Ажилтай, ажилгvй таарсан хvн болгон шахуу нэг бол гадагшаа явах гэж байгаа эсвэл гадагшаа яаж явах вэ гэх болж. За тэгээд хаашаа яах гэж явах нь вэ хэмээн асуухаар “хаашаа ч яах вэ очоод юу ч хийсэн яах вэ, Монголдоо юу хийдэг юм бэ, амьдрал барзгар ирээдүй бvрзгэр байна ш дээ ямар ч байсан гадагшаа гарахад алдах юм байхгvй, эндээс л дээр гэдэг шүү” гэх.
 
  Хатуухан хэлэхэд Монгол минь “там” болоод харийн орон “диваажин” болоод хvн болгон тийшээ зүтгэх болоо юу даа. Энэ тал дээр төр засаг юу бодож төлөвлөж суудаг юм бол доо хөөрхий?
 
  2.5-хан сая хvнээ аятайхан амьдруулж чадахгvй төр засаг, төрийн тэргүүн удирдагч түшээд байгаад ч яалтайв дээ. Ёстой л нөгөө ичиж “үхмээр” юм гэлтэй.
 
  Харин ч бүр хүмүүсээ гадаг­шаа явж ажиллаж амьд­рахыг нь дэмжсэн бодлого төр засаг барьдаг нь нууц биш. Yүнийгээ эерэгээр тайлбар­лахдаа гадаа­дад ажиллаж амьдарч байгаа хүмүүсийн ар гэрлүүгээ илгээж байгаа мөнгөөр Монголын валютын бараг дийлэнх хувь бүр­дэж байна гэх.
 
  Цаад гадаад улс орнууд нь танай ядарсан хямдхан ажиллах хар хүчээс чинь авъя л гэх юм бол гуяа алгадаад л хэдэн мянгаар нь экспортлоход бэлэн. Үнэндээ монголын хамгийн том экспортын бүтээгдэхүүн нь хүн нь өөрөө болоод байх шиг.
 
  Сонгуулийн сурталчилгаан­даа хүртэл бараг бүгд л шахуу ам уралдан би сонгогдвол манай нам ялбал тэдэн мянган хvн гадаадад гаргана ажиллуулна гэцгээж бүр нэр усыг нь бүртгэж сонгогчдынхоо энэхүү хvсэл сонир­хол дээр нь буюу хоббин дээр нь ажилласан. Зарим нь ч тойргийнхоо тэчнээн хүнийг төрийн өндөр сэнтий эрх мэдлээ ашиглан гадагш нь гаргаснаа бахархалтайгаар мөрийн хөтөл­бөрөө биелүүлж байна гэж сайрхаж байх жишээтэй.
 
  Манай орны хувьд 1994 оноос эхлэн гадаадад ажиллах хүч зуучилж эхэлсэн бөгөөд өнгөрсөн оны байдлаар л гэхэд нийт 10.700 орчим хүнийг зуучлалын 16 байгууллага Япон, БНСУ, Унгар, Чех, Тайвань зэрэг оронд гаргасан гэсэн судалгаа байдаг аж. Тэдний олонхи нь буюу есөн мянган хvн Солонгост ажиллаж байгаа аж.
 
  Харин Солонгост хараар ажиллаж байгаа 100 гаруй мянган хvн бий гэсэн таамаг төдий тоо байдаг.
 
  За тэгээд Монгол хүн очоогvй газар гэж дэлхийд үгүй гэлцдэг. Ямартаа л гадны нэг хүн манай улсын хvм амыг 2.5 сая гэж дуулаад танай эх оронд чинь тэгээд хүн үлдсэн юм уу хаа л явна байж л байдаг ш дээ гэсэн байхав дээ. Энэ бол тэгэхдээ бүр 90-ээд оны яриа гэж бодохоор одоо бүр нүд нь орой дээр нь гардаг биз.
 
  Мөн хоёр хөрш Орос Хятад ч манай монголчууд нэлээд их амьдардаг, зарим нь тэнэж явдаг гэдэг. Одоо Австрали, Швед, Чех зэрэг орон руу хүн зөөх нь ихэслээ. Жилийн өмнө Чех руу 200.000 төгрөгөөр хар ажилчид гаргаж байгаатай таараад үнэхээр гайхлаа. Угтаа бол 1000 доллараар гаргаж байгаа юм­санж. Даанч манайханд тэр мөнгө нь байхгүй болохоор очоод ажиллахаар нь цалингаас нь суутгаж авах гэж тийм арга хэрэглэж байгаагаа мань зуучлагч нөхөр ярьж байсан.
 
  Энэ мэт арай л дөнгүүр ажил­лах чадвартай болгон нь харийн орныг зорьсоор. Хээрийн галуу нисэх үл хүрэх газарт монголчууд хар бор ажлыг нь хийж амьдар­саар. Гэхдээ энд үнэхээр тэдний Монголдоо илгээж байгаа оруулж байгаа авчирч байгаа хөрөнгө оруулалт их байгаа гэдгийг магтах нь зүйн хэрэг ч гэлээ сүүлийн үед нэг л гадагшаа гарвал ирэх ч үгүй тэгээд цаашаагаа аргаа олоод дамжаад баруун луу гарна гэх болж. Зарим ч нь тэгдэг гэнэ. За тэгээд гайгvй газар очоод гайгvй аргаа олсон нь бол юун Монгол манатай эргэж очих хүсэл ч төрдөггvй гэх юм билээ. Эргээд л Монголдоо ирсэн ч гэсэн амьдарч чадахгvй бараг л бушуухан гадаад руугаа буцдаг юм байх. За тэгээд боловсрол мэдлэг өндөр бол гадаадаас буцаад ирнэ гэдэг бол бараг л худлаа даа гэх. Тэндээ сайхан амьдарч сайхан орчинд байхыг хүсдэг болсон гэх үндэстний тусгаар тогтнолын хэмжээний айдас бүрхэж байх шиг санагдана. Монгол төрийн мөнгөөр сурч боловсроно гээд явсан залуус маань хүртэл төгсөөд ирэхгvй тэндээ шингээд алга болчихдог гэнэ. Тэднийг эх орноосоо урвагч гэж зарлах ч багадах мэт.
 
  Гадаадад очоод хvмvvстэй уулзаад хэзээ Монголдоо очих гэж байна даа гэж асуухад “ямар ч байсан нас ахихаараа нутагтаа очиж ясаа тавина даа” гэх. Нээрээ Монгол маань эх орноосоо дай­жиж дайжиж ирэгсдийн ясаа тавьдаг “оршуулгын газар” юм уу гэх эгдүүцэл төрнө.
 
  Монгол хүн Монгол нутагтаа эзэн суухаас сайн дураараа татгалзаж харийн орон руу тэмүүлэхээс илүү эмгэнэл гэж байх уу даа таминь. Гэхдээ олон хvн очоод л юмтай болоод хэдэн цаас цуглуулаад л ирнэ ш дээ гэж өмөөрөх байх. Бас vгvй юм аа...!
 
  Нутгийн маань байр­наасаа хөдөлсөн нэг чулуу 300 жил эргэж байраа олж чаддаггүй юм даа гэсэн өвгөдийн vг санаанд орж байна.
 
  Гадаадын өндөр хөгжилтэй оронд өндөр боловсрол мэдлэг эзэмшүүлж сургах зорилгоор залуу­чуудаа эргэж ирээд их бүтээн байгуулалт хийх болзолтой маш нарийн өндөр шаардлагатай гэрээгээр төр засгаас бодлогоор бөөн бөөнөөр нь илгээх бол өөр хэрэг гэхсэн. Харин ч ийм бодлого хэрэгжүүлбэл зохилтой мэт. Гаднаас баахан мөнгө, комиссын хувцас, зээл тусламж гэж авахын оронд залуусаа илгээж сурал­цуулах мэргэжил дээш­лүүлэх дадлага хийлгэх талын төсөл хөтөлбөр зээлд илүү их анхаарч төсөл хөтөлбөр туслам­жийг чиг­лүүлвэл хавьгvй дээр байлтай.
 
  Эцэст нь хэлэхэд аль чадал­тай чадвартай авьяастай иргэд, залуус уран бүтээлчид чинь гадагшаа цувраад дууслаа. Хэзээ тэд улс эх орноо хөгжихөөр ирнэ үгүй бол ясаа тавихаар ирнэ гэж байх вэ? Эх орон минь эзэнгүйдэж байна. Үнэндээ улс эх оронд материаллаг хөгжлөөс илүү хvний нөөцийн бодлого хүний хөгжил илүү хэрэгтэй баймаар. Дэлхий нийтийн хандлага ч тийм болж. Чадвартай хүний нөөцийн хомсдол дэлхий нийтэд нүүрлэж байна. “Тархины ангууч” гэх чадвартай хүмүүсийг олж ажилд зуучилдаг шинэ мэргэжилтнvvд хүртэл бий болж дэлхий даяар хэрэн бэдрэн явдаг болж гэнэ.
 
  Улс эх орны хөгжил хүний хөгжил биш, иргэн хүний хөгжил улс эх орны минь хөгжил билээ!!! Таны, миний та бидний хөгжил Монгол Улсын хөгжил мөн.