“Ойрд аялалд яваад их завгүй байлаа.” Орой болгон Солонгост очно гэдэг амаргүй юм. Очих очихдоо зүгээр ч үгүй бүр 1500-гаад оны үед нь очно гээч. Тэнд нэг зүгээр суухыг мэддэггүй зарц, шивэгчин, боол, оргодол, хоригдол, эмч домч, тогооч эмэгтэй болон “түүний нөхөд“ байдаг юм. Тэр бол сүүлийн үед монгол “драмчдын” хувьд нарнаас ойрхон од болоод байгаа Жан Гум.
 
  Киног хийсэн улсууд тасдаж, гишгэлж, ямар ч сайн хор цацаад нэмэргүй хогийн ургамал шиг бөх амьтай, долоон голтой энэ бүсгүйн тэсвэр тэвчээр, хичээл зүтгэлийг ямар сайн харуулж байна аа! Сайн судалгаа, сайн зохиол, өндөр чадалтай техник, мэргэжлийн баг, аль болох “засвар багатай” жүжигчид, дээр нь жаахан хачир болгож ирланд аялгуу. Ингээд л Жан Гум! Сүртэй ирланд хөгжим эхэлж, баатар Жан Гум хэрчээд л, тасдаад л, цавчаад л, сүүлдээ хатгаад л, сүлбээд л, эдгээгээд л…
 
  Уг нь ч киноны цаг шалихгүй. Даанч тэр цөөхөн минутыг нь UBS рекламныхаа дундуур хэд “тасдаад, цавчаад” гаргах нь бухимдмаар. Сүүлдээ би чинь киноны дундуур реклам үзээд байна уу, рекламны дундуур кино үзээд байна уу гэж эргэлзэж эхэлсэн шүү.
 
  Тэгээд нөгөө баатар маань юм л бол яаж ийж байгаад заавал нэг хэрэгт уначихна. Тэгснээ нэг их олон толгойтой хүн шиг, хүн хүний өмнө очиж сөхөрч унаад л “тэр ээ, энэ ээ, миний толгойг ав” гэх нь инээдтэй. Тийм чухал толгойг яаж цавчиж болох вэ дээ. Үхсэнээс ялгаагүй шийтгэл буюу цөллөгт явуулна.
 
  Цөллөгт очоод хамгийн дорд ажил нь адууны жүчээ цэвэрлэх буюу хомоол түүх гэж байгаа. Монголчуудын өдөр тутам хийдэг, амь амьжиргаагаа залгуулдаг ажил шүү дээ! Үгүй яахав, байж бололгүй яахав. Түүх юм хойно. Гэтэл би уржигдар сургуулийн коридорт чихний үзүүр чимхээд авсан нэг яриа сонслоо. Үнэн голоосоо дургүй хүрсэн гээч. Хэрвээ би тас байсан бол өөрийн эрхгүй өд сөд минь сөрвийж, арзгар хар, шувуу гэхийн тэмдэггүй юм болох байсан байх.
 
  Гурван охин ёстой чалчиж өгч байна аа.
 
  “… Ёоо тэр Жангумтой ярих юм байхгүй ээ. Үнэн тасархай. Даанч цөллөгт явчихдаг. Хөөрхий бүр морины баас цэвэрлээд зогсч байна лээ ш дээ. Заваан юм. Тэгтлээ доошоо орох гэж…чааваас даа…Очиж очиж баас цэвэрлээд… Тэгснээс ачаа бараа зөөдөг барьдаг ажил хийж болдоггүй л юм байх даа…”
 
  Ингэж ярьж байгаа нөхдүүдийн дотор монгол ахуй буух уу, монгол сэтгэлгээ байна уу?
 
  “Тэгж ярих юм бол малын баасаар юунаас ч илүү дулаахан хашаа барьж болдог юм, байшингийн зай завсрыг ч бөглөж болдог юм. Тэгж хүн, мал хоёул үр дүнг нь үзсэний хүчинд бидны өвөг дээдэс эрүүл саруул байж, тэрний хүчинд та нар өнөөдөр морины хомоолыг жигшээд зогсож байгаа байх шүү.” Энэ хэдэн үг хэдхэн секундэд хоолой дээр цувраад гараад ирлээ. Даанч гадагшаа гарсангүй. Цээжин дотор минь цуурайтаад л үлдэв. Би багадаа “авах гээхийн ухаан” гэдэг үгийг ойлгодоггүй байлаа. Авчихсан юм бол яагаад тэрийгээ дахиад гээх гээд байгаа юм бол оо? Тэрэнд чинь ухаан зараад байх хэрэг юу байна аа? гэж их л боддог байв. Монгол хэлний багшаасаа асууж учрыг нь ойлгосон ч одоо л практик дээр учиг нь тайлагдаж эхэлж байна.
 
  Гадны соёлоос, ялангуяа манайх шиг цөөхөн хүн амтай орны эдийн засагт хүчтэй нөлөөлөхийг оролдож байгаа орнуудын соёлоос авах ч юм бий, гээх ч юм бий, бас огт авч болохгүй ч юм их байдаг юм байна.