Оюутнуудын хичээл орж МУИС-ийн мөсөн хонгилууд амь орлоо. Гадуур хувцастайгаа хүйтэн ангид бээцийн суух, “хамар улаан” найз нараа санасан гэдэг нь. Сайхан шинэлсэн гэдэг нь илт. “Бондгор найзуудтай” ч их золгосон бололтой, ихэнх нь таргалчихсан байна билээ. Энд тэндхийн сонин ярьж байснаа, би чам руу мэссэж бичсэн чи хариу бичээгүй, үгүй би эхэлж бичсэн чи таг болчихсон гэж дор бүрнээ хошуугаа унжуулах нь инээдтэй. Хэн хэн нь гүрийж гүрийж эцэстээ “Энэ муу мобиком, скайтел, юнител аль аль нь хэрэг алга!” гэсэн үгээр сэдэв хаагдах нь бүр инээдтэй. Үгүй ээ, хаах үгтэй байгаа нь яамай даа.
 
  Ангиараа уулзаад сайхан байгаа ч сургууль хүйтэн байгаа нь жинхэнээсээ хэрэг алга. Шалгалтандаа уначихвал “Багш аа, лекцэн дээр ярьсан яриа чинь замдаа хөлдөөд, миний чих эндээ царцаад юу ч ойлгоогүй” гэсэн ч болохоор. Аягүй бол “Яг үнэн хэллээ 100%” гэх байх шүү. Цагаан сар өнгөрөөд л хавар. Хавар гэдэг үгтэй синдром гэдэг үг “наалдаад” миний мэдэхийн нэлээн хэдэн жил болж байна. Бодвол ориг наалдан падаар наасан юм байлгүй. Дээр нь Валентины баярын уур амьсгал дарагдаагүй байгааг хэлэх үү. Зарим хүмүүс бараг “Валентины шинийн таван, зургаан...” гээд жил тойрон тэмдэглэх нь холгүй байх шиг байна. Үүх түүхийг нь сөхөөд хатуухан хэлэхэд толгой нь эргэтлээ дурласан хоёр нөхрийг балиашиглаж байгаад бас нэг толгой нь эргэсэн ламын нас барсан өдөр шүү дээ. Юугий нь ч сайн мэдэхгүй байж ингэтлээ хошууран, хэл амаа ээдрүүлэн “Балэнтин, балэнтин” гэж байснаас аялгуу сайхан монгол хэлээрээ “Гэгээн хайрын баяр” гэж заншмаар юм шиг ээ. Тэгээд зөвхөн харж, харамлаж, хардаж явдаг хүндээ биш, өөрийн хайртай бүх хүндээ чин сэтгэлээсээ хайраа илчилдэг биш, илэрхийлдэг өдөр байвал илүү утга төгөлдөр болмоор санагддаг юм.
 
  За тэгээд сургуулиар дүүрэн синдром туссан нөхдүүд. Хайр дурлалын гэгдэх энэ өвчин нүд нэг газраа тогтохгүй ийш тийш тэнэх, утас харахаараа гар нь салганаж хаашаа ч хамаагүй танилцъя гэсэн мэссэж бичих, анхаарал төвлөрөхөө болих гэх мэт хөнгөн хэлбэрээр илэрнэ. Тэгээд л даамжирсаар цонхоор харахаар сэтгэл гэгэлзээд, гарч гүймээр санагдаад хичээлийн ширээндээ тогтохоо байна даа... “Хорьж болдоггүй хорин нас аа гэж. Одоо дурлахгүй бол хэзээ дурлах юм” гэж байгаад их л нухацтайгаар дэвтэр дээрээ бичээд л, зураад л, эрээчээд л.... дэвтрийг нь үзвэл дан зүрх! Тэгж хөлдөө хийтэй, зүрхэндээ далавчтай юм шиг нисч нисч хаврын шалгалт гэдэг хад мөргөж даанч дээрээс навс унах нь харамсалтай. Долоо хоногийн өмнө гэнэт ухаарсан нөхдүүд “Өдөр шөнийг ялгалгүй, нойр хоолыг умартан” зүтгэж, яг шалгалтын өмнө “ядаргаа” гэсэн онош тавиулаад хоёр тийшээ хараад хэвтээд өгнө. Хөөрхий ээжүүд нь “Саяхан зүгээр байсан хүүхэд минь яачихав аа? Хаврын ядаргаа тусчихаж, эвий минь” гээд ертөнцийн амттай шимттэй юм хаа байна, хамж ирээд л ам руу нь халбагадана. Овоо тэнхэрч аваад “Hehe havar muuhai havsargatai. Havsargatai bolhoor shalgaltandaa unachihsan” гээд л утаснаасаа утаа гартал мэссэжээ нисгээд байна.
 
  “Өчигдөр тэр мэссэж бичсэн”, ”Уржигдар уулзсан, өнөөдөр дахиад уулзана”, “Яана аа, би хариу бичмээр байна, нэгж дуусчихлаа. Зээлэх хүн байна уу?” гэсэн яриа манай охидын амнаас ёстой завсар зайгүй л урсаж байна.
 
  Хүн болгон дотроо гэгэлзээд л, бүгд жигтэйхан сайхан ааштай. “Дин дин, мэссэж!” уншаад инээд алдаастай. Охид минь дээ, юундаа ингэтлээ яараад байгаа юм бэ? Ёстой нөгөө “Халхын хөвгүүд хаданд авирч, Монголын хөвгүүд модонд авирсан биш. Хичээлдээ ядаж тал цагаа зараач” гэмээр санагдаад байгаа юм даа. Ядаргаанд ортлоо өвчилж байж санаа амардаг синдром, шалгалт авч байж дуусдаг хичээл хоёр үргэлжилсээр л...