Саяхан л өдөр өнжилгүй хонхны баярууд үргэлжилж өвгөн сургуулийн хөгшин барилгууд нэг л их хайр энэрэл, дурсамж цацруулсан гэмгүй царайтай “нөхдүүд” малийтлаа наранд ээж байсан сан. Гэтэл одоо өнө удаан жилийн мөнх цэвдэгтэй, мөсөн хонгилтой шүүхийн танхим шиг, сэтгэлд нэг л хөндий. Юун тэр салшгүй хагацашгүй сургууль! Үсэрчихгүйхэн шалгалтаа өгөөд хурдан салж санаа амрах юмсан гэсэн бодол хүн болгоны духан дээр сийлээстэй.
 
  Навсарсан ном, үрчийсэн дэвтэр, салангид хэдэн цаас, канондсон дэвтэр, гар утас, MP3, загварын сэтгүүл, өчигдөрхөн хуулж дуусгасан бүтэн жилийн лекцийн цоо шинэхэн дэвтэр гээд янз бүрийн юм барьсан оюутнууд энд тэнд бөөгнөрөн дүнгэр дүнгэр дүнгэр...
 
  Хүмүүсийн зургийг аваад ”Зангирсан хөмсөгний олон төрөл” нэртэй үзэсгэлэн гаргачихвал ёстой үзүүштэй юм болно доо. Хөмсөгнийх нь хэлбэрийг хараад яагаад зангирсныг нь олох тэмцээн зохиосон ч болох юм.
 
  - Хоо, аймаар зангирсан байна. Энэ лав шалгалтандаа уначихаж
 
  - Үгүй ээ, хоцорчихсон юм биш үү. Унасан бол уйлаад шал өөр хэлбэртэй болно ш дээ. Бүр эсрэгээрээ
 
  - Өө, харин энэ дүнгээ голчихож...
 
  - Үгүй дээ, хараа муутай гоо сайханчаар харанхуй газар шивүүлчихсэн байна гэх мэтээр яриа бол үргэлжлээд л байна байх даа.
 
  За тэгээд багш нар ёстой од оо од. Оюутнуудын ихэнх нь хангалтгүй дүнтэй, боломж л олдвол хэдэн хувь ахиу тавиулчих санаатай. Багш хаашаа хазайна, тийшээ нь дагаж нурж унаад л, зарим багш кайфтай нь аргагүй баруун зүүн, ард урдгүй баахан оюутнууд хуйлруулж багаад “моментийг ашиглаад” баахан сургамжилна. Нөгөө хэд нь ойлгосон ч ойлгоогүй ч бөндгөр нь салаад өнхөрчих вий гэмээр толгой дохиод л, аятайхан харагдах гэж инээд алдаад л, нүдэнд нь өртчихье гэж шалгалттай холбоогүй ч байсан хамаагүй болсон болоогүй хавийн юм асуугаад л....
 
  Үнэндээ тэдэнд өөрт үлдсэн мэдлэг огт хамаагүй, сурлагын дэвтэр дээрх дүн л хамгийн чухал. Тааруу дүнгээ харахаар аавын алганы амт хацарт час час хийж, ээжийн үглэх сонсогдох шиг болж чих нь сайн дураараа дүлийрэх шахдаг биз.
 
  Хичээлээ таслахгүй, явцын оноо сайтай хүүхдүүд ангидаа л одонцорууд. Ийм одонцорууд шалгалтаас чөлөөлөгдөх гэдэг номинацид нэлээн ширүүн өрсөлдөнө. Мөрийн хөтөлбөр боловсруулахаас наагуур юм болж байж тоотой хэд нь шалгарч, бусад нь шалгалтын өрөөнд үрчийгээд сууж байхад, манай хэд гэртээ гэдсээ илээд хэвтэж байх эрх авна. Уг нь энэ сайхан боломж толгой сайтай, хангалттай мэдлэгтэй хүнд зориулагдсан байх ёстой. Үгүй яахав, зарим нь эзнээ олчих л юм. Даанч манай сургууль шиг хоосон сандлыг үзэн яддаг газар, үр бүтээлтэй үгүй нь хамаагүй, “Хэн тэвчээртэйгээр хамгийн удаан сандал бөглөсөн бэ” гэдэг үзүүлэлтээр чөлөөлөгдөж байгаа хүн ч байж л байсан. Яахав, бас хөдөлмөр л дөө, эртлэн босч, зарим тохиолдолд гоо сайхнаа ч умартан арзайж сэгсийж ирээд, багшийн өмнөөс бүлцийтлээ хараад сууж байсан зоригийг нь үнэлэлгүй яахав. Гэхдээ л ...