Эдийн засаг дахь урт долгион гэж нэг ойлголт байна. Би ямар эдийн засагч биш, ядаж эдийн засагч хочтой ч биш. Сайн мэдэхгүй юм. Гэхдээ бардаагаар ойлговол эдийн засгийн өсөлт уруудалтыг олон жилийн турш ажиглавал урт хугацаанд тодорхой үечлэлээр давтагддаг зүй тогтолтой болохыг олж тогтоож болдог болтой юм. XX зууны эхээр нэгэн орос эрдэмтэн (Хэрвээ би эндүүрээгүй бол Кондратьев байх) үүнийг судалж, статистик мэдээллүүдийг нэгтгэн дүгнээд 1929 онд эхэлсэн дэлхийн эдийн засгийн хямралыг урьдчилан хэлж байсан ажээ. Гэвч дараахан нь Зөвлөлтийн эдийн засгийг шүүмжилсэн хэргээр баригдаж, Сталины шүүхээр орж эсэргүү болоод буудуулсан байна. Гэхдээ оросууд л өөрсдийгөө илүү их сурталчилж байгаа болохоос олон л эрдэмтэн мэргэд үүнийг судалдаг байх.
Философийн Цэрэн багш нэг өдөр надад нэг ном гайхуулаад орж ирлээ. Нэр нь “Длинная волна в экономике”. 1980 –аад оны сүүлээр бичигдсэн, өнөөгийн нийгэмд тархсан үзэл бодлоор бол хоцрогдсон, социализмын үзэл суртал шингэсэн ном л доо. Гэхдээ үзэл суртлыг нь хасаад гол санааг нь ухвал тун ч сонирхолтой. Цэрэн багш хэлж байна, Би энэ номыг хэд, хэдэн эдийн засагчдад үзүүллээ, хэн ч тоохгүй байна, хог дээр аваачиж хая гэж арай л хэлэхгүй байна, Хашчулуунд аваачиж үзүүллээ, бас л нэг их тоохгүй байна, гэлээ. Цэрэн багш их өвөрмөц хоббитой, ном цуглуулдаг “өвчтэй”. Ид залуудаа цуглуулсан гоё гоё номнуудаа хэрэгтэй хүнд нь үзүүлж хэрэг болсонд нь ашиглуулдаг, эрдэм түгээгч, мэдлэг дамжуулагчдын нэг. Тэр хүн яав ч дэмий нэг хэрэггүй ном барьж яваагүй. Надад сонирхолтой санагдаад, даахгүй нохой булуу хураахын үлгэрээр, би сонирхож болох уу, гээд гуйж авлаа. Их л баярлаж, энэ талаар бид хоёр хэд хэдэн удаа санал солилцож, бодол уралдууллаа. Хэсэг хугацааны дараагаар надаас номоо нэхэж эхэллээ. Хэн нэгэн дараагийн хэрэгтэй хүнд нь дамжуулах гэж байгаа нь тэр. Би уншиж амжаагүй тул нэг хэсэг “бултуулав”. Тэгээд аргагүйн эрхэнд буцааж өгсөн дөө.
2007 оноос эхэлсэн дэлхийн эдийн засгийн хямралыг гадаад дотоодын эрдэмтэд судлаачид хэлээд л байсан. Дэлхийн эдийн засгийн хямралын үе нь одоо таарч байгаа бололтой. Даан ч үүнийг нь мэдэхгүй, гадаад дотоодын “нэр хүнд бүхий” зарим эрдэмтэн судлаачид, дотоод гадаадын эрх барьж буй улс төрчид тодорхой аргументгүйгээр үгүйсгээд, үгүйсгэхийн тулд үгүйсгээд төөрүүлээд байсан юм. Тэрнээс биш эртнээс юм мэддэг хүний үгийг сонсоод, лавлаж судалж байсан бол арай ч ингэж хог дээр дэвхрэхгүй л байсан байх. Молла Насреддины нэг хошин шог байдаг. Хаан нэг өдөр Моллаг дуудаад, Молла чи миний цаг агаарын мэдээчин болооч. Чамайг сүрхий мэддэг болсон гэлцэх юм гэжээ. Молла хариуд нь, болноо болно, гэхдээ ганцхан болзолтойгоор, би эхнэртэйгээ цуг л наад албыг чинь хашвал хашна, үгүй бол үгүй гэжээ. Хаан ихэд гайхан, болноо болно, гэхдээ яагаад заавал эхнэртэйгээ цуг гэж хэмээн сонирхон асуув. Бид хоёрын санал дандаа зөрдөг юм. Намайг бороо орно гэвэл эхнэр орохгүй гэж зөрнө, намайг нар гарна гэвэл эхнэр тэнгэр бүрхэнэ гэдэг. Гэхдээ дандаа л эхнэр бид хоёрын нэгнийх нь хэлснээр болдог юм даа. Тиймээс бид хоёр хамтдаа байвал хэзээ ч алдахгүй гэжээ. Тэрэн шиг мэдэхгүй мөртлөө мэддэг дүр эсгэдэг “гавьяат эдийн засагчид” бас их гай тарих юм. Болдог бол гавьяат эдийн засагчийн эсрэг “гайт эдийн засагч” цол бий болгомоор юм. Тэгвэл мөн ч олон хүнийг шагнаж болмоор л санагдах юм. С.Баяраас эхлүүлээд…
Эдийн засгийн урт долгионыг Монголын эдийн засагтай уялдуулан судалбал сонирхолтой үр дүн гарч болох мэт. Нэн ялангуяа дэлхий нийтээр глобальчлагдаж, хавтгайчлагдаж байгаа өнөө үед. Зөвхөн эдийн засгийн хувьд ч бус, нийгэм, улс төрийн амьдрал, дайн байлдаан, өвчин эмгэг, хөгжил дэвшил, ер нь аливаа зүйлийн тухайд ийм өөр өөрийн гэсэн урт долгион мэдээж байж таараа. Түүнийг судалбал олон зүйлийн хувьд тоймтой хариу өгч болмоор.
Монгол улс 1990 оноос чөлөөт эдийн засгийн харилцаанд шилжсэн гээд байгаа. Түүнээс өмнөх үеийг эдийн засгийн харилцаа гэхэд хэцүү, өнөөгийнхтэй харьцуулах боломжгүй тул Монголын хувьд урт долгионы тухай ярих боломжгүй байх. Тэгээд ч нийтлэг ерөнхий зүй тогтлын тухайд нэг улсын кейс тохиромжтой биш. Тиймээс өнгөрсөн 20 жилийн тухайд зөвхөн богино долгионы тухай л ярьж болох юм. Энэ хорин жилийн хугацааг аваад үзсэн ч манайд тодорхой зүй тогтол давтамж байгаа мэт санагдах боллоо. Эдгээр давтамж нь гадаад харилцаа, гадны хүчин зүйл гэхээсээ илүүтэй дотоод хүчин зүйлээс ихээхэн хамааралтай бололтой. Ганцхан жишээгээр хязгаарлая.
1990-ээд онд эхэлсэн банкны хямрал 4-5 жил үргэлжилсэн билээ. Улсын ганцхан банктай байсан улс чинь арилжааны хэд хэдэн банктай болсон. “Ард”, “Даатгал”, “ХОТШ”, “Эрдэм”, “Сэргээн босголт” гэхчлэн байгуулагдсан дампуурсан банкыг алийг тэр гэх вэ? Хамгийн гол нь банкуудын энэ дампууралд улс төр эдийн засгийн бүлэглэлүүдийн нөлөөлөл нэлээд байсанд л байгаа юм. Энэ олон банкуудыг байгуулах, чанаргүй зээл олгуулах, дампууруулах, нэгнийг нь нөгөөгөөр худалдаж авахуулах, хувьчлах зэрэг бүх үйл ажиллагаа нь тодорхой зорилготой бодлоготойгоор хийгдсэн гэж хэлж болохоор байгаа. Ерөнхий сайд агсан П.Жасрай гуай нэгэнтээ УИХ-ын чуулганы хурадаан дээр, “Мөнгө алга болдоггүй юм. Сайн эрэн сурвалжилбал мөр нь хаана нэг газар үлдсэн л байгаа. Энэ олон чанаргүй зээлийн чинь цаана, худалдаад авчихсан объект, лиценз, хөрөнгө оруулчихсан компани, бизнес байж байгаа нь тодорхой шүү дээ” хэмээн нэлээд бухимдангуй үг хаяж байж билээ. Тэрчлэн энэ олон дампуурсан банк, тэдгээрийн чанаргүй зээлийн цаана эзэн холбогдогч, улс төр эдийн засгийн бүлэглэл нь байж л байгаа.
1990 –ээд оны дунд үеийн банкны хямралыг хэн нэгэн нь надад ингэж тайлбарлаж билээ. “Манайх өөрийн гэсэн үндэсний хөрөнгөтөн байхгүй тул заримыг нь бодлогоор хөрөнгөжүүлж байгаа юм. Тэгэхгүй бол хятадууд орж ирээд манай бүх зүйлийг хувьчилж худалдаж авчих гээд байна гэж”. Хэтрүүлэг л дээ. Гэхдээ эхний саяыг хулгайлдаг гэдэгчлэн, манай хөрөнгөтнүүдийн дунд тэр үед хөлжсөн нь цөөнгүй бий. Тухайн үеийн банкуудын дампуурлаар намын гишүүд, улс төрчид, эрх мэдэлтнүүд гэхчлэн хувь хүмүүс хөлжсөн баяжсан. Түүнийг нь бодлогоор цайруулсан.
Харин одоо үргэлжилж байгаа банкуудын дампуурал нь тэрхүү дампуурлын хоёрдугаар анги бололтой. Үүнд дэлхийн санхүү эдийн засгийн хямрал нөлөөлөөгүй. Ганцхан монголын улс төрийн хямрал л нөлөөлсөн гэж хэлж болно.. Анод, Зоос хоёр банк хоёулаа ганцхан зээлдэгчээс, тухайлбал Монгол газрын Мянганбаяраас болоод дампуурч байгаа гэнэ. Хэн нэг бизнесмэнээс болоод дампуурдаг тийм банк байж болох уу? Эсвэл яагаад энэ хоёр банк ганц хүнд тийм их хэмжээний зээл өгсөн юм бэ? Энэ мөнгө нь юунд зарцуулагдсан бэ? Улс төрд, тухайлбал сонгуульд зарцуулагдсан юм биш биз. Сонгуулиар нэг нэр дэвшигч л гэхэд тэрбум тэрбумаар мөнгө зарцуулж байсан гэдэг. Тэд хэнээс ийм их мөнгө олж авдаг байнаа. Мэдээж бизнесмэнүүдээс. Тэд нь хаанаас мөнгө олж авах вэ? Мэдээж банкнаас? Дүгнэвэл 2008 онд авсан гээд байгаа их хэмжээний мөнгөн зээл нь ихэвчлэн улс төрчдөд л очиж, тэдний гараар сонгуулийн шоунд зарцуулагдаад дууссан байх өндөр магадлалтай. МАХН ч авсан АН нь ч авсан бусад нь бас дутахгүй авсан. Сонгуулиар цацаад байсан тэр их хэмжээний мөнгөний үр дагавар нь одоо гарч банкууд дампуурч байна. Ард түмэндээ тараагаад цацаад байсан, санал худалдаж аваад байсан мөнгө нь эргүүлээд тэдний хармаанаас гарах татварын мөнгөөр төлөгдөж байна. Хөргөгчөө зараад сонгуульд өрсөлддөгүй гэж ер нь үнэн үг шүү. Өөрөөр хэлбэл одоо банкуудыг дампуурахад хүргээд байгаа тэр их хэмжээний чанаргүй зээл сонгуулийн сурталчилгаанд ашиглагдаад зарагдаад дуусчихсан тул эргэн төлөгдөх боломжгүй болчихоод байгаа бололтой.
Нэгэнт баахан мөнгө хандиваар авчихсан улс төрчид, хандивлагчдаа хэрэгт хийж ч чадахгүй, банкуудаа дампууруулж ч чадахгүй, ингээд л орооцолдоод, асуудлыг нь шийдэж байна гээд завааруулаад, төрийн мэдэлд аваад л “Төрийн банк” байгуулаад л төлбөрийг нь барагдуулаад л байна. Гэхдээ, хамгийн аймшигтай нь үүнийгээ “хуулийн дагуу” хийж байна. Иргэдийн банкинд итгэх итгэлийг алдагдуулахгүйн тулд гэсэн нэрээр хадгаламжинд баталгаа гаргаж хуульчилсан. Баталгаа гаргачихсан юм чинь яах вэ дээ. Дампуурсан банкны төлбөрийг төр л хариуцахаас өөр яах вэ? Ингээд л намуудын сонгуулийн зардлыг ард түмэн даачихаж байгаа юм. Тэрнээс энэ муусайн намуудад ямар юмных нь мөнгө байх вэ дээ.
Ер нь энэ муусайн намуудыг хааж тараахгүйгээр, өнөөдрийн заваан шударга бус улс төрчдийг цэвэрлэхгүйгээр энэ байдал засрахгүй. Банкуудын дампуурал дахиад л давтагдах болно. Харин яаж цэвэрлэх вэ? Энэ бол асуудал.