Хараал хүрсэн гэгддэг анхны кино 1939 онд гарсан “Wizard of oz” юм. Энэ киноны хорон санаат шулмын дүр бүтээсэн Маргарет Хэмилтон зураг авалтын үеэр галд түлэгджээ. Харин киног театрын бүтээл болгоход мөсөн шулмын дүрд тоглосон эмэгтэй жүжигчинд мөн л золгүй явдал тохиолдсон гэдэг.
 
"Омен" (1976)
 
     1976 онд энэ киног бүтээхэд ямар нэгэн далдын хүч саад болсон гэдгийг нь 2005 оны “Омений хараал” баримтад киногоор баталж харуулсан юм. 1976 онд энэ киноны зураг авалт эхэлсэн анхны өдөр л гэнэт зургийн багийн хамгийн гол хүмүүс нь замдаа осолдож бэртжээ. Дараа нь кино зохиолч Дэвид Селтцер, жүжигчин Грегори Пек нарыг онгоцонд байхад нь аянга нэргэсэн гэдэг. Мөн нэгэн удаа зураг авалтын багийнхан хувийн онгоцоор нисэх ёстой байсан ч яг эцсийн мөчид нисэх захиалгаа цуцалсных нь дараа онгоц эвдэрсэн аж. Тухайн үед онгоц нисгэгчийн эхнэр хүүхдийн сууж байсан машин дээр унаж, бүх зорчигчдын амийг аван оджээ. Сафарид зураг авч байхад нь нэг жүжигчин рүү хоёр арслан дайрч алсан төдийгүй найруулагч Ричард Доннерийн байрлаж байсан зочид буудал нь дэлбэрсэн гэдэг.
 
“James Bond 007”
 
     Жеймс Бондын шинэ цуврал болох “Сайхан сэтгэлт Квант” киног бүтээх явцад ч бас золгүй явдал маш их тохиолдсон гэдэг. Киноны багийнхан “зургийн хальсанд хараал шившчихээ юу дээ” хэмээн гайхдаг байжээ. Зураг авалтын үеэр машин барьж явсан хүн жолоогоо алдаж, машин нуурын ёроолд унаж, дараа нь хоёр ч машины осол болжээ. Энэхүү бүтээл дээр ажиллаж байсан техникчийг эхнэр нь хутгалж амийг нь хөнөөснөөс гадна Бондын дүрийг бүтээсэн Даниел Крейг хурууныхаа үзүүрийг санамсаргүй тасалж, хавиргаа хугалаад зогсолгүй нүүрээ зүсч, найман оёдол тавиулсан гэдэг. Хамгийн хачирхалтай нь тус киног бүтээсэн “Pinewood” студид гал гарч кинонд зориулсан бүх чимэглэл, хэрэглэлүүд шатсан байна. Киноны уран бүтээлчид дөрөвдүгээр сарын 18-нд энэ бүхнийг ажиглаж эхэлсэн тухайгаа ярьсан байдаг. Гэхдээ “Сайхан сэтгэлт Квант” киног хараал хүрсэн гэж хэлэхэд учир дутагдалтай. Киноны зураг авч байхад гарсан ослууд нь ихэвчлэн ажлын хүнд нөхцөл, аюултай зураг авалтуудаас болсон болов уу.
 
“Мөнхийн Мэри”
 
      Хар хүч Холливудаас өөр газар бүтээсэн кинонд ч байдаг нөлөөлдөг гэнэ. 1991 онд бүтээсэн “Мөнхийн Мэри” хэмээх Итали киноны зураг авалтын үеэр дөрвөн хүн учир битүүлгээр амь эрсэдсэн байдаг. Тухайн кинонд сүнс дуудах гэж олон олон удаа оролддог. Үүнээс харахад сүнс, чөтгөрийг дуудах оролдлогод нь биелэхгүй гэсэн баталгаа үгүй ажээ. Аймшигтай, муухай, зохиомол бодит байдлыг бүтээх, бүхий л мэдрэмжинд нөлөөлөхүйцээр кино хальсан дээр буулгах нь тэр аймшигт үзэгдлийг амьдралд биелэлээ олоход уриалан дуудаж, замыг нь нээсэнтэй адил болдог хэмээн шинжээчид үздэг юм.
 
"Матрикс" (1999-2003)
 
      Киноны нэгдүгээр ангид Оракулын дүрийг бүтээсэн Глория Фостер болон, хоёр үзэгдэлд тоглосон 22 настай дуучин бүсгүй Алия нарын золгүй үхэл “Матрикс” киног хараал хүрсэн киноны жагсаалтад оруулжээ. Сонирхуулахад киноны гол дүрд тоглох гэж байсан Брэндон Ли ч мөн адил золгүй тохиолдлоор нас баржээ.
 
"Сталкер" (1979)
 
     Андрей Тарковскийн бүтээлээс сэдэвлэн хийсэн гүн ухаан зөгнөл бүхий энэ киноны зураг авалтын явцад маш олон хүндрэл гарч байжээ. Кинонд тайлагдашгүй, ойлгомжгүй зүйлсийн талаар гардаг. Зохиолд гардаг зүйлс бодит амьдралд биелэлээ олж эхэлжээ. Киноны хальс ор сураггүй алга болж, дахин зураг авалт хийх шаардлага гарч байсан боловч хэн ч анзаараагүй байна. Харин хэдэн жилийн дараа л энэ кинонд оролцсон олон хүн зуурдаар нас барж эхлэхэд кинонд хараал хүрсэн гэсэн яриа гарчээ. Үнэндээ киноны зарим хэсгийн зургийг Пилитэ голын ойролцоох усан цахилгаан станцад авсан. Гол руу бохироо хийдэг химийн станц хажууханд нь байдаг байжээ. Гол дүрийн жүжигчин Анатолий Солониц, найруулагч Тарковский болон түүний туслах Лариса Тарковская нар хоолойны хорт хавдраар насан эцэслэсэн гэдэг.
 
"Дуудлага-2" (2005)
 
     1998 онд киноны Япон хувилбарын зургийг авч байх үед далайн мандал дээр байрлуулсан байсан дуу хураагчид хий үзэгдлийн дуу хоолой бичигдэж үлдсэн гэдэг. Энэхүү киноны Америк хувилбарыг бүтээх явцад хачирхалтай явдлууд их тохиолджээ. Киноны үйл явдал амьдрал дээр амилсан мэт байж. Зохиолын дагуу мод живүүлсэн цөөрөмд нүүр хувиргалтын багийнхны бага оврын автобус ч мөн живсэн байна. Зохиолд аймшигт амьтад гардаг. Харин зураг авалтын үеэр хортой ялаа болон сүрэг хандгай уран бүтээлчид рүү довтолсон байна. “Дуудлага” киноны Япон хувилбарын бүтээсэн найруулагч Хидео Наката зураг авах үед тохиолдсон оньсого мэт жихүүдэс хүргэм явдлуудыг тоохоо больсон гэдгээ ярьж байжээ.