Үеийн залуус бужигнаж, өдөр болгон сонирхолтой, хөгжилтэй байдаг байх гэж төсөөлдөг байсан оюутны дотуур байранд орж үзлээ. Ээгий найзындаа зочилсон юм л даа. Оронгуут үүдэнд дотуур байрны эрлэг, эзэн, ивээгч, хамгаалагч нь болсон жижүүр эгч гярхай нь аргагүй орсон, гарсан хүн бүрийг бүртгэж сууна. Энэ эгчийн зөвшөөрөлгүй хүн байтугай хорхой шавьж ч босго давах хориотой гэнэ. Түмэн шалтаг тоочиж байж нэг юм орлоо. Хоёр жил нэвтэрч чадаагүй хаалгаар ингэж нэг юм ордог юм байжээ!
 
     Нэг давхартаа “кино театртай” юм байна. Буланд, дээр өлгөсөн зурагтаар кино гарч, хана дагуу байрлуулсан сандал дээр хэдэн хөвгүүд шаахайтайгаа суугаад үзэж байв. Хувцас, алчуур, тогоо шанага барьсан, зарим нь нойтон үстэй, хөдөөний голдуу охид өрөөнүүдэд орж гаран шаахайтайгаа явах нь сонин харагдлаа. Хоёр давхарт хүн арай цөөн холхино. Урт коридорын хамгийн мухрын өрөөнд Ээгий амьдардаг аж. Өрөөнүүдийн хаалга ихэнх нь хуучин, бүгд цоожтой. Хэдэн өрөө бүр цоож цоождоо, “хүнд гарын” том том монгол цоожтой харагдав. Тийм цоожны түлхүүр гэхээр овоо л том байж таараа, хүзүүнээсээ удаан зүүвэл бөгтөр болчихмоор юм байгаа даа гэж бодоод цааш алхлаа.
 
     Зарим өрөөний хаалган дээр шинэ жил, мартын найман, цэргийн баярын мэндчилгээ наалттай хэвээр. Нөгөө хоёр нь байг гэхэд, хөөрхий шинэ жилийн мэндчилгээг тэнд гурван сар гаруй “гүрийлгэсэн” байх юм. Будаг нь урсч, халтартаж, мартагдсанаасаа “ичээд” бүр үрчийчихсэн байх шиг харагдана.
 
     Гадаад андуудын коридор дэвсгэртэй, буландаа цэцэгтэй, суух сандал, тамхины иш, чихрийн цаас хийх хогийн савтай. Оюутнууд нь тэндээ танилцаж, ярилцаж, хааяа сууж чалчдаг юм билээ. Харин энд коридор нь хуучин плитатай. Гуталны өсгийнд хагарчих вий гэсэндээ өлмийн дээрээ явж байлаа. Байгаа бүх буландаа хэц татаж баахан хувцас хатаачихсан, суух сандал байхгүй. Байсан ч тийм орчинд яаж суух вэ дээ. Саван, шампунь, үнэртэй ус, хоол амтлагч, 00-ын үнэр хольж үнэртсээр удаан байвал хамар “мансуурах” шинжтэй юм билээ. Өрөөндөө дөрвөн хүний, хоёр ширхэг давхар төмрөн ортой. Ээгий доод талын нэг орон дээр унтдаг. Эхэн үед “Хоцорлоо” гэж сандарч босч ирэхдээ дээд ороо мөргөн нэлээд хэд булдруутсан, харин одоо дасаад бөгтийж босдог болсон гэнэ. Тийм жижигхэн өрөөнд дөрвөн хүн бүгдээрээ босоод ирвэл ёстой “бөгс эргэх ч зайгүй” гэдэг болохоор юм билээ.
 
     Жорлонгууд нь тусдаа, угаалтуур нь тусдаа, усанд орох шүршүүр нь бүр тусдаа, нэг давхартаа байдаг гэнэ. Бодвол түрүүний алчуур, саван шампунь барьсан шаахайтай олон охин усанд орох гээд явж байсан бололтой. За тэр, 00-ын тухай ярих ч хэрэг байхгүй. Тэр үнэр танар, цэвэрлэгээ, өнгө үзэмж гэж хэрэг алга! Яг ийм байдаг бол зуны халуунд баасны ялаа цуглармаар муухай. Орчин нь тийм байлаа гэхэд залуу хүмүүс байна даа, инээдтэй ханиадтай, хөгжилтэй уур амьсгалтай баймаар санагдавч бас л тийм зүйл мэдрэгдсэнгүй. Бүгд л дүнсгэр, дүнсгэр биш юм аа гэхэд баясгалангүй. Нэг л их баргар дүр зураг харагдлаа. Үгүй, арай ч дандаа ийм байдаггүй байлгүй дээ. Магадгүй би буруу өдрөө оччихсон байх. Ямар ч байсан энэ бүхний эцэст дотуур байранд амьдрах юмсан гэсэн хүсэл минь бүр мөсөн, дахиж хэзээ ч сэргэхээргүй болтлоо унтарлаа. Ингээд бодохоор тэр үүдний жижүүр хүн оруулдаггүй нь арга ч үгүй юм уу даа. Ямар ч айл гэр нь бохир байхад зочин хүлээж авах дургүй байдаг хойно...