Газрын ордууд монголчуудад юу өгөх вэ. Монголчууд газрын баялгаас юу хожих вэ. Газрын баялаг Монголын хөгжлийг урагшлуулах уу, Эрдэнэ­тээс юу сурав гэх мэт олон асуултад өргөн хүрээ­тэй хариулахад сэтгэлийн их хөдөлгөөнтэй ярилцлага, цаанаа ул үндэсгүй, судалгаа шинжил­гээний баримтгүй бай­дал, бэлэн мөнгө хүссэн олон хүсэл мөрөөдөл саад болж асуудлыг нухацтай авч хэлэлцэх хэлэлцүүлгүүдийг улам л бүдгэрүүлж байна. Зарим хүмүүс гадаадын оролцоотой биш төрийн оролцоотой гэж нэрлэвэл яасан юм бэ гэж өгөх нэрэн дээр нь хүртэл түдгэлзэнэ. Нэгэнт л хуулиндаа ард түмний хөрөнгө гэж заасан бол төрийн оролцоо гэж нэрлэхээсээ илүү ард түмний оролцоо гээд харин төрийг түүний менежер нь гэвэл таарч тохирмоор.
 
  Газрын ордууд монголчуудад ямар ч байсан хоёр дахь Эрдэнэт хотыг өгөх болов уу. ОюуТолгойн нөөцийг Эрдэнэтээс олон дахин их гэж үзвэл заавал Эрдэнэтээс том хот хэрэгтэй гэсэн логик байх албагүй л дээ. Гэхдээ Эрдэнэтийн үйлдвэрт 5000 хүн ажилладаг гэвэл наад зах нь 10000 хүний яриа энд гарч бас л тийм л хэмжээний хотыг төсөөлөх хэрэг гарах болов уу. Тэр шинэ хотод амьдарч ажиллах хүмүүсийн дотор мэдээж олон гэр бүл байж таарна гэж үзвэл тэдний аж амьдрал хэвийн байх ёстой. Үр хүүхдүүдэд нь зориулсан сургууль, цэцэрлэг гэх мэтээр нийгмийн наад захын асуудлуудыг шийдвэрлэх шаардлага гарна. 10000 хүний нийгмийн асуудлуудыг хангах зорилгод дахиад 10000 хүн хэрэгтэй. Тэд үйлчилгээний газруудыг ажиллуулж, худалдаа, эрүүл мэнд, зам харилцаа, тээвэр гэх мэт олон салбарыг жирийн хот хэрхэн амжуулдаг, түүн шиг л их ажил өрнөх болов уу. Тэгэхээр газрын ордуудыг дагаад Эрдэнэт шиг хотууд үүсэх боломж нээгдэх нь байна.
 
  Монголчууд газрын баялгаас юу хожих вэ? Гэртээ сууж байгаа тэтгэврийн хөгшнөөс авахуулаад ажилтай ажилгүй иргэд, цэцэрлэг сургуулийн хүүхдүүд, тэр ч бүү хэл өнөөдөр төрж буй, бас удахгүй төрөх хүүхдүүд газрын ордуудынхаа олох хишгээс хүртэх эрхтэй. Тэтгэврийн хөгшчүүдэд мөнгөний оронд бараа таваар, эмнэлгийн тусламж өгч аргалж болох л байх. Харин ажилтай хүмүүс цалингаа нэмүүлэх, ажил­гүй нь аж амьдралдаа хэрэгтэй хэдэн төгрөг шаардах нь мэдээж. Залуучуудад ч гэсэн мэдлэг боловсролоо нэмэгдүүлэхийн тулд мөнгө л хэрэгтэй. Нэгэнт л мөнгө урсах болохоор мөнгө гүйлгээний банкууд, мөнгө тараах сангууд гэх мэтчилэн төрийн бус болон хувийн компаниуд энд оролцох болов уу. Тэгэхээр дахиад олон мянган хүний ажлын байрны тухай ярих боломжтой. Төр хэрвээ өөрөө мөнгө тараана гэвэл яамдын дэргэд салбар байгууллагууд үүсэх биз ээ. Орд газрууд баригдаад дараа нь бараагаа гадаад орнуудад худалдаад мөнгө нь банкинд ороод, татвар шимтгэл хувьцаагаа хуваалцсаны дараа монголчуудад жилд ойролцоогоор, магадгүй сард ойролцоогоор хэдэн төгрөгийн хожил болж ноогдох вэ? Юу ч ноогдохгүй бол хожихгүй.
 
  Монгол орны эцсийн зорилго хөгжилд орд газруудын байгууламж, түүнээс орж ирэх татвар шимтгэлийн мөнгө хэдий хэр тусалж чадах бол гэсэн том асуудлууд хувь хүний хожоо, бүлэг хүний ашиг сонирхлоос дээгүүр асуудал болов уу. Газрын ордуудаа ашиглан хөгжилд хүрсэн дэлхийн ямар орнууд монгол­чуудад үлгэр жишээ болж урам өгөх бол гэсэн асуулт өнөөдөр хариугаа хүлээж байна. Газрын ордуудыг байгуулаад орж ирсэн мөнгө нь тараагдах хүртэл наад зах нь 10 жил хэрэгтэй гэвэл ганцхан газрын баялагт найдаад байгаа хүмүүсийн хувьд хөгжил арван жилийн дараагаас л эхэлж магадгүй. Өөрөөр хэлбэл 2017 оноос хөгжил эхлэх нь.
 
  Газрын ордуудыг түшиглэсэн хот барихад Эрдэнэт хот үлгэр жишээ болох учиртай. Өнөөгийн Эрдэнэт үнэхээр иргэдийн хувьд эрдэнэ болж чадсан уу гэдгээр санал асуулга явуулж юу дутагдаж байна, мөн юу илүүдэж байна вэ гэсэн асуулт магадгүй ирээдүйн Оюутолгой нэртэй хотын нүүр царайг одооноос төсөөлөхөд тус дөхөм болно. Эцсийн эцэст социализмын үед зохион байгуулагдсан илгээлтийн эздийн хөдөлгөөн Оюутолгойгоос дахин эхлэхэд болохгүй гэх газар байхгүй. Газрын дээрхи баялгаа ашиглаж, түүндээ түшиглэн Дархан хот байгуулсан бол одоо газрын доорх баялгаа ашиглаж Эрдэнэт хот шиг, магадгүй түүнээс ч том Оюутолгой хотын яриа цаашид улам л өндрөө авах төлөвтэй. Газар дээрх түүхий эд, бүтээгдэхүүнүүдээ түшиглэн дахиад нэг Дарханыг босгох уу, эсвэл газрын доорх ордуудаа ашиглан дахиад нэг Эрдэнэтийг босгох уу гэдгийг Монголын төр биш харин ард түмэн шийднэ. Монголын байгалийг үзэх гэсэн жуулчид хэзээ ч алга болохгүй харин ашиглаад орхисон байгаль хэзээ ч нөхөгдөшгүй.
 
С.Молор-Эрдэнэ