эгч нарын аалийг даган дуурайхыг хүсдэг. Хөвгүүдийн хувьд том ах нар шиг үнэтэй гоё машин унан, хотоор давхилдаж том том бизнес ярин, бие биенийхээ дээр гаран сагсуурч өөрийгөө харуулах нь сайхан санагддаг. Өсвөр насанд аливаа юмс үзэгдлийн дотоод мөн чанарт бус гадаад өнгөнд нь татагддаг тал бий.
Бэлгийн бойжилт энэ үед эрчимтэй явагдаж, даавар тэдний бие болоод сэтгэлийг зовоож байдаг. Нүүрээр нь батга гарч, сахал, хөх ургах, анхны сарын тэмдэг ирэх, үрийн шингэн ялгарч, сэтгэл санаа нь үймэх, дурлалаас болж уйтгарлах, шөнө зүүдэндээ нойтон дур тавих гэх зэргээр биед гардаг өөрчлөлтүүдэд тэд эхлээд дасах хэрэгтэй болдог. Дааврын өөрчлөлт нь өсвөр үеийнхнийг маш хүчтэй стрессдүүлж, сэтгэл санааны тогтвортой бус байдлыг бий болгодог. Бэлгийн бойжилт болон сэтгэцэд гарч буй өөрчлөлтүүд нь охид хөвгүүдэд тун таагүй, цаашилбал бүр муухай сэтгэгдэл төрүүлж байдаг. Жишээ нь бэлэг эрхтэний ойролцоо үс ургах, хөх томорч байгаагаас санаа зовж, биеийн юм сард нэг удаа ирэх нь яршигтай болж хөвгүүдийн хувьд зүүдэндээ нойтон дур тавьж секс хийх хүсэл төрж эхэлдэг. “Хэрэв эцэг эхчүүд хүүхдээ шилжилтийн насны үед нь сайн анхаарч хүмүүжүүлэн, жинхэнэ сайн найз нөхөд нь байж чадвал хүүхэд энэ хэцүү үеийг даван туулах сэтгэлийн тэнхээтэй байж чадна. Тиймээс аав ээжүүд энэ үед бууж өгч болохгүй, харин ч эсрэгээр нь тодорхой зарчмаар цааш нь жолоодох хэрэгтэй” гэж Германы сурган хүмүүжүүлэх ухааны зөвлөгч Ян-Увэ Роггэ хэлж байна.
Нийгэм хүүхдийн хүмүүжилд хэрхэн нөлөөлдөг вэ?
Хүүхдийн хүмүүжилд нийгмийн энэ их орчил, улс төрийн үйл ажиллагаа өдөр тутмын боловсролын үйл явц, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, орчин үеийн дуу хөгжмийн урсгал, тэдгээрийн гол төлөөлөгчид, урлагийн одууд маш хүчтэй нөлөө үзүүлдэг. Гэтэл манай нийгмийн үйл ажиллагааны буруу нөлөө тэр тусмаа улс төрийнхний гаргаж буй алдаатай шийдвэрүүд бидний хойч үед сөрөг нөлөө үзүүлэх нөхцөлийг бүрдүүлж байна. Өнөөдөр бид хүүхдийн хүмүүжлийн алдаа дутагдлыг боловсролын систем рүү чихдэг. Хүүхдээ багш нар, сургуульд даатган хаядаг үзэгдэл монголчуудын хувьд жирийн асуудал болсон. Тэр тусмаа хэвлэл мэдээлийн хэрэгслийн асар хүчтэй нөлөөнд хяналт тавих цаг нэгэнт болжээ. Өнөөгийн нийгэмд хүүхдүүдэд зориулсан чансаатай телевизийн нэвтрүүлэг маш ховор байгаа төдийгүй явуулж буй нэвтрүүлгүүд нь хэрхэн яаж од болох вэ, ямар хялбар арга замаар бусдын анхаарлын төвд орших вэ, гэсэн хүмүүжил төлөвшлийг бий болгох үндсэн нөхцөлийг бүрдүүлж байна.
Телевизээр өдөр болгон УИХ-ын гишүүдийн хэрүүлийг үзүүлэн эрэгтэй хүн ч гэсэн “Улаан хэрүүлч” байж болох нь гэсэн сэтгэгдэл төрүүлнэ. Энд тэндгүй авлигал, хээл хахууль Хатан Туул голынхоо хайран сайхан хөндийг нэг дарга маань бөөн мөнгөний төлөө худалдсан тухай яригдана. Үүний үр дагаварт дарга болчихоод мөнгөтэй болчихвол эх орноо худалдсан ч яах вэ, томчууд хахуулиар мөнгө олдог юм чинь хээл хахуулийн ажил олж хийвэл амьдрал болоод явчихна гэсэн бодол насанд хүрэгчдэд битгий хэл хүүхдийн дотоод сэтгэлзүйд ч бий болж тэдний ертөнцийг үзэх үзэл буруу төлөвшиж бие хүний төлөвшлийн хандлага чиглэлүүд буруу тийшээ хазайсаар байна. Тиймээс орчин үеийн хүүхдүүд мэргэжил сонгохдоо хүний сайн сайхан, нийгмийн сайн сайхны төлөө зүтгэдэг ажил мэргэжил сонгохоосоо илүү улс төр, бизнесийн хүрээний мэргэжил рүү хошуурах хандлага улам хавтгайрч байна. Дээр нь нэмж хэлэхэд эцэг эхчүүд миний хүүхэд юунд сонирхолтой, юуг хийж гүйцэтгэх чадвартай билээ гэдгийг үл харгалзан ямар мэргэжил ашигтай вэ гэдгээр өөрийн дураар мэргэжлийг нь сонгон бизнес, нийгэм, хуулийн салбар луу хүүхдээ “чихдэг” сөрөг үзэгдэл нийгэмд нэгэнт газар авчээ. “Дургүйд хүчгүй” гэдэг. Сонирхоогүй мэргэжлээ эзэмшсэн хүн тухайн салбартаа амжилт олох нь ховор тохиолдол байдаг.
Хүүхэд хүмүүжүүлэх уламжлалт монгол арга нь аав ээж нар өөрийнхөө биеэр үлгэрлэн дуурайлж, бага наснаас нь ажил амьдралд сургаж байсан бол өнөөгийн аав ээжүүд бараг өглөөнөөс орой хүртэл хүүхдийнхээ барааг хардаггүй. Бид өнөөг хүртэл хүүхдийг яаж хүмүүжүүлэх вэ гэдэг арга зүйг олж чадаагүй л явна. Хүүхэд хүмүүжүүлэх арга барил цаг үетэй уялдаад төлөвшиж бас амжаагүй л байна. Өөрөөр хэлбэл хүүхдээ хэрхэн өсгөж бие хүн болгон төлөвшүүлэх арга ухаанд нийтээрээ суралцаагүй. Тийм ч учраас хүүхдээсээ дэндүү холдчихсон, үүнээсээ болоод тэдэнтэй ойлголцохоо больдог асуудал олон гэр бүлд гардаг. Үүнийг нэг хоёр хүн яриад шийдчих асуудал биш юм. Нийтээрээ, нийгмээрээ шийдэх зайлшгүй асуудлын нэг нь яах аргагүй энэ. Эхнэр нь хүүхдээ хараад гэртээ суудаг япон, солонгосын дэг жаяг бас ч тийм ухаан муутай хүмүүсийн ажил биш юм шиг байгаа юм. Гадныхан энэ бэрхшээлтэй асуудлаа ийнхүү шийдэж чадаж. Манайхан ч гэсэн хэзээ нэгэн цагт гарцаагүй ийм жишигт шилжих л байх.
Аав ээжүүдийн толгойг гашилгадаг асуултууд
Монголчууд бид хүүхдийнхээ бие хүн болж төлөвшдөг хамгийн эмзэг үе шилжилтийн насанд эзэнгүй шахам орхидог тухай дээр өгүүлсэн. Энэ нь хүүхдийн хүмүүжилд ихээхэн сөрөг үр дагаврыг авчирдаг. Манай сэтгүүлээс хавтасны сэдвийн хүрээнд шилжилтийн насны хүүхэдтэй эцэг эхчүүдийн дунд судалгаа явуулж сонирхсон асуултыг нь тэднээс авсан юм. Энэхүү асуултуудад мэргэжлийн сэтгэл зүйчтэй хамтран хариулснаа танд сонирхуулж байна. Магадгүй танай гэр бүлд ч гэсэн доорх ярвигтай асуудлууд тохиолддог байж болох юм.
1. Манай найзууд их хэмжээний халаасны мөнгөтэй явдаг гэж хүү маань гомдоллоод байх юм. 16 настай хүүхдэд өнөө үед хэр их мөнгө өгвөл тохиромжтой вэ?
- Эцэг эхчүүд өөрсдийн орлогоос шалтгаалж хүүхдэдээ хэдэн төгрөг өгөхөө шийддэг. Бусад эцэг, эхчүүдийн хүүхдэдээ өгдөг мөнгөний хэмжээгээр жишиг тогтоож болохгүй. Хүү чинь тэр мөнгийг юунд зарцуулж байгааг анзаарахад гэмгүй шүү. Хэрэв өдөр тутмын хэрэгцээнд зарцуулдаг бол их мөнгө өгөөд хэрэггүй. Хүүд чинь мөнгө хангалттай биш бол тэр өөрөө ажил хийж болно шүү дээ. Жишээ нь танай албан газар гар хурууны үзүүрт зарах, хүүхэд өлхөн хийчих чимхлүүр ажил гарч болох юм. Миний танилын нэг хүү аавынхаа үйлдвэрт сурталчилгааны материал тарааж өгч хэдэн төгрөг авдгийг лав мэдэх юм байна. Харин гэртээ аяга таваг угаах, өрөө тасалгаагаа цэвэрлэх ажил мэдээж үнэ хөлстэй байж болохгүй. Зарим аав, ээжүүд “Чамайг тэрийг цэвэрлэчихвэл тэдэн төгрөг өгнө” гэж хэлдэг. Энэ бол огт буруу зүйл юм.
2. 12-той хүү минь өөртөө тун итгэлгүй. Өөрийнхөө байнгын эргэлзээ, сул талыг тэр хүчээр дарахыг оролддог. Бид түүнийг яаж өөрийн ухаантай, биеэ даасан хүн болгох вэ?
- Миний бодлоор та хүүхдийнхээ хэцүү асуудлыг өөрийнх нь өмнөөс нэг биш удаа шийдэж байсан байна. Энэ нь хэдийгээр сайхан ч гэсэн буруу зүйл. Өөртөө итгэх итгэл нь хүүхэд өөрөө өөртөө итгэж сурахаас үүсдэг. Эрх танхи өссөн хүүхэд шилжилтийн насандаа ирж, бие даасан байдлыг мэдэрч эхлэхээрээ ихэнхдээ айн тулгамддаг. Та түүнийг спортоор “эмчилж” болно. Хэрэв хүү чинь багийн спортод тийм ч дуртай биш байвал ширээний теннис, шатар даам зэрэг ганцаарчилсан төрлийг санал болгох хэрэгтэй. Энэ нь түүнээс ихээхэн анхаарал, өөрийгөө хянах чадвар шаарддаг. Аль аль нь түүнд хэрэгтэй. Хүүдээ зуны амралтаар аав ээжгүйгээр ганцаараа ямар нэгэн зүйл хийх санал тавьж болно. Хэрэв тэр өөрөө сонговол бүр сайн.
3. Хөвгүүдийн шилжилтийн насанд эрэгтэй хүн хэр чухал нөлөөтэй вэ?
- Эрэгтэй хүүхдэд эцэг хүн зайлшгүй нөлөөтэй байдаг. Хэн нэгэн эрэгтэй хүний үүрэг, роль байхгүй бол хөвгүүд 10-тайгаасаа эхлээд шилжилтийн насны хөгжлийн бэрхшээлтэй болох нь бий. Хөвгүүд үүнийг мэдрээд зогсохгүй аавыг нь орлох хүнийг өөрийнхөө таньж мэдэх хүмүүс дотроос идэвхтэйгээр хайж эхэлдэг. Хажуу айлын тэтгэвэртээ гарсан мужаанаас эхлээд цагдаа, эмч, багш нар дотроо хүртэл мөрөөдлийнхөө аавыг тэд эрсээр байдаг. Хамгийн тохиромжтой нь мэдээж гэрт нь байгаа эр хүн юм. Харин өрх толгойлсон эхчүүд ихэнхдээ эрчүүдтэй танилцахаасаа айж, учир мэдэх болсон хүү нь түүнийг хүлээн зөвшөөрөхгүй байх вий гэхээс эмээдэг. Аавыг нь орлох хүнд хөвгүүд харин ч дуртай байдаг.
4. Хүү маань шилжилтийн насандаа яваа. Хүүхдийнхээ сэтгэл санааны тогтвортой бус байдлыг анзаарахгүй өнгөрөх үү, эсвэл ямар нэгэн зүйл хийх ёстой юу?
- Хэрэв хүүгийн чинь сэтгэл санаа тогтворгүй байгаа бол тайван орхисон нь дээр. Дааврын өөрчлөлтөөс болж хүүхэд нь зөрүүд хөшүүн, сэтгэл санаа нь тавгүй болдгийг олон эцэг эх ойлгодоггүй. Шилжилтийн насны нэг онцлог бол хүүхдүүд энэ үедээ ойлгогдохыг хүсдэггүй. Учир нь тэд өөрөө өөрийгөө ч ойлгодоггүй. Тэд ийм тогтворгүй үедээ тайван байхыг хүсдэг. Энэ үед эцэг эхчүүд зөв ойлгож, аль болох эв зүйгээр харьцахыг хичээгээрэй. Хүү чинь хэрэв хүсвэл ойрхон байгаарай. Харин хүсэхгүй байгаа бол зүгээр л ажигла.
5. Манай охин 14-тэй. Тэр дуучин Жастин Тэмберлэйкт үхтэлээ дурлачихаад түүнээс өөр хэнийг ч ингэж хайрлахгүй гэдэгтээ итгэлтэй байна. Үүнд ноцтой хандаж охинтойгоо энэ талаар ярих хэрэгтэй юу?
- Одуудад шилжилтийн насны олон охид дурладаг. Хайртай хүндэлж явдаг дуучнаа мөрөөдөж, бодож яагаад болохгүй гэж. Үеийнхнийх нь сонсох дуртай, бас дэлхий даяар од болсон царайлаг дуучин мэдээж хэрэг түүний хувьд хэнтэй ч зүйрлэмгүй харагдаж байгаа. Өөр нэгэн “бодит” Жастин Тэмберлэйк гарч иртэл түүнд охин чинь дурласаар байх болно. Та энэ байдалд, ялангуяа охиныхоо түүнд дурласан сэтгэлийг нь бодож ноцтой хандах хэрэггүй. Түүнийг шоолохгүйгээр сонсоорой. Та ингэснээрээ охиныхоо сэтгэл санааг ойлгох болно. Хэрэв та хүсвэл багадаа хэнд ингэтлээ дурлаж байснаа ч ярьж болно шүү дээ.
6. Хүү маань өдөржин компьютерийн өмнө сууж PC тоглож, эсвэл чааталж ихэнх цагаа өнгөрөөдөг. Үүнийг нь болиулахын тулд би юу хийх ёстой вэ?
- Хүүгээ юуг хамгийн сайн чадаж, юугаар бахархдагийг нь асуугаарай. Хэрэв түүний хариулт нь зөвхөн компьютертэй холбоотой байвал та даруйхан арга хэмжээ авах хэрэгтэй. Түүнтэй энэ талаар ярилцаж болно. Хүүхдүүд ямар нэгэн даалгавар авч, түүнийгээ биелүүлж, өөрөөрөө бахархахыг хүсдэг. Харин амьдрал дээр тэдэнд ийм боломж олдохгүй бол үүнийг компьютерийн тоглоомоос авахыг чармайдаг байна.
7. Манай хүү 15-тай. Найзуудтайгаа нийлээд мансууруулах өвс (хортой өвс) татаж үзсэн тухай би өөр хүний амнаас сонслоо?
- Мансууруулах өвсийг сонирхож татах нь өсвөр насныхны дунд элбэг үзэгдэл. Та үүнд хөнгөн хуумгай хандаж болохгүй. Хүүдээ хар тамхины хор хөнөөл, хэрэв удаан хугацаагаар хэрэглэх юм бол тархины эд эсийг гэмтээдгийг ойлгуулаарай. Гэхдээ номлож тайлбарлах биш, харин “Чи бол ухаантай хүүхэд, энэ бол тун болчимгүй алхам. Ирээдүйгээ баллах зүйл хийхгүй байх аа гэж найдаж байна” гэхчлэн учирлаж ойлгуулаарай.
8. 11 настай охин минь гэрийн ажил хийхээс байнга хойш суух юм. “Би яагаад дандаа аяга таваг угаах ёстой юм бэ?” гэж урдаас гөжүүдэлдэг. Түүнтэй энэ талаар ярилцах ёстой юу, эсвэл?
- Бүх асуудалд заавал сурган хүмүүжүүлэгчийн байр сууринаас хандах гэсний хэрэггүй. Хэрэв “Яагаад” гэдэг асуултдаа ухаалаг тайлбартай хариу хүлээх биш, эцэг эхээ удаан хугацаагаар тайлбарлуулж, хүнд байдалд оруулах гэсэн хүсэл эрмэлзэл нуугдаж байвал заримдаа “Тэгэх л ёстой болохоор” гэж хариулж болно. Хамгийн чухал нь шилжилтийн насны хүүхдэдээ эцэг, эх нь ямар үүрэг хүлээх ёстойг тодорхой хэлж өгөх хэрэгтэй. Үүнийг бас бичгээр ч хийж болно. Шилжилтийн насны хүүхдүүд гэрээ хийх дуртай байдаг. 11-12 насны хүүхдүүд гэр бүлдээ туслах хэрэг гарвал ямар мартамхай болдог гэж бодно. Хэрэв хоёр талаас зөвшилцөн тохиролцоонд хүрсэн л бол “Хийх ёстой л юм чинь” гэж бардам хариулж болно.
9. Дөнгөж 15 настай мөртлөө манай охин эсрэг хүйсийнхээ хүнийг харахаараа сонин авир гаргаж эхэлдэг. Биеийнхээ хөдөлгөөнийг өөрчилж, яг л театрын тайзан дээр зогсож байгаа юм шиг маяглах юм. Энэ нь эмэгтэй хүүхдийн шилжилтийн насанд тохиолддог зүйл үү?
- Хэтэрхий их санаа зовсны хэрэггүй. Ийм насанд байдаг л зүйл. Гэхдээ бусдын сонирхлыг татах гэсэн охины чинь хүсэл хэр хэмжээнээс хэтэрч болохгүй. Зарим охид шилжилтийн насанд хүрч, бие галбир нь өөрчлөгдөхөөр бусдаас содон хувцаслахыг хүсдэг. Мөн эсрэг хүйсийнхээ хүмүүсийн анхаарлын төвд байхыг чармайж эхэлдэг. Гэхдээ манай охидын дунд ийм нүүрэмгий байх нь цөөхөн л дөө. Монгол охид хэтэрхий ичимхий, бүрэг байдаг нь зарим талаараа бие галбирт нь ч нөлөөлөх нь бий. Тухайлбал зарим охид хөхөө ургахаар түүнээсээ ичиж, мөрөө хавчиж явсаар байгаад бөгтөр болчихдог талтай. Тиймээс эцэг эхчүүд энэ үед нь илэн далангүй ярилцаж, ямар нэгэн болчимгүй алхам, тэнэг үйлдэл хйихээс нь охиноо урьдчилан сэргийлж болно.
10. Эхнэр бид хоёр хагас жилийн өмнө салсан. 12 настай том охин маань үүнээс болж их шаналдаг. Охин маань хичээлдээ эрс муудаж байгаа нь ажиглагдах боллоо. Түүнд яаж хэлж ойлгуулах вэ?
- Та юу ч хэлээд хэрэггүй, зүгээр л сонсох хэрэгтэй. Түүнд энэ салалт ямар хэцүү байгааг өөрөөр нь яриулах хэрэгтэй. Охиныхоо яаж ганцаардаж байгааг ойлгохыг хичээ. Түүний хувьд аав нь гэрээсээ явсан асуудал хамгийн аймшигтай бөгөөд аавдаа хаягдаж хоцорсон арчаагүй сул дорой нэгэн мэт мэдрэмж түүнд төрдөг. Тиймээс түүний хичээл сургуульд нь анхаарч, хамтдаа гэрийн даалгаврыг нь хийлцэж, сэтгэл санааг нь хуваалцаж найзууд шиг хандах хэрэгтэй. Ингэснээр тэр аавдаа хаягдаагүй гэдгээ мэдрэх болно.
11. 13 настай охин минь бидэнд дандаа худлаа хэлдэг. Түүний энэ зуршлыг болиулахын тулд бид яах ёстой вэ?
- Худлаа ярьж, хулгай хийх нь шилжилтийн насны эхэн үед гардаг үзэгдэл. Худлаа ярьснаараа тэд хэвийн хил хязгаараас хальж хэр хол очихоо сорьж үзэх гэдэг. Эцэг эхийн үүрэг бол хүүхдээ түшиж, зөв зам руу нь залж, тэдэнд үлгэр жишээ болж, хүүхдийнхээ үг яриа, үйл хөдөлгөөнд нь нийтээр заншсан хэв маяг, үнэлэлтийг суулгаж өгөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл өөрсдөө худлаа ярьдаггүй байхын дээр шударгаар үнэнээ хэлж, хүүхдийнхээ худлаа ярьж байгааг мэдвэл түүнийг нь хэлж хэмжээнээсээ хэтэрч байгааг нь сануулж байх нь чухал.
12. Манай охин дөнгөж 17 настай. Тэр өөрөөсөө хоёр насаар ах найз залуутайгаа унтахыг хүсээд байна. Үүнийг нь яаж болиулах вэ?
- Охин чинь өөрийнхөө нууцыг танд ярьсан нь нээлттэй байгаагийн шинж. Үүн дээр нь тулгуурлаад энэ сэдвийг хөндөх хэрэгтэй. Охин чинь өөрөө үүнийг хүсэж байгаа эсэхээ сайн мэдэхгүй болохоор таныг туршлагаасаа хуваалцаасай гэж бодож байна. Охиндоо “Арай л эрт байна, жаахан хүлээх хэрэгтэй” гэдгийг ойлгуул. Харин охин чинь баяр хөөр болж танд баярласнаа илэрхийлнэ гэж горьдсоны хэрэггүй. Гэхдээ л тэр найз залуудаа “Би чамтай унтмаар л байна, даанч манай мангар аав, ээж хоёр зөвшөөрөхгүй байна” гэж хэлж магадгүй. Ингэснээрээ та буруутан болж магад, гэхдээ тэр үүнийг тэвчээд өнгөрөх болно.
13. Манай хүү 11 настай. Сурлагадаа тийм ч сайн биш, үг дуу цөөтэй болохоор ангийнхан нь гадуурхдаг бололтой. Харин сүүлийн үед бусдын сонирхлыг татах гэж сахилгагүйтэх боллоо. Бид юу хийх ёстой вэ?
- Хүү чинь бусдын анхаарлыг албан хүчээр татах гэж оролдож байгаа боловч зөв замаа олохгүй, ангидаа алиа салбадай болж ч мэдэх юм. Ямар ч гэсэн та хүүгийнхээ энэ байдлыг нэг их дэмжсэний хэрэггүй. Түүний оронд хүүгийнхээ юуг хамгийн сайн хийж чаддагийг нь мэдэх хэрэгтэй. Ийм хүүхдүүд алиалах авьяастай байдаг бөгөөд жүжиглэх дуртай байдаг. Түүнийг Хүүхдийн ордны жүжгийн дугуйланд бүртгүүлж болно шүү дээ. Түүнээс гадна найзуудыг нь урьж хүү чинь тэдний дунд биеэ яаж авч явж байгааг сэм ажиглаарай. Магадгүй тэр байнга бусдын анхааралд байх гэж оролдож, тэгснээрээ улам их ганцаарддаг ч юм бил үү?
14. 14-тэй хүү минь өнгөрсөн хагас жилийн хугацаанд биднээс их хөндийрсөн. Тэр юм л бол бодолд автаж, заримдаа дэндүү уйтгартай, цөхөрсөн байдалтай болчих юм. Хүүхэд сэтгэл санааны хямралд орно гэж байдаг уу?
- Хүүхдүүд, ялангуяа шилжилтийн насны эрэгтэй хүүхдүүд бидний төсөөлж байгаагаас ч илүү хүнд асуудалтай байдаг. Аргаа барах, итгэл алдрах, цөхөрч байгаа юм шиг мэдрэмж нь хүчтэй болох юм бол синдром өөрөөр хэлбэл сэтгэл санааны хямрал үүсэх тохиолдол бий. Ийм хүүхдүүдэд тусламж хэрэгтэй. Эцэг эхчүүд шилжилтийн насны яг ийм үед төдийлэн тус болж чаддаггүй. Харин нагац ах, өвөө нь ч юмуу, эсвэл таньдаг хүн нь л энэ үед ойртон тусалж чадна. Хэрвээ дээрдэхгүй арай өөр арга барилаар үзэх хэрэгтэй.
15. Бид охидтойгоо бүгдтэй нь адилхан харилцах ёстой гэж боддог боловч өдөр тутмын амьдралд өөр өөрөөр харьцах ёстой юм гэдгийг анзаарч байна. Нэг нь үгэнд сайн ордог байхад нөгөөх нь үгүй. Зарим үед бид өөрсдөө хүсээгүй ч хатуу байх шаардлагатай болдог. Ингэх хэрэгтэй юу?
- Хүүхдүүдтэйгээ яг адилхан харьцаж байгаа хүн зан чанарынх нь хувьд тэдний ялгааг мэдэрч буурь суурьтай хандахгүй байна гэсэн үг. Хүүхэд болгонтой хэрхэн тулж харьцах вэ гэдэгт асуудлын гол нь байдаг. Нэг хүүхдийг нөгөөтэй нь хэзээ ч битгий зүйрлэ. Харин өөртэйгээ адилхан бодож зүйрлэ гэж 200-гаад жилийн өмнө сурган хүмүүжүүлэгч Пэсталоци хэлсэн байдаг. Хүүхэд болгонтой тааруулж харьцах хэрэгтэй. Үгэнд хурдан ордог хүүхдээ сайшааж, хэмжээ хязгаарыг мэддэггүй хүүхдэд замыг нь зааж өг. Олон хүүхэдтэй байх тусмаа хүн их зүйл сурдаг. Төлөвлөснөөр тань бүх зүйл бүтэхгүй гэдгийг ойлгох хэрэгтэй.
16. Охин маань цаг үргэлж найзуудтайгаа утсаар ярьж, мэссэж бичдэг нь биднийг их нэрвтүүлдэг. Түүнд яаж хязгаар тавих вэ?
- Охин чинь тэр үедээ бүхнийг мартдаг нь таныг улам бүр нэрвтүүлж байна уу? Тэгвэл та хязгаарлах хэрэгтэй. Гэрийн даалгавраа хийсний дараа найзуудтайгаа ярь, эсвэл хооллож байх үед бүү ярь гэх мэтээр байнга сануулж байх нь зүйтэй.
17. Манай охины найз залуу 17-той, түүнээс хоёр ах. Охин маань заримдаа шөнө дөл болтол гэртээ орж ирдэггүй. Үглэж загнаад үгэнд орохгүй юм. Яаж харилцах ёстой вэ?
- Ер нь хүү, охиныхоо найзуудтайгаа уулзах явдалд аав ээж нь хугацааг нь тааруулж өгч байх ёстой. 15-тай зарим хүүхдүүд өөрийгөө шөнө дөл болтол гадуур явах насанд хүрсэн юм шиг боддог байхад заримд нь цаг хугацааны хязгаар бага тогтоох хэрэгтэй болдог. Яагаад гэвэл тэд биеэ даах чадваргүй. Хэрвээ охин чинь найз залуутайгаа тэгж л их цуг баймаар байгаа бол гэртээ түүнийг урьж 22 цаг хүртэл байхыг зөвшөөрч болохгүй гэж үү? Гадуур хаана, юу хийж байгаа бол гэж санаа зовсноос л хамаагүй дээр шүү дээ.
18. Манай охин 16-тай, саяхнаас 22-той найз залуутай болсон. Үүнийг бид хүлээн зөвшөөрөх хэрэгтэй юу?
- Үүнд заасан хууль байхгүй, та өөрөө ч гэсэн охиноо найзтайгаа уулзахыг нь дандаа хянаж байхыг хүсэхгүй байгаа биз дээ. 22 настай эрчүүдийн зан байдал, хувийн хүмүүжил янз бүр байдаг. Харин тэр залуу охиноор чинь нэг шөнийн зугаагаа гаргаад орхичихыг үгүйсгэх аргагүй. Залуус гэнэн жаахан охидыг урхидаж, “Чи хайртай л юм бол надтай унт” гэж ятгадаг тал бий. Хамгийн чухал нь танай охин өөрийнхөө хязгаарыг мэдэж, өөрөө хүсээгүй юмаа хийхгүй байх ёстой. Ингэхийн тулд охин чинь тантай илэн далангүй ярих нь чухал. Хэрэв та найз залууг нь хүлээн зөвшөөрөхгүй бол охин чинь тантай ямар ч асуудлаа ярихгүй байх болно.
19. Охин минь шилжилтийн насандаа яваа юм. Насных нь онцлог юм болов уу, сүүлийн үед тэр их онгироо, дээрэнгүй, их мэдэгч зантай болчихлоо. Бид яаж түүнд энэ тэнэг байдлыг нь ойлгуулах вэ?
- Түүний энэ ааш нь шилжилтийн насны онцлог, сэтгэл санааны тогтвортой биш байдлаас болж байгаа юм. Тэр таны хайрыг мэдрэхгүй ч байж магад. Та нэг сарын турш үүнийг анзааралгүй байж, охины чинь юу танд таалагддагийг хэлж сайшаа. Шүүмжлэхдээ “Чи их зан гаргаад байна” гэхийн оронд “Чиний надтай харьцаж байгаа хоолойны өнгө надад таалагдахгүй байна” гэж хэлэх хэрэгтэй.
20. Манай хүү 15 настай. Тэр удаа дараа миний түрийвчнээс мөнгө хулгайлах боллоо. Янз бүрээр шийтгэж ч үзсэн. Гэрт хорих, шахалт хавчлагыг тэр маш их эсэргүүцдэг. Бид одоо юу хийхээ мэдэхгүй байна?
- Ихэнх эцэг эх хүүхдүүд нь хулгай хийхэд их сандардаг. Түүнийгээ тэр болгон ярьдаггүй. 15 настай хүүхдийн тухайд жаахан хүнд асуудал л даа. Хүү чинь одоо шударга ёс гэж юу байдгийг мэддэг болсон байх ёстой. Гэрт хорьж “яллах”-аа ор тас мартах хэрэгтэй. Ингэснээр хүүхэд улам цаашилдаг. Хүүхдийн сэтгэл судлаачтай ярьж хулгай хийх үйлдлийн цаана ямар нэгэн сэтгэл санааны асуудал байна уу, үгүй юу гэдгийг олж мэд. Ихэнхдээ тэд эцэг эх нь өөрийг нь хайрлахгүй байна гэж боддог. Эсвэл тэдний дуртай юм бүхэн бэлэн байх ёстой гэж үздэг эрх хүүхдүүд байх нь бий. Та зүгээр л гэр бүлээрээ солонгос хоолны газар очихоор төлөвлөсөн нэг оройн хоолоо болиод “20 мянган төгрөг байсан чинь алга болчихож, бидэнд одоо мөнгө алга” гээд хэлчих. Ингэхдээ та “Аав ээж хоёр нь мөнгөний төлөө морь мал болтлоо зүтгэж байна, хүүдээ өгч байгаа мөнгө болгон аав ээжийн чинь чамд хайртайгийн илрэл юм шүү” гэдгийг ойлгуулахыг хичээ. Ингээд нэг удаа өрөвдүүлэх гэж үз. Ихэнх эрэгтэй хүүхэд үүнийг их сайн тусгаж авдаг.
Б.Жавзан, Г.Оюунгэрэл