Хонхны баяр аа гэж... Сүүлийн үед их сургуулийн гудамж хөл хөдөлгөөн ихтэй, хаашаа л харна, байдгаараа гангалсан “өнгө өнгийн” охид, цэцэг жимс, чихмэл тоглоом, том автобус, тортой идэх юм, дижитал аппарат, дэрвэгэр сормуус...
 
  Гоё л доо, дээд боловсрол эзэмшиж, үндсэндээ бол ууртай багш, уншаад ойлгогдохгүй номноос бүр мөсөн салж байгаагийн баяр шүү дээ. Учир начираа ч олоогүй байж уйлалдаад гүйлдээд байдаг 10-н жилийн хонхны баярыг бодвол хамаагүй “учир жанцантай” баяр. Учиртай баярыг уг нь учиртайхан л тэмдэглэмээр байгаа юм. Гэтэл...
 
  Сарын өмнөөс хувцсаа бэлдэж, шөнөжин үсээ янзалж, өглөөжин нүүрээ будаж, өдөржин зам дээр бөглөрч бөглөрч, сургууль дээрээ “ёсыг бодож” хоцорч ирнэ. Нээлт гэж нуршуу оршил, замбараагүй зураг авалтын дараа зурагтаар хальт үзэгдсэн л бол хэн нь хамаагүй хэдэн нөхөд ирж ам барихын гайхамшгийг үзүүлээд дор хаяж 300000-г өвөртлөөд одно. Тэгээд л өвөлдөө утаатай, бусад үед нь шороотой нийслэлийнхээ алга дарам цементийг торгон хормойгоороо гялалзтал нь арчиж арчиж, 20000-ын дэвсгэртээр улаан эрээн хивс дэвсэж гишгэлэх нь холгүй өдөржин зугаална. Жирийн өдрүүдэд сэтгэлд байтугай нүдэнд ч тордоггүй Зайсан толгой “Зайран толгой” болж, дээш өгсөх шат нь амжилтын шат мэт алтранхан үзэгдэж, нууцхан өрсөлдөн авирах нь инээдтэй.
 
  Хүн болгон дуудлага худал­дааны бараа шиг хэдэн талаасаа шинжүүлж, зарим хүн төгсөгчдийг бүгдийнх нь духан дээр үнийн пайз өлгөөтэйгээр харна. “Гутал нь 60, даашинз нь 130, цүнх нь 50, үсний засалт 10, нүүр будалт 5....нийлээд 260 000, яахав ээ, дундаж л охин байна” гэх жишээний. Ядаж дунджаас дутахгүй гэсэндээ зарим нь гэрээ нүүлгээд биендээ наачихаад явж байж ч мэднэ. За тэгээд нүсэр баяр аль нэг уулын аманд очиж “ууж ууж” өндөрлөнө. Ус уугаад байгаа, архи уугаад байгаагаа ялгахаа болихын цагт хаана ч юм бэ, нам унтана.
 
  Маргааш нь... Толгой өвдөж, нүд бүрэлзэж, амралтын газрын ширээ хичээлийн ширээ шиг, бэлэн гоймонгийн хайрцаг дипломны ажил шиг, утас дуугарах нь түгшүүрийн дохио шиг, хэн нэгний түс тас хийтэл ярих нь шалгалтын асуулт шиг, торон дахь хувцсаа харахаар базаад хаячихсан мөнгө шиг...
 
  Яг ингээд бодохоор би хонхны баяраар яг яагаад, юу боллоо гэж тэгтлээ их баярлаад байгааг нь ерөөсөө ойлгохгүй байгаа юм. Юу юу нь ч бэлэн биш, ядаж шалгалтаа өгөөгүй, дипломоо ч хамгаалаагүй байж яасан гэж тэгж хөөрдөг юм бол оо? Саяхан нэг багш маань баахан гоёлын дээл, костьюмтай залуусаас дахин шалгалт авсан гэнэ. Хонхны баяр, шалгалт хоёр нь давхацчихсан юм байх. Тэд нар арай нээлтэн дээрээ эдийн засгийн ном уншаад зогсож байгаагүй нь лав. Тэгэхээр нөгөө алдарт дипломон дээр нь ямар дүн тавигдах нь тодорхой. Ийм дарамттайгаар баярлахаар яаж баярласан болох вэ дээ. Хэдэн сарын хэрэглээний мөнгө, хэдэн сарын насаа баран нервтэх хэрэг байхгүй л санагдах юм...
 
  Хүмүүс их сургуулийн гудамжинд хөлөөр нэг хөглөрөх сарнайн дэлбээг хараад сайхныг нь шагширч, есөн жорын өнгөтэй монгол, хятад, европ нь мэдэгдэхгүй “дээлэн даашинзуудыг” магтаад л байх юм. Харин надад бөөн мөнгө, дахин мөнгө, бас сртесс л болж харагдаад байгаа. Бодвол буруу линз зүүчихсэн юм болов уу даа.