Сүүлийн жилүүдэд байгалийн баялаг болсон алт, зэс, нүүрсээ ашиглах талаар бид нэлээд хүчтэй ярьдаг болж байна. Алт, зэсгүйгээр бид амьдарч болно. Харин ус бол бидний орших уу, эс орших уу гэдгийг шийдэх чухал байгалийн баялаг юм. Энэ ч утгаараа усны нөөц, ашиглалт хамгаалалттай холбоотой сэдвээр хөндөн бичдэг, ярьдаг болсон. Усны нөөцтэй холбоотой сэтгэл эмзэглүүлэм тоо баримт ч их бий. Иргэд бидэнд уух ус үлдсэн үү гэсэн ганцхан асуулт тулгарч байна. Асуултдаа хариулт авахаар усны салбарын эрдэмтэн судлаач, доктор, профессор, Д.Басандоржтой ярилцсан юм.
 
  - Ер нь манай орны усны нөөц ямар байдаг юм бол? Ямар усыг ундны ус гэж нэрлээд байгаа юм бэ?
 
  - Дэлхийн гадаргын дөрөвний гурван хувийг ус эзэлдэг. Гэхдээ энэ их усны зөвхөн хоёр хувь нь л цэвэр цэнгэг ус, өөрөөр хэлбэл унданд хэрэглэж болох ус гэж үздэг. Өнөөдөр хүн төрөлхтөн өдөрт долоон миллярд тонн усыг унд, ахуй, үйлдвэрийн хэрэгцээнд хэрэглэдэг. Дэлхийн цэвэр усны нөөц 2025 он гэхэд шавхагдана гэсэн тооцоо судалгааг эрдэмтэн судлаачид хийж байгаа. Харин Ази тивийн усны нөөц 2018 онд дуусна. Учир нь дэлхийн хүн амын 60 хувь нь энэ тивд амьдардаг. Дээр нь асар их хэмжээгээр газар тариалан эрхэлдэг усны хэрэглээ өндөртэй бүс нутаг юм. Монгол орны тухайд нэн ядуу усны нөөцтэй 22 орны тоонд ордог. Усны нөөц маань харилцан адилгүй байршилтай. Ялангуяа говь хээрийн бүсэд усны нөөц харьцангуй бага. Бай­галь дээр байгаа усыг шууд л уугаад хэрэглэчихдэг гэсэн ерөнхий ойлголт иргэдийн дунд байдаг. Гэтэл тийм биш. Ундны усны стандарт гэж бий. Хүний биеийн эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй ийм ийм хими, физикийн найрлагатай, амт, үнэрийн тухайд ийм үзүүлэлттэй усыг ундны усанд хэрэглэж болно гээд стандартад нь заачихсан. Дээр нь ундны усны хүртээмжийн талаар дутагдалтай зүйл их бий. Стандартаар бол 300 метрийн радиус дотор 1 худаг байх заалттай. Гэтэл амьдрал дээр 2-3 км-ийн холоос ундны усаа зөөвөрлөж хэрэглэж байгаа тохиолдол цөөнгүй бий.
 
  - Нийслэлчүүдийн ундны усны гол эх үүсвэрийг хаанаас хангадаг юм бэ?
 
  - Нийслэл хотын цэвэр усны эх үүсвэрийг Туул голын сав газраас хангадаг. Улаанбаатар хотын хувьд дөрвөн эх үүсвэр байгаа. Нийс­лэлийн усан хангамжийг төвийн эх үүсвэрийн “А”, үйлдвэрийн районы эх үүсвэр буюу “Б”, мах комбинатын “В”, дэд эх үүсвэр “Г” станц хэмээн хуваадаг. Үндсэндээ Туул голын сав газрын дагуу байгаа 160-170 гүний худгаас усаа татаад нийслэлчүүдийн ундны, ахуйн, үйлдвэрийн, төвлөрсөн шугам сүлжээнд холбогдсон орон сууцны иргэдийн хэрэгцээг хангаж байгаа юм. Мөн энэ уснаасаа бид зөөврийн худгаар дамжуулан гэр хорооллын иргэдийн усны хэрэгцээг хангадаг. Зарим гэр хорооллын дунд ганц нэг гүний худаг бий. Эдгээр гүний худаг нь төвлөрсөн шугам сүлжээгээр явахгүй байгаагаас бохирдох магадлал өндөр байгааг хэлэх хэрэгтэй. Туул голыг дагаад Яармагийн гүүр хүртэл жижигхэн цагаан байшингууд байдгийг иргэд сайн мэднэ. Эдгээр байшингууд бол хотын ундны усны эх үүсвэ­рүүд юм.
 
  - Сүүлийн үед Туул голын бохирдлын талаар их ярих бол­сон. Зөвхөн бохирдоод зогсох­гүй загас их хэмжээгээр үхсэн гурван ч тохиолдол гарлаа. Та олон жил судалгаа шинжилгээ хийсэн хүний хувьд энэ тал дээр ямар тайлбар хийх вэ?
 
  - Экологийн бохирдолтод нөлөөлж байгаа хэд хэдэн хүчин зүйл бий. Мэдээж байгаль цаг уурын дулаарал ихээхэн нөлөөлж байгаа нь дамжиггүй. Гэхдээ хам­гийн гол хүчин зүйл бол хүний буруутай үйл ажиллагаа шүү дээ. Сүүлийн таван жил дараалан Туул гол хаврын хаварт тасардаг болсон. Энэ жил мөн л 4-5 газраараа тасарчихсан байна лээ. Ингэж тасрах болсон нь голын эхэнд байдаг Мөнгөн морьтын амнаас их хэмжээгээр мод бэлтгэснээс болсон гэж би үздэг. Ой мод, ус хоёр харилцан уялдаатай, байга­лийн шүтэлцээтэй зүйл. Мод гэдэг бол усны нөөцийг барьж байдаг чухал байгалийн баялаг. Гэтэл модыг их хэмжээгээр хяргаснаас болоод усны нөөц дундарч, Туул голын ус татарч бүр тасрахдаа тулаад байна. Энэ бол төр засгийн буруутай үйл ажиллагаатай холбоотой. Голын загас их хэмжээгэр үхлээ гэж ярьж байна. Гэтэл гол дотор голын усыг цэвэршүүлж байдаг асар олон төрлийн бичил биетэн байдаг. Тэдгээр бичил биетнүүд цөм үхэж, устаж байгааг ерөөсөө ярихгүй байна. Урсгал усанд бузар байхгүй гэж ахмад буурлууд маань ярьдаг байсан. Энэ үг үүнтэй холбоотой. Эдгээр бичил биетнүүд үхэх юм бол “гол үхлээ” л гэсэн үг. Энэ бол их том аюулын дохио.
 
  - Цэвэрлэх байгууламжийн тухай ч бас хөндөгдөх байх, тийм үү?
 
  - Яг үнэн. Хоногт бүрэн цэвэр­лэгдээгүй 170 мянган м/куб усыг бид Туул гол руу хаяж байгаа юм. Уул нь байгалийн цэвэрлэгээтэй их сайн цэвэрлэх байгууламж. Гэтэл зөвхөн ахуйн бохир усыг цэвэрлэх зориулалттай энэ байгуу­ламж руу үйлдвэрийн асар их бохирдолтой усыг оруулж байгаа­гаас болоод ачааллаа дийлэхээ больсон. 100 хувь цэвэрлэх ёстой бохирдлоо бид 88-93 хувь­тай л цэвэрлээд тэр чигээр нь Туулд хаяж байна. Зүй нь бол үйлдвэрүүдийн дэргэд цэвэрлэх байгууламжууд байх ёстой. Ингээд үйлдвэрийн дамжлагаар цэвэр­лэгдээд ирсэн бохирдлыг төв цэвэрлэх байгууламж маань дахин цэвэрлээд хаях ёстой юм. Гэтэл тийм дамжлага байхгүйгээс Туул гол маань цэвэр цэнгэг байж чадахгүй байна. Туул гол маань Лүнгийн гол цаашлаад Орхон голд цутгатлаа цэвэршиж чадахгүй байгаа. Хатан туул гэж нэрлэгддэг Туул гол өнөөдөр хамгийн “өндөр бохирдолттой гол” гэсэн нэр хаяг зүүчихсэн явж байна шүү дээ. Удахгүй Монгол Улс олон улсын шүүхэд дуудагдаж мэдэх юм. Учир нь энэ их бохирдолттой голууд шууд Дэлхийн цэнгэг усны нөөц болох Байгаль далайд цутгаж байгаа. Тиймээс бид одооноос гол усныхаа бохирдолтод анхаарал хандуулж дорвитой арга хэмжээ авахгүй бол зөвхөн өөрсдийн ундны усны нөөцийн талаар биш хүн төрөлхтөний усны нөөцийг үгүй хийх аюул ойрхон байна. Нэг тоо баримт хэлье. 2003 оноос 2007 оны хооронд 444 гол горхи, булаг шанд 260, нуур 461-ээр багасч, Говийн нуурууд, үүний дотор томоохонд тооцогдох Таацын цагаан, Адгийн цагаан, Улаан нуур ширгээд олон жил өнгөрч байна. Орог нуур бас ширгэчихсэн. Энэ бол улсын хэмжээнд хийсэн гадаргын усны тооллогын дүн мэдээ. Энэ байдлаас харахад усны нөөцийн хомсдол ихээхэн хурдацтай явагдахын зэрэгцээ Гол усны бохирдол жилээс жилд улам бүр нэмэгдэж байгааг харж болохоор байгаа биз. Энэ бүх гол усны бохирдол та бидний ундны усны чанарт ч бас нөлөөлж байгааг хэлэх хэрэгтэй.
 
  - Бидний ууж байгаа ундны усны эх үүсвэрийн чанар ийм байгаа юм байж. Тэг­вэл нийслэлчүүдийн цэвэр усны нөөц ямар байгаа вэ? Хэдэн жилийн ундны усны нөөцтэй байна?
 
  - Нийт нөөц бол 230 мянган м/куб гэж 1977 онд орос ах нар тогтоож өгсөн байдгийн. Үүний дараа Улаанбаатар хотын усан хангам­жийн асуудлаар Жайка бас судалгаа хийсэн. Гэхдээ бас л нэг 230 мянган м/куб орчимд байна л гэсэн тойм зүйл гаргасан. Гэтэл 1977 оноос хойш өчнөөн жил хэрэглэсэн. Нийслэлийн хүн ам өсөж байна. Хэрэглээ асар их нэмэгдэж байгаа. Хотын хэрэгцээг 1 сая 200 мянган хүнээр бодоод тооцоход 328 мянган м/куб болж байгаа юм. Тэгэхээр өнөөдөр өдөрт 170 мянган м/куб усыг ундны усны эх үүсвэрээс авч төвлөрсөн сүлжээгээр дамжуулан хэрэглэж байна. Өдөрт хэрэглэж байгаа 170 мянган м/куб ус, байгаа нөөц 230 мянган м/куб хоёрын хооронд 50 мянган м/куб ус байгаа юм шиг харагдаж байгаа боловч хаана ямар айл хашаандаа худагтай байгааг тооцоолж гаргасан судалгаа байх­гүй. Өнөөдөр нийслэлчүүд ундны усны нөөцгүй болчихоод байна. Бидний судалгаагаар бол ердөө хоёрхон жилийн дараа 2010 он гэхэд Улаанбаатар хот ундны усгүй болно. Гэтэл эрх баригчид 40 мянган айлын орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлж орон сууц барина гэж ярьж байна. Орон сууцанд амьдарч байгаа 1 хүн өдөрт 230-350 л ус хэрэглэж байна. Гэтэл гэр хороололд байгаа хүн 4-8 л ус хэрэглэдэг. Тэгвэл гэр хороололд байгаа хүмүүсээ орон сууцанд оруулна гэх юм бол усны хэрэглээ асар их нэмэгдэнэ. Тэр их усны хэрэглээг хангах нөөц Туул голын сав газарт байхгүй. Эндээс 150 км газарт байгаа Хэрлэнгийн голоос ус татаж болно л доо. Гэхдээ үүнийг ажил хэрэг болгоход хэдэн арван тэрбум доллар шаардагдана. Өнөө маргаашгүй хийчихдэг ажил ч бас биш. 10-20 жил зарцуулж байж хийх ажил. Тэгэхээр нийслэлчүүдийн хувьд ундны усны асуудал тулгамдсан асуудал болоод байгаа юм. Бид алт, зэс зэрэг байгалийн баялаггүй бол амьдарч болно. Гоё ганган байшин барилга машин техникгүй амьдраад болж л байсан шүү дээ. Харин усгүй бол хүн төрөлхтөн та, бид 1-2 хоногоос илүү амьд явж чадахгүй. Хүний биеийн хувийн жингийн 70-80 хувийг ус бүрдүүлдэг. Энэ усаа бага зэрэг л алдах юм бол үндсэндээ амьд явах эрхээ алдаж байна л гэсэн үг. Тийм учраас энэ бол хүний амьд явах эрхтэй холбоотой амин чухал асуудлын нэг. Ус өөрөө юугаар ч орлуулж болдоггүй байгалийн баялаг шүү дээ.
 
  - Ер нь цэвэр усны нөөцийг хэдэн жилийн хугацаатай ямар байгуул­лага тогтоох ёстой юм бэ?
 
  - Хуучин системийн үед Сайд нарын зөвлөл гэж байхад 1988 онд зарим газрын усны нөөцийг баталсан. Усны нөөцийг баталдаг комисс гэж байсан. Түүнээс хойш усны нөөцийг албан ёсоор баталж тогтоосон юм байхгүй. 2004 онд гарсан усны хуулиар БО-ны сайдын хариуцах асуудлын хүрээнд усны нөөцийг тогтоох ёстой. Усны хайгуул хийж нөөц тогтооно гэдэг бол өөрөө их том асуудал. Асар их хөрөнгө мөнгө, техник технологи, хүч шаардсан ажил л даа. Ийм техник технологи, хүчин чадал, боловсон хүчин, ийм боломж өнөөдөртөө манайд алга. Ер нь аймаг, сум бүхий л түвшинд хайгуулын нөөцийг нарийвчилж тогтоох ёстой. Аль нэг сумын иргэн би ер нь ямар орчинд амьдарч байна, миний амьдарч байгаа газрын усны нөөц хэд юм бэ? Би энэ газар барилга байгууламж бариад амьдарвал миний үр хүүхэд цаашдаа устай, ундтай амьдарч чадах уу гэдэг мэдээллийг авах эрхтэй. Харамсалтай нь энэ талын мэдээлэл тун хомс. Энэ мэдээллийг төр иргэддээ гаргаж өгөх үүрэгтэй. Төр ажлаа хийхгүй байна. Дээр нь бид өнөөдөр Оюутолгой, Тавантолгойн нөөцийг ашиглах тухай ярьж байна. Төчнөөн тонны нөөцтэй гээд. Тэр их нөөцийг ашиглахын тулд усны нөөцөө тогтоох ёстой. Гэтэл усны нөөцөө тогтоогоогүй байж яаж ашиглалт хийх гэж байгаа юм. Үнэхээр бодлого, үйл ажиллагаа гэдэг нь нэгдсэн уялдаа зохицуулалттай байж гэмээ нь цаана нь хөгжил дэвшил, тогтвортой, экологид нийцсэн хөгжлийн асуудал яригдах ёстой. Түүнчлэн нөөцтэй холбоотой бас нэг асуудал бол бид өнөөдөр нийт хэрэглэж байгаа усныхаа 80 гаруй хувийг газрынхаа гүнийн уснаас ашиглаж байгаа явдал юм. Ингэж газрын гүний усаа ашиглаж байна гэдэг нь эргээд олон сөрөг үр дагавартай. Бидний мэдэх Европын болоод Америкийн өндөр хөгжилтэй хотууд гүний усаа ашигласнаас болоод гүний усны нөөц нь дуусаад тун хүнд байдалд ороод байгаа. Тэгэхээр цэгцтэй экологийн бодлого тэр дундаа усны бодлого байхгүй бол юунд хүрч болохыг бид бусад орны туршлагаас бэлээхэн харж болохоор байна л даа.
 
  - Иргэдийн хувьд усанд хайхрамжгүй ханддаг, үрэлгэн загнадаг дутагдал бий. Ер нь энэ байдлыг өөрчлөх ямар арга зам байна?
 
  - Гэр хороололд амьдарч байгаа иргэд харьцангуй гайгүй. Усны зохисгүй хэрэглээ орон сууцанд амьдарч байгаа иргэдтэй холбоотой их яригдана. Бид нэг судалгаа хийж үзсэн юм. Тэгэхэд төвлөрсөн сүлжээгээр ирж байгаа усны 30 хувийг ямар нэгэн байд­лаар ашиглаад үлдсэн 70 хувийг зүгээр л урсгачихаж байгаа юм. Танай гэрийн гал тогооны, ОО-ын өрөөны крантнаас ус дусалж л байдаг шүү дээ. Иргэд үүнийг анзаардаггүй. Гэтэл энэ дусал ус чинь дуссаар байгаад жилдээ 10 тонн усыг бид алдчихаж байгаа юм. Хэдэн айлын крантнаас ингэж ус дусаж байгааг бид мэдэхгүй шүү дээ. Бохирын шугамаар бидний ууж хэрэглэж байгаа шиг цэвэр ус урсаж байгаа байхгүй юу. Энэ мэтчилэн усны үр ашиггүй хэрэглээ асар өндөр байгаа. Иргэд маань Чандмань эрдэнэ болсон усаа хайрлаж хамгаалж, зөв зохистой ухаалаг хэрэглэх нь хамгаас чухал. 1994 онд орон сууцанд амьдарч байгаа 1 хүний хэрэглээ хоногт 480 литр байсан юм. Одоо энэ тоо 230 литр болж буурсан. Энэ бол усанд тоолуур тавьсны үр дүн л дээ. Ер нь бол хэрэглээг эдийн засгийн хөшүүргээр багасгах бодлого барьж байгаа. Үлдсэн жаахан усаа ямар ч үр бүтээлгүй зүгээр урсгачих уу гэдгийг бодох л ёстой. Өнөөдөр бид иргэддээ 1 литр усыг нэг төгрөгөөр хүргэж байгаа. Гэтэл тэр холоос татаад тээвэрлээд танд хүргэж байгаа усны өөрийн өртөг нь 2 төгрөг 91 мөнгө. Тэгэхээр ус суваг ашиглалтын компани алдагдалтай ажиллаж байна гэсэн үг.
 
  - Үнэхээр усны асуудал Монгол Улсын аюулгүй байдлыг хөндөхөөр ноцтой хэмжээнд хүр­чээ. Энэ байдлаас гарах гарцыг энэ салбарын эрдэмтэн судлаач хүний хувьд та яаж харж байгаа вэ?
 
  - Бид усны нэгдсэн зөв, оновчтой менежментийг яарал­тай боловсруулж, түүнийгээ хэрэг­жүүлж чадах юм бол хоёр сая хүнээ сайхан амьдруулах бүрэн боломж бий гэж боддог. Өнөөдөр л гэхэд баруун гурван аймаг ОХУ-аас эрчим хүчний хувьд хараат байдалтай байна. Бид байгаа гол усаа ашиглан олон зориулалттай том том усан сангуудыг бий болгож эрчим хүч гаргаж аваад, хэрэглээгээ хангаад, аялал жуулч­лалаа ч хөгжүүлээд явах, эдийн засаг нийгмийн асуудлаа шийдчих бололцоо байна. Үүнээс гадна шөнийн цагт Улаанбаатар хотын орон сууцны айлуудын бохирын шугамаар урсаж байгаа усаа юүлж аваад энэ хуурай шороо босоод байгаа гудамж талбайгаа ч гэсэн усалж болохоор байгаа. Иргэдийн амьдрах орчныг сайжруулахад хэрэгтэй. Дээр нь хот маань цэцэрлэгжинэ. Бидэнд боломж их байна. Хийх зүйл ч их байна. Энэ бүхэн том бодлого, хөтөлбөрөөр дэмжигдэх ийм л асуудал. Иргэн та цэвэр усаар хангагдах эрхтэй. Үнийгээ төр засгаас шаардах эрх нь ч мөн танд бий. Дээр нь иргэд усаа зөв зохистой хэрэглэх тал дээр өнөөдрөөс эхлээд ухамсартай хандах хэрэгтэй.