Аливаа улс орны оршин тогтнох, эс тогтнох, нийгмийн амьдралын өгсөх, уруудахын үндэс нь тухайн улсын “Хүний хөгжил”-ийн асуудал байдаг нь нэгэнт тодорхой болсон ойлголт билээ.
Хүний хөгжлийн индексийг тодорхойлоход зайлшгүй харгалзан үздэг үзүүлэлтийн нэг бол тухайн орны хүн амын эрүүл мэнд-насжилтын асуудал бөгөөд энэ нь нийгмийн эрүүл мэндийн бодлогоор зохицуулагддаг.
Энэхүү бодлогын зохицуулалт манай улсад ямар байгааг бодит нөхцөл байдалтай холбон авч үзэх нь тэнгэр заяат Монгол хүмүүний удмын сан, эрүүл мэндийг хамгаалах үүднээс зайлшгүй хөндөгдөх асуудлын нэг гэж үзэж байна.
Манай улсад нийгмийн эрүүл мэндийн асуудлыг бодлогоор зохицуулах тодорхой чиг үүрэг бүхий төрийн төв байгууллагууд бий бөгөөд эдгээрийн нэг нь ХХААЯам билээ.
Тэгвэл энэ салбарын үндсэн бодлого алдагдсаар, улам даамжирсаар байгааг хэрхэн тайлбарлах вэ?
Монгол хүний өдөр тутмын хүнсний хэрэглээний зонхилох хэсгийг Монгол малын мах, сүү нь бүрдүүлдэг гэдэгтэй санал зөрөх хүн төдийлөн гарахгүй болов уу?
Үүнээс үүдэн бидний байнгын хэрэглээ болсон дээрх хүнсний бүтээгдэхүүн үнэхээр экологийн цэвэр, эрүүл хүнс мөн үү? Аль эсхүл биш үү? гэдгийг иргэд маань дор бүрнээ цэгнэн, нэгийг эргэцүүлэн бодох цаг нэгэнтээ болсныг энд тэмдэглэхийг хүсэж байна.
Мал сүрэг нь бэлчээрийн маллагаанд байдаг манай оронд малын халдварт өвчнөөс сэргийлэх гол арга нь вакцинжуулах явдал болж байна.
Мал аж ахуйг эрхлэн хөтлөх манай орны өвөрмөц онцлог болон малын эрүүл мэндийг хамгаалах үүднээс авч үзвэл, энэ нь байж болох арга хэмжээний нэг мөн боловч эцсийн зорилготойгоо төдийлөн нийцэхгүй болохыг шулуухан хэлэх нь зүйтэй биз ээ.
Ер нь малын эрүүл мэндийг чухам яахын тулд, юуны төлөө хамгаалах болж байна ...?
Монгол Улсад бараг бүх малаа вакцинд хамруулж, вакцинжигдсан малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг хүн амын хүнсний хэрэгцээнд нийлүүлсээр, энэ байдал улам хүрээгээ тэлсээр л…
Монголд жил бүр улсын төсвөөс дунджаар 6-8 тэрбум төгрөгийг малын халдварт өвчнөөс сэргийлэх арга хэмжээнд зориулан төсөвлөж, нэг малд зургаан сараас багагүй хугацааны интервалаар 5-6 нэр төрлийн вакцин тарьж байна. Үүний дээр халдварт өвчнийг эмчлэхэд хэрэглэж буй төрөл бүрийн ийлдсүүд, нэмэлт антибиотик, сулфаниламидийн бэлдмэлүүдийг ч нэмж тооцох хэрэгтэй.
Малыг вакцинжуулсны дараа хүнсэнд хэрэглэвэл зохих хугацааг бодит байдал дээр хэрхэн мөрдөж буйг тогтоох хяналтын боловсронгуй тогтолцоо алга байна.
Эндээс хүн, мал хоёрын аль нь илүү чухал вэ? гэдэг асуулт зүй ёсоор тавигдахад хүрч байна.
Энэ хэмжээгээр нийгмийн эрүүл мэндийн бодлого алдагдаж, цианит натри, метилийн спирт шиг шууд хордлого, үхэлд хүргэхгүй ч аажмаар монгол хүний удмын сан, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа нь хэнд ч ойлгомжтой.
Статистикийн дүн мэдээллээс үзэхэд, сүүлийн жилүүдэд манай улсын хүн амын өвчлөлийн зонхилох хэсгийг тэжээл боловсруулах системийн эрхтэний, ялангуяа элэг, цөс, ходоодны өвчин, хорт хавдар эзлэх болж, энэ байдал даамжрах хандлагатай болсон нь нэгийг хэлээд байгаа бус уу.
Манайд дээрх вакцин, ийлдэс, антибиотик болон бусад эмийн бэлдмэлүүдийг малд хэрэглэсний дараа ямар хэмжээний эм, биобэлдмэлийн үлдэгдэл тухайн малын бие махбодь, малын гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнд агуулагдаж байгааг нарийвчлан судлан тогтоож, олон нийтэд ил тод мэдээлэх асуудал үгүйлэгдэж байна.
Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлсэн төслийн хүрээнд эмийн үлдэгдлийн лаборатори нийлүүлэн, Улсын мал эмнэлэг-ариун цэврийн төв лабораторид ажиллуулж байгаа гэх боловч энэ талаар хийгдэж буй судалгаа-шинжилгээний ажил, үр дүнгийн талаархи мэдээлэл нь иргэдэд ил тод бус байна.
Цаашид бид вакцинд бүхий л асуудлаа даатгаж, зөвхөн малын эрүүл мэндийг хамгаалах нэрээр нийгмийн баялгийг бүтээгч гол хүчин зүйл болох эрдэнэт хүнийхээ эрүүл мэндийг золиосолсоор л байх хэрэг үү?
Үүнд ямар нэгэн гарц байхгүй гэж үү?
Дэлхийн хөгжилтэй бусад улс орнуудад нийгмийн эрүүл мэндийн талаар мал эмнэлгийн байгууллагаас хэрэгжүүлж буй бодлого нь манайхаас эрс ялгаатай байна.
Жишээлэхэд: ХБНГУ, Голланд, Бельги зэрэг орны захын нэг МАА-н фермерийн эзнээс та малаа халдварт өвчнөөс сэргийлэхийн тулд ямар нэгэн вакцин тарьж байна уу? гэж асуугаад үз л дээ. Тэгвэл “үгүй” гэдэг ганцхан хариултыг л та сонсох болно. Яагаад гэвэл, хэрэв тэр фермерийн аж ахуйн малд ямар нэгэн вакцин таригдсан л бол тухайн цэгээс малын гаралтай түүхий эд, бүтээгдхүүнийг зах зээлд борлуулах эрх нь тодорхой хугацаагаар хаагддаг учиртай.
Тиймээс тэнд ямар нэгэн вакцин тарихаас илүү фермерийн аж ахуйнхаа дотроос аливаа өвчний үүсгэгч гадагш гарах, гаднаас орж ирэх боломжийг хаахад чиглэгдсэн мал эмнэлэг, ариун цэвэр, ариутгал - халдваргүйжлүүлэлт, оношлогоо - сурталчилгааны арга хэмжээг авч хэрэгжүүлдэг.
Хөгжилтэй улс орнуудад вакцинжсан малын гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг хүн амдаа зориулж зах зээлд борлуулахыг хориглож байхад, манайд үүний эсрэг, улсын төсвөөс асар их хэмжээний хөрөнгө зарцуулан, мал сүргээ вакцинжуулах нүсэр арга хэмжээг жил тутам зохион байгуулсаар, энэ байдал улам хүрээгээ тэлэн, эцэс төгсгөлгүй үргэлжилсээр л...
Мал эмнэлгийн биобэлдмэлийн үйлдвэрлэл, чанарын хяналт шинжилгээ, борлуулалттай холбогдох бүх шат дамжлага дээр бизнесийн ямар нэгэн шударга өрсөлдөөн, аливаа сөрөг нөлөөллөөс хараат бус хөндлөнгийн хяналтын тогтолцоо алга байна.
Өнөөдөр Монголд улс төрийн гэхээсээ илүү эдийн засгийн ашиг сонирхол нь илт давамгайлсан нам, бүлэглэлийн хүрээнд энэ асуудлыг зохицуулах төрийн бодлого боловсрогдон хэрэгжиж байна.
Монгол Улсын зарим бүс нутгийн мал сүргийг вакцинд хамруулалгүйгээр малын халдварт өвчнөөс сэргийлэх боломж нөхцлийг бүрдүүлэх замаар вакцинжаагүй эрүүл бүс бий болгох, үүнийгээ олон улсын хэмжээнд баталгаажуулах, цаашид аажмаар энэ ажлын хүрээг тэлэхэд чиглэгдсэн арга хэмжээг хэрэгжүүлэх асуудлаар шийдвэртэй алхам хиймээр байна.
Хэрэв ингэж чадвал, монгол малын махыг Европын холбооны орнуудад экспортлох тухай мөрөөдлөө биелүүлэх боломж нээгдэх магадлалтай байж болох юм.
Хөгжилтэйд тооцогдох бусад орнуудын туршлагаас үзэхэд, малын эрүүл мэндийг хамгаалахад вакцин, ийлдэс, эмийн бэлдмэлийг зайлшгүй нөхцөлд, тодорхой цаг хугацаа, орон зайд ашиглаж байгаа боловч энэ нь асуудлыг шийдвэрлэх гол арга биш бөгөөд ийм ойлголт, хэрэгцээ шаардлага үеэ өнгөрөөсөн болох нь тодорхой байна.
Бид дэлхийн бусад хөгжилтэй орнуудын тухайн салбарт хэрэгжүүлж буй оновчтой бодлого, дэвшилтэт техник, технологиос авах, гээхийн ухаанаар сонголт хийж яагаад болохгүй гэж...
Хэдийгээр манай орон бэлчээрийн маллагаа зонхилсон, нүүдлийн мал аж ахуйг эрхлэн хөтөлдөг олон жилийн түүхэн уламжлалтай боловч малын халдварт өвчний дэгдэлт эрс өсөх хандлагатай, даяарчлалын энэ эрин үед хуучин бодлого, арга барилаа эргэн харж, мал сүргээ хагас суурин, хагас бэлчээрийн маллагаанд шилжүүлж, вакцинжуулаагүй эрүүл бүс нутгийг бий болгоход анхаарах, энэ ажлын урьдчилсан бэлтгэлийг хангах арга хэмжээг тодорхой үе шат, системтэйгээр хэрэгжүүлж эхлэх цаг үе нь болсон гэж ойлгож байна.
Энэхүү өөрчлөлтийг хийхэд тодорхой бодлогын зохицуулалт, цаг хугацаа, орон зай, сэтгэл зүйн бэлтгэл шаардагдах нь мэдээж, гэвч үүний эхлэлийг тавих шийдвэртэй алхам хийх нь чухал биз ээ.
Энэ талаар асуудал шийдвэрлэх түвшингийн холбогдох мэргэжлийн ажилтан, эрхтэн дархтангууд тодорхой хэмжээний ойлголттой байгаа нь мэдээж.
Гэвч тэдэнд энэ байдлыг өөрчлөх, улс үндсээ гэх сэтгэл дутаж байна гээд хэлчихэд нэг их хол зөрөхгүй биз ээ.
Магадгүй одоогоор үүнийг өөрчлөх нь тэдний эдийн засгийн ашиг сонирхолд нийцэхгүй байж болох юм гэдэг хардлага өөрийн эрхгүй төрж буйг нуух юун.
Эцэст нь, тодорхой хугацааны дараа иргэнээ бус малаа хамгаалахыг чухалчилсан бодлого хэрэгжүүлсний эцсийн үр дүн ямар байх, улс орны минь хувь төөрөг хэрхэх вэ? гэдэг асуудалд анхаарлаа хандуулж, эргэцүүлэхүй нь Монгол Улсын иргэн миний, таны, бид бүхний хүлээх үүрэг, хариуцлага мөн хэмээн ойлгож буйгаа тэмдэглэхийг хүсэж байна. Энэ нь зөвхөн мөхөс миний л бодол, мэдрэмж, үүнийгээ бусдад нээлттэй илэрхийлэхийг зорьж буй оролдлого төдий хэрэг билээ.
Д. ЧУЛУУНБАТ /Монголын хүний хөгжлийн бодлого судлалын хүрээлэнгийн зөвлөх/