Нэг үеийг бодвол юм өөрчлөгдөж байна аа. Оросын шошготой бараанаас өөрийг үзээгүй байсан үе, дэлгүүрийн лангуун дээр давс, гоймонгоос өөр зүйлгүй байсан цаг ард хоцорч, юу дуртайгаа, хүссэнээрээ сонгож болох сайхан цагт бид амьдарч байна. Бидний байнгын хэрэглээ болчихоод байгаа архины хувьд ч мөн адил. Орос водканоос өөрийг мэдэхгүй шахам байснаа, картын архинд "алалдаж", дараахан нь Хятадаас орж ирсэн өвгөнтэй архинд хошуурч, бурханыхаа өмнө залах нь холгүй байсан үе түүх болон үлдэж. Өнөөдөр бид захын дэлгүүрээр ороход л архи, дарс, виски, конъяк, брэнди, ром, шар айраг гээд мэдэх мэдэхгүй олон төрлийн согтууруулах ундаа ёоз ёозоороо ярайж байна. Сонголт өргөн болно гэдэг хэрэглээ нарийснаа л гэсэн үг. Одоо бидний өмнө "ТАСАРЧ УУХ УУ, ТААШААЖ УУХ УУ" гэсэн хоёр зам хүлээж байна.
 
Бид хэзээнээ сууж сурав?
 
        Архи хаана хэзээ анх үүссэн нь тодорхой биш. XVI зууны эхээр Европт одоогийн цагаан архитай төстэй өндөр градустай ундааг ууж эхэлсэн тухай түүхэнд тэмдэглэгдэн үлдэж. Архины үүсэл манайх, танайх гэж орос, польшууд маргасаар ирж. Тухайн үед Орос орон хөх буудайн ургацыг илүүдэл болтлоо авдаг байсан нь архи нэрэхэд нөлөөлсөн гэж үзэх нь ч байна. Зарим эх сурвалжид архийг XV зууных гэсэн нь ч байна. Мөн 1405 онд Польшийн хаант нутагт оршдог Сандомиерц гэдэг газар архи үүссэнийг тухайн үед тус нутгийн захирагч албан ёсоор бүртгэж авч байжээ гэсэн түүх ч бий. Харин азийнхны хувьд архитай танилцсан нь европчуудаас хамаагүй эрт бололтой. Чингисийн үед л бид архи буюу бор дарсыг мэддэг байсан нь "Нууц товчоо"-нд бий. Солонгосын Сожу нэртэй архи 5000-аад жилийн настай, урд газрын худалдаачдаас бид хатуу ундааг анх хүртэж байсан гээд л бодохоор.
 
       Нэрмэлээ голдуухан ууж ирсэн монголчууд бид орос ах нартай найзалж эхэлсэн тэр үеэс буюу Ардын хувьсгалтай хамт архитай илүү дотно танилцаж эхэлсэн байна. Ах нар бидэнд сайн юмаа ч өгсөн, саараа ч бас үлдээсний хамгийн тод жишээ бол хатуу архийг өндөр дозоор уух. Тэд ирж бидэнд үлгэрлэдэг байсан бол бид бас очиж суралцдаг байлаа.
 
Тасарч уусан нь
 
       У.Отгонбаяр /45 настай/
       - Би 1981 онд Нийслэлийн 1 дүгээр 10 жилийг төгсөөд, Москвагийн Эдийн засаг, статистикийн ангийн хуваарь авсан юм. Москвад очоод оюутны дотуур байранд хоёр орос залуутай орлоо. Нэг нь ажиллаж байгаад, нөгөө нь цэргийн алба хаагаад ирсэн хоёр ах монгол дүүдээ юу чаддагаа зааж эхэлсэн дээ. Хатуу архийг ингэж ууна, харин дарсыг бол тэгж ... гээд л хичээл зааж, түүнийгээ амьдрал дээр туршлагажуулна. Ингэсээр хоёр жил болоход сахилга бат муу хэмээн арагш дуудагдсан. Ажиллаж байгаад дахин хоёр жилийн дараа очиж төгссөн. Төгсөөд ирэх үед социализм нурж, ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжиж байна гэх гоё нэрийн дор нэг хэсэг нийгмээрээ эдийн засгийн уналтад оров доо. Чухам энэ үед социализмын захиргаадалтад байсан эерэг, сөрөг бүхэн ил гарч ирсэн. Тухайн үеийн "Хүнсний 20 дугаар дэлгүүр"-ийн нэг захаас нөгөө зах хүртэл явахад л Монголын нийгмийг нүүр царайг бүхэлд нь харж болохоор байлаа. Архи задгай болчихсон. Хүмүүс сандал тавиад түүн дээрээ архи тавьж, яг л лангууны араас худалдаа хийж байгаа юм шиг "100 грамм уу, 200 грамм уу?" гээд л шууд аягалж өгдөг байв. Янхнууд тэрүүгээр хөлхөлдөөд л.
 
       Манайхан өнгөтэй өөдтэй, авьяастай, хөдөлмөрч хүн рүү архи барьж очдог нэг муухай зантай. Би тэр үед савхин хүрэм оёдог байлаа. Хүмүүс гурав, дөрөв, таваар нь, бүр арваар нь ч оёулна. Тэгээд шанд нь хэдэн шил архи бариад л ирнэ шүү дээ. Тэгээд яахав, өнөөхийг нь ууж л байгаа юм чинь. Ингэсээр бүр архинд орсон доо.
 
       - Архинд нэгэнт орчихсон хүн түүнгүй л бол байж сууж чадахаа больчихдог гэсэн?
 
       - Архидах бол өвчин юм билээ. Яах гэж ууж байгаагаа өөрөө ч мэдэхгүй, ямар ч зорил-гогүй л ууна. Би нэг уухаараа хэд хоногоор тасралтгүй ууна. Хэсэг уугаад завсарлана шүү дээ. Тэр үедээ бүр хүн шиг гэр орноо цэвэрлээд, хүүхдээ хараад, юмаа оёод, зараад л. Тэгээд л яаж ийгээд 14 хоноод ирэхэд хөл хөнгөрөед л, нэг газраа тогтож сууж чадахаа болиод, гиеүрээд, цонхоор хараад л, тамхи татаад л ирнэ дээ. Тэгээд л өөрөө ч мэдэлгүй нэг мэдэхэд гараад л уучихна шүү дээ.
 
       - Архи ховор үед яадаг байв?
 
       - Архи картанд байх үед тав зургуулаа нийлж хоёр шил архи аваад саванд юүлж, төгрөг далын хоёр дугуй талхыг үйрүүлэн дээрээс нь хийдэг байлаа. Ингээд л тойрч суугаад нэг нэг халбагадаж, буйлныхаа орчим байлгана. Энэ хавьд амны мэдрэлийн хэсэг байдаг юм. Ингээд л шимээд суухад нэг л мэдэхэд тас үсэрнэ шүү дээ. Бас Болгарын Мэри гэдэг оо байсан. Түүнийг усанд найруулж тал шил архи болгоод ууж байсан гээд бод доо.
 
       - Тухайн үед тантай хамт ууж байсан хүмүүсээс одоо эрүүл мэндийн хувьд доройтсон, аль эсвэл хорвоогоос явчихсан хүмүүс ч байдаг л байх даа?
 
       - Миний гурван ч найз нас барсан. Гурвуулаа элгээр явсан даа.
 
       - Бас тантай адил архинаас гараад сайн сайхан амьдарч яваа хүмүүс ч олон байх?
 
       - Тэгэлгүй яахав, олон бий. Миний нэг найз нэг удаа 14 хоног тасралтгүй уугаад "ЁСТОЙ больё" гэж брдсон гэсэн. Одоо уулгүй 10-аад жил болж байна.
 
       - Та харин яаж гарсан юм бэ?
 
       - Хичээсэн. Зургаан cap өөртэйгээ тэмцсэн. Мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч, аав, ээж, ханьдаа тангараг өглөө. Мэдээж 10-аад жил уухдаа олон удаа тангарагласан ч хэлсэндээ хүрч байгаагүй болохоор тэдний харцанд үл итгэсэн шинж байсан. Эмнэлгээр явж цуснаасаа архи хөөлгөж, байж сууж чадахгүйд хүрэхээрээ давстай ус, даршилсан өргөст хэмхний шүүс, кальц хлорид хүртэл ууж хорхойгоо дарж байлаа. Өөрийгөө завгүй байлгасан. Хамгийн гол нь хүн өмнөө зорилготой л байх ёстой юм билээ. Ажилтай, амьдралтай, зорилготой байхад заавал архи уух гээд байдаггүй юм байна. Хүн ямар хоёр амьдрах биш. Бурханаас өгсөн тэр хишгийг сайхан амьдраад өнгөрөөх учиртай. Намайг архи уухаа болиод бүтэн гурван жил өнгөрсний дараа л аав, ээж, хань, үр хүүхэд минь "Нээрээ, уухаа больчихож" гэж итгэсэн гэнэ лээ. Хүний итгэлийг тэгтлээ алдаж явснаа санахаар хамар шархирдаг юм. Архи гэгч идээнээс бүр мөсөн татгалзаад 15 жил болж байна даа.
 
        Одоо гурван сайхан хүүхэдтэй, ар гэр минь амгалан тайван, би өөрөө ажил төрөлтэй гялалзаж явна даа. Дээрхи жишээ шиг олон хүн архинд орж, бас сэтгэлийн тэнхээтэй нэг нь гарч чадаж байгаа ч өнөөдөр мөн л олон хүн тасартлаа уусаар, ажил, амьдралаа, сайн сайхан бүхнээ алдсаар. Ер нь энэ архи гэгчийг уухыг нь бүр хорьчихвол яадаг юм бол?
 
Та анх хэдэн настайдаа архи ууж үзсэн бэ?
11-18 настайдаа         53%
20-26 настайдаа         46%
Огт ууж үзээгүй          1%
 
Хаана, хэнтэй анх архи ууж байв?
Найз нөхөдтэйгээ                      43%
Дунд сургуулийнхантайгаа         29%
Их сургуулийнхантайгаа            19%
Санахгүй байна                         9%
 
Архи уухыг хориглочихоор юу хийх юм бэ?
 
       Архины хорио зарлав. Сайхаан. Үдэш болоход согтуу, хөлчүү залуус холхидог гудамж талбай эзгүйрч, эрүүлжүүлэхийн ажилтнууд хийх юмаа олж ядаж, гэмтлийн эмнэлэгт ёолох дуун цөөрч, эхнэрүүд сэтгэлдээ "Ашгүй, нэг мөсөн хорьчихоосой" гэж залбирч, хүүхдүүд аавыгаа эрүүл ирэхийг харж, сайхаан, сайхан. Сая цагаан сараар л гэхэд айлууд урьд жилүүдийнхээс цөөн, бас чанартай архи хэрэглэж, хүмүүс ч нэг их ууя гээд байхаа больсон нь анзаарагдаж байлаа. Метилийн спиртэнд хордоод явсан тэдгээр хүмүүс нийгэмд жаахан цочроо өгч чаджээ. Гэхдээ нөгөө талд хорио тавигдахыг тэсэн ядан хүлээгчдийн тоо баярлагсдын тооноос дутуугүй байсан гэвэл үнэнд ойрхон. Архи олохгүй аргаа барахдаа хөргөгнний шингэн ууж нөгөө ертөнцөд очсон нэгэн байхад шинэ цагийн соёл үнэртүүлсэн залуус голдуухан "Ингэж хориглох нь хүний эрхийг зөрчиж байна" гэж үзэж байлаа.
 
       Уулзаад, очоод чөлөөт цагаа өнгөрөөх газар байтугай, тайван алхчих газар олоход хэцүү энэ хотод залуус уулзаж, ярьж хөөрч суух орчноо баар цэнгээний газар гэдэгт аль хэдийнэ итгэжээ. Тэд архины хориотой хоногуудад ёстой хаана очиж юу хийхээ мэдэхгүйд хүрсэн. Шар айраг зарж байгаа сургаар "Их Монгол", "Баянгол" зэрэг газруудын суудал хүрэлцэхгүйд хүрч, үүдэнд нь урт дараалал үүссэн байсан.
 
       Их дэлгүүрт шар айраг авахаар дугаарласан хүмүүс "О градус" гэсэн бичгийг нь олж үзэхээсээ өмнө бөөн бөөнөөр нь авчихаад, дараа нь хараал тавьж байлаа. Скай худалдааны төвд архи зарж эхлэв. Манайдаа томд тооцогддог энэ дэлгүүрт хувцас хунар, мөнгө төгрөг муутайхан нэгэн бол тэр бүр орж чадахгүй, тойрч гардаг. Гэтэл архины сургаар урьд өмнө тийш зүглэдэггүй байсан хүмүүсийн зүрх чангарч, дугаарлахад хүрчээ. Гэсэн ч тэд дугаарлаж байхдаа ийш тийшээ харж чадахгүй хулмалзаж, хүний араар шургаж, тэсч байгаад ганц шил годгор юм олж аваад бушуухан гарахын түүс болж байгааг манайд амьдарч байгаа герман мэргэжилтэн анзаарч, тэдний захаа босгон, нүүрээ нуугаад, хэрхэн хулмалзаж байсныг бидэнд дуурайн үзүүлсэн удаатай.
 
       Бас шар айраг худалдаалж эхэлмэгц дугаарлаж зогссон нэг нөхөр өөрийнх нь ээлж болоход хоёр лаазыг худалдагчийн гараас авмагцаа мөнгөө ч өгөлгүй шууд тагийг нь онгойлгож, асгаж цутган ангасан мал шиг уусан тухай ам дамжих яриа ч байна.
 
       Согтууруулах ундааг хориглосон шийдвэр энэ мэтээр нийгмийн нэлээд хэсгийг тун хэцүү байдалд оруулсан нь бодит үнэн. Хориог цуцалмащ эрүүлжүүлэхийн байрнууд хүнээ багтаахаа больж, гэмтлийн эмнэлэгт өвчтөн нэмэгдэж, хүчирхийллийн эсрэг төв рүү аврал эрсэн эхнэр хүүхдүүд цувж эхлэв. Нэгэнт уухаа боль гээд хүчээр хорих нь зөв шийдэл биш гэдэг нь тодорхой байхад одоо яах вэ?
 
 
 
Та ямар үед согтууруулах ундаа уудаг вэ?
Цалингаараа авахаараа                9%
Баяр, тэмдэглэлт өдрөөр             52%
Сэтгэлээр унасан үедээ                  17%
Уухад заавал шалтаг хэрэггүй            17%
Шаардлага гардаггүй                          5%
 
Та согтууруулах ундаа хэрэглэх үедээ алийг нь сонгодог вэ?
Өндөр градустай архи          33%
Шар айраг                            39%
Дарс                                   28%
Бусад                                 0%
 
Таашааж ууя
 
       Тасраад дэмий, хориглоод утгагүй хойно таашааж уух л үлдлээ. Хэн, хаана хийж эхэлсэн нь тодорхой биш ч архи дарсыг тохируулж хэрэглэвэл тус бас бий гэдгийг нэгэнт батлаад байгаа. Өдөрт нэг хундага улаан дарс уух нь зүрх судасны үйл ажиллагаанд сайн гэх мэтээр эрүүл мэндийн ач тусыг нь дурдаж болно. Түүнээс илүүтэй ярих сэдэв гэвэл хүн төрөлхтөн амьдралын амтаа нэмэх л гэж нэгэнт бий болгосон энэ ундааг амталж, таашааж ууя л даа. Хайртай хүнтэйгээ хундага дарстулган суухүдшийн намууныг огт байхгүй гэж төсөөлбөл... Усан үзмийн дарсаа литр литрээр шажигнуулан савлах итали бүсгүйг энэ амьдралаас аваад хаячихвал... Дүүрэн дүүрэн шар айргаа цалгиулан тулгах залуусын инээд хөөрийг хэзээ ч байхгүй гээд бодвол... Хундага вискинд мөс нэмэн тавлах франц эрхэм ерөөсөө байхгүй бол... Амьдралын өнгө, амт нэг л дутаад явчих сан.
 
       Тиймээс л хүн төрөлхтөн бүр МЭӨ 4000-6000 жилийн тэртэзд усан үзмийн шүүсийг исгэж дарс хэмээх ундааг хэрэг болгон гаргаж авсан байх нь. Тиймээс л алс тэртээ есен мянган жилийн өмнө эртний Сумерууд шар айргийг чанаж эхэлсэн байх нь. Тиймээс л германчууд 200 жилийн өмнөөс Октоберфэст нэртэй шар айрагны баяраа хийж, одоо бүр дэлхийн баяр болгоод байгаа байх нь. Жил бүр Мюнхэн хотноо болдог энэ баярыг 1810 онд Хаан хүү Людвиг, гүнж Тэрэзатай хуримлахдаа анх үүсгэсэн гэдэг.
 

       Жил жилийн есдүгээр сарын сүүлээс эхлээд аравдугаар cap гартал үргэлжилдэг энэ баярыг германчууд төдийгүй дэлхий нийт хүлээдэг. 42 гектар талбайг буюу, хотыг бараг бүхэлд нь донсолгодог энэ баярын үеэр үндэсний хувцсаа өмсөж гангарсан баварчууд, том том аягатай шар айраг барьсан эмэгтэйчүүд цалгиан цалгиан үйлчлэхэд чухамдаа тэнд эрх чөлөө, аз жаргал цалгиж байгаа мэт санагддаг. Зөвхөн энэ баярт оролцох гэж гадаад дотоодын зургаагаас долоон сая зочин, түүний дунд монголчууд ч бас зорин очдог. Нийтдээ 100 мянган хүний суудалтай шар айрагны майхан олноор босч, сая сая хүн мэлтэлзсэн хүйтэн шар айраг тамшаалангаа алжаал ядаргаагаа тайлж, ёстой цэнгэх шиг цэнгздэг. Энэ баярын үеэр 12 мянган хүн үйлчилдгийн 1600 нь зөөгчийн үүрэгтэй. Октоберфэст баярын үеэр зургаан сая литр шар айраг ууж, зөвхөн тахианы мах л гэхэд хагас саяыг иддэг гэнэ. Амьдралын таашаалыг өгдөг энэ баяр нэг тэрбум еврогийн орлого олдог юм. Хүмүүс ийнхүү амьдралаас авах амтаа нэмж, баярласан шиг баярлаж, бас амьд-ралын амт өнгөөр ашигтай сайхан бизнес хийсээр ирлээ.
 
       Гэтэл бид энд дарс, шар айргийг голж, "Би цагаанаар дагнадаг хүн" гэж хөөрч, тасарч унасаар, амьдралдаа балаг тарьсаар.
 
Бидний амьдралд архи болон согтууруулах ундаа байх хэрэгтэй юу?
Хэрэгтэй, байхгүй бол амьдрал уйтгартай         5%
Огт хэрэггүй                                                  10%
Байх ёстой, тааруулж л хэрэглэх ёстой            75%
Мэдэхгүй                                                        10%
Ууж, согтох сайхан шүү дээ, байж л байг           0%
 
Бид яагаад уудаг вэ?
 
       Архи хүнд хэрэгтэй юу? Хүний бие махбодид спирт дутагдана гэж байдаггүй гэж наркологийн нэртэй мэргэжилтэн, анагаах ухааны доктор Н.Дэмидмаа хэлж байна. Хүний биед архи дутагддаг байсан бол хүүхдүүд аль эрт "унаад өгөх байсан" гэж тэр хэллээ. "Спиртийн дутагдалд ороод байна аа" гэж хүмүүс өөрсдийнхөө архи уух дурыг л зөвтгөж, зөөллөж байгаа хэрэг гэнэ. Ийнхүү хүний бие архи нэхээгүй байхад сэтгэл нэхээд байдаг аж. Тиймээс л хүмүүс архийг хэрэг болгон хийж, бас хэрэг болгон ууж байна. Байдал нэгэнт ийм хойно одоо архийг устгая гэж хоосон яриад яах ч билээ. Харин соёлтой, зөв зохистой, ухаалаг ууцгаая гэж уриалах л бидний ажил болоод байна. Бас учир зүггүй уухад хүргээд байгаа нийгмийн болон хувь хүний асуудлуудыг үнэн мөнөөр нь гарган тавьж, учиртай уух зам руу нэг алхам ч болов ойртуулмаар байна.
 
       Ажилгүй, зорилгогүй хүн олон, цаг зав ихтэй, ажил хийлээ ч авдаг цалин амьдралд хүрэлцдэггүй, чөлөөт цагаа аятайхан өнгөрөөчих газар ховор, угаасаа уух байтугай амьдралын аливаа асуудлыг зохицуулаад, заагаад өгөх төрийн бодлого гэж байхгүй, зөнгөөрөө төрж өссөн монголчууд бидэнд энэ нийгэм өөрөө уулгах шалтаг болж байна. Мөн бидний үе удам дамжин ирсэн бүрэг ичимхий, өөрийгөө илэрхийлж чаддаггүй, нээлттэй биш зан чанар архитай нөхөрлөхөд хүргэж байдаг. "Чи дуугүй бай, цаашаа. Том хүмүүс ярьж байна" гэж эцэг, эх нь зандарч, бусад томчууд ч хүн гэж тоолгүй дээгүүр харан өнгөрөөсөн хүүхэд нас том болоод эхнэр, нөхрийнхөө өөдөөс харж сууж байгаад асуудлаа ярьчих чадваргүй "хүн"-ийг төрүүлсээр. Залуус өөрт таалагдсан бүсгүйг эргүүлэх зориг дутсандаа /угтаа энэ нь өнөө л өөрийгөө илэрхийлэх чадварыг эзэмшиж чадаагүйнх/, эрчүүд эхнэртээ хэлэх үгээ сэтгэлдээ буглуулсаар, түүнээ нээх хамгийн амархан арга бол архи уух хэмээн сонгож байна. Дозыг нь хэтрүүлчихгүй бол хүүхэн "панаалдах" болон бага зэрэг хөгжилдөх энэ тэрд хатуу дарсны ид шид хааяа бас гардаг л биз. Харин буглаж бугшиж явсан сэтгэлээ архиар нээнэ гэдэг ихэнхдээ зодоон, цохион эвдрэлцлээр төгсдөг нь олон олон бодит жишээгээр харагддаг.
 
Архитай "найзалдаг" нас
 
       Бид хэзээнээс архи ууж эхэлдэг юм бол. Эмч, жолооч, багш, зураач, сэтгүүлч, археологич, худалдагн гээд төрөл бүрийн мэргэжлийн 20-50 настай 60 гаруй хүнд дээрх асуултыг тавилаа. Тэдний 53 хувь нь 18 нас хүрэхээсээ өмнө буюу 11-18 насандаа анх удаа архи ууж үзсэн гэж хариулав. Судалгаанд оролцогчдын 46 хувь нь 20-26 насандаа ууж үзсэн гэсэн бол 1 хувь нь огт ууж үзээгүй гэж хариулсан байх юм. Эндээс үзэхэд архи гэпн идээтэй дунд сургуульд танилцах нь элбэг бололтой.
 
       Ээж, аавуудыг ажилдаа явсан хойно, багш, нийгмийн ажилтнуудыг "өөр ажилтай" байх хооронд сурагчид архитай танилцаж, бүр найзалж амжих нь байдаг л үзэгдэл болчихоод байна. Хөвгүүд "Эр хүн гэдгээ өөртөө болон бусдад итгүүлэхийн тулд" архи ууж үздэг тухайгаа ярьж байна. Охид харин тэднээс дутуугүй эрх чөлөөтэй, өөртөө итгэлтэй, бардам нэгэн гэдгээ харуулахын тулд хундаганд ирсэн архийг буцаахаас ичдэг гэлээ. Нийллэг нэртэй уулт, төгсөлтийн баяр, зугаалга, бүтэлгүй дурлал гээд тэдэнд уух шалтаг хангалттай олон гэнэ.
 
З.Цэлмэгсайхан /32 настай, эмэгтэй/
 
       - Би арван жилээ хөдөө аймагт төгссөн. Анх удаа архи ууж үзсэн маань одоо бодоход инээдтэй санагддаг юм. Аравдугаар анги төгсөх хавар монгол хэлний улсын шалгалтан дээрээ ангидаа толгой цохидог би "Хүнд бэрх замыг туулж" гэж бичих гээд "Хүн бэрх замыг туулж" гээд ганц "Д" үсэг орхиж бичсэнээсээ болоод сайн авчихдаг юм байна. Гэтэл монгол хэлний хичээлдээ надаас хамаагүй муу байсан хүүхдүүд миний тусламжтайгаар "Онц" авчихлаа. Аймаар сэтгэлээр унаж байгаа юм чинь. Бүр амьдрал утгагүй санагдаад л. Тэгээд л хоёр найз охинтойгоо архи уух юм болов оо. Нөгөө хоёр маань бас яагаад ч билээ, ялихгүй зүйл алдаад сайн авцгаачихсан байсан юм. Найзын маань аав, ээж эзгүй. Навсайтлаа сэтгэлээр унасан гурван амьтан найзындаа очиж, тухайн үед гэрээрээ хямдхан архи зардаг байсан нэг айлаас ганц шил юм авлаа. Анх удаа архи уух гэж байгаа хүмүүс чинь хаалгаа дотроосоо түгжээд, хутга, шөвөг, үзүүртэй бүх юмаа нуулаа. Тэгээд л гурвуулаа тойрч суугаад хундагаллаа даа. Эхний нэг хундагыг нүдээ аньж байгаад ууж орхисон чинь удсан ч үгүй дотор халуу шатаад, толгой манараад ирлээ. Ингээд л би согтчихсон. Дахиж уугаа ч үгүй санагддаг юм. Харин өнөө хоёр найз маань дахиж нэг, хоёр уугаад надад агсам тавьж, уйлж, дуулж гарсан. Тэднийхээр бол би зовлон үзээгүй, энхрий амьтан бололтой. Учир нь мань хоёрын эмээ, өвөө нь тэнгэрт хальчихсан байсан юм. Түүнийгээ амьдралд зовлон үзсэн болгож байгаа хэрэг шүү дээ, арван наймтай охид. Дараа нь бид гурав нойлын өрөө орох гэж бие биеэ түшин дөрвөн хөллөж, унаж тусаж байснаа санадаг юм. Харин маргааш нь хэн маань ч босож чадаагүй. Улсын шалгалтад бэлтгэх давтлага будаа болсон. Тэгээд ангийнхандаа архи ууж үзсэн мундаг амьтад болж тойруулж байгаад ярьж өгч билээ.
 
Юуг яаж уухыг минь хэн хэлж өгөх юм бэ
 
       Цэлмэгсайханы ярьсан түүхээр жишээлэн бодъё л доо. Монгол хэлний улсын шалгалтан дээр ялихгүй зүйлээс болж оноо хасагдаж. Шилжилтийн насны, сурлага сайтайд тооцогддог энэ охины хувьд байж болшгүй гутамшигт явдал болжээ. Бүр амьдрал утгагүй санагдталаа шүү. Тэгээд архи ууж, "зовлонгоо мартахыг" хүссэн аж. Шалгалтан дээр сайн авах нь байж болшгүй зүйл мөн үү? Тэр дүн үнэхээр чухал уу. Мэдээж. Их, дээд сургуульд элсэхэд улсын шалгалтын дүн нөлөөлдөг байсан үе. Арван найман нас хүрч байгаа охид үүнийг мэдэж байна аа. Харин ийм зүйлээс болж амьдралыг утгагүй болтол нь сэтгэлээр унаж, дээрээс нь архи ууж болохгүй гэдгийг мэдэхгүй байна. Архи уухаар сэтгэл сэргэдэг гэх маягийн бодол тэдэнд байж. Тиймээс ууж. Уухдаа хутга шөвгөө далд хийхээ мэдэж. Энэ нь тэдний гэр бүлд юм уу эсвэл хаа нэг газар архи уусан хүн хутга шөвөгний асуудал үүсгэж байсантай холбоотой байж ч магад.
 
       Анх удаа архи ууж байгаа охид бие биедээ агсам тавьж, уйлж дуулахад хүрч. Энэ ч бас тэдний хаа нэгтээ харж, тархиндаа тогтоож авсан үйлдэл. Охидын дээрх үйлдэл явж явж манай боловсролын систе-мийн гажигтай холбогдоод ирж байгаа юм. Хүүхдийг сурах ёстой гэж дүнгээр уралдуулахаас биш, амьдралын аливаа асуудалд хэтэрхий авталгүй, ноён нуруутай байж, тэсч даагаад гарах ухааныг биш юм аа гэхэд ядахдаа архи гэдэг ундаа ийм шидтэй, тэдэн наснаасаа ингэж ууна гэж ганц удаа хэлээд өгөх биш. Гэтэл бидний уумхайг нь гайхдаг орос ах нар хүртэл ерөнхий боловсролын сургуулийн сургалтын программдаа ахлах ангийнханд архийг хэрхэн хэрэглэх тухай хичээл зааж байна. Согтууруулах ундааны орц найрлагын тухай, зөв зохистой хэрэглэвэл эм, буруу хэрэглэвэл хор болдог тухай хичээл үзсэн хүүхдүүд чинь уух цаг ирвал учиртай сонгодог юм байгаа биз дээ. Бид л гэж согтууруулах ундааны үйлдвэрлэл, нэг хүнд оногдох спиртний хэмжээ, архи худалдаалах цэг, архичдаараа дэлхийд дээгүүр давхидаг ч юуг хэзээ, хаана, яаж уух тухай "А" ч үгүй улс байх юм. Ядахдаа бид "орос дозоор" ууж сурсан мөртлее тэдний уусныхаа дараа заавал ямар нэгэн юм идэж даруулдгийг нь сурсангүй. Тэд бүр болохгүй бол гараач болсон үнэрлээд сурчихсан улс.
 
       "Тийм л их уух дуртай юм бол ядаж юм идээд ууж бай" гэж нөхрүүддээ, хүүхдүүддээ байнга үглэж байя, хүүхнүүд минь. Эс тэгвээс ууж, ууж ухаан ороод "Одоо л нэг соёлтой ууя" гээд хартал "элгээр явах" болчихсон байвал... Ер нь манайд юуг яаж уухыг хэлээд өгөх хүн байхгүйгээс хойш архи үйлдвэрлээд байгаа компаниуд өөрсдөө "буян бодож", зохистой хэрэглээний тухай хичээл зааж болохгүй юм байх даа. Одоогийн хүмүүс уг нь соёл иргэн-шил рүү, соёлтой хэрэглээ рүү татагддаг болоод байгаа шүү дээ.
 
Ууж сурах нь иргэншилд хөтөлнө
 
       Бид иргэнших гэж хичээж байна. Бидний нүдээ бүлтийлгэн гайхаад байгаа, соёл иргэншлийн өндөрлөгт хүрсэн тэр орны иргэд ууж идэхдээ хүртэл учиртай болоод олон зууныг үдэж байна. "Эрүүл, ухаалаг, зохистой хэрэглээ". Энэ тздний уриа. Хэрэглээ зөв зохистой байж иргэн хүн эрүүл байна. Эрүүл иргэнтэй улс орон хегжине. Ийм л бодлого эртнээс бариад ирж. Гэтэл бид энд ууж, идэх учраа олохгүй л будилж явна. Үгүй, энэ үнэндээ бидний буруу биш юм. Цөөхөн хэдэн хүүхдэдээ юуг, яаж идэж уухыг нь заагаад өпнихөж чаддаггүй өнөө л ээж, аав хоёрын буруу. Өөрсдөө баяжиж, халаасаа түнтийлгэж л байвал үр хүүхэд нь юугаа, яаж идэж, ууж байгаа нь ямар хамаа байх биш. Гэтэл цаана чинь хэдэн зуун сая, тэрбумаар тоологдох арзайсан олон хүүхдүүдээ эрүүл, зөв амьдрах ухаанд сургах гэж өөрсдийгөө мартан хичээх "Эцэг, эх" зөндөө л байна.
 
       Нэгэнт арчаагүй, арай дэндүү ээж, аавын хүүхэд болж төрсөн монгол ах, дүүс бид одоо бас ч гэж нүдээ нээж, юмны учир олдог боллоо. Тэдний заахгүй байгааг өөрсдөө л суръя. Уу гэж ундаа байгаа хойно учиртай ууцгаая. Таашаал өгөх биш тасхийтэл түлдэг цагаан архийг амьдралаасаа аваад хаячихъя. Харин амьдралд амт нэмдэг дарс гэгч ундааг шимэн шимэн таашаая. Ярианд хөгжим болдог шар айргийг тавлан тухлан ууя. Тэгэхдээ "Юуг ч хэтрүүлэхгүй байх" амьдралын алтан зарчмыг барьцгаая.