Гадныхан бидний тухай
Өглөө бүр инээмсэглэл цацруулсаар "Сайхан амарцгаасан уу" гээд ороод ирэх нөхдөө харах хичнээн гоё гээч.
      Ханхайж байсан ажлын өрөө минь дүүрээд ирэхээрээ ямар сайхан болдог билээ. Хэн нэг нь ирээгүй бол түүний талаар бөөн таавар тааж эхэлдэгсэн. Нэгнийгээ үгүйлэх сэтгэлтэйгээ, олны дунд би-гээ мэдэрч, ажилтай байхын жаргалыг олон олон хүн өглөө бүр ингэж мэдэрдэг байх аа.
Ажил хийхгүй амар дөт аргаар, хангалуун сайхан амьдрахыг хүсэгчдийн дүр зураг нийгэмд элбэг харагдах боллоо. Ажил хийх гэдгийг хэтрүүлж хэлбэл зовлон гэж үзэх ойлголт газар авчээ. Монголчууд бид яаж ажилладаг талаар хамгийн үнэн үгийг Монголд олон жил ажилласан гадаадын хүмүүс л хэлэх байх. Тэдний яриаг сонирхуулъя.
Герман мэргэжилтэн Н.Р. Хенри /Хувийн компанид программист/:
- Монголчууд ер нь аливаа юманд дасан зохицох чадвар сайтай улс шүү. Тиймдээ ч хэн нэгний итгэл найдварыг их хурдан олж авдаг юм шиг байгаа юм. Монгол залуучууд юмыг маш хурдан хийгээд сурчихдаг ч юманд өнгөцхөн ханддаг. Харин аливаа юманд тийм ч тууштай, бас уян хатан хандаж чаддаггүй, бие даах чадвар муутай юм шиг ажиглагдсан. Гэхдээ энэ бол миний хувийн бодол юм шүү. Монголчуудын хувьд "бид" гэсэн ойлголт бараг л байхгүй гэж хэлж болно. Харин гэр бүл хамаатны хувьд бол энэ ойлголт илүү ойр байдаг бололтой.
Магадгүй энэ нь нүүдлийн уламжлалт сэтгэлгээтэй ч холбоотой байж болох юм. Тиймдээ ч баг бүрдүүлэхдээ аль болох өөрийн ойр төрлийн хамаатан саднаа ажилд авдаг шиг байгаа юм. Зөвхөн би л түрүүлэх ёстой гэсэн түрэмгий зангаа замын хөдөлгөөндөө хүртэл гаргаад байх юм. Монголчууд "бид" гэсэн үзэлтэй байх юм бол ядаж л замын хөдөлгөөн нь хүртэл арай л өөр байх байсан даа. Монголчууд нэгдэж нийлэхийн оронд тус тусдаа бие даах сонирхолтой, сонин хүмүүс. Нэг том үйлдвэр нийлээд байгуулчихъя гэхийн оронд 20 жижиг үйлдвэр байгуулаад 20 дарга эзэн суухыг л боддог биз дээ. Хүн болгон л дарга болохыг хүсдэг.
Захирагдах хүсэлгүй. Хувиа л их хичээдэг юм уу гэсэн бодол байна. Тэднийг өөрчилж чадахгүйгээс хойш зохицож ажиллахаас өөр аргагүйд хүрдэг. Би энд ирээд ядахдаа нэг өдрийн өмнөхийг ч төлөвлөж чадахгүй байна. Тэгэх ч арга алга. Монголчууд ерөөсеө юмыг төлөвлөдөггүй. Шууд л тулгачихдаг. Одоо тэгнэ шүү гээд л. Баруунд бол ядаж гурав хоногийн өмнө төлөвлөөд хэлдэг. Үүнд л их тулгамддаг даа. Өдөр бүр л шинэ шинэ адал явдалтай учирна шүү дээ. Ажил хийх гэхээр заавал нэг саад гараад ирдэг. Энэ л уурыг минь их хүргэдэг.
"Сантис" хэлний төвд сургагч багш Америкийн иргэн Ү.Марк:
- Америкчууд ажил дээр асуудал гарвал шуугиан үүсгээд бөөн юм болно шүү дээ. Даргаа хүртэл дуудаад л. Юунаас болов, яагаад гэдгийн учир шалтгааныг эрж хайна. Дэлгүүрт мах байхгүй бол монгол хүн "аан" гээд л гараад явчихна. Харин америкчууд бол яагаад байхгүй байна, ямар учраас байхгүй, хэзээ ирэх вэ гээд л бөөн байцаалт. Монголчууд жаахан хэнэггүй юм уу даа. Монголчууд удирдлагынхаа өөдөөс нэг их юм яриад байхгүй. За л гэдэг. Тийм ч илэн далангүй улс биш. Харин ажилдаа өөрийгөө зориулж чаддаг. Уламжилж ирсэн чанар байж магадгүй. Америкчууд ажилдаа өөрчлөлт, дэвшил хийхийн төлөө зорьж эрч, хүчтэй, өөрийгөө дайчлан өөрийгөө харуулж ажиллахыг хичээдэг.
Монголчууд босс юу хэлснийг л хийдэг. Ажлаа сайжруулах талаар тийм их санаачлага гаргадаггүй юм шиг. Аль болох л удирдлагынхаа санаанд нийцсэн зүйл хийхийг хичээдэг. Харин даргынхаа өөдөөс шүүмжлэл тавих, зарчим ярих асуудал харагддаггүй. Хэн даргадаа илүү долигонож шадарлаж байна тэр л арай дээшээ явах жишээтэй. Харин даргаа шүүмжилбэл ажилгүй болно гэж айдаг үзэгдэл нэлээн газар авсан юм шиг ажиглагдсан. Бас нэг зүйл бол монголчууд ихэвчлэн цаг барьдаггүй. Энэ нь нүүдэлчин сэтгэлгээтэй нь холбоотой байх. Оюутнууд хичээлдээ хоцорч ирдэг. Цаг бол хамгийн чухал зүйл гэж тэд хэзээ ч тоодоггүй. Энэ сэтгэлгээг л өөрчлөх хэрэгтэй. Баруунд цагийг чухал гэж үзэж, төлөвлөхгүй бол бүхний сүүлд хоцрох учраас цагаа зохицуулахаас өөр ямар ч аргагүй. Монголчууд болзсон цагтаа ирэхгүй, юу ч хэлэхгүй, ядаж утсаар ч ярьчихгүй алга болчихож чаддаг.
Япон мэргэжилтэн Х.Ошима /орчуулагч/:
- Монголд амьдраад найман жил болж байна. Би эндээс явья гэж бодохоо ч бараг больсон. Анх ирэхэд хотын хог, автобусны чихцэлдээн их хэцүү байсан. Одоо дасчээ. Монголчууд их найрсаг дотно зантай. Сайн найзынхаа төлөө бол хичнээн завгүй байсан ч ажлаа хойш нь тавьж байгаад л туслахыг хичээдэг. Харин монгол эрчүүд архи их ууж байна. Эхнэр нь ажил хийж гэр орноо тэжээх юм. Тэднийг ажилд оруулаад өгье гэсэн ч орох хүсэлгүй. Хэн нэгнээр тэжээлгээд хайран залуу насаа дэмий өнгөрөөж байгаад их харамсаж байна.
Япончууд бусдыг гомдоохгүй байхыг хүсдэг. Ойлгохгүй байсан ч ойлгож байгаа юм шиг дүр эсгэдэг. Тэгэхгүй бол ойшоож үзэхгүй байна гээд гомдчихно. Дуулгавартай хүнийг илүү их үнэлдэг. Ер нь хүнд их хүндэтгэлтэй хандахыг хичээдэг. Тэд бас худлаа ярих дургүй.
Япончуудын нэг зан нь бусадтайгаа л адил байхыг хичээдэг. Илүү гарах ч хэцүү, бусдаас хоцорч бүр ч болохгүй. Нэг л түвшинд байх ёстой. Шугамаас хазайвал өнгөрөө. Алдаа гаргаж хэзээ ч болохгүй гэж үздэг. Алдахаас их айдаг гэх үү дээ. Гарц хайж дураараа юм хийдэггүй. Заавал даргаасаа асуудаг. Их зарчимч гэмээр юм уу. Энд бол өөрийнхөөрөө хүссэнээрээ байх эрх чөлөөтэй. Тийм болохоор би энд үлдсэн. Эргээд Японд очно. Тэнд ажиллана гэхээр миний санаанд одоо нэг л буухгүй байна.

Бид яаж ажилладаг вэ?
Ази, Европ, барууныханд бид ингэж харагдаж байна. Тэд бидний дунд байгаа болохоор толинд хар-сан юм шиг л дурайтал хэлээд өглөө. Хоорондоо бараг хэлэлцчихсэн юм шиг ярьсныг нь яана. Нэг санааг гурвуулаа адилхан давтсан нь намайг бүр гайхашруулсан юм.
Тэдний ярьснаас эргэцүүлж бодоход монголчууд гадныханы итгэлийг их хурдан олж авдаг гэсэн нь бидний дасан зохицох чадварыг илэрхийлж байгаа нэг хэлбэр болов уу. Монголчууд ажлыг эхэндээ ёстой нэг оволзуулаад өгдөг. Ийшээ ч нэг, тийшээ ч нэг гүйгээд л бужигнуулдаг аж. Гэтэл манайхан л болсон хойно доо энд алхаа, тэндээ хөрөөгөө тавьчихаад л хэдэн тийш гүйгээд байдаг. Анхандаа тэр нь учиргүй ажилсаг хүн харагдаад байдаг. Гэтэл тодорхой хугацааны дараа эрч нь сулардаг. Гэтэл аливаа ажил үйлдвэрлэл жигд үйл ажиллагааг шаарддаг. Ийм жишээ бидний дунд олон бий.
Оюутнууд шалгалтаа дөхүүлээд хоёр хоногийн өмнө ухаан мэдрэлгүй шахуу болтлоо уншиж байгаад л харайгаад орчихно. Нэгнээсээ лекц тэмдэглэлийг нь гуйгаад л. Өөрөө урьд нь юу ч хийж байсан юм бүү мэд. Ёстой хурнийтлаа сууж байж хагас дутуу бэлдээд шалгалтын цаана гардаг. Өнгөрсөн хойно нь харин санаа амраад, аяндаа бүх юм мартагдаж, харин ч хоёрхон хоногт бүх юмыг амжуулж болдог юм байна гэсэн бодлоо сэтгэлийн мухартаа үлдээчихнэ.
Санхүүгийнхэн улирлын сүүлчээр тайлангаа татварт өгөх гэж хөөрхөн юм болно оо. Тайлан авах хамгийн сүүлчийн өдрийн сүүлийн цагтай уралдан очицгооно. Ёстой юм шиг яг хамгийн сүүлийн хоромд болзсон аятай уулзацгаана. За тэгээд элдэв тендер зарласан үед бол бараг л  хаалтын минут секундтэй уралдан  дугтуйгаа бариад л гүйлдэцгээдэг юм билээ. Сарын сүүлээр бараг л бүх албан газрынхан нэг их ажилтай хүмүүс л сууцгаана даа.
Ядаж байхад замын цагдаагийнхан хүртэл сарын сүүлээр чангарчихыг нь яана. Бодвол төлөвлөгөө нь биелэхгүй балардаг юм болов уу. Энэ бүхэн маань бидний ажлаа зөв төлөвлөж чаддаггүй, цагийн мэдрэмж муутай байдагтай маань холбоотой юм болов уу. Цаг хугацааны талаар америк багшийн хэлсэн нь үнэн үг юм. Цагийн юм цагтаа гэж хэзээ ч байхгүй. Орой долоон цагт жүжиг үзэхээр очлоо гэхэд ёс юм шиг л дор хаяж хорин минутын дараа эхэлнэ. Дээхнэ үед хурал эхлэхдээ дарга нарыг хүлээж чилтлээ суудаг байсан бол, одоо дарга нар хүмүүсээ хүлээж суудаг болсон байна лээ. Ер нь яг яс төлөвлөгеө боловсруулаад л түүнийгээ ягштал баримталж ажиллах тун ч боломжгүй. Нэг их ажил хийхээр зөвшилцөөд л тардаг.
Дараа уулзахаар болзоод салсан хүн маань эргээд ярихаар -яанаа мартчихсан байна ш дээ, өө уучлаарай, амжсангүй, надад нэг тийм ажил гараад л гээд үлгэрийг ч ёстой нэг ярьж алдана даа. Цаг хугацааны мэдрэмж гэдэг илүү их иргэншиж байж л тогтдог мэдрэмж юм болов уу. Хүүгээ л хичээлээсээ хоцордоггүй, даалгавараа цагтаа хийдэг, цагийн нарийн мэдрэмжтэй болгож хүмүүжүүлэх юмсан гэж бодогдох юм даа.
Ажаад байхад залуус маань жаахан овилгогүй зантай байх юм. Асуудал хурцдаад ирвэл гоморхоод л "ажлаасаа гарлаа, bye" гээд л хаалга савчихна. Гүйцээ. Дараагийн газар мөн адил. Ойр ойрхон ажпаа сольдог хүнийг хариуцлагаас зугтаадаг тогтворгүй хүн гэж үздэг гэсэн. Харин нэг л байрандаа дэвшдэг ч үгүй, буудаг ч үгүй өглөө ирээд л орой буцаад байдаг хүний ажил яаж сонирхолтой байх вэ. Насаараа ингэж ажиллавал би лав галзуурах байх. Бусад  нь л  өөрийнх нь төлөө бүхнээ зориулах ёстой юм шиг. Хамаг анхаарлаа, хайраа зөвхөн өөрт нь зориулах ёстой юм шиг санаад байх юм даа бид. Дутагдлыг нь хэлбэл шарвалзаад унана. Даалгавар өгвөл дургүйцнэ. Гэсэн ч түүнийгээ бид нэг их ил гаргахгүй.

Аль болох л хялбархан аргаар ахиухан мөнгө олчихыг бодно. Тэгээд ч мөнгө, танил хоёр байхад алзахгүй гэсэн өнгө аяс алхам тутамд мэдрэгдэж, хэт амиа хичээсэн би л болж байвал бусад нь падлийгүй гэсэн бодол нь аливаа зүйлд сэтгэлээсээ хандах, үнэнч байх гэдгээс холдуулж цөлөөд байх шиг сэтгэгдэл төрүүлээд байна уу даа. Хотын төвд барилга барьчихаар аятайхан газар олж авья гэж бодоод газрыг албыг та зоривол ам руугаа алгадуулаад гарна гэдгээ надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Олон жишээ дурьдаад яахав. Монголчуудын нийгмийн капитал аажмаар буурч байгаа нь маргаангүй боллоо. Шалтгааныг нь нэг их судлаад байлтгүй таамаглаж болно. Уншигч та ч гэсэн яагаад буурч явааг гадарлаж л байгаа.
Тэмүүжинг найман шаргаа алдаад ганцаараа араас нь явж байхад замд нь тааралдсан нэг танихгүй залуу зүгээр л туслахаар амь насаа хайрлалгүй дагаад явж байсныг бодоход тэр үед хүн хүндээ итгэх итгэл, сэтгэл гэдэг ямар агуу байсан юм бол оо. Тэмүжин ч түүнийг ухаарсан юм уу итгэл эвдэхийг хамгийн хүнд гэмт хэрэг хэмээн зарлигдаж байсныг бид мэднэ. Ямар ч байсан одоо итгэл байтугай юм эвдэх нь жирийн үзэгдэл болсон. Бид зах зээлийн эдийн засагт ийм байдаг юм, ардчилсан улсад тийм байдаг юм хэмээн цэц булаалдахдаа өөрсдийн соёл уламжлал, нийгмийн сэтгэл зүй, чадвар зэргээ огт авч үздэггүй.
Засгийн газар ч, УИХ ч эдийн засгийн бодлогодоо энэ талаар ер тусгадаггүй. Монгалчууд бидний ажилдаа идэвхи санаачлагагүй хандлага, алдаа дутагдлаа тоодоггүй, хэнэггүй зан төрх зөвхөн хувиа хичээсэн алсын хараагүй ажиллаж амьдардгийг олон жишээгээр гадныхан илэн далангүй ярьсан. Мөн тэрчлэн ажил төрөлдөө найз нөхөд, хамаатан садан танил талаа авч ажиллуулах маягаар ажил төрлөө явуулдаг нь ажил төрлийн холбогдолтой зарчмын шаардлага ямагт бэрхшээл учруулж байдгийг бие сэтгэлээрээ зах цухасаас нь мэдэрч байгаагаа тэд өгүүлсэн юм.
Социализмын үеийн хөдөлмөр
Социализмын үед яаж хөдөлмөрлөдөг байсан тухай Монгол Улсын хөдөлмөрийн баатар Л.Ойдовням гуайтай ярилцсан юм. Тэрбээр хар багаасаа л ажил хөдөлмөрийн амтыг мэдэрсэн нэгэн. Зургадугаар ангиа төгсөөд хотод гэрээрээ нүүж ирсэн цагаасаа эхэлж ажил хийж эхэлжээ. Анх бараа баазад ачигчаар орж ажиллаад, 18-тайдаа төмөр замчин болжээ. Машинистаар ажиллаад таван жилийн дараа 22-хон настайдаа хеделмөрийн баатар болсон юм. Ажилдаа амжилт гаргахын тулд илүү их хичээж ажиллажээ. Яавал хэмнэлт хийж болохыг нэлээд бодсоны эцэст рейс болгондоо 50 тонн илүү ачаа тээвэл хэмнэлт гаргаж болохыг тооцоолсон байна. Ингээд түүнийгээ ажилдаа туршиж үзсэн нь үр дүнгээ өгч өөрт нь алдар хүндийг авчирчээ.
Ажил гэдэг хүнд алдар хүндийг авчирч өгдөг юм байна. Улсынхаа төлөө зүтгэхээс өөр илүү сайхан сонголт үгүй гэдгийг хорин хоёртой баатар өөрийнхөө яс махандаа шингэтэл ойлгожээ. Тиймдээ ч тэрбээр өнөөдөр үр ачаа улсынхаа төлөө зүтгэ хөдөлмөрлө гэж сургадаг юм билээ.
Тэр үед хүн улс, эх орныхоо төлеө ингэж зорилго тавин ажиллаж байсан бол өнөөдөр бидэнд өөрсдийнхөө төлөө шургуу ажиллах үе ирээд байна гэж бодогдлоо. Гэвч хичнээн сайн ажиллалаа ч өнөөдрийн нөхцөлд түүн шиг нэр алдар, сайн амьдралыг олж чадахгүй нь гаслантай. Улс орныхоо төлөө ажиллана гэдэг хэн бүхэнд харамгүй сэтгэлээр зүтгэх эрч хүчийг өгдөг байжээ. Гэтэл ийм ерөнхий зорилго улс орныг хямралд хүргэдгийг бид мэднэ.
Тэгвэл хүн бүр өөрсдийнхөө төлөө өөрийгөө аваад явчих хүсэл эрмэлзэлтэй байж сая баялгийг бүтээж болдгийг хөгжилтэй орны жишээ харуулдаг. Гэтэл өөрийнхөө төлөө хичнээн зүтгээд алдар нэр хангалуун амьдрах мөнгө олж чадахгүй байгаа нь өнөөгийн бидний проблем болсон байна. Наад зах нь ажил олгогчийн төлөө ажиллаад ч байгаа юм шиг, ажил хөдөлмөрөө мөлжүүлээд ч байгаа юм шиг сэтгэгдэл төрж таарна. Ийм хүнд улам ихийг хийж бүтээх урам зориг хаанаас бий болох билээ. Бас нөгөө талаас ард түмний амьжиргааны түвшин, худалдан авах чадвар доогуур учраас хүмүүсийн хөдөлмөр зах зээл дээр бүтээгдэхүүн болж гарахдаа боломжийн үнээр борлуулж чаддаггүй. Ажил хийж байгаа хүмүүст хангалттай цалин өгч чадахгүй ажил олгогчийн зовлон бодитоороо ажилчинд хүнд тусч байна. Амьдрал ядуу тул ихэнх нь  хамгийн хямд барааг эрж хайдагаас биш яг  өөртөө таалагдсан сэтгэлд нийцсэн зүйлээ хүссэн ч авч чаддаггүй.
Монгол Улсын хөдөлмөрийн баатар төмөр замчин Л.Ойдовням:
- Таны үеийнхэн ажилдаа яаж ханддаг байв? Шударгаар хөдөлмөрлөх гэдэг үзлийн талаар та өөрийнхөө бодлыг хуваалцна уу?
- Социализмын үед үнэн сэтгэлээсээ хөдөлмөрлөдөг, хүний төлөө нийгэм байжээ гэж ойлгодог. Ажилдаа эзэн шиг хандаж ажилладаг байж. Ажилдаа эзэн болно гэдэг агуу юм шүү. Хэн нэгнийг хуурчихъя, нүд хариулаад хийчихье гэсэн юм байхгүй. Техникээ эзэмшсэн шиг эзэмшдэг байж. Нэг далайлтаар арай ахиу ажил хийж, улсын үргүй зардлыг яаж хэмнэх вэ гэх мэтээр сэтгэж ажиллана. Сэтгэлээ ажилдаа зориулдаг гэсэн үг. Хүн болгон ажил хийхийн төлөө, хэн нэгний төлөө биш, улс орныхоо төлөө зүтгэх ёстой гэсэн үзэл сэтгэл санаанд нь бат нот суусан байсан. Баян, ядуугийн ялгаагүй жигд сайхан түвшин амьдралтай. Хүн бүхэн л ажил хөдөлмөр эрхлэх ёстой гэсэн хатуу үзэлтэй байсан учраас ажилгүй хүн ч байдаггүй байв.
Хөдөлмөр хүнийг хүмүүжүүлж, цатгаж байдаг гэдгийг багаасаа мэдэрсэн. Шударга хөдөлмөрийн амт сайхан шүү. Өөрөө зовж байж олсон хоол идэхэд хүртэл амттай. Хүнийг урмаар тэтгэх хэрэгтэй. Урам хүнийг урагшлуулдаг. Залуу хүн ер нь өөрийнхөө зоригоор л хөделдөг. Өөрийгөө урагшлуулж, давшдаг юм шүү дээ. Хулчийгаад байвал яаж амжилтад хүрэх вэ. Тогтоосон нормоос давуулж биелүүлдэг байлаа. Тэгээд хүнд ачаа тээсэн, түлш хэмнэсэн гээд шагнуулна.
Хөдөлмөрийн баатар Л.Ойдовням гуай бидэнтэй ийн хуучилсан юм. Өөрийнхөө идэр залуудаа ид ажиллаж, гялалзаж явсан үеэ бахархан байн байн дурсаж байсан юм. Түүнтэй хийсэн ярилцлагаа бид дэлгэрэнгүйгээр дараагийн дугаараараа хүргэх болно. Үнэхээр л баатрын хэлснээр УИХ, Засгийн газар гээд төрийн толгойнууд маань улс орноо олигтойхон удирдаж, зөв бодлого хэрэгжүүлсэн бол өнөөдөр ахмадууд маань өмнөх үеэ дурсан санагалзахаасаа илүү урагшаа харсан ирээдүйг чиглүүлсэн санаа хэлэх байсан биз ээ.
Ажил олгогч ба ажилчид
Капиталист нийгэмд мөлжигч анги бол эзэн гэсэн үзэл тогтчихсон байдаг. Тэгээд ч эзнийхээ өгсөн даалгаврыг л хийхээс өөр нэг их илүү зүйлийг хийе ч гэж хичээдэггүй. Магадгүй энэ нь цалинтай холбоотой ч байж болох. Бид дунд сургуульд даалгавар хийхдээ голдуу багшийн өгсөн хэдэн дасгалыг л хийгээд очдог. Илүү юм үзэж амждаг ч үгүй л шахуу сурчихсан улс. Гэхдээ мэдээж цагийг нь тулгаж байгаад л хийнэ.

Ажилтнуудын проблем юу вэ?
Г.Сувдаа /28 настай. Няглан бодогч/
- Би ажилдаа дуртай. Ахынхаа буянаар ажилд орсон. Харин төрийн албаны хүнд сурталтай удирдлагуудтай хэл амаа ололцож ажиллаж хүндрэлтэй байдаг. Заримдаа тэднийг царайчлах гэж бүр ядарчихдаг юм. Тэдний ажилдаа өдөр хоногийг өнгөрөөсөн байдалтай, үнэн сэтгэлээсээ ханддаггүйд нь үнэн дургүй хүрдэг. Эсвэл жаахан юм хийчихээрээ л мөнгө нэхээд суучихдаг нь ядаргаатай. Тийм хүмүүстэй байнга таардаг болохоор байнга л бухимддаг. Тэгээд ч хүмүүс ня-бо бол харамч нарийн, ааш муутай гэсэн пайз зүүчихдэг юм шиг байна лээ. Зарим газар эзэн нь зөвхөн өөртөө олох ашгаа л бодоод ажилчдаа ер нь хайхардаггүй ш дээ. Цалин бага болохоор хаанаа ч хүрэхгүй юм. Тийм болохоор чадвал гадагшаа гарч юу ч хамаагүй хийе л гэж бодогддог.
С.Алтан /29 настай/
- Би уг нь технологич мэргэжилтэй. Найзынхаа хүчээр төрийн байгууллагад ажилд орсон. Мэргэжлээс маань тэс ондоо ажил ч, саяхан төрийн албан хаагчийн шалгалтаа өгчихсөн болохоор одоо нэг их айгаад байх юм алга. Цалин яахав боломжийн. Хааяа ажлынхаа хажуугаар амьтан хүний юм бүтээж өгөөд боломжийн хэдэн төгрөг авчихдаг юм. Тэрнээс дан цалингаараа амьдарна гэж юу байх вэ. Илүү цагаар ажилладаггүй ээ. Тэртэй тэргүй тэгж ажиллалаа гээд над ямар наалдах юм байх биш. Хааяа ажлын цагаар хувийн ажлаа амжуулах тохиолдол бий. Эндээс гарлаа гээд надад өөр олигтой хийж чадах юм байхгүй юм чинь дүүжигнэж л байсан нь дээр байх. Дарга өөрчлөгдвөл байдал харин өөрөөр эргэчихэж магадгүй. Одоо удахгүй сонгууль болох гээд байдаг. Дараа нь яахыг бурхан мэдэг. Би халагдмааргүй л байна.
Англид таван жил ажиллаад ирсэн Н.Туяа /орчуулагч/
- Монголоос Англид ажилласан нь дээр. Эндхийн цалингийн тогтолцоо шударга биш. Монголд өөрийгөө худлаа ч гэсэн магтчихвал ажилд авчихна. Мундаг гээд ойлгочихдог. Харин дуугүй байвал дорой нэгэн гэж ойлгодог байх.  Англид чадварыг нь илүү чухалчилдаг. Англичууд их шаргуу, үр бүтээлтэй ажилладаг. Тэрнийх нь үр шим нь ч амьдралаас нь ил харагддаг.
Солонгос улсад ажиллаж байгаа Б.Мөнх:
- Солонгосчууд их ажилсаг хүмүүс. Тэд ажлын цагаар огтхон ч зүгээр суудаггүй. Яг үйлдвэрийн дамжлага дээр солонгосчууд өөрсдөө ажилладаггүй л дээ. Тэд ихэвчлэн оффист суудаг. Тэднийг хараад,  би ч бас нутагтаа ингэж л ажилладаг байсан даа гэх атаархах сэтгэл төрдөг шүү. Гэвч яая гэх вэ. Гол нь жаахан мөнгө хураах зорилготой ирсэн болохоор гүрийж л байна. Яахав Монголд ажилласнаас арай дээр мөнгө авдаг. Гэрээгээ дуусгаад л нутаг буцна. Миний бодлоор цалингаас илүү амьдрах орчин чухал гэдэг нь мэдрэгдэж байна. Эзэн юу хэлнэ, түүнийг нь л хийнэ. Хэл сураагүй ээ. Шаардлага ч үгүй. Солонгосчуудтай бараг юм ярьдаггүй. Компьютерийн өгөгдлөө хараад л ажлаа хийчихдэг. Харин ажил таслах, хийдүүлэх тухай бодох ч хэрэггүй. Нэг өдөр ажил тасалвал гурван өдрийнхеө цалинг хасуулчихна.
Ажил олгогчид өгүүлж байна.
Н.Гэрэлт/ажил олгогч/
- Анх ажилд орох гэж байгаа хүмүүс өөрийгөө илэрхийлж чадахгүй байна. Амархан шантардаг, ажилдаа эзэн болдоггүй, хөнгөн аргаар мөнгө олохыг боддог, би юу хийж чадах вэ гэхийн оронд цалин түрүүлж асуудаг. Сүүлийн үед сургууль төгссөн хүүхдийн мэдлэг чадвар муу байна. Бид ажил хийж байгаа хүнд тохирсон хөлсийг нь өгнө шүү дээ. Одоо манай нийгэмд яаж мөнгө олох нь чухал бус, тансаг амьдрах гэсэн сэтгэлгээ давамгайлж байгаагаас ажилд хандах сэтгэлгээ өөрчлөгдсөн байна. Манай ажилчид үйлдвэртэйгээ анх амьдралаа холбосон хүмүүс, цалин бага ч ажлаа орхиод өөр ажил руу явахгүй байна. Эд бол ажилдаа сэтгэлтэй, төлөвшсөн ажилчид. Онцлог нь манай ажлын нөхцөл байдал сайн. Нас харгалзахгүй. Хэн сайн хийнэ тэр ажилла гэсэн зарчмыг барьдаг.

Г.Гансүх /барилгын компаний захирал/

- Манайх барилгын салбар. Барилгын материалын худалдаа давхар эрхэлдэг. Манай компани цөөхөн ажилчидтай, цомхон. Гэтэл манай ажилчид ажилдаа үнэн сэтгэлээсээ ханддаггүй, дандаа шаардуулж байж хийдэг. Үйлчлэгчид гэхэд л тоос шороо сайн цэвэрлэж чаддаггүй. Ачигчид бараа бүтээгдэхүүн эвдэлж хэмхэлчих гээд зөндөө асуудал гардаг. Цаг барих тал дээр ч харин толгойны өвчин болно шүү дээ. Манай компанид хятадууд ажилладаг байсан. Тэд бол ажлыг мэргэжлийн хэмжээнд сайн хийнэ. Нэг их асуудал гаргахгүй. Бид цалинг нь монголчуудаас тав дахин их өгдөг. Манайхан ажил муу хийдэг атлаа цалин бага байна гэж гомдоллодог. Ажилтай байгаагаа олзуурхдаггүй.
Ажил олгогчид, ажилчид гээд олон хүнтэй уулзаж ярилцахад тэд өөр өөрийн бэрхшээл зовлонгоо ярьсан юм. Тэдний ярианаас үзэхэд ажилд орохоос эхлээд танил тал, найз нөхдийн холбоо сүлбээ үйлчлэхээс биш, шударга зарчим бий болж чадаагүйг харуулж байна.
Харамсалтай нь өнгө мөнгө бүхнийг дийлж байгаа нь батлагдах шиг санагдсан. Ажил олгогчид өгдөг цалингаа ахиу олгочихвол сайн ажиллана гэдгийг мэдэхгүй биш, мэдэрч байгаа. Харин ахиу цалин өгөхийн тулд бүтээгдэхүүнээ түүнд шингэсэн хөдөлмөрийг оруулж борлуулах хэрэгтэй болдог. Гэтэл амьдралын түвшин ядуу байхын хяслангаас түүнийг нь авах бололцоогүй байдаг. Мэдээжийн хэрэг хөдөлмөр урамшуулал, цалин тооцооны систем зөв буруу явагдах олон тохиолдол амьдрал дээр гардаг. Тэгэхээр зарим газар боломжийн цалин авч, сэтгэл ханамжтай ажиллаж байдаг бол, зарим газар ёстой хөдөлмөрөө шулуулах ч явдал гардаг.

Ажлаасаа кайф авч амьдаръя
Зүгээр сууж байгаад л асар өндөр цалин авах хүсэл сонирхолтой залуус хөдөлмөрийн зах зээлд өдрөөс өдөрт хөл тавьж байна. Ийм сэтгэлгээ ч жил ирэх тусам газар аваад байгаа нь "Халамж улс"-ын бодлоготой шууд холбоотой гэж үзэж болно. Манай төр засаг хүүхдийн мөнгө, гэр бүлийн мөнгө, хишиг хандив зэрэг ажилгүйчүүдээ тэжээх хачин сайхан бодлого, амлалт, тэтгэлэг өгч байхад биеэ зовоож, өдөр шөнөгүй ажлын мал болох хэнд хэрэгтэй юм бэ? Ажилд орохоор хүсэлт тавьж ирсэн залуусын олонхийнх нь амнаас "Цалин хэдийг өгөх вэ?" гэдэг асуулт ёс юм шиг унана гээч. Ямар ажил хийхээ ч мэдэхгүй шахам байж, магадгүй тэр ажлыг хийж чадах эсэхээ ч бодолцохгүйгээр авах хөлсөө эхлээд асууна гэдэг ажил олгогчийг өөрийн эрхгүй дүрсхийлгэдэг юм. Компаниа байгуулах гэж ажлыг хамгийн багаас нь эхэлж, бүхий л хүнд хүчрийг нь биеэрээ амсаж, өдий зэрэгт хүргэсэн хүний хувьд юу ч мэдэхгүй сеесгөр хүү өөдөөс нь том дуугаар "Цалин хэд юм" гэж пээдийж байгааг сонсоход хэний ч дургүй хүрнэ л дээ.
Гэхдээ л өнөөгийн бодит байдал яах аргагүй ийм л болчихож. Ямар ажил хийхээс үл хамааралтай, ямар цалин өгөх нь чухал болоод байгаа нь ажил олгогч төдийгүй ажил хайж яваа хүмүүсийн аль алиных нь хувьд бөөн зовлон болоод буй. Яг үнэндээ ажил хөдөлмөр хийж түүнийхээ ҮР шимээр сайн сайхан амьдрах бололцоо өнөөдөр тааруу байгаа нь үнэн л дээ. Харин энэ байдлыг төр засгаас анхаарч үзэхээс илүүтэй "Халамж" улсын дүрд хувирч, ядуурал, ажилгүйдэлд ташуур өгч байгаа нь нууц биш. Бэлэнчлэх сэтгэлгээг ард түмэндээ дөрвөн жилийн хэмнэлтэйгээр системтэйгээр суулгасаар ирлээ. Уул уурхайг тойрсон янз бүрийн асуудлууд, ашигт малтмалаа хэрхэн хувааж авах нь бидний өдөр тутмын ярианы халуун сэдэв болсоор удлаа. Мэдээж хэрэг удахгүй болох сонгууль ч "халамж" улсын бодлого, мөрийн хөтөлбөрийн уртаас урт жагсаалтыг гаргаж таараа.
Тэгвэл төр засгаас ард иргэддээ ажил хөдөлмөр хийж амьдрах нөхцөл бололцоогоор хангах олон хүчин зүйл бүрдүүлж болдгийг гадаадын орнуудаас бид бэлхнээ харж болно. Тэнд манайхан шиг "Надад ямар цалин өгөх вэ?" гэж эр хонгор дуугаар асууж байгаа хүн үзээд өгье гэсэн ч байхгүй. Яагаад гэвэл сайн боловсон хүчин, сайн мэргэжилтэн гэсэн шалгуур байхаас биш ажилд орохоор очсон залуу хүү, ажил олгогч хоёрын дунд цалингийн хэмжээ хэд байх тухай сэдэв огт хөндөгдөхгүй.
Учир нь барууны өндөр хөгжилтэй орнуудад ямар мэргэжилтэй хүн хэдий хэрийн цалин авдаг талаар тогтсон жишиг байдаг. Тийм болохоор ажилдаа эзэн болсон хүн хаана ч газардахгүй гэсэн зарчим л үйлчилдэг. Ажлынхаа үр шим цалин хөлсөөр боломжийн амьдрах нөхцөлийг нь улсаас нь хангаад өгчихсөн болохоор илүү харж, билүү долоож, халтуур хийх шаардлага тэнд огтоос үгүй. Илүү амар хялбар амьдрал хеех ч шаардлага байхгүй. Яагаад гэвэл хийж байгаа ажил нь, зорьсон бодсон зүйл нь амьдралынх нь утга учир болсон байдаг учраас тэр.
Уг нь ажил хөдөлмөр хийнэ гэдэг дан материаллаг хэрэгцээгээ хангаад зогсохгүй хүнд сэтгэл санааны баяр баясгалан авчирч, бусдын хүндлэлийг хүлээж, түүнээсээ өөрөө ханамж авах байнгын үйл явц болох учиртай. Ажил хийх явцад мэдээж хэрэг бэрхшээл зовлонг даван туулах хэрэгтэй болдог. Харин бэрхшээлийг даван туулах, эхэлсэн ажлаа заавал дуусгах ёстой гэсэн сэтгэл зүйг хүүхдэд багаас нь суулгах механизм, тийм боловсролын тогтолцоо манайд байдаггүй. Манай боловсролын систем яг ийм хүнийг тойрсон асуудлыг тоож авч үздэггүй, ихээхэн аж ахуйн шинжтэй бодлогоо хэрэгжүүлсээр байгаа юм. Мэдэхгүйгээ мэдэж авах, чаддаггүйгээ чаддаг болох явдал үнэн хэрэгтээ шинэ зүйл рүү тэмүүлэн зүтгэж буй хэрэг шүү дээ. Чадахгүй зүйлээ чаддаг болж, эзэмшсэн ажил мэргэжлээ өөрийн болгох хүсэл эрмэлзэл ч яахын аргагүй эрүүл саруул үзэгдэл юм. Шинэ зүйлд тэмүүлж буй энэ хандлага ажил хийх сонирхлыг өдөөж өгдөг сайн талтай. Амжилт бүтээл гаргаж байж л бусдаар үнэлүүлж, дүгнүүлж тэднээс алдар нэр, хайр хүндлэлийг олж авдаг болохоос биш хүн хэзээ ч амжилтыг худалдан авч чаддаггүй. Ажил хөдөлмөрөөрөө олж авсан алдар хүнд бол хамгийн шударга өрсөлдөөн байдаг бол ариун цагаан хөдөлмөрөөрөө амьдарна гэдэг хамгийн их иргэншсэн хүний амьдралын хэв маяг билээ.
Бид ажлаасаа урам зориг, алдар нэр олж, ажлынхаа амтыг мэдэрдэг. Эх орныхоо төлөө ажиллаж, зүтгэж байна гэж ойлгодог байсан тэр цаг ард үлдэж. Харин өнөөдөр энэ бодол арай л өөр болж. Ажилд хандах хандлага нь өөрчлөгдчихөж.
Амьдралдаа хүрэлцэхүйц цалинтай, сайхан амьдрах бололцоо бүрхэг байна. Ажил хөдөлмөрийн тухай бидний хуучин ойлголт шинэ ойлголтоор солигдож чадаагүй л байна. 18 жилийн дотор эрх барипчид энэ бүхнийг хийх бололцоогоо ашиглаж чадсангүй. Харин ч хүмүүс бага хөдөлмөрлөж, ихийг олох тэмүүлэлтэй болсон байх юм. Өнөөдөр ажилд ордог. Маргааш гарлаа л гэдэг. Байгууллага нь гадаадад сургахаар явуулбал сураггүй алга болчихно. Байр өгсөн ч ялгаагүй. Ажил олгогчид хашраад ажилтнаа дэмжихээсээ халгадаг болжээ. Яаж амархан аргаар ахиухан мөнгө олох гэж толгойгоо гашилгадаггүй хүн өнөөдөр бараг л байхгүй гэхэд хилсдэхгүй л болов уу. Өнге, мөнгө бүхнийг дийлдэг гэдэг нь амьдрал дээр батлагдаад байна. Бид өнөөдөр өөрийнхөө төлөө зүтгэх ажиллах ёстой атал, ердөө л хэн нэг эзний төлөө түүний халаасыг түнтийлгэхийн төлөө ажиллаж байгаа юм шиг сэтгэлээр хандаад байх юм.
Нийгэм алгасан харайлгахдаа илүү сайхан ирээдүйтэй учирна гэж хүлээж байсан гэрэл гэгээг мэдэрч чадахгүй л байна. Гэхдээ тэр сайхан үеийг хэзээ ирэх вэ гэж хүлээх бус бид өөрийн гараар бүтээн байгуулахын телөө улам их шамдан ажиллацгаая. Хэн нэгнийг хүлээж суух, цаг зав, тийм эрх чөлөө бидэнд алга Шударга хөдөлмөрийнхөө амтыг мэдэрэхээс, амсахаас сайхан зүйл орчлонд байхгүй гэж бодогдож байна. Хөдөлмөр бол ядарсан хүний ажил гэж үү. Эцэст нь та юу ч хийсэн бүхнээс л тэргүүн нь байгаарай гэсэн үгээр нийтлэлээ цэглэе.