Философи гэдэг “аймаар” нэртэй хичээлийн шалгалтаа өгчихөөд гараад ирлээ. Яагаад ч юм аль багаас л философи гэхээр өргөж даахгүй шахам зузаан хавтастай, том том номнуудад гардаг шиг урт сахалтай, арзайсан үстэй, “аймаар” царайтай өвөөнүүд нүдэнд харагдаад байдаг байж билээ.   Шалгалтын ангиас гарч ирээд ёстой “Саяных юу байсан бэ?” гэмээр болж байдаг шүү. Хичээл, ажил гэсээр байгаад философийн ном битгий хэл худалч хүнд “салгамаа”-даа ирсэн мэссэжээ ч уншиж амжихгүй гүйж байгаад шалгалтандаа орчихсон хэрэг. “Салгамаа” гэснээс, тэр бол миний гар утас. Хаяж, үрэгдүүлж, гээсээр, тэр болгонд чанар нь дахин муудсаар байгаад сүүлдээ дуудлагаа хурдан авахгүй бол салаад уначих вий гэмээр утастай болсон шүү дээ. Станц хүртэл хажууд нь тансаг хэрэглээ гэсэн үг. Яахав, хүний өмнө гаргахад халуухан ч, кармандаа хийгээд явахад сэтгэл амар эд дээ.
 
  Ядаж байхад философийн лекцний цагаар хөөрхий салга найз маань ачаалаад ёстой үйлээ үзнэ. “bagshiin hiimel shud n salj unalaa haha”, “seminaraa beldegu yanaa, belen yum bn u?”, “Ulschinaa, dood davhraas hool unerteed bn u da hehe” гэх мэт мэссэж цуварна. “...изм, ...изм, дахин ...изм” хичээлийн лекц үнэндээ жоохон уйтгартай ч семинар бол дэндүү гоё орно. Багш нь мэдлэгтэй, чадалтай. Дээр нь авьяастай. Тэр нь юу вэ гэхээр Өнөрөө багш яаж ийж байгаад л оюутнуудын семинарт бэлдсэн бэлдээгүйг алган дээрээ тавиад харж байгаа юм шиг тодорхой гаргаад ирэхийг нь яана аа.
 
  Уржигдар нөгөө “алдарт практиктаа тулгуурлаад” мэддэг хүн шиг гацахгүй дуржигнуулж байв. Ангийнхан ч тийм сайн уншаагүй бололтой. Намайг яг таг мэдэж байгааг гайхсан янзтай, багшийн яриа сонсч байгаа юм шиг анхааралтай сууцгааж байв. Би ч дүрдээ итгээд европын сэргэн мандалтын үед оччихсон, өөрийгөө хиймэл үс, бөмбөгөр хормойтой даашинзаар гоёод л хальж өгч байв. Гэтэл Галилей хүрээд 5 минут болоогүй байтал уншсан сэдэв дуусчихав. Болохоо байлаа. Тэгэнгүүтээ “Сэргэн мандалтын үе бол дэлхий дахины хөгжилд маш чухал ач холбогдолтой үе юм. Гэхдээ миний бодлоор бол ...” гээд л баахан мөрөөдлөө ярьж ярьж, “За багш аа, дуусчихлаа” гээд нэг их өөртөө итгэлтэй хүн суудалдаа суув. Залуухан хэрнээ шаггүй туршлагатай багш маань инээмсэглээд “Эхний хэсгээ сайн бэлджээ. Харин сүүл хэсэгтээ Ануизм болчих шиг боллоо доо” гээд тал оноо тавьлаа.
 
  Ингээд хараад байхад хөгшин багш нар л туршлагатай, сайн, мэдлэгтэй байдаггүй юм байна. Яг үнэндээ багш нарын хувьд эзэмшсэн мэдлэг нь чухал ч гэсэн оюутнууддаа хүрч, тэдэнд мэдрэгдэж хичээл заадаг байх гэдэг тэрнээс дутуугүй чухал зүйл. Хараад байхад манай ихэнх багш нар энэ тал дээрээ сул анхаардаг.
 
  Оюутнууд хичээлийг нь анхаарахгүй байхаас өөр аргагүй, сонирхолтой заадаг багш нар зөндөө байдаг. Манайд сэтгэл судлалын хичээлийг яг тийм багш заадаг байв. Хичээл таслаад сургуулиасаа хөөгдөх шахсан нэг охин хүртэл “Сэтгэл судлалтай болохоор л ирлээ. Өнөөдөр юу заах бол?” гэсээр хүрээд ирнэ. Лекцэнд хэдхэн минут хоцроод ороход урдуур суудал пиг болчихсон, хойгуур эвдэрхий сандал олдвол их юм болно шүү дээ.
 
  Харин одоо бол философийн семинараа бэлдэх гэдэг манай ангийхны гол ажил болчихоод байгаа. Сонирхолтой, шударга өрсөлдөөнтэй, багш нь цоглог болохоор оюутнууд дор бүрнээ л нэг ном ширтээстэй, ...изм, ...изм цээжлээстэй. Хамгийн гол нь түүндээ дуртай. Энэ байдлаараа хэт гүнзгийрвэл манай охид хонины сүүлэн сахалгүй л болохоос нөгөө өвөө нараас ялгарахгүй болох нь холгүй байна дөө.