Алдарт эрдэмтэн Исаак Ньютоныг дэлхийн таталцлын тухай хуулиа нээхэд хүргэсэн алимны тухай домогийг хүн бүр л мэднэ дээ. Тэр алим нь тэгээд бас их эрдэмтний толгойг яг онож унаж л байдаг. Энэ домгийг Ньютон өөрийнхөө тухай онигоо зохиож, тараасан хэрэг гэж өнөөг хүртэл судлаачид үздэг байв. Харин одоо энэ тухай бодит баримтыг Английн вангийн нийгэмлэгийн (английн шинжлэх ухааны академи) 350 жилийн ойгоор нийтэд ил болгохоор шийдэж энэ тухай нийгэмлэгийн вэбсайтаас уншиж болохоор болжээ. Ньютон судлаач бөгөөд түүний найз байсан Уильям Стакли энэ тухай 1752 онд бичсэн байдаг ба энэ баримтыг зөвхөн тусгай зөвшөөрөлтэй хүмүүс л үзэж болдог байсан юм. Чухам юу болсон талаар Стакли ингэж бичжээ. “Үдийн хоолны дараа цаг агаар дулаан байсан тул бид гадаалж, цэцэрлэгт орцгоон алимны модны сүүдэрт цай ууж сууцгаасан. Таталцлын асуудал түүний анхаарлыг их татдаг болоод байгаа гэж тэрээр (Ньютон) надад ярьж байлаа. Тэр их л бодлогоширонгуй сууж байтал гэнэт нэг алим тасарч доош унасан. “Яахаараа алим яг доошоо шулуухан унадаг байнаа” гэж тэр бодож байсан. Нээрээ яагаад дээшээ хөөрдөг ч юмуу эсвэл өөр хаа нэг тийшээ унахгүй заавал дэлхийн төв рүү чиглэн унадаг байнаа? хэмээн Стакли бичжээ. Тэгэхлээр түүнийг дэлхийн төв рүү татаад байгаа ямар нэг хүч байж таарлаа. Ингээд бүх дэлхийн таталцлын тухай хууль нээгдсэн байна.