Дугуй зааланд лекцтэй, “А” зааланд уулзалттай, тэнд хуралтай гэж гүйсэн долоо хоног боллоо. Хичээлээ хийж онц оюутан болдог “баатар” юун тэр хичээл, даалгавар! Лекцийн хэдэн заал хэсч гүйсээр байгаад эцэх шахав. Гүйсэндээ ч биш л дээ. Элдэв дээдийн мэдээллээр тархиа хэт ачаалснаас сүүлдээ мэдээлэл зүйн кабинетийн хамуурсан компьютерууд шиг болчихгүй юу.
 
  Толгой эргэм лекцүүдийн зах зухаас нь дурдъя. Эдийн засагч С.Ганбаатарын “Мөрөөд мөрөөд бас дахин мөрөөд” лекц болов. 10 жилд байхдаа түүний хэд хэдэн лекцэнд сууж, шүтэхээс наагуур юм болж байж билээ. Гэтэл энэ лекцийг нь сонсоход багадаа олон уншаад цээжинд орчихсон үлгэрийн номоо дахин уншиж байгаа юм шиг сэтгэгдэл төрлөө. Авч байгаа жишээ, ярьж байгаа ерөнхий зүйлс нь яг хэвээрээ. Магадгүй би бүтэлгүйдээ дандаа нэг сэдэвтэй лекцүүдээр нь дараалан бөмбөгдүүлчихсэн байж ч болох. Ямар ч байсан шинэ зүйл тун ховор лекц болов. Харин тэр нүүрний хувирал, гар хөлийн хөдөлгөөнүүдийг нь бол сурмаар юм билээ. Жүжиг, бүжгийн хичээлд хэрэг болж магад.
 
  Дараагийнх нь. “Сэргэн мандалт” группийн ерөнхийлөгч Б.Түмэн-Өлзий гэдэг хүн орчин үеийн үйлдвэрлэл, зарим үйлчилгээний дэвшил, ирээдүйд ноёлох мэргэжил, сэргээгдэх баялгийн талаар уг нь их л хэрэгтэй юм ярив. Даанч тэр оюутнуудын сонсч байгаа нь үнэн гутармаар. Хагас нь нойрны байдалтай, хагас нь өөрт нь огт хэрэггүй, тэс хөндлөн юм ярьж байгаа аятай мэлэрч сууна. Сэргэлэн, овсгоотой хүн бол дундаас нь нэг юм шүүрч аваад, тэрийгээ лавшруулаад тэр хүнээс зүүгдчихэд ёстой юманд хүрмээр. Залуусыг дэмжье, тусалъя гэж бодоогүй бол хэн ч тэгж цаг заваа барж ядахгүй шүү дээ.
 
  За тэгээд тэр лекцийн дараа асууж байгаа асуултууд гэж ёстой бантан. Зөвхөн энэ хоёр ч биш, бусад бүх төрлийн лекц, хичээлийн дараа оюутнууд чадах чинээгээрээ бантан хутгаж өгнө. Дотроо нэлээн хэдэн янз.
 
 “Рекламны пауз”-ууд. Лекцийн зааланд буй хүмүүст юм ойлгосон, дотроо агуу ихийг эргэцүүлдэг хүн болж харагдах, өөрийгөө бусдад таниулах гэсэн ихэвчлэн нэг, хоёрдугаар курсийнхний тавьдаг асуулт. Оршил ихтэй, ач холбогдол багатай, хугацааны 80 хувь нь өөрийн тухай ярихад зориулагдана. Яг юу асуугаад байгаа нь мэдэгдэхгүй болохоор лектор хариулах гэж бас нэлээн хэд пауз авах бөгөөд энэ нь эргээд лекторуудыг эвгүй байдалд оруулах хортой.
 
 “Тэнэмэл асуулт”. Лекцийн хагаст өөр юм хийж хийж эцэст нь идэвхтэн оюутан “нэрээ бодоод” юу ч хамаагүй асууна. Ихэвчлэн ганц хоёр өгүүлбэрт багтах энэ асуултууд лекцийн сэдэвтэй огт хамаагүй байх нь элбэг. Лектор өөрийн мэдлэгийн хүрээнд лекцийн сэдэвтэй уялдуулан хариулах бөгөөд сайн сонсвол индрийн тэр хавиас тар няр хийх чимээ сонсогдоно. Урам нь хугарч байгаа нь тэр.
 
 “Хамуутай асуулт”. Хэтэрхий олон юм нийлүүлж бодоод хоёр гурван зүйл хольж асуусан асуулт. Асууж байгаа оюутан ихэвчлэн юу асуух гэснээ өөрөө ч ойлгохгүй байгаа нь илт. Ямар нэг юмаар оролдох, толгойгоо илэх, хоолой нь чичрэх шинж тэмдэг илрэх бөгөөд сайн лекторууд зүйл бүр дээр нь хариулт өгч, тэр оюутны дотрохыг нь цэгцэлж өгдөг. Харин тааруухан лектор бол сайн сонссон нэг зүйлээ дагнан ярина. Нөгөө оюутан ээдэрсэн олон асуулт, түмэн шидийн бодолдоо тээглэх шахам заалнаас гарна.
 
 “Их мэдэгч” асуулт. Асуулт биш асуулт. Ихэвчлэн лекц санаанд нь нийцээгүй, эсвэл лектор хэн нэгэн хүндэлдэг хүнийг нь жишээ болгон янз бүрээр ярьсан тохиолдолд элбэг сонстоно. Шүүмж, эсэргүүцэл, ховор тохиолдолд доромж өнгө аястай. Аз болж цөөхөн таарна.
 
  Ингээд бичээд байвал хөв­рөөд л байна. Ялангуяа сүүлийн үед янз бүрийн лекц, ярилцлага, хурлууд дээр энэ мэтийн маш олон “бантантай” нүүр туллаа. Гэхдээ тэр бантан хутгаж байгаа нөхдүүдийг бас үнэлэх хэрэгтэй. Тэд зоригтой байна. Санасан бодсоноо тийм цэгцтэй биш ч гэсэн гаргаад хэлчихэж байна шүү дээ. Яг үнэндээ тийм чанар, чадвар өнөөдрийн оюутнуудад маш дутагдалтай байдаг. “Ингээд хэлчихвэл яадаг бол, зөв болов уу, буруу болов уу” гээд л айгаад л , санаа зовоод л, ичээд л... Тэгээд бас болоогүй арай гайгүй дуу гардаг нэгнийхээ “нүүрийг нь ширлээд, ичих нүүрийг нь элгэнд нь наагаад, галзууруулаад” тавьчихна. Өөрсдөө хэлгүй амгүй юм шиг “Манайхнаас энэ л нэг хэлтэй, амтай нь” гэж өргөмжилж хөөргөж байгаад хамаг юмныхаа урд гаргаад барьчихна. Ширэн нүүртэй, ичих булчирхайгүй, “галзуу” ганц нь Монголоос монгол руу орчуулга хийнэ.
 
  Гэртээ “бай боль, ба ба” гэж ухаан ороод, 10 жилдээ “Чи мэдэхгүй байж, дуугүй бай, цээртэй, хориотой” гэж хүмүүжихээр арга ч үгүй юм шиг. Дараагийн долоо хоногт бас л баахан лекцтэй. Очиж бантан хутгалцана даа...