Гэрийн үйлчлэгчийн эрэлд
Дэм дэмэндээ амьдаръя
Магадгүй, эзэгтэй танд ийм дүр зураг хэтэрхий танил байж болох юм. Өдөр бүрийн ийм амьдрал өөрийн эрхгүй бухимдал төрүүлдэггүй гэж үү. Ажилдаа арай илүү анхаармаар байна, өөртөө бас жаахан цаг гаргамаар. Хааяа гоо сайханд орж, саунд сууж, найз хүүхнүүдтэйгээ улаан дарс уусан шиг суумаар, боловсролдоо ч жаахан цаг зориулмаар. Жирэмсэн байсан, нялх хүүхдээ асарсан, одоо болохоор энэ. Цаг хугацаа юуг ч хүлээлгүй урсаж, өдөр тутмын аар саархан гэж нэрлэгдэх ч асар их хүч чадал, цаг зав барсан гэрийн ажлыг нугалж дуусахгүй явсаар найз нөхөд ч үгүй, гоо сайхан ч үгүй, ажилдаа амжилт гаргасан ч юмгүй нэг л сайхан авгай болох тал руугаа яваад байх шиг.
Эмэгтэйчүүдэд ихэнхдээ тохиолддог энэ асуудлаас яаж гарах вэ. Эр нөхөртэй, ар гэртэй эмэгтэй бүхэнд ийм асуудал бий. Хөгжсөн орнуудад бол үүнийг шийдэх хамгийн хялбар арга нь гэрийн үйлчлэгчтэй болох. Харин манайд. Гэрийн үйлчлэгчтэй байж болно оо. Оролдоод үзье. Гэрийн үйлчлэгч ажилд авна гээд зар өгчихье л дөө. Манайд чинь одоо юм юм харьцангуй хөгжөөд байгаа цаг шүү дээ.
Б.Ариунтуяа /33 настай, эмэгтэй/
- Би баян хүн биш ээ. Авдаг цалин хангалттай биш ч гэсэн ар гэрийн хэтэрхий хүнд ачаанаас үүрэлцэх гэрийн үйлчлэгч надад хэрэгтэй байдаг. Хүүхдийг минь цэцэрлэгээс аваад, орой ажлаас ирэхэд гэр цэвэрхэн, хоол бэлэн байвал хичнээн сайхан. Хэрэв тийм байж чадвал надад оройн цагийг гэр орны аар саар ажилд зориулж байснаас илүү үр бүтээлтэй зүйлд зориулах боломж бий болно гэсэн үг. Ингэж бодоод би нэг охиныг гэртээ байлгаж үзсэн л дээ. Гэтэл хөдөөнөөс ирсэн тэр охин 00-д орчихоод усаа ч татаж мэддэггүй “амьтан” байлаа. Яахав, түүнийг нь заагаад, ойлгуулаад өглөө. Гэтэл хоол хийнэ гэдгийг гурил мах холино л гэж ойлгодог, гэр цэвэрлэнэ гэж халтартуулж өгдөг, нэг ёсондоо надад тус биш ус болж эхэлсэн. Орой бүр ажлаа тарж очоод түүний хийсэн хоолыг идэхгүй ярвайх нөхрийнхөө аягт тохируулан дахин хоол хийдэг боллоо. Нэг ёсондоо түүний “зуурсан бантанг” асгадаг гэсэн үг. Гэр цэвэрлэх ажил мөн л минийх хэвээрээ, осолдохгүй л хүүхдийг минь цэцэрлэгээс авах ажил түүнийх байлаа. Сүүлдээ өнөөх маань хүүхэд цэцэрлэгээс авчихаад л өөр хийх зүйлгүй, бүр орондоо ороод сайхан унтаж байдаг болсон. Хүүхэд цэцэрлэгээс авна гэдэг том ажил тул би нэлээд тэсч, орой очиж өөрөө хоолоо хийгээд, бүр түүний өмнө нь зөөж өгдөг болсон гэж байгаа. Тэгэхгүй бол өрөөнөөсөө ч гарахгүй, орондоо л зурагт үзээд хэвтээд байна. Мэдээж, тийм байдалтай удаагүй. Нэг л өдөр хөөгөөд явуулчихсан даа.
Өдгөөгөөс 250 гаруй жилийн тэртээ Швейцарийн алдарт зураач Леотард Жен Этинне “Шоколадны охин” нэртэй уг хөргийг бүтээжээ. Тэрбээр Австрийн Венад зочлох үеэрээ эртний язгууртан айлын залуухан гэрийн үйлчлэгчийн зургийг ийнхүү “амилуулсан” аж. Бүсгүй эзнийхээ захиснаар хөөсөрсөн халуун шоколад, болор аягатай цэвэр ус авч явна. Тухайн үеийн дээдсийн хүрээнийхний дунд гэрийн үйлчлэгч гэдэг нэр томъёо хэдийнэ танил болсон байсан төдийгүй үйлчлэгчийн өмсөх хувцас хунар, хийх ёстой ажил нь хүртэл яв цав тодорхой, тэр ч байтугай язгууртан айлын гэрийн үйлчлэгч байх нь ихээхэн нэр төрийн хэрэг байсан гэдэг. Эл алдартай бүтээл өдгөө Германы Дрезден хотын уран зургийн галерейд хадгалагдаж байдаг.
Т.Батдорж /40 настай, эрэгтэй/
- Манай гэр бүлийн ажилд туслах хүн хэрэгтэй л дээ. Эхнэрийнхээ санаачилснаар удаан эрсний эцэст нэг охин олж гэртээ байлгасан. Ёстой бүтэхгүй юм билээ. Хийсэн хоол нь амт муутай, тэгээд ч гэрт цаг үргэлж нэг гадны хүн дуугарах ч үгүй сүүтэгнээд, бас дээр нь ажилдаа явсан хойгуур хүн авч ирээд байгаа нь мэдэгдсэн. Гадны хүн гэрт байхаар сарын байр, хоолны мөнгө ч хамаагүй илүү гардаг юм билээ. Одоо дахиж гэрийн үйлчлэгч энэ тэр гэж бодохоо ч больсон. Тэгээд ч нэг өдөр хамаг юм ачаад алга болчихож мэдэх улс билээ.
Зарц гэдэг нарийн мэргэжил
Гэрийн үйлчлэгчтэй байж үзсэн хоёрхон хүнтэй уулзахад л ингэж ярьж байна. Манайд нээрээ, гэрийн үйлчлэгч гэдэг нэр саяхнаас л сонсогдох болсон шүү. Өмнө нь үүний оронд зарц гэдэг үг байлаа.
“Зарц, зарц, зарц… Бод доо, энэ үг чихэнд нэг л зэвүүн сонсогдож байгаа биз. Яагаад миний зүрх энэ энгийн үгийг хүлээж авахгүй байна вэ?”… Одоогоос арав гаруй жилийн тэртээ ардчиллын алтан хараацайнуудын нэг, “Хонх” хамтлагийг үүсгэн байгуулагч, нэрт сэтгүүлч, нийтлэлч С.Цогтсайхан “Зарц гэдэг нарийн мэргэжил” нийтлэлдээ ингэж бичиж байжээ.
Мал олонтой, тэр чинээгээрээ хүн хүч хэрэгтэй элбэг хангалуун айлд чаа гэх ямаагүй, туу гэх нохойгүй ядуу дорд ардууд зарцлагдаж, хар бор ажлыг нь хийж өгснийхөө шанд хоногийн хоолоо олж идэж, амь зогоож байсан дүр зураг Монголынх байсан. Хэн хэнийхээ хэрэгцээнд тулгуурлаж, хүн хүнийхээ дэмээр амьдардгийн жишээ. Харин Ардын хувьсгал ялж, эгэл ардууд эрхэм дээдсийг даран гарч ирсэн тэр үеэс зарц гэдэг үг монгол хэлний хамгийн доромж муухай үгийн нэг болж хувирсан. Хурааж хуримтлуулсан эд хөрөнгөтэй, элбэг хангалуун амьдралтай нэгнээ феодал хэмээн харааж, хамаг хөрөнгийг нь хувааж авсан тэр цагаас эхлэн зарцлагдаж байснаас өлсөж үхсэн нь дээр гэх ойлголт ардуудын сэтгэлд бат сууж.
“Хөрөнгө чинээтэй баян хүнийг дайсан адил үзэх хүмүүжлээр бид ертөнцийг харах болжээ. Удам угсаа ч үгүй, угаасаа үгээгүй хоосон ядуу айлд төрсөн хүн бол жинхэнэ сайн гэсэн ойлголтыг сүүлийн 75 жил бидний уураг тархинд мэс заслын аргаар хүчээр суулгаж өгчээ. Мэс засал, хутга засал, магад буу зэвсгийн аргаар тулган хүлээлгэсэн байж болно.
Траншейнд амьдардаг ядарсан эмэгтэй Д гэгч ингэж ярьж байна.
- Ямар ч байсан хүнд зарцлагдахгүй болоод л явна. Гуйлга гуйдаг, хог ухдаг, заримдаа хулгай ч хийнэ. Биеэ үнэлнэ. Гэхдээ үхэж байсан ч айлд зарцлагдахгүй. Зарц болж явснаас эндээ хэвтэж байгаад үхсэн минь дээр.”
С.Цогтсайханы нийтлэл ингэж үргэлжилж байна. Айлын зарц болж хэн нэгэнд тус дэм болохыг гуйлга гуйх, хулгай хийх, биеэ үнэлэх, тэр бүү хэл үхэхээс доогуурт үздэг монгол хүний хэт гэмээр тэнэг бардамналыг аль арваад жилийн өмнө сэтгүүлч нийтлэлээрээ хөндөж байсан ч өнөөг хүртэл энэ ойлголт өөрчлөгдсөнгүй, харин ч улам газар аваад байх шиг. Тиймээс ч айлд гэрийн үйлчлэгч, хүүхэд асрагч хийж байгаагаа үхэн хатан нууж хаахаас аргагүй болдог бололтой. Хэрэв тийм зүйл хийж байгааг нь хэн нэгэн мэдчихвэл ажил хийж байна гэж огтхон ч бодохгүй харин аль болох буруугаар, муу муухайгаар ойлгож хүлээж авдаг байдал тийм ч амархан арилахгүй бололтой.
Ц.О /22 настай, оюутан/
- Би оюутны байранд амьдардаг, оюутан хүн. Хөдөө амьдардаг аав, ээж минь надад тэр бүр мөнгө явуулаад байж чаддаггүй. Тиймээс би яаж ийгээд өөрийгөө тэжээхээс аргагүй болдог. Оюутан хүнд чинь хоол унднаас гадна гайгүйхэн шиг хувцаслах хэрэг гарна. Манай сургуулийн оюутан охидын ганган гэдэг жигтэйхэн шүү дээ. Оюутан хүнд хийх ажил олддоггүй юм билээ. Би удаан хайсны эцэст Улаанбаатарт ажиллаж, амьдардаг нэг герман хүний гэрийг цэвэрлэж байх ажил олсон юм. Уг нь ёстой аятайхан ажил. Өдөр бүр хичээлийнхээ заваар очоод л гэрийг нь цэвэрлэж орхино. Өнөө хүн маань өдрийн цагт дандаа ажилдаа явчихсан байдаг. Бид хоёр ер нь уулзалддаггүй л дээ. Ажил хүнд биш, цэвэрлэгээ хийнэ гэдэг амархан шүү дээ. Тэгээд сарын 100-150 доллар авчихна. Надад ёстой под гээд л явчихна. Би бүр хотын охидоос дутахгүй гоёж гоодож чаддаг болсон гээд л бод доо. Энэ ажлынхаа тухай нэг найз охиндоо хэлчихсэн чинь юу болсон гээч. Одоо намайг сургуулиар нэг хөгшин герман эрд биеэ худалддаг гээд ярьдаг болчихсон. Охид сэм шивнэлдээд, хөвгүүд дөлж давхиад. Ёстой балай юм аа. Бүр энэ ажлаа хийхээ больдог ч юм уу гэж хааяа бодох юм.
О-гийн яриаг сонсоод ёстой хэлэх ч үг олдсонгүй. Хүнд тус болж, тэр чинээгээрээ өөрийгөө болгоод, өнгөтэй өөдтэй ч явж болохгүй Монгол юм уу. Энэ ярианы үеэр нэгэн түүх санаанд орж билээ. Найз охин маань мөн л О-гийн адилаар манай улсад амьдарч байгаа гадаадын иргэний гэрийг цэвэрлэж, сарын 100 америк долларын хөлс авдаг байсан юм. Тэгсээр найз маань өөрөө гадагшаа явах болоод хамаатныхаа нэг эгчийг энэ ажлыг хийх үү гэж асуутал нөхөр нь солиортлоо уурлаж “Би яаж ч байсан ч эхнэрээрээ хөгшин америкийн шалыг угаалгахгүй” гэж ирээд бөөн сүр болж билээ. Үгүй, уг нь түүний эхнэр гэртээ ажилгүй суудаг байсан юм л даа. Хоёр хүүхдээ цэцэрлэгт нь өгчихөөд өдөржин дэмий гэртээ сууж байснаас өдрийн хэдхэн цагийг айлын гэр цэвэрлэхэд зориулаад сар бүр 100 доллар авч байсан бол тэр айлын амьдралд нэмэр болох л байсан байх даа. Нээрээ, сонин сэтгэлгээтэй монголчууд юм аа, бид нар. Хоосон, ядуу, ядарч зовж байгаагаа гайхна. Тэгсэн мөртлөө ажил хийхгүй. Юм л бол голж шилж, болж өгвөл өөрсдөө хүн зарж, дарга хийх санаатай.
Манай улсын хүн амын хэдэн хувь нь тодорхой эрхэлсэн ажилгүй гараа эвхэж суугааг мэдэхгүй, юутай ч өнгөрсөн оны эхний найман сарын байдлаар Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсүүдэд ажил хайж байгаагаа мэдэгдэж 31,9 мянган иргэн хандсан юм байна. Бүртгүүлсэн хүмүүсийн 43,8 хувь нь урьд өмнө ямар нэгэн ажил эрхэлж байсан бол 56,2 хувь нь урьд нь ямар ч ажил эрхэлж үзээгүй, гэрээсээ бараг анх удаа гарч ажил хайж байгаа иргэд байжээ. Бүртгүүлсэн ажилгүй иргэдийн 56,3 хувь нь эмэгтэйчүүд гэнэ.
Ажилгүй иргэдийн 26,1 хувь нь 16-24 насныхан, 31,6 хувь нь 25-34 насных бол 26,8 хувь нь 35-44 насныхан, 15,5 хувь нь 45-60 насныхан байна. Эндээс харахад наад зах нь ид ажил хийх насны 30-аад мянган хүн нартын бор хоногийг хийх, хэлэхээ олж ядан өнгөрөөж байгаа харамсмаар дүр зураг. Гэтэл тэднийг хэн нэгэн боломжийн айлд очоод гэрийн ажилд нь туслаад амьдар гэвэл ёстой хамар нь дуугараад л алга болж өгнө. Ай хөөрхий, яамаар ч юм бэ дээ.
Дэм дэмэндээ туулдаг хорвоо
Хэн нэгэнд туслаад, хэрэг болоод амьдрах юу нь муухай гэж. Хамаг цагаа юм угааж, хоол хийхэд зориулж байснаас илүү ихийг бүтээх чадалтай хүн яагаад үйлчлэгчтэй байж болохгүй гэж.
Яагаад хэнд ч хэрэг болохгүй тэнэж явснаас өрөөлийн итгэлийг хүлээж, хэрэгтэй хүн нь байж болохгүй гэж.
“Өнөөдөр ажилгүй байгаа мянга мянган хүн байна. Тэгвэл ажилдаа түүртээд юм юманд амжихгүй байгаа хүн ч төдий чинээ байна. Яагаад хэн нэгэндээ туслаад, зарцлаад, зарцлагдаад явж болохгүй гэж? Өнөөдөр Америкийн хүн амын 20 орчим хувь нь айлд зарц хийгээд сайхан амьдарч байна. Энэ зарц нар ажлаа хаяад гудамжинд гарвал Америкийн траншейны тоо багадна. Үнэнч зарц байна гэдэг ямар ч нарийн мэргэжлээс илүү ховор нандин мэргэжил. Өрнөдийн жирийн айлын нохой Монголын гуйлгачдаас хэдэн арав дахин илүү амьдарч байна…
Зартай баян эр үхэхдээ зарцынхаа гар дээр нүд аньдаг. Зарцдаа үнэлж баршгүй өв хөрөнгөө үлдээсэн тохиолдол ч байдаг. Авьяас чадалтай, чинээлэг ухаалаг хүнийг хайрлаж, тэр хүний өгөөмөр буян хишгийг хүртсэн хүнийг зарц гэдэг…” Мөн л С.Цогтсайханы нийтлэл үргэлжилж байна.
Аугаа удирдагч Уинстон Черчель хар багаасаа хааяа л үзэгддэг аав, ээж хоёроосоо илүү асрагч эхдээ хайртай байсан түүх бий. Тэр бүр өөрийн орныхоо арын хананд аавынхаа ч биш, ээжийнхээ ч биш, асрагч эхийнхээ зургийг хадсан байдаг нь өнөөдөр хүн төрөлхтөнд тэр асрагч эхийн хэр үнэнч, хэр чухал хүн байсныг нотлоод өгч байна.
У.Шексперийн “Ромео, Жульетта” жүжигт дурлалдаа шатсан Жульетта хайрын нандин нууцаа цор ганцхан асрагч эхдээ л итгэн дэлгэж, бүр түүнийг зуучаар илгээдгийг бид мэднэ. Энэ мэтээр амьдрал дээр ч төрсөн эцэг эхээс илүүтэй итгэл хүлээж, нууцаа дэлгэдэг, элгэнд нь наалдаж сэтгэлээ онгойлгодог эрхэм хүндтэй асрагч эхүүд байдаг. Монгол Улсын төрийн шагналт, гавьяат жүжигчин Намсрайн Сувд эгч дүүсийг өсгөж хүмүүжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн гэх Шар ээж гэдэг эмээгээ нүдэнд харагдтал дүрслэн ярьсан байхыг уншиж билээ. Ажил ихтэй эцэг, эхийн ар талыг бүрэн хариуцаж, үр хүүхдийнх нь өмөг түшиг болж явсан тэр Шар ээж ёстой л сайхан сэтгэлтэй хүн байсан нь тод мэдэгддэг.
Энэ мэтээр ар талын бат найдварын тухай яриад ирэхээр өөрийн эрхгүй итгэлтэй, үнэнч хүн хэр олон байна вэ гэсэн асуулт гарч ирж байгаа юм. Гэтэл өнөөдөр ар гэрээ, нүдний цөцгий мэт хайртай үр хүүхдээ, хамаг нарийн нандинаа даатгачих тийм итгэлтэй хүн байна уу. Мэр сэр бий байх л даа. Гэхдээ л…
Хүүхэд асрагч нь ой гарантай нялх амьтанд нойрсуулах эм их тунгаар өгч өдөржин унтуулчихаад өөрөө зугаалж наргиж явсаар баригдсан түүхийг бид мэднэ. Хэнэггүй асрагч хүний бяцхан үрд шагай асгаж өгчихөөд хаалгыг нь хаагаад алга болчихсон хойгуур тэр нялх амандаа шагай хийж хахаад тусламж авч чадалгүй бурханы орон руу буцсан жишээ бий. Гэрийн үйлчлэгч нь гэж итгэлийг нь олж авчихаад нэг л өдөр эзгүйчлэн хамаг эд хогшлыг нь өөрийнх мэт ачаад явчихсан хорон сэтгэлтний тухай сонсож л байсан. Энэ мэтээр үүрэг хариуцлага, итгэл найдвар гэгчийг өчүүхэн ч мэддэггүй хүмүүсийн “хүчээр” гэрийн үйлчлэгч гэдэг нэр болгоомж дагуулж байна.
Итгэл даах хүний тухай яриа
Өнөөгийн монгол хүн өрөөлийг биш зөвхөн өөрийгөө бодож амьдардаг болсны гашуун жишээ бол итгэл даах чадвартай хүнийг эрж сураад сүйд болж байгаагаар харагдаж байна. Итгэл даана гэдэг үгээр ч бүрэн илэрхийлэхийн аргагүй сэтгэлийн үнэт зүйл. “Хүн надад итгэж байхад би ингэж болохгүй шүү…” гэсэн нэг тийм, юу ч гэмээр юм бэ дээ, хүний сэтгэлд байдаг бат нот бодол “ За яадаг юм, ганцхан л удаа…” гэсэн ганхалтаар солигдох л юм бол итгэх сэтгэлийг сэвтээлээ л гэсэн үг.
О.Бат-Эрдэнэ /42 настай/
- Одоо хүн хүнд итгэхэд хэцүү болсон цаг шүү дээ. Хэнийг нь ч мэдэхгүй гадны хүн олж ирээд гэрийнхээ хамаг юмыг даатгаад орхиж болохгүй ээ. Хөдөөний, томоотой охин гээд олоод ирэхээр юу ч хийж чадахгүй, арай гайгүй шиг сэргэлэн гэхээр юу ч хийхээс буцахгүй болчихсон охид л байх юм. Өөрийн хамаатан садангийн хүнийг гэртээ байлгаад аар саар ажилд туслуулъя гэхээр тус биш ус болох нь их. Байсхийгээд л ийм ч юм, тийм ч юм гээд гуйлга гуйна, сэмхэн бас цааш нь хийнэ. Өөрөө өөртөө найдаад л явахаас өөр аргагүй.
Монгол хүн хүний итгэлийг дааж чадахгүй байгаа тул манай зарим баячууд гаднаас зарц авч ирдэг болсон юм байх аа. Монгол хүн гэрийн үйлчлэгч хийвэл сайндаа л 100 мянган төгрөгийн цалин авдаг бол Зүүн өмнөд Азиас ирсэн филиппин, индонез үйлчлэгч нар 500 америк доллараас бууддаггүй цалинтай гэнэ. Тэднийг үнэ цохиж ажиллуулдаг “Шинэ монголчуудын” тухай мэдээлэл байна. Яагаад монгол хүн ийнхүү үнэгүйдэж, харь хүнийг хаа холоос эрж сурч авч ирээд, хамаг юмаа даатгана вэ гээд бодохоор ажлын чадвараас илүүтэй итгэл даах чанар гэж нэг чухал зүйл бий бололтой.
Хүмүүс яагаад бие биедээ итгэхээ болив, бас яагаад итгэл даачих хүн олдохоо болив?
Иргэншлийн ялгаа
Бидний сэтгэхүйд гүн бат сууж өгсөн “Баян, чинээлэг хүнд зарцлагдахгүй” гэсэн бодол баялаг бүтээж, тав тухтай амьдарч яваа нэгнийгээ нүд үзүүрлэхэд хүргэсээр. Хүн гэдэг амьтан уг нь хөдөлмөрлөж, бүтээж, туурвиж түүнийхээ үр шимийг хүртэж, амьдралаас аль сайхныг нь амталж, мэдэрч амьдрах учиртай юм. Авьяас, чадалтай олон хүн ар гэрийн аар саархан ажилд нухлуулж алтан сайхан цагаа үрж байхад бурхан нэгэнт хар бор ажил хийгээд амь амьдралаа залгуулж яваарай гээд илгээсэн нэг нь “Аа, би үхсэн ч зарц хийхгүй” гээд өлсөж суух. Энд бас л өнөө бидний иргэншиж чадаагүйн гай харагдаад байгаа юм. Гэтэл Хонконгийн нэгэн том дүүрэгт байдаг барааны захын байнгын үйлчлүүлэгчид нь дан филиппин авгайчууд байдаг гэнэ. Филипинчүүд англи хэлтэй болохоор дэлхийн аль ч улс оронд очсон ойлголцоод байдаг давуу талаа ашиглаж гэрийн үйлчлэгч “экспортолдог”. Хонконгод олноороо гэрийн үйлчлэгч хийж байгаа филиппин авгайчууд худалдан авах чадвар сайтай байдаг нь ийнхүү тэдний амралтын өдөрт зориулж бүхэл бүтэн зах нээхэд хүргэсэн байна. Ер нь бол манайд л ойлгодоггүйгээс бусад улс оронд гэрийн үйлчлэгч, хүүхэд асрагчийг нарийн мэргэжил гэж үзэн, тэднийг бэлтгэдэг сургууль хүртэл байгуулан, зарим төгсөгчид асар их үнэ хүрдэг жишиг тогтоод олон зууныг үдэж байна. Жишээлбэл Англид “Nanny” буюу хүүхэд хүмүүжүүлэгч нарыг бэлтгэдэг алдартай сургууль байдаг. Энэ сургуулийг төгссөн Nanny үнэд орох гэж жигтэйхэн. Тэр ч байтугай Европын олон оронд гардаг “Super Nanny” нэртэй телевизийн шоу нь маш олон үзэгчтэй. Хүүхдээ хүмүүжүүлж дийлэхээ байсан эцэг эх “Super Nanny”-д хандаж, Nanny хүүхдийг нь телевизийн дурангийн өмнө “сайн хүүхэд” болгон хүмүүжүүлж чаддаг. Энэ мэтээр “болдоггүй” хүүхдийг ч хүмүүжүүлж чадах их чадварыг хүүхэд асрагч нар эзэмшиж чаддаг байна.
Германд гэрийн ажилд тусалдаг хүмүүсийг гэрийн туслагч, гэрт ажилладаг хүн, гэрийн охин, бүр “Сувд” ч гэж нэрлэх нь бий. Гэрийн үйлчлэгч гэдэг өөрийнхөө гэрт хийдэг ажлыг л бусдын гэрт хийдэг хүн бөгөөд хүүхэд хүмүүжүүлэх, өвчтэй болон настай хүн асрах, хөгжлийн бэрхшээлтэй хүнд туслах, гэрийн тэжээвэр амьтдыг арчлах зэрэг ажлыг албан ёсоор ажил гэж үзэн улсын бүртгэлд авдаг байна.
Герман руу гэрийн үйлчлэгч зуучилна гэсэн зар та хаа нэгтээ сонсож л байсан байх. Тус улсад нэг жилийн хугацаатай айлд гэрийн үйлчлэгч хийж, дээр нь хэлний мэдлэгээ нэмэгдүүлж, Европын соёлоос бага ч атугай суралцаад ирэх боломжийг тус улсын “Au pair” охины алба хариуцдаг. “Au pair” охин гэдэг нь гэрийн үйлчлэгч гэсэн үг л дээ. Монголоос гадна Азийн бусад улс орнуудаас ч тэд “ажиллах хүчин”-ээ зуучилдаг юм билээ. Мэдээж Германд очиход нь тухайн хүний амьдрах байр, ажлын тав тухтай нөхцөлийг нь хангасан нэлээн нарийн гэрээ байгуулдаг. Цалин өгч, байр хоолоор үнэгүй хангаж, тэр ч байтугай гэрийн үйлчлэгчийнхээ ажилласан хугацаан дахь эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг төлдөг жишиг хүртэл байдаг гэнэ.
Иргэншсэн орнуудад бүх ажил өөрийн гэсэн ном дүрэм, дэг жаягтай. Тухайлбал, хувцас угаахад:
1. Хувцсыг будаг гардаг, үгүйгээр нь ялгана.
2. Хувцсан дээрх угаах зааврыг харах
3. Угаалгын машиныг аль болох заасан хэмжээнийх нь дагуу дүүргэнэ
4. Угаах хувцасны төрлөөс болоод угаалгын савангаа тохируулна
5. Аль болох бага температурт угаана. 30-40 градуст, Орны даавуу гэх мэт цагаан болон өнгөт хэрэглэлийг, эсвэл өвчтэй хүний хэрэглэлийг 60 градусын халуун усанд угаана.
6. Угаалгын машинаас хувцсаа гаргаад аль болох халаалтгүй өрөөнд хатаана. Хэт хатвал индүүдэхэд үрчлээ нь гарахгүй. Тиймээс чийгтэй дээр нь индүүдээрэй гэж бүр нэг бүрчлэн зааж өгдөг байна.
Мөн гэрт байгаа хүн бүрийн заавал биелүүлэх ёстой зургаан алтан дүрмийг гэрийн үйлчлэгч нарт эхний өдөр хэлж өгдөг гэнэ.
1. Хэрэв юм авбал буцааж тавь
2. Хэрэв онгойлговол хаа
3. Хэрэв унагавал босго
4. Өлгүүрээс авсан бол буцааж өлгө
5. Худалдан авах зүйлээ дор нь тэмдэглэ
6. Эвдэрхий юмаа 7 хоногийн дотор зас
Иргэншсэн амьдрал ийм л байдаг аж. Гэтэл манайханд тогтож хэвшсэн дүрэм журам гэж юу ч алга. Өдөр тутмын амьдралдаа дүрэм журмыг мөрдлөг болгох нь бүү хэл, Үндсэн хуулиар олгогдсон эрхээ ч мэдэхгүй. Улаан цайм улаан гэрлээр гараад явчихна, итгэл хүлээлгээд ажилд авчихвал ажлаа сайн хийхээсээ өмнө хувьдаа яаж завшихаа л бодно.
Х.Батсүрэн /42 настай/
- Бид ерөөсөө хамтарч ажиллаж, амьдарч сураагүй ард түмэн юм. Тиймээс л нэгэндээ тус болоод, өөрийнхөө амьдралд өөрчлөлт хийгээд амьдарч чадахгүй байна. Энэ бүхэн хүмүүжил, ёс суртахуунтай холбоотой л доо. Олон хүүхэдтэй, ядарсан айлын хүүхэд болж төрөөд, хар багаасаа амьдралын амт гэж юу байдгийг мэдэлгүй өссөн хүн уг нь нэг аятайхан айлд үйлчлэгч хийгээд, хүнд ч тус болоод, амьдралдаа ч нэмэр болоод явбал аштай юу. Хажуугаар нь өөр амьдрал үзээд, ядахдаа насандаа ч амсаж үзээгүй хоол хийгээд сурчихвал өөрт нь л хэрэгтэй шүү дээ. Гэтэл манайхан тэгж чадахгүй юм. Гэртээ аваад ирэхээр юу ч хийж чадахгүй, заагаад заагаад сурахгүй. Цахилгаан хэрэгсэлтэй харьцаж чадахгүй, айхгүй юмнаас айж бэргээд, асууж зөвлөж ч чадахгүй. За тэгээд, жаахан тэсээд, удаан байчих юм бол архаг болоод, гэрийн юмнаас хумслаад эхэлнэ. Би бүр харамсаад байдаг юм. Хүмүүс нэг газраа сайн ажиллаж, үр шимийг нь үзье гэхээсээ илүү яаж хувьдаа ашиглах вэ л гэж бодох болж. Ямар ч ажлыг чин сэтгэлээсээ хийж чаддаг хүн сайхан амьдарна Ийнхүү бид тус дэмийг нь авчих, чин сэтгэлтэй, итгэл даах хүний эрэлд гарч, ашгүй нэг эмэгтэйг оллоо. 37 настай, Одноо гэдэг энэ эмэгтэй хүмүүсийн хүсэлтээр очиж гэрийг нь цэвэрлэдэг гэнэ. Түүн рүү утас цохиж, нийтлэлдээ тус болохыг хүссэнд уриалгахан хүлээж аваад редакцид маань ирж ярилцлага өгснийг хүргэж байна.
- Таныг дуудлагаар очиж айлын гэр цэвэрлэдэг гэж сонслоо л доо?
- Тийм ээ, гэхдээ үргэлж биш. Улирлын чанартай ажил гэх юм уу даа. Жишээлбэл, хавар болоод айлууд цонхоо угаах болохдоо туслалцаа хүсч дуудах нь бий. Зарим нь баяр ёслолын үеэр дууддаг.
- Та ийм ажлыг хэзээнээс хийх болов?
- Би уг нь сувилагч хүн. Зах зээл эхэлсний дараа ганзагын наймаанд ч явж үзсэн. 2002 оноос хойш нэгэн томоохон компанид үйлчлэгчийн ажил хийдэг болсон юм. Тэр үед тухайн компанийн зарим нэг хүн ар гэрийнхээ ажилд туслахыг хүсдэг байсан. Ажил ихтэй тэдний хувьд гэрийнх нь ажилд туслах хүн хэрэгтэй байдаг. Үйлчлэгчийн цалин хэд билээ, тиймээс ч би тэдний саналыг хүлээн авч, ажлынхаа завсар чөлөөгөөр гэрийн ажилд нь тусалдаг байлаа. Нэг ёсондоо ажлынхаа хажуугаар халтуур хийж байна гэсэн үг юм л даа. Тэдэнд туслаад тодорхой хөлс авч байгаагаараа. Гэхдээ би ажлаа халтуурдаж хийж байгаагүй ээ. Хүн нэгэнт надад итгээд туслалцаа хүсч байхад би чин сэтгэлээсээ хийхийг хичээдэг.
- Ийм ажил хийлгэж, хийнэ гэдэг асар их итгэлцэл шаарддаг байх гэж бодож байна?
- Тэгэлгүй яахав. Би хэрэв итгэмжтэй хүн биш байсан бол тэд намайг дуудахгүй шүү дээ. Манай компани олон үйлчлэгчтэй байсан. Тэдэн дундаас намайг сонгон туслалцаа хүсч байна гэдэг надад итгэж байгаагийн шинж шүү дээ. Би УИХ-ын гишүүний гэрийг ч очиж цэвэрлэж байсан. Хэрэв би итгэмжтэй хүн биш байсан бол тэдний хоёр давхар хауст аваад гарчихаар жижиг сажиг зүйлс зөндөө байсан. Тэр хүмүүс гэрээ цэвэрлүүлэх гэж дуудчихаад намайг манаач шиг дагаад байж чадахгүй шүү дээ. Итгэл даах, итгэмжтэй гэж яриад байгаагийн учир нь би христчин. Христэд итгэдэг хүмүүс бурханы өмнө гэм нүгэл хийхгүй гэдгээ сайн мэддэг, хүний итгэлийг алдахаас эмээдэг.
- Манайханд хүний гэр цэвэрлэх, хүүхэд харах гэх мэт ажил хийхийг муухай гэж боддог, үхэж байсан ч айлд зарцлагдахгүй гэсэн сэтгэхүйтэй хүмүүс олон байх шиг санагдах юм?
- Айлд зарцлагдахгүй гээд өлсөөд, гараа хумхиад суудаг хүн байвал тэр өөрийнх нь хэрэг байх. Гэхдээ би хувьдаа ингэж боддог юм. Хүн болгон л бие биенийхээ төлөө ажиллаж, амьдардаг шүү дээ. Өнөөдөр Монголд хүн хийе л гэвэл ажил олдоно оо. Хамгийн гол нь тэр ажлыг чин сэтгэлээсээ л хийх хэрэгтэй. Би оюуны хөдөлмөр эрхэлж чадахгүй бол яагаад биеийн хүчээр хоолоо олж идэж болохгүй гэж. Сэтгэл гаргаж, өөрийнхөө хөдөлмөрөөр олж идсэн хоол минь амттай шүү дээ. Ажил ихтэй, ар гэрийн ажилд нь тусламж хэрэгтэй олон эмэгтэй байна. Гэтэл өнөөдөр 35-аас дээш насны эмэгтэйчүүдийг ажилд авахаа бараг больчихоод байна. Дөч дөнгөж гарсан, хөнгөн шингэн эмэгтэйчүүд олон хүүхэдтэйгээрээ эрт тэтгэвэртээ сууж байна. Тэд яагаад айлын итгэл хүлээж, гэрийг нь цэвэрлээд өөрсдийнхөө амьжиргаанд хэрэг болоод явж болохгүй гэж.
- Таныг ийм ажил хийдэг гэж ар гэрийнхэн чинь юм уу, найз нөхөд чинь таагүй хандлага үзүүлж байв уу?
- Үгүй дээ. Нөхөр маань эсэргүүцэж байгаагүй.
- Ийм ажил хийдэг хүмүүс ямар чадвар эзэмшсэн байх ёстой вэ?
- Хүн ер нь өөртөө итгэлтэй, хувийн соёлтой байх ёстой. Айлд ороод гутлаа тайлахад л эвгүй үнэр ханхалдаг бол хэцүү шүү дээ. Хүний итгэлийг даах ёстой. Би өөрийгөө зарцын үүднээс авч үзэхгүй, хүний юм гэж бодохгүй өөриймсөг хандаж, цэвэрлээд явсны дараа өнөө хүнд маань “Энийг ч нэг цэвэрлүүлчих байж дээ” гэсэн бодол төрөхгүй, би ч хийсэн ажилдаа сэтгэл хангалуун байвал сайхан. Ажил ихтэй хүн бол гэрээ бараг нэг, хоёр долоо хоногтоо л нэг удаа дуудаж цэвэрлүүлдэг. Миний хийх цэвэрлэгээ бол энэ айлын хувьд ойрд хийгээгүй их цэвэрлэгээ л гэсэн үг. Тиймээс тэр гэрийг айл ямар байх ёстой тэр хэмжээнд очтол сайн цэвэрлэх л хэрэгтэй. Тэгэхдээ бас хэт удаад, хэдхэн цагт цэвэрлэчих зүйлийг бүтэн өдөржингөө болоод л, тэгж ингээд байж болохгүй шүү дээ. Даалгаад өгсөн ажлыг нь чин сэтгэлээсээ л хийх хэрэгтэй. Хүн ер нь ажлаа чин сэтгэлээсээ хийдэг хүнийг адлаад, янз бүр болоод байдаггүй юм шүү дээ.
- Итгэл даах чанар, чин сэтгэлээсээ ажиллах чадвар зэрэг хүний хүмүүжилтэй холбоотой байдаг шиг санагддаг. Таны энэ чанар эцэг, эхээс уламжлагдсан уу?
- Би ам бүл 10-лаа, өнөр өтгөн гэр бүлд төрсөн. Ээж минь их нямбай, юмыг сайхан цэвэрлэж, угаадаг хүн байсан. Гэхдээ аав, ээж минь эрт өнгөрсөн дөө. Миний хэдэн эгч бас их сайн цэвэрлэдэг, угааж арчдаг хүмүүс байдаг юм шүү.
- Уншигчдаас маань тань руу утасдаад гэрээ цэвэрлүүлэх хүсэлт тавибал хүлээж авах уу?
- Болно оо. Би танай редакцид гар утасныхаа дугаарыг үлдээе. Би одоо нийгмийн ухааны чиглэлээр суралцаж байгаа болохоор цаг заваа тохирч байгаад дуртайяа очиж болно.
За ямар ч гэсэн Одноо шиг ажлыг гололгүй, чин сэтгэлээсээ хийж чаддаг, хүн хүндээ тус дэм болж амьдрах хорвоо гэдгийг ойлгодог хүн байгаа л юм байна. Нийтлэлийн маань гол зорилго хамтарч ажиллаж, амьдарч, бие биедээ дэм болж туулах энэ хорвоод үхсэн ч зарц хийхгүй гээд өлсөж суулгүй, таны тус хэрэгтэй байгаа тэр хүмүүст чин сэтгэлээсэй тус болж, өөрийнхөө амьдралд ч ач тусыг нь мэдэрч явах олон хүн байгаасай. Бас нийгэмд зайлшгүй тулгараад байгаа гэрийн сайн үйлчлэгч бэлтгэх сургууль, сүлжээ ч байгуулагдаасай. Их ажлынхаа хажуугаар хүүхдээ цэцэрлэгээс авна гэж сандчихгүй, орой үдшийн цагийг орон гэрийн жижиг сажиг ажилд алдахгүй, бие биедээ дэм болж, илүү аз жаргалтай, итгэж, найдаж амьдаръя л даа.