Германы сурагч солилцооны алба дэлхийн өнцөг булан бүрээс герман хэлийг сайн эзэмшиж, суралцаж байгаа 480 орчим хүүхдийг сарын хугацаагаар ХБНГУ-д урьж, зардлыг нь даадаг ажээ. Жил бүр герман хэлний улсын олимпиадаас Монголын шилдэг хоёр оролцогчийг шалгаруулдаг билээ. Тус олимпиадын ялагчаар шалгараад Германд аялаад ирсэн 18- р сургуулийн 11-р ангийн сурагч Г.Дашням, 38-р сургуулийн 11-р ангийн сурагч М.Хулан нарыг зочноороо урилаа.
 
     - Аялал сайхан болсон уу, сэтгэгдэл ямар байна даа?
 
М.Хулан:  - Сурагч солил­­­­­­­цооны албаны тэм­­цээнд ялагчаар шал­гар­сандаа би одоо болтол итгэж чадахгүй байна. Амьдралынхаа хам­­­гийн сайхан зуныг өнгө­рөөлөө.”
 
Г.Дашням:  - Герман хэлийг хичээж сайн сурснаар, би төсөөлж байснаасаа ч илүү их амжилтад хүрч чадсан шүү.
 
 - Германы олон хотоор аялав уу, аял­лынхаа сонин сайх­наас сонирхуулна уу?
 
Г.Д: - Бид хоёр одоо дотно сайн найзууд болц­гоосон. Аяллын турш бидний уулзсан герман­чууд эелдэг зочломтгой хүмүүс байлаа. Индонез, Бразил, Чех, Энэтхэг, Герман хүүхдүүд өөр өөр шашин шүтлэг, үндэс угсаа, хэл соёлтой ч германаар бие биетэйгээ сайн ойлголцож байлаа.
 
М.Х: - Сургуулиа төгсөөд Индонез найзтайгаа Гер­манд уулзаж хүссэн мэргэж­лээ эзэмшицгээнэ шүү гэж тохиролцсон.
 
Г.Д: - Бид Бонн, Кёлн, Берлин, Целли, Гослар, Мюнхен зэрэг хотод зочилсон. Алдарт хөгж­мийн зохиолч Бетховений төрсөн гэрийг үзэж, Рейн мөрнөөр усан онгоцоор аялсан. Кёлн хотын 400 жилийн турш баригдсан алдартай католик сүмийг үзсэн. Германчуудын тэн хагас нь католик шашин­тай юм байна лээ.
 
 - Германчуудад Монгол орноо суртал­чилж явав уу?
 
М.Х: - Бонн хотод олон үндэстний үдэшлэг зохиог­дсон юм. Хүүхдүүд бүгдээрээ өөрсдийнхөө эх нут­гийн соёл урлагтай танил­цуулсан. Бидний илтгэл ч мөн Монгол орон болон Чингис хааны тухай байлаа. Бас Монгол үндэсний бүжгээ бүжиг­лэсэн.
 Олон үндэстний хоолны өдөрлөгт орол­цож, үндэсний хоол “бууз” болон “нийслэл салат”-аараа зочдоо дайл­сан.
 
 - Германчуудын дур­тай хоол нь юу вэ?
 
М.Х: - Герман хоол амттай, илчлэг ихтэй ч шөл, цагаан будааг бага хэрэглэдэг нь нэг тиймэр­хүү байсан. Тэд ихэвчлэн төмс, хиам болон гахайн мах их хэрэглэдэг юм байна лээ.
 
 - Сурагч солилцооны хөтөлбөрөөр аялаж бай­гаа хүүхдүүд герман айлд амьдарч үздэг гэсэн?
 
Г.Д: - Целли хотод хааны ордон, хотын захиргааны байшинд айлчилсан. Жижиг­хэн, цэвэрхэн бас эртний хот. Тэндээ бид герман айлд байрласан. Тэднийх надтай чацуу нэг охинтой. Бид найзууд болцгоосон. Айлд амьдарч үзсэнээрээ герман­чуудын аж амьд­ралтай илүү ойр танилцах боломж олдсон шүү. Бид хоолны дараа хоёр орны тухай сонирхолтой яриа өрнүүлдэг байлаа.
 
 - Германы дунд сургуулийн сургалт манай­хаас өөр үү?
 
М.Х: - Манай группийн­хэн Хёлти сургуульд зочлон суралцсан. Гер­ман сургууль манай сургуу­лиас өөр. Оюутан болохын тулд 13 жил сургуульд сурсан байх ёстой. Их завсарлага нь 30 минут үргэлжилнэ. Сурагчид хоолоо гэрээсээ авчирдаг. Багш нар нь бүгдээрээ англи хэлний мэдлэгтэй, чөлөөтэй ярьж чаддаг нь сайхан санагд­сан.
 
 - Сэтгэлд үлдсэн хам­гийн хөгжилтэй мөч?
 
Г.Д: - “Рейхстагийн их хурлын танхимд суугаад, телевизийн цам­хагаас Берлинийг бүхэлд нь харах, алдарт “Брандер­бургийн хаалга”-ны урд зургаа авахуулах сай­хан байсан. Амралтын өдрөөр хүүхдийн паркад өдөржингөө тоглосон ч ядраагүй. Бид бас олим­пийн цэнгэлдэх хүрээ­лэн, Альпийн нуруунд очиж үзсэн. Мөнх цастай Цүгшпитцэ ууланд халуун зун цасаар тоглох гоё байлаа. Энэт­хэг, Бразил­чуудад энэ нь бүр ч их таалагдсан гэсэн.
 
М.Х: - Театрт тоглолт үзэж, орой нь үдэлтийн үдэшлэг зохиосон. “Каме­лион”-д очиж аялалынхаа бүх гишүүдтэй уулзсан. Харин хамгийн сонир­холтой нь тэнд театрын жүжигчид нь үзэгчдийн хэлсэн саналаар шууд жүжгээ зохион тоглож байсан явдал юм. Хэзээ ч мартагдахааргүй зүйл бол метроноос чангаас чангаар “суугаад!”, “буу­гаад!” гэх хөтөчийн дуу байлаа.
 
 - Хамгийн их таалагд­сан нь ямар хот байсан бэ?
 
М.Х: - Баварийн нийслэл Мюнхен хамгийн их таалагдсан. Өндөр барил­гууд нь сүүлийн үеийн, юмны үнэ нь хамгийн өндөр, түүнээс гадна машинууд нь ч хамгийн хурдан хот байсан шүү.
 
Г.Д: - Вольфсбургийн алдарт Фолксваген хэмээх машины үйлдвэрт очсон. Тэнд очиход үнэ­хээр сонирхолтой. Хаа сайгүй тансаг чамин машинууд!
 
  Та бүхэн энэ хотод зочилбол олон орны хүмүүсийг харахаас гадна герман хэлээс илүү англи хэлийг сонсох байх. Энд их олон туркчууд амьдар­даг.
 
 - Та хоёр олон найзууд­тай болсон байх даа?
 
М.Х: - Мюнхений онгоц­ны буудал дээр бүгд нүдэндээ нулимстай салц­­гаа­сан. Энэ аялал бидэнд их зүйлийг өгсөн. Дэл­хийн бүх өнцөг булан бүрээс ирсэн олон сайхан найзуудтай болж, цагийг хөгжилтэй өнгөрөөж, герман орны талаар их зүйлийг мэдэж авсан.
 
Г.Д: - Бразил, Энэтхэг, Индонез, Словак, Саль­вадор, Хорват, Герман хүүхдүүдтэй нөхөрлөж, тэдэнтэй хамтдаа бай­сан хоромыг үгээр илэр­хий­лэхийн аргагүй. Энэ бүгдийг үзэж, орон орны сайхан найзуудтай болсондоо бид их баяртай байна.