Хөдөөний хамаатнууд хотод…
 
     Намайг багад манайх гэж айл ёстой л бум бужигнаж, түм түжигнэсэн “их хөлийн газар” байлаа. Хөдөө гадаанаас байнгын гийчинтэй. Аавын хамаатан, ээжийн үеэл, за тэгээд хөдөө сумаас аймгийн төвд семинарт ирсэн хүмүүс, бас дээр нь үе үе эмчлүүлэхээр ирээд хэвтчихдэг хамаатны ах, эгч. Манайх гэдэг айл зочид буудал уу, түр хоноглох байр уу? Аль нь ч мэдэгдэхээ болих үе олон. Бас болоогүй ээ, хөдөөний хамаатны хоёр ч хүүхэд манайд суудаг байлаа. Бидэнтэй нийлээд аав ээж хоёр маань зургаан хүүхэд тэжээдэг байсан гээд бод доо.
 
     Хүүхэд байсан болохоор тийм л байх ёстой юм шиг нэг их тоодоггүй байж. Гэхдээ хааяа уур хүрэх үе гарна аа. Хөдөө сумаас семинарт ирсэн зочид оройхон хэрд шил юмаа задалцгааж, найрлаж эхэлнэ. Ээж гал тогоо, зочны өрөөний хооронд хоол цай гээд түмэн завгүй үйлчилнэ. Намайг бас яаж зүгээр байлгах вэ, дайчилна. Огт хамаатан биш мөртлөө л хэзээний манай ам бүлийн гишүүн шиг болчихсон хүмүүс ч цөөнгүй. Хүүхдээ конкурсэд оруулахаар, жолоонд бүртгүүлэхээр, тэр ч байтугай танайд суулгана гээд дагуулаад ирэх нь бий. Жаахан том болж, ахлах ангид орсон хойноо “Манайх зочид буудал юм уу” гэж аав, ээжид хааяа уурладаг боллоо.
 
     Яагаад тэр үед аав, ээж хоёр тэдэнд юм хэлдэггүй байсан юм бол гэж би одоо гайхдаг. Тэд маань төсвийн байгууллагын жирийн л албан хаагчид. Бусдаас илүү дутуудаа тэгж олныг угтаж үдэж, ундалж цайлаад байдаггүй байсан байх. Бусдад хүн ёсоор хүндэтгэл үзүүлэх, хүн чанартай байх гэдэг хэтэрхий зочломтгой зангаас нь болсон ч байж мэдэх юм. Манайх тэндээс нүүж, өөр аймагт шилжсэнээр энэ явдал арай гэж эцэс болсон доо.
 
     Хамгийн сонирхолтой нь ийм проблем ганцхан манай гэрт ч тохиолддог юм биш, төв суурин газар маш их байдаг юм билээ. Ялангуяа нийслэлд хамгийн түгээмэл. Монголчууд бид нэг нэгэндээ юм хэлж чаддаггүй, тун ч нэрэлхүү хүмүүс. Бусад хүн юу гэх бол гэж айхавтар их эмзэглэнэ. Ирсэн зочдоо аль болох дайлж цайлаад эрвийх дэрвийхээрээ ая тухтай байлгахыг бодно. Гэхдээ хэзээ ч “Та нар манайд дараа болж байна” гэж хэлдэггүй, хэд хоног гэрт нь байхыг ч асууж зүрхэлдэггүй. Яагаад гэвэл тэр хүнд эвгүй сэтгэгдэл төрүүлж, хөөснөөс ялгаагүй гэж үздэг учраас тэр. Харин өнөөдрийг хүртэл энэ сэдвээр бидний хэн нь ч ам нээж ярьдаггүй, ярихыг ч хүсэхгүй явсаар ирсэн. Нэг ёсондоо хаалттай сэдэв гэж болно. Хүмүүс хоорондоо ойлголцохгүй нэг шалтгаан магадгүй энэ болж, ярихгүй, хөндөхгүй битүү байсан энэ сэдэв ах дүү, амраг садныг түнжин хагаруулдаг, дахин уулзах нүүргүй болгодог яахын аргагүй төвөгтэй асуудал болоод байна. Тэгвэл бид энэ удаа хавтасны сэдвээ яг энэ асуудлаар хөндөх юм. Хүмүүст тохиолддог энгийн зүйлийг, маш олон гэр бүлд ялангуяа нийслэлчүүдэд илүүтэй тулгардаг асуудал учраас олон хүний зовлонг хувцаалцана байх аа гэж бодож байна. Хэрвээ танд, танай гэр бүлд хөдөөгийн зочидтой холбоотой жижиг сажиг, том бага асуудал дэгддэг бол та ч бас анхаарлаа хандуулаарай. Бид магадгүй танд тус болох ч юм билүү?
 
Хотод хоноцгүй айл байдаггүй
 
     “Хотод хоноцгүй айл байдаггүй” гэж нэг нөхөр маань хошигнов. Монгол Улсын хүн амын тал шахам хувь нь төвлөрсөн их хотод нээрээ л хол ойрын гийчдийн цуваа огт тасардаггүй. Ирж л байдаг, буцаж л байдаг, ёстой л их хөлийн газар. Биеэ эмчлүүлэхээр, наймаа хийхээр, дэлгүүртээ бараа татахаар, хүүхдээ сургуульд оруулахаар, мэргэжил дээшлүүлэх курст суухаар гэхчлэн Улаанбаатарыг зүглэх шалтаг ч мундахгүй. Тэр болгондоо танил тал, найз нөхөд, хамаатан саднаа л барааддаг. Хотод хамаатангүй хөдөөний хүн ч бараг байдаггүй байх. Тэдний охин тэр, хамар хашаанд байсан, тэрний тэр, холын хамаатан, сайн яривал садан төрөл гэсээр мэдэхгүй шахам айлынхаа хаалгыг цохих ч энүүхэнд. Та асуугаад үзээрэй, хөдөөнөөс ирээд зочид буудалд байрлаж байгаа хүн ер нь л ховор байгаа вий.
 
Хөдөөнөөс хотод ирэгсдийг хэд хэд ангилж болно. Нэгдүгээрт их, дээд сургуульд шинээр элсэж байгаа болон сурал­цаж байгаа оюутан. Дараагийнх нь эмчилгээ хийлгэ­хээр хот бараадаж ирсэн таны хамаатан. Хүндэтгэж үзэх шалт­гаан­тай боловч таны тав тухыг нэг хэсэгтээ л алдуулдаг гэмгүй зочид. Гуравдугаарт, мэргэжил дээш­­лүүлэх курст суухаар, эсвэл хэд хоногийн сургалт семинарт хамрагдахаар ирсэн гийчин. Хамгийн сүүлийн анги­лалд хот хөдөөгийн хооронд наймаа хийдэг, эсвэл ачаа бараа зөөдөг их, бага гарын бизнесмэн нөхдүүд багтана.
 
 
Охиноо танайд энэ жил суулгана аа
 
     Шуудайтай хонины мах, айраг цагаан идээ барьж ирсэн зочноо хотынхон мэдээж муухай аашлаад явуулж зүрхэлдэггүй. Охиноо дагуулж ирсэн хижээл эр маань хол ойрын сонин дуулгаж, хатуу юмаа задалж, оройжин хууч хөөрнө. Охиноо ямар сургуульд оруулах гэж байгаагаа, ямар ажлаар хотод ирснээ яриан завсраа сэм хавчуулаад амжина. Маргааш нь хамаг юмаа хөглөрүүлж орхиод гадуур ажилтай гээд яваад өгдөг. Нөгөөдөр нь ч гэсэн зах хоршоогоор юм цуглууллаа гэсээр оройхон л орж ирнэ. Тэгж тэгж хэд хоносны дараа “За, ах нь буцах аяа бодох уу даа, энэ муу бор охиноо энэ жил танайд суулгана аа. Намар идэшний мах явуулна” хэмээн гэнэтхэн пал хийтэл хэлж орхино. Гэрийн эзэн хамаатан болохоор юу ч хэлж үл чадна. Эхнэр нь дурамжхан байх ч нөхөр лүүгээ хяламхийхээс цаашгүй. Нэг иймэрхүү байдлаар л аман тохиролцоо маягийн юм хийсэн болоод огт танихгүй хүнээр гэртээ бүл нэмж, гадны хүнтэй хамт амьдрах болчихдог нь сонин шүү.
 
     За тэгээд, оюутан гэртээ суулгасан эхний өдрөөс эхлээд л асуудал ундарна даа. “Ядаж л OO-д аятайхан бие засчихгүй юм” гэж эхнэр нь үглэнэ. Миний нүүр гарын алчуураар биеэ арччихаж гэж охин нь урваганана. Гэрийн ажилд хааяа нэг тусалчихгүй, зочид буудалд байгаа юм шиг л байх юм гэсэн явган хэрүүл байнга гарна. Хөдөөнөөс анх ирсэн хүүхэд ядаж л ойр зуурын цахилгаан хэрэгсэл ажиллуулж мэдэхгүй, хотын айлын амьдралын хэв маяг, хотжих процесстой бүр эхнээс нь танилцах хэрэгтэй болдог. Гутлаа үүдэнд нь тайлаад айлд ордог юм гэдгийг, олон хүний дунд хамаагүй чанга ярьдаггүйг, бусдын зүйлд зөвшөөрөлгүй гар хүрдэггүйг, хотын орчин хөдөөнийхөөс эрс өөр юм гэдэгт бага багаар суралцаж эхэлдэг. Мэдээж оюутан болж үзэж байгаа чинь архи ууна, алдаа гаргана, ямар нэгэн байдлаар шоудна. Юун шал угаах, хоол хийх. Үүнээсээ болоод айлынхаа ах эгчтэй зөрчил үүсгэдэг. Арай гэж хавар дуусгаад ирэх жил нөгөө айлдаа дахиж ирэхгүй. Оюутны байранд орохын түүс болно.
 
     Анзаарч байхад ихэвчлэн нэгдүгээр курсийн оюутнууд хамаатныхаа айлд суудаг юм билээ. Яагаад гэвэл эхний жил айлд байх нь илүү дээр ч байдаг байх. Тэгээд ч хот газар хэцүү, харж хандах хүнтэй, айлд байсан нь хамаагүй дээр гэж хөдөө суугаа аав ээж нь хэлдэг, захидаг. Харин оюутан болж ирж байгаа хүүхдүүд нэг, эсвэл хоёроос дээш жил айлд байдаггүй нь судалгаанаас харагдаж байна.
 
Сарнай 28 настай
 
     “Хөдөөний хамаатны маань нэг охин ноднин оюутан болж, аав нь над дээр дагуулаад ирдэг юм. Шинэ байранд ороод удаагүй байсныг ч хэлэх үү, гэртээ цөөхүүл болохоор надад татгалзаад байх шалтаг байсангүй. Харин ч ханьтай, эмэгтэй хүүхэд орой харихад халуун хоолтой байх нь гэж баярлах нь халаг байсныг яана. Гэтэл миний бодсоноос эсрэгээр юм болов. Өнөөх охин маань хоол ч хийж чаддаггүй, бас дээр нь нэлээнээр барахгүй хэнэггүй, хоол плиткан дээр тавиад мартчихдаг /энэ явдал нь бүр нэг биш, хэд хэдэн удаа давтагдсан гээд бод доо/, нүүрээ будаж байгаа нь энэ гээд хамаг хувцсаа хөглөрүүлж, хэдэн цагаар ч хамаагүй толины урд суудаг, гэрийн ажилд туслалцах нь бүү хэл, гар хүрдэг ч үгүй, ерөөсөө л зочид буудалд байгаа хүн шиг л байх болов. Эхэндээ тэвчиж байсан ч сүүлдээ яаж зүгээр байх вэ. Үглэдэг, загнадаг боллоо. Байх байхгүйд гадны хүн дагуулж ирж, үе үе гэртээ хонохгүй алга болчихно. Зарим үед хаалга цоожлохоо мартаад онгорхой орхиод явчихсан байдаг байв. Энэ мэтээс болоод “Ирэх жил чамайг би гэртээ суулгаж чадахгүй” гээд хавар явахад нь хэлж билээ. Аав ээждээ очоод юу ч гэж ярьсан юм, одоо тэднийхэн утсаар ч ярьдаггүй, огт сураггүй аж төрдөг хамаатнууд болсон доо” гэсэн юм.
 
Насандэлгэр 35 настай
 
     Гэртээ гадны хүн байлгах хэцүү юм билээ. Хамгийн их дургүй хүрсэн зүйл гэвэл “Олгой хагаравч ходоодондоо” гэгчээр гэр бүлийн дотоод асуудлыг хамаатнуудад маань яриад явсан байгаа юм. Ахын минь хүүхэд гэж, нөхрөөсөө нууж хэдэн төгрөг өгч, аль болох л ая тухтай байлгах гэж хэрэндээ л хичээсэн. Түүний ярьсан элдэв янзын хов жив нь нөхрийн маань чихэнд хүрч, тэрнээс болж нөхөртэйгээ муудалцахад хүрсэн. Айл гэрт өчнөөн л асуудал гарна шүү дээ. Хааяа нэг нөхөр халамцуу ирэх үе гарч л таарна, хэрүүл хийж л таарна. Ямар гэртээ тагнуул байна гэж бодож, хүний гэрт байгаа юм шиг амьдрах юм биш. Оюутан дүүгээс минь болж их ч хэрэг мандсан даа. Гэртээ хүн суулгана гэхээс одоо толгойтой үс босдог юм. Одоо хүүхдээ танайд байлгая гэсэн хамаатнууд ирэхээр “Үгүй” гээд түс тас хэлчихдэг юм. Их л удаж намайг хүн муутай л гэцгээнэ биз. Ямар ч гэсэн хожим ах дүү нар дамжсан хов живд хутгалдаж байснаас л дээр”.
 
Хүний эрхэнд жаргахаар өөрийн эрхэнд зов
 
     Ер нь айлд байна гэдэг, хэн нэгэнд дараа болж амьдарна гэдэг яавч сайхан зүйл биш. Гэрийн эзэгтэй дуртай дургүй хаалга тайлж өгч, дурамжхан гэгч нь хоол аягалж, бас ил далд дургүйцлээ илэрхийлсээр байхад түүнийг нь тэвчиж амьдрах хэцүү. Гэртээ гадны хүн байлгах нь айлд хэцүү байдаг бол, айлын ая харж амьдрах нь оюутанд ч бас сайхан байдаггүй бололтой. Тийм ч болоод оюутнууд нэг, хоёроос илүү жил айлд сууж тэвчдэггүй аж. Айлд байх уг нь олон давуу талтай гэнэ. Оюутны байрны төлбөрөөс нэгд чөлөөлөгдөнө, айлд байгаа болохоор хоол хүнсэндээ мөнгө зарахгүй. Бас мөнгөгүй болсон үедээ ах эгчийн аль нэгнээс нь зээлээд эсвэл гуйгаад авчихна. Бас хичээл номоо тухтай хийх нөхцөл боломжтой. Гэхдээ айлд байх хэцүү гэж судалгаанд оролцсон олонх оюутан хариулсан юм. Хүний эрхэнд жаргахаар өөрийн эрхэнд зов гэж ёстой үнэн үг гэцгээв. Учир нь айлд ямар ч эрх чөлөөгүй, хавчигдмал байдаг гэнэ. Гэдэс цатгалан, санаа зовох зүйлгүй байдаг ч айлын ая царайчилж, гэрийнх нь хамаг ажлыг хийж, бас дээр нь тэдний сэтгэлд нийцүүлж биеэ авч явах нь хэцүү байдаг гэцгээсэн юм. Оюутны байранд мөнгө төгрөг, хоол ундаар дутуу гучуу байдаг ч илүү эрх чөлөөтэй, дуртай цагтаа гадуур найзуудтайгаа зугаалж, хүссэн үедээ гэрийн бараа харж болдог хэмээн тэд ярилаа.
 
     Тиймээс хоёр гурав, дөрөвдүгээр курсийн архаг оюутнууд оюутны байр эсвэл хэд гурваараа нийлж, айлын хажуу өрөө түрээслэхийг илүүд үздэг ажээ. Залуу хүүхдүүд нийгэмших нь ч хурдан байдаг бололтой. Нэгдүгээр курсдээ улаан хацартай хөдөөний охин байсан бол төгсөхдөө хотын охидоос дутахгүй хувцсаа тохируулаад өмсчихдөг, гунхсан цагаан хүүхнүүд болсон байдаг шүү дээ. Хоттой танилцахаар анх ирж байсан, үеийнхээ залуустай хөл нийлүүлэх гэж тэвдэж байсан өнөөх охин нэг л мэдэхэд орчиндоо дасан зохицож, хэзээний хотын хүн болчихдог. Одоо нэгэн оюутан охины яриаг танд хүргэе. Тэр хамаатныхаа ах эгчийг гомдоочихно гээд нэрээ хэлэхээс татгалзсан юм.
 
     “Би нэгдүгээр курсдээ айлд суудаг байсан. Манай аавын холын хамаатан л даа. Хотын цэмцгэр айлд амьдрах, хот газрын соёлтой танилцах, өмнө огт байгаагүй орчинд хөл тавих гээд хөдөөнөөс анх ирж байгаа надад юм бүхэн сонин содон байлаа. Байгаа айлын маань хүмүүс тэтгэвэртээ суусан өндөр настнууд. Насаараа хотод суурьшсан, Улаанбаатарын унаган иргэд. Санаанд нь нийцэж таарах юм тун ховор. Ямар ч ажил хийсэн таалагдана гэж ёстой үгүй. Тэднийд нэг жил суухдаа харин гэрийн ажлыг хэнээс ч дутахгүй сайн хийдэг, сайхан хоол хийж чаддаг л болсон юм даа. Гэхдээ оройтож харьж болохгүй, нэг өдөр л цэвэрлэгээ хийхгүй өнжвөл эгч маань уурлан төмпөн саваа хангинуулдаг, ах дуудаж байгаад загнадаг байсан юм. Хааяа ангийнхантайгаа нийлээд гадуур явах үе гарна. Ах эгч хоёроос айгаад тэр бүр явж чаддаггүй. Үерхдэг хөвгүүн маань ч гэсэн ааш муутай хоёр хөгшнөөс болоод ирж уулзаж чадахаа байчихсан гээд бод доо. Эрх чөлөөгүй байна гэдэг ямар хэцүүг тэгэхэд л мэдсэн юм. Дараа жил нь би аав ээжийнхээ үгнээс зөрж зүтгэсээр байгаад оюутны байранд суух болсон доо. Тэр айлдаа би одоо очдоггүй” гэж ярив.
 
Тодорхойгүй зүйл ямар хэцүү юм бэ?
 
     Ер нь аливаа зүйл тодорхойгүй байх тусмаа л хэцүү байдаг. Хэдэн найзууд нийлж дарвихаараа “Өнөө орой сууж жаахан шар айраг ууя” гэдэг. Хэн нь даах гэж байгаа нь тодорхойгүй. Найз нь чамайг дайлъя гэвэл өөр хэрэг. Эсвэл би хоол авч өгье, та нар уух юмаа өөрсдөө даа гэвэл бас нэг өөр. Зарим хүн дундаас нь хожоо гаргах ч гэдэг юм уу, ийм тодорхойгүй байдалд илүү дуртай ч юм шиг санагдах нь бий. Иргэншсэн оронд бол “Өнөө орой хамт ууж сууя” гэж нэгэндээ хэлбэл хэнд ч ойлгомжтой, тэр хүн даана гэсэн үг. Харин манайд энэ ойлголт тун бүрхэг.
 
     Дээхнэ үед тээврийн жолооч нар зам дагуух айл, айлын хоол буудаж явсаар хотын бараа хардаг байсныг та мэдэх үү? Одоогийнх шиг зам дагуу ийм олон цайны газар тэр үед байсангүй. Төв аймгийнхан харамч гэдэг яриа тэр үеэс л гарсан болов уу. Хот өргөжихийн хэрээр тэр айлууд ч гэсэн иргэншлийн “үнэр” авч, үнэгүй өгдөг байсан хоолоо мөнгөөр худалддаг болсон юм. Орой хоолоо идэх гээд сууж байхад нь хэн нэгэн урилгагүй зочин байнга хоол буудаад байвал ямар байх вэ. Яг үүнтэй адилхан бидний хэн маань ч гэсэн өөрийн орон гэртээ ямар нэгэн гадны хүнгүйгээр амар тайван амьдармаар байдаг. Гэтэл хамаатны ах чинь хүүхдээ дагуулж ирээд танайд суулгана гээд дайраад байдаг. За суулгах боллоо, ах дүүсийн хүүхэд гээд хүлээн зөвшөөрлөө гэж бодъё. Ямар ч тодорхойгүй аман “гэрээ” хийнэ. Аав нь “Намраас нэг идэшний юм явуулна аа” гээд л болоо. Мөнгө төгрөг өгөх юм уу, үгүй юу бүү мэд. Гэрийн эзэн ч гэсэн “Үгүй” гэж хэлж чаддаггүй. Мөнгө нэхэж бүр ч чадахгүй. Эхнээсээ “Танай хүүхдийг гэртээ суулгаж чадахгүй” гээд түс тас хэлчихвэл өөр хэрэг. Эсвэл “Танай хүүхэд манай энэ өрөөнд амьдарна, орой тэдэн цагаас оройтохгүй ирэх ёстой, тусдаа хоолоо хийдэг баймаар байна. Хэн хэнийхээ тав тухыг бодож эхнээсээ сайн муугаа ярьчихъя” гэдэггүй. Анхнаасаа ингэж илэн далангүй ярьж тохироогүйгээс болоод асуудал үүсдэг. Тэр ч байтугай хожим нь ах дүүстээ багтахааргүй жигтэйхэн хүний мөсгүй хүн болж хувирах вий.
 
     Энэ бол хөдөөнөөс хотод ирж байгаа оюутан болгонд, мөн хөдөөний хүүхэд гэртээ суулгадаг айл болгонд тулгардаг бэрхшээл юм. Манайхан гүйцэд иргэншээгүй учраас хоёрын хооронд юман дээр их ичдэг. Хүн чанартаа хэт уягдсанаас болж хожим нь өөрөө л хэцүү байдалд ордог. Яг энэ асуудлыг сөхөн тавихаар “Монголчууд угийн зочломтгой, сайхан сэтгэлтэй хүмүүс. Ах дүүсээ хүртэл ад үз гэх нь үү” гэж захын хүн эгдүүцэж магадгүй л юм. Гэвч энэ бол зочломтгой зан гэхээсээ илүү нийгэмшээгүйтэй л холбоотой. Нийгэм ямар нэгэн хэмжээгээр үйлчилгээ шаардаж байна. Энэ бол зүй тогтлоороо гарч ирж байгаа үзэгдэл. Үүнийг харин бид л хурдасгах ёстой.
 
     Ард түмнээ гэдэг төр засаг хэрэв байдаг бол үүнийг бодолцож үзэх ёстой. Гэтэл ийм байна уу, үгүй юу гэж огт сонирхдоггүй. Айл болгонд 10 мянган төгрөг тарааж өгч байхаар ийм асуудлыг ч болов шийддэг байгаасай. Тэгвэл мөн ч олон хүнийг баярлуулна даа. Барууны орнууд шиг оюутны том хотхоноо больё. Яагаад оюутнуудад зориулаад хотын захад хэдэн шавар байшин барьчихаж болохгүй гэж. Монгол Улс 120-иод мянган оюутантай гэдэг. Тэдний 20 хүрэхгүй хувь нь л оюутны байранд амьдардаг гэсэн судалгаа бий. Тэгвэл үлдсэн нь хаачдаг вэ? Ах дүү хамаатан, эсвэл айлын хажуу өрөөнд толгой хоргоддог байх нь. Нийслэлийн хэчнээн айл хамаатны гэх оюутантай аж төрдөг нь эндээс харагдаж байгаа байх аа. 1000 оюутны байр барих гэж байгаа тухай хоёр жилийн өмнөөс яригдаж эхэлсэн ч энэ асуудал усанд хаясан чулуу шиг сураггүй болов. Санхүүжилт нь хаашаа ч юм алга болчихсон гэсэн хэмээн Оюутны холбооны нэг нөхөр хэлсэн юм.
 
Зөвхөн гэр бүлээрээ л амьдрах юмсан
 
     Зочдын хөл тасардаггүйгээс болж залхсан нэг нөхөр “Зөвхөн авгай хүүхэдтэйгээ өөрийн орон гэртээ тааваараа амьдарч үзэх юмсан” гэж хэлж байхыг сонсож билээ. Үнэхээр аргаа барсан хүний үг байгаа биз?
 
     Ямар айл ингэж их зочны хөлд дарагддаг юм бол гэж судалж үзвэл хотын унаган иргэд, эсвэл олон жил нийслэлд амьдарч байгаа айлд хөдөөний гийчин ирэх нь ховор аж. Яагаад гэвэл аав ээж нь нутгаасаа аль эрт гарсан, эсвэл насаараа хотын иргэн явсан тэдэнд хөдөөний хамаатан цөөн гэнэ. Байсан ч цагийн эрхээр хөндийрцгөөсөн төдийгүй, холбоо тасраад удсан байдаг. Харин нутгаасаа гараад төдий л удаагүй 10-15 жил, түүнээс доош жил болж байгаа хүмүүсийн хувьд хөдөөний хамаатан олонтой байдаг аж. Хөдөө олон хамаатантай байхын хэцүүг хамгийн их мэдэрч яваа нэгэн эртэй одоо таныг уулзуулъя.
 
     Түүнийг Б.Талгат гэдэг. Тэрбээр Баян-Өлгийгөөс шилжин ирж хотын иргэн болоод 12 жил болж байгаа бөгөөд нэгэн хувийн байгууллагад алба хашдаг. Эхнэр гурван хүүхэдтэйгээ амьдардаг.
 
     - Хөдөөнөөс байнга зочинтой байх хэцүү биз?
 
     - Өө, тэгэлгүй яахав. Наад асуудал чинь хамгийн төвөгтэй. Саяхан эхнэр минь нярайлсан болохоор сүүлийн үед арай гайгүй байна. Би эхээс зургуул. Эхнэр минь 13-уулаа. Эхнэр бид хоёрын хамаатан ах дүү нар бүгд Баян-Өлгийд нутагтаа байдаг юм. Тийм болохоор хамаатнууд их ирнэ.
 
     - Оюутан гэртээ суулгадаг уу?
 
     - Манай ахын нэг хүүхэд хоёр жил манайд байсан. Гурав дахь жилээсээ больсон доо. Хүүхэд гэртээ байлгах дэмий юм билээ. Зочид буудалд байгаа шиг өөриймсөг биш, хүнийрхүү ханддаг. Нутагтаа амралтаараа очоод ах дүү нарт янз бүрийн юм ярьдаг. Ах архи ууж ирсэн ч гэдэг юм уу, муу талаас нь хэлдэг. Эхнэрийн эгчийн хүүхэд л дээ. Мэдээж зэмлэх үе гарна. “Гэр орны ажилд туслаад өөриймсөг байгаач” гэж хэлж байсан. Тэгсэн чинь аав ээждээ юу гээд ч хэлчихсэн юм, “Дараа жил би энэ айлд байхгүй гэсэн” байна лээ. Аав ээжтэй нь ямар нүүр нүүрээ харж ярих биш, “Хотод очсон хүмүүс хүний мөсгүй болчихдог гэсэн үнэн юм даа” гэж ярьж байсан гэсэн. Энэ мэтээс болоод асуудал үүснэ шүү дээ.
 
     - Танайх орон сууцанд уу?
 
     - Тийм ээ. Өмнө нь манайхыг гэр хороололд байхад хамаатнууд цөөхөн ирдэг байсан. Харин орон сууцанд орсноос хойш таних танихгүй хамаатан тасрахаа бүр больсон шүү. Манайх гэр хороололд, автобусны буудлаас нэлээд зайтай байдаг байсан л даа. Хашаа салхинд нураад уначихдаг ч юм уу, амбаар сав янзлахаас эхлээд ажил ихтэй. Тэгээд оюутан дүү нар луу утасдаж, ирж туслаач гэхэд хичээлтэй гээд ирдэггүй байсан. Урьж залаад ирдэггүй байсан хүмүүс одоо манайхаас салахаа байсан. Намар манайд нэг удаа том, бага нийлсэн 17 хүн зулж унтсан гээд бод доо. Хичээл эхлэх үе л дээ. Оюутны байр хүүхдүүдээ авч эхлээгүй, ах дүү нарын баахан оюутан хүүхдүүд аав ээжтэйгээ ирчихсэн байсан. Ер нь л манайхаас зочин тасрахгүй, зарим нь хоёр гурав хононо, зарим нь долоо хононо. Оюутнаас гадна арилжаа наймаа, бизнес хийдэг хүмүүс ирнэ. Эрээн Бээжингээс наймаа зөөнө. Тэд нарын хувьд хот орноор олон явсан гэсэндээ хал багатай, мөрөөрөө наймаандаа яваад дайрч ирж хоночихоод л яваад өгдөг. Хотын амьдрал ямар гэдгийг мэдэрдэг. Бас эмнэлэг бараадсан хүмүүс их ирдэг. Хамгийн хүндрэлтэй гэмээр зочид тэд нар.
 
     - Яагаад?
 
     - Орон нутагт онош тодрохгүй байна гээд ирдэг. Хамгийн дээд тал нь манайд нэг хүн дөрвөн сар болсон. Хааяа нэг биеэ үзүүлэх гээд эмнэлгээр явахад ямар байдаг билээ дээ. Бөөн оочер, дараалал. Үйлчилгээ авахад хэцүү. Тэгтэл хөдөөнөөс хүн ирээд дагуулаад явахад ямар байх нь ойлгомжтой. Ажлаасаа чөлөө аваад өдөржин явна. Зарим бичиг баримт нь дутуу гээд их зовлонтой. Тэгж тэгж нэг эмнэлэгт хэвтүүлнэ. Эргэхгүй бол бас болохгүй. Тэд хотын амьдрал огт ойлгодоггүй. Хаа байсан хол эмнэлэгт аваачна, таксины мөнгө төлөхгүй. Хотын амьдрал ёстой ойлгохгүй. Айлд хүндрэл учрууллаа ч гэж огт боддоггүй. Хонины махтай ирдэг, тэрийгээ идэх хоолоо аваад ирсэн гэж боддог. Хөдөө байгаа шигээ л санадаг. Гэтэл энд ажил төрөлтэй, завгүй хүмүүс ихэвчлэн байдаг. Хөдөө ямар ажлын хариуцлага гэж байх биш. Эмчилгээ нь дуусаад явах болохоор нэг ирснийх гээд дэлгүүр хоршоо, үзвэрийн газраар дагуулж явах хэрэг гарна. Хөдөөнийхөн ихэвчлэн Нарантуул гарна. Хүн болгонд бараг бэлэг авна гэдэг. Хоёр бүтэн өдөр захаар явах хэрэгтэй болно. Мэдээж ганцааранг нь явуулж чадахгүй. Иймэрхүү бэрхшээл гарна.
 
     - Одоо тэгээд оюутан суулгахаа бүр больсон уу?
 
     - Тийм ээ, эхнэр бид хоёр ярьж байгаад манайх ерөөсөө гэртээ хүүхэд суулгахгүй шүү гэж аль аль талынхаа ах дүү нарт хэлсэн. Зун манай балкон хүн зогсохын аргагүй зайгүй болчихдог. Хөдөө гэр лүүгээ явах гэж байгаа оюутнууд хайрцаг чемодантай юмаа тавьчихдаг. Бороо шороонд норно шүү, гялгар уутаар сайн боогоорой гэж хэлдэг. Олон зочин, оюутантай байна гэдэг чинь зочин нь гэрийн эзэн шиг, гэрийн эзэн өөрөө зочин шиг болчихдог юм билээ. Зурагтын сувагнаас эхлээд л асуудал гарна. Хөдөөнөөс ирсэн хүмүүс мэдээ тоохгүй, олон ангитай солонгос киногоо л үзэх гэнэ. Эгч ээ, би мэдээ үзье гэж чадахгүй. Зарим үед зочны даллага авсан юм шиг л болчихно. Нэг нь явангуут нөгөө нь ирээд л. Зун долоон сарын үед арай жаахан амсхийнэ. Ямарсайндаа нэг орой хүү маань “Аав аа, өнөөдөр дөрвүүлхнээ унтах уу” гэж асууж байсан. Зочдоо гомдоохгүй мөртлөө тэдэнд таатай биш байгаагаа мэдрүүлж л байх ёстой юм байна лээ.
 
     - Та тэгж чадаж байна уу?
 
     - Эхнэр төрөөд удаагүй болохоор гадны зочинтой байх хэцүү л дээ. Гэхдээ үүнээс болоод манай төрсөн ах дүүсийн, ойрын хамаатнууд хотод ирээд зочид буудалд буух гээд явчихвал надад мэдээж эвгүй. Тэрнээс биш зүс таньдаг ч юм уу, холын хамаатан хүмүүс манайхаар ирээд байвал хэцүү. Хөдөөнийхөн чинь амархан гомдомтгой, ёсорхуу хүмүүс. Манай нэг хамаатан сарын өмнө ирж эмчилгээ хийлгэсэн юм. Чадлаараа л тусалсан. Миний ажил орой ихэвчлэн 8-9 гэж тарна. Тэгсэн чинь нутагтаа очоод “Намайг тоохгүй, ажлаасаа ч ирдэггүй” гэж ярьсан байна лээ. Явж явж хүний зовлон ойлгодог хүн ээж минь л байх юм. Өлгийгөөс манайх руу хүн эмчилгээнд явах гэж байна гэвэл “Ажил төрөлтэй хүмүүст бага саад болоорой, эмнэлэг сургуулиар явахдаа оюутан хүүхдээ дайчлаарай” гэж захидаг гэсэн.
 
     Энэ хүний ярьсан шиг хүндрэлтэй асуудал танай гэр бүлд ч гэсэн тохиолддог байж болох юм. Ийм явдал урьд нь ч байсан, цаашид ч байсаар байх болно. Энд бид хөдөөгийн хүн муухай гэж муулах гэсэнгүй, хотын хүн боловсон соёлтой гэж маргах ч гэсэнгүй. Хамгийн гол нь жижигхэн юм шиг атлаа энэ хэцүүхэн проблемоо өөрсдөө шийдэх зөв гарцтай болохыг хүсэж байна. Хөдөөгийнхөн хотын хамаатнуудаа “Зун манайд очихоороо идэж ууж, баахан дайлуулж цайлуулж л явдаг шүү дээ, хотод ирэхээрээ зангаа хувиргадаг. Хүн муутай” гэж ярьдаг. Үнэндээ хөдөө бол хотынх шиг хүмүүс нь завгүй биш. Аль ч айлд очсон хот газрын сонин дуулахаар хавь ойрын хүмүүс цуглардаг. Өөрөөр хэлбэл, хөдөө хүмүүс амрах гэж очдог бол хотод харин ажлаа бүтээх гэж ирцгээдэг. Амралтын өдөр л биш бол, эсвэл ажил төрөлгүй, гэртээ суудаг хүн биш л бол хотынхон тэр бүр завтай байх нь ховор. Бас хөдөөгийнхөн шиг ямар шинэ хонины шөл уулгана гэж байх биш. Бүх зүйл нь зоосны нүхээр хэмжигдэнэ. Хотын амьдралыг хөдөөний хүн тэр бүр ойлгодоггүй. Тийм ч болоод айлд дараа болж байна гэж огтхон ч боддоггүй нь сонин шүү.
 
Зочид, зочид, бас дахин зочид
 
     Олигтой эмнэлэг, сайн эмч хөдөө байхгүй болохоор хотод ирж эмчлүүлдэг хүн олон. Тэр болгонд танил тал, хамаатан саднаа л барааддаг. Яалт ч үгүй өвчин зовлон тохиолдоод ирж байхад тээршаадаг хүн ховор. Харин Талгатын хэлснээр энэ төрлийн зочид нээрээ л хамгийн хүндрэлтэй нь. Оношийг нь тодрохоос нааш хэдий хугацаанд эмчлүүлэх нь тодорхойгүй. Гэрт нь нэг өвчтэй хүн байхад чанга дуугарч ч болохгүй, зурагтынхаа дууг намсгана, найз нөхдөө гэртээ урина гэж санах ч юм биш. Мэдээж уудаг цай, иддэг хоол хүртэл өөр болно. Нэг ёсондоо гэр тань хагас эмнэлгийн байдалтай болж хувирах вий. Их ажлынхаа хажуугаар зав гарган эмнэлгээр дагуулж явах хэрэг гарна, таньдаг сайн эмч юу билээ, ийш тийш нь утас цохино. За тэгээд эмнэлэгт хэвтүүлэхээр бол байнга хоол хийж эргэх шаардлагатай болно. Өвчтэй хүнийг тоохгүй орхичихож болохгүй, гэрийн эзэн, эзэгтэй хоёр түүнийг аль болох л ая тухтай байлгах гэж хичээцгээнэ. Харин өнөөх өвчтөн маань тэднийг яаж хамаг ажлаа золиослон, өөрт нь тусалж байгааг ойлгодоггүй. “Тэгэх л ёстой юм шиг хүлээж авах нь бий”.
 
     За мэдээж хэрэг, хот хөдөөгийн хооронд наймаа хийж байгаа хүмүүс урилгагүй зочдын тань нэгээхэн хэсэг нь. Тэд ихэвчлэн ганц нэг хоногоор яаруу ирнэ. Харин хэнэггүй зарим нэг нь хааяа жаахан юм үнэртүүлчихсэн, “Манай найз” гээд хүн дагуулаад ирдэг тал бий. Наймаа хийдэг хүмүүс ихэвчлэн унаа тэрэгтэй ирдэг болохоор хашаа байшинтай айлыг сонгодог. Танайх гарааш, бас зочид буудлын үүрэг гүйцэтгэнэ. Бараа олдвол шууд явчих байх, олдохгүй бол шөнө ирэх байх шүү гэнэ. Ийм л зочид.
 
     Мөн сургалт семинарт оролцохоор ирсэн гээд хамаатнуудаас тань танайд үе үе ирдэг л биз дээ? Ганц нэг хоноод явдаг ч хотод ховорхон ирдэг хамаатнаа аль болох тухтай байлгах гэж хэрэндээ хичээдэг л байлгүй. Оюутнаас гадна бас нэгэн хүндрэлтэй зочид байдаг. Сумын төвд хийх ажилгүй хүүгээ “Ажил төрөлтэй болж хоолондоо хүрэг” гэж танил хамаатнаа бараадуулж хот руу явуулдаг хөдөөгийнхөн байдаг. Тийм хүүхдүүд их хэцүү. Хэр удаан гэрт нь байх нь бүү мэд, хэзээ ажилтай болж, өөрөө өөрийгөө авч явах нь ч бүрхэг. Тэр айл хэрвээ өсвөр насны хүүхэдтэй бол өнөөх хүүг л муу нөлөө үзүүллээ гэж аав ээж нь харддаг байна.
 
     Ер нь гадны хүн бол гадны л хүн байдаг. Хэзээ ч тэд гэртээ байгаа юм шиг өөриймсөг ханддаггүй. Гэртээ үргэлж хоноцтой байх нь мэдээж ямар ч айлд ч сайхан байдаггүй. Ядаж л ариун цэврийн өрөөгөө бусдад ашиглуулмааргүй байдаг. Хэн нэгэн зочин ирээд гэрийн чинь ваннд усанд орж, таны алчуураар биеэ арчвал танд таатай байх уу? Энэ бол маш бүдүүлэг хэрэг.
 
Нэг нэгэндээ дараа болохгүй амьдаръя
 
     Нийслэлийн бараг таван айл тутмын нэг нь гадны хүнтэй хамт амьдардаг, эсвэл хоноцтой байдаг гэвэл бараг л хилсдэхгүй болов уу. Гэртээ гадны хүнтэй амьдарна гэдэг ядаж л тааваараа хэрүүл хийж, дураараа байж чадахгүйд хүргэдэг. Тэр байтугай хүүхдэдээ амттай юм нууж өгөх үе гарна. Ингэснээр гэр бүлийн эрүүл саруул харьцаа эвдэгддэг.
 
     Гадны хүн гэртээ байлгана гэдэг нь дотоод нууц гадагшаа задрах, ингэснээр гэр бүлийн харьцаанд муу хор нөлөөтэй. Гэр бүлд гуравдагч, дөрөвдөгч хүн орж ирэхээр үймдэг. Энэ нь хувь хүний, ах дүү, хамаатан садны хоорондын асуудал мэт боловч нийгмийн асуудал байдаг. Хүмүүс сайн сайхан амьдрахад өчүүхэн бага зүйл, ердөө ойлголцол л чухал байдаг. Яагаад бид хөдөөнөөс ирсэн хамаатандаа учир зүйгээ хэлээд хот газрын өгөө аваатай амьдралыг бага ч атугай ойлгуулах гэж оролддоггүй юм бэ. Анхнаасаа нарийн тохирдоггүй, битүү хатуу байдгаас болоод эцэст нь ах дүү нар муудалцдаг, тэрнээсээ ч эс юм болдог. “Тэр муу Дорж манай охиныг ад үзсэн гэнэ, гэр цэвэрлэ гэж загнадаг гэнэ” гэж ялих шалихгүй үгээр үг хийж, дэмий л гомдоод л явдаг. Тэрийгээ ч хэлдэггүй. Тэгвэл өнөөдрөөс эхлээд ил тод ярьж сурцгаая л даа, хэдий ил тод байсан ч гэсэн гэртээ гадны хүн байлгамааргүй байна гэдгээ ах дүүгийн тангараг тасарчихааргүй эвтэйхэн ойлгуулдаг болъё.
 
     Айлд хүүхдээ суулгах нь хэтэрхий бүдүүлэг юм гэдгийг хөдөөгийн ах дүү нар маань ч гэсэн ойлгог л дээ. Амьдрах гэж байгаа нэгнээ зовоож, амьдралыг нь үймүүлнэ гэдэг өөрөө тийм сайхан зүйл биш гэдгийг тэд мэдрэг. Хөгжье л гэж бодож байгаа бол эндээс эхлэх ёстой.
 
     Иргэншил рүү ойртъё гэвэл энгийн наад захын бэрхшээлээ бид давж сурцгаая. Хүнд эцсийн эцэст хамгийн чухал нь юу вэ гэдэг асуулт гарч ирнэ. Гэр бүлийнхээ аз жаргалыг ч золиослон байж сайн ах дүү байх гэж хичээх нь хэнд хэрэгтэй юм бэ? Хүнд хамгийн чухал нь ах дүү хамаатан, ажил төрөл мөнгө биш, халуун дулаан уур амьсгалтай гэр бүл л байдаг. Хамгийн эрхэм хүн хань ижил чинь л байх вий. Үүнийг ойлгодоггүйгээс болоод нийгэмд, гэр бүлд байнгын проблем үүсч байдаг.