“Мартын найман” болох гээд манай ангийн цорын ганц бандийн царай өдрөөс өдөрт барайсаар. Шаагилдсан олон охид “яах бол?” гэсэн нүдээр өдөр болгон тормолзоод, сүүлийн хэдэн өдөр ч бүр ширээн доогуураа ормоор болж байх шиг байна. Тэгэж бодоод инээгээд сууж байтал англи хэлний багш ороод ирлээ. Цоглог, залуухан, юм үзэж нүд тайлчихсан, мэдлэгтэй хэрнээ энгийн багш. Даанч манай анги гэж англиар ярина, бичнэ гэж ёстой үзүүлээд өгнө шүү дээ. Тэгэх болгонд л тэр самбарын урд ямар нэгэн тар няр, заримдаа бүр пис пас хийх чимээ сонсогдох шиг болдог юм. Багшийн урам хугарч байгаа нь тэр. Мэргэжлийн англи хэлийг эзэмших ёстой манай ангийхан гэж зарим нэгнийх нь хэлийг бүр юугаар хийчихсэн юм бол оо гэж бодмоор.
 
         Махан хэл л баймаар юм, яахаараа тийм хатуу болчихдог юм бүү мэд. Хэлд орж байхдаа дэндүү их шулганаад хэлний булчингийн хэт хөгжил явагдчихсан юм болов уу ч гэж бодогдох шиг... Харахад бол хичээлийг бол хийгээд л байна шүү дээ. Нүүр нь минчийж, үс нь сэгсийчихсэн байхад л анзаарах сөхөөгүйгээр уншина, бичинэ, “нухна”, бас англиас монгол руу “оршуулна”. Зарим нь бүр зуу зуун мянгаар нь төлж дамжаа, сургалтад суухыг нь яана аа. Тэгвэл яах гэж төлбөр төлж МУИС-д явж байгаа юм бол оо?
 
         Төлбөрөө төлөөд заалгасан юмаа ойлгохгүй болохоороо дахин төлбөр төлж ойлгож авч байгаа хэрэг биз дээ. Үгүй мөн илүүдээ гарсан их мөнгө өө! Надад тэр нь олддог бол ядаж Эрээн орж 39:39-ийнхөө мөрийг гаргачихаад ирэхгүй юу. Нэг их мундагтаа бусдыг шүүмжлээд байгаа юм биш л дээ. Би өөрөө одоогоор ёстой нөгөө бурхангүй газрын бумба галзуурахын сонгодог жишээ болох шахаж байгаа. Англи хэлний хичээл дээр багшийнхаа нүд рүү эгцэлж харж байгаад л, буруу ч зөв ч өөртөө итгэлтэйгээр “гацахгүй, гуцахгүй” дуржигнуулах хэрэгтэй. Тэхдээ мэдээж учир жанцантай бурахгүй бол болохгүй шүү дээ. Өргөлт, зогсолт, нүдний харц, инээмсэглэлээ хүртэл яриандаа зохицуулах хэрэгтэй. Шалгалтан дээр бол мэдэхгүй сэдэв ирсэн ч сугалчихсан юм хойно мэддэг юм шиг л ярих хэрэгтэй. Энэ бол миний амьдралаас олж авсан практик.
 
         Ямар сайндаа ноднин нэг багш маань “Тун өөртөө итгэлтэй худлаа ярьлаа. Гэхдээ сайн байна. Ийм байж л юманд хүрнэ. Дуудлага, ярианы дадал сайн эзэмшиж. Харамсалтай нь онолоо уншаагүй байна” гээд “сайн” тавьж билээ. Анги маань уг нь 22 оюутантай л даа. Гэхдээ англи хэлний цаг дээр, ялангуяа яриа орох үед энэ тоо даруй 20 дахин буурч Анужин тэргүүтэй 4-5 хүн л ангид үлдчих шиг болдог юм. Дундаа халуун савтай цай тавихаас наагуур “дүрэм журмыг умартан” цаг гучин минут баруун солгойгүй чалчиж чалчиж тарна. Зөвхөн хувиа бодвол ч гоё л доо. Хэр олон хүн дуугүй сууна, тэр чинээгээр надад ярих, хөгжих, алдаагаа засах боломж нээгдэж байна гэсэн үг шүү дээ. Даанч санаа зовохгүй байж чадахгүй юм.
 
         Ер нь тэгээд хараад байхад манайханд ямар ч зориг байхгүй. Багаасаа алдаа гэгчээс үнхэлцгээ хагартал айдаг учраас болохгүй, чадахгүй, мэдэхгүй гуравтай “наалдан паддуулчихсан” юм шиг байгаа юм. “Яадаг юм” гээд зориглоод дугарчихгүй, “Ингэчихвэл яах бол? Зөв болов уу буруу болов уу?” Зарим нь бүр “За за, тэртэй тэргүй буруу юм чинь дээ” гэсэн хандлагатай. Хар багаасаа өөрийн дураар байж чадаагүй, алдаж байж буруу зөвийг нь олж үзээгүй, эцэг эхээсээ байнгын хараат байсных юм болов уу. Арай “бидний хэдэн нөхдөд” саад болоод яахав гэж боддог юм биш биз дээ? За ямартай ч над шиг яриа хүнд ярих боломж олдож байгаа нь их юм. Хүн ярихгүй байхад амыг нь хүчээр хөдөлгөөд ч авиа гарахгүй биз. Ганцаараа яриад л байдаг хэрэг...