2000-2006 он: Үл хөдлөх хөрөнгийн үнэ улам бүр өссөөр. Байрны үнэ нь өссөн хэрэглэгчид үүнээ ашиглан улам их зээл авч, машин, тавилга гэх мэтээр хэрэглээний мөрөөдлөө биелүүлцгээж эхлэв. Үл хөдлөх хөрөнгийн үнэ өсөж, хүү тогтмол байхад бол энэ бүхэн хэвийн явагдсаар л байв. Банкууд Subprime-зээлээ багцлан дэлхий даяар хөрөнгө оруулагчдад худалдаалж эхэлснээр найдваргүй зээлүүд ч худалдагдаж тэр нь бас цаашаа дам зарагдаж эхэлжээ. Хэн ч үүний учрыг олохоо больж үнэлгээний агентлагууд ч дээд зэргийн үнэлгээ AAA өгч байв. Зээлийн баримтуудыг дэлхийн газар сайгүй худалдан авцгааж байлаа.
2007 оны эхэн: Төлбөрийн чадвар муутай Америкчууд ипотекийн зээлээ буцаан төлж чадахгүй болж ирцгээлээ. Зээллэг үнэ цэнээ алдан Subprime-хямрал эхлэв.
2007 оны 3-р сар: “Зээлийн хүндрэл байгаа, гэхдээ энэ нь хязгаарлагдмал” гэж АНУ-ын сангийн сайд Хенри Паулсон тайлбарлав.
2007 оны 7-р сар: Ипотекийн хямралд өртсөн банкуудын алдагдал Европт ч тэрбумаар тоологдож эхлэв.
2007 оны 8-р сарын дундуур: Хямралаас айсан төв банкууд мөнгийг зах зээлд их хэмжээгээр нийлүүлж гарлаа. Европын Төв банк 95 тэрбум Еврог гүйлгээнд оруулж, банкуудын өдөр тутмын гүйлгээнд өгдөг зээлийн хүүгээ бууруулав.
2007 оны намар, өвөл: Бараг л бүх банкууд муу зээлээ хэдэн тэрбумаар нь алдагдалд оруулан хорогдолд тооцож эхлэв.
2008 оны 1-р сарын 21: Франкфуртын биржийн индекс огцом унав. АНУ-ын нөөцийн банк бодлогын хүүгээ эрс буурууллаа.
2008 оны 3-р сарын 17: Wall-Street-ийн нэр хүндтэй, эртний таван банкны нэг болох Bear Stearns дампуурахад тулснаа зарлалаа. 2007 оны 4-р улиралд тус банк 200 тэрбум доллар балансаас хасахаар боллоо. Өрсөлдөгч JP Morgan Chase болон АНУ-ын нөөцийн банк түүнийг аврав. Холбооны нөөцийн банкны захирал Бен Бернанке „Bear Stearns банкийг санхүүжүүлсэн нь бидний хувьд онцгой ганц тохиолдол. Урьд нь ингэж байсангүй, цаашид ч ийм явдал давтагдахгүй” гэж мэдэгдэв.
2008 3-р сарын 18: Хөрөнгө оруулалтын Lehman Brothers банк мөн дампуурч магадгүй гэж шуугиан гарснаас банкны хувьцааны ханш эрс унаж, арай чуу дэнжигнэн үлдэв. Германы төв банкны ерөнхийлөгч Жозеф Акерманн „Зах зээл өөрийгөө зохицуулна гэдэгт би итгэхээ байлаа” гэж мэдэгдэв.
2008 4-р сар: АНУ-ын хөрөнгө оруулалтын Goldman Sachs банкны ерөнхийлөгч Ллойд Блэкфайн „Бид санхүүгийн хямралын төгсгөлд ойртлоо” хэмээн мэдэгдэв.
2008 оны 5-р сар: АНУ-ын сангийн сайд Хенри Паулсон „Хамгийн хүнд үеээ бид давчих шиг боллоо” гэлээ.
2008 оны 7-р сарын 3: Европын төв банк бодлогын хүүгээ 0,25 хувиар өсгөсөн нь төв банкны хамгийн том алдаа хэмээн түүхэнд орох болжээ. Төв банкны ерөнхийлөгч Жан-Клод Тричет үүнийгээ инфляци өсөх аюулаас болгомжилж хэмээн тайлбарлав.
2008 оны 7-р сарын 10: Америкийн ипотекийн банк IndyMac хаагдав. Өрөнд орсон 400000 байрны эзэд Сенатаас гарах хуулиар хөнгөлөгдөх горьдлого тээн үлдлээ.
2008 оны 7-8-р сар: Баррель газрын тос 146 доллар болж өссөн нь эдийн засагт дарамт үзүүлж эхэллээ. Гэвч 12-р сар гэхэд 73%-иар унаж 40 доллар болов.
2008 оны 8-р сарын 23: АНУ-ын нобелийн шагналт эдийн засагч Жозеф Стиглитц арга хэмжээ авсан үр дүн 6-18 сарын дараа л харагдаж эхэлдэг тул Герман зэрэг оронд яаралтай эдийн засгаа дэмжих бодлого явуулахыг сануулав. Тэрээр „Хямрал наад зах нь 2010 оны эхэн хүртэл үргэлжлэх байх. Дэлхий даяар хүлээх алдагдал Их наядаас давж гарна” хэмээн мэдэгдэв.
2008 оны 9-р сарын 8: Америкийн барилга санхүүжүүлэгч хамгийн том 2 компани болох Fannie Mae болон Freddie Mac бараг дампуурахдаа тулав. Санхүүгийн зах зээлд савлалт гаргахгүйн тулд засгийн газар хяналтандаа авлаа хэмээн сангийн сайд Паулсон мэдэгдэв.
2008 оны 9-р сарын 15: АНУ-аас аюулын дохио ар араасаа гарч эхэллээ. Lehman Brothers дампуурч, өрсөлдөгч Merrill Lynch нь Bank of America банкны ивгээлд шурган оров.
2008 оны 9-р сарын 22: Wall Street-ийн хувьд нэгэн үе дуусаж, Нью Йоркийн аварга том хөрөнгө оруулалтын банкууд гэж байхгүй боллоо. Goldman Sachs ба Morgan Stanley банкууд ч уламжлалт бизнесээсээ татгалзан ердийн арилжааны банкууд болж хувирав. Bear Stearns банкийг JP Morgan Chase корпорац худалдан авч, Lehman Brothers төлбөрийн чадваргүй болсноо зарлаж, өрсөлдөгч Merrill Lynch нь Bank of America банкны ивгээлд шурган оров.
2008 оны 10-р сарын 3: АНУ-ын төлөөлөгчдийн танхим удаан хэлэлцсэний эцэст засгийн газрын тусламжийн 700-тэрбум долларын хөтөлбөрийг баталснаар урьд өмнө байгаагүй томоохон арга хэмжээ хэрэгжихээр болов.
2008 оны 10-р сарын 13: Германы Засгийн газар 500 тэрбум еврогийн хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо. Банкуудад туслах 3 гол арга хэмжээ авсан ба энэ нь зээлийн баталгааг гаргаж өгснөөр банкууд харилцан мөнгө зээлэх боломжтой болж, эрсдэлтэй хэсгийг засгийн газар хүлээн авч, банкуудыг өөрийн хөрөнгөө ихэсгэхэд туслав.
2008 оны 11-р сарын 28: Тэрбумаар нь алдагдал хүлээж байсан Шотландын хуучны алдартай Royal Bank of Scotland (RBS) банкин дахь хөрөнгө оруулалтаа Их британий засгийн газар ихэсгэж 68% болгов.
2008 оны 12-р сарын 16: АНУ-ын нөөцийн банк эцсийн арга хэмжээгээ авч, бодлогын хүүгээ 0-0,25% болгож буурууллаа. Ингэснээр банкууд бараг зүгээр шахуу мөнгөжих боломжтой болов.
2009 оны 2-р сарын 19: Барак Обама эдийн засгаа дэмжих зориулалтаар 790 тэрбум долларын эрхээ конгрессоос авлаа. Гэхдээ АНУ-ын загийн газрын өр ч ихээр өслөө.
2009 оны 3-р сарын 23: АНУ-ын сангийн сайд Гейтнер банкуудыг аврах төлөвлөгөөгөө танилцууллаа. Хувийн хөрөнгө оруулагчидтай хамтран нэг Их наяд долларын муу зээлийг худалдан авахаар болов. Санхүүгийн зах зээл эерэгээр угтав. Нефьтийн үнэ өсч баррель нь 70 доллар хүрлээ.
2009 оны 4-р сарын 3: ИХ- 20-ийн уулзалт дээр төр засгийн тэргүүнүүд санхүүгийн хяналтын механизм бий болгохоор тохиролцоцгоолоо. Сайхан санаа боловч хэрэгжинэ гэдэгт мэргэжилтнүүд эргэлзсээр.
2009 оны 6-р сарын 4: Зах зээлийг идэвхжүүлэхийн тулд Европын төв банк өөрийн түүхэндээ анх удаа өрийн бичиг худалдан авав.
2009 оны 8-р сар: Томоохон банкууд хэдэн тэрбумын ашигтай ажилласнаа зарлаж эхэллээ.