Кениэс ялгаатай нь Монголд тэтгэвэр, тэтгэмж нь өндөр юм
Элизабет Нгутику Африк тивд оршдог Кени улсаас ирсэн. VSO oлон улсын сайн дурын байгууллагын ажилтан. Тэрбээр жил хагасын өмнө Монголд ирсэн бөгөөд өнгөрсөн баасан гаригт нутаг буцсан юм. Элизатай явахынх нь өмнөхөн уулзаж ярилцсанаа танд хүргэж байна.
- Та Монголд ямар чиглэлээр ажиллаж байв?
- Би 2006 оны наймдугаар сард энд ирсэн. VSO oлон улсын сайн дурын байгууллагын Боловсролын хөтөлбөр дээр ажиллалаа. Хөгжлийн бэрхшээлтэй тахир дутуу, эмзэг бүлгийн хүүхдүүдэд туслах, тэдэнд хэрхэн сургалт явуулах талаар багш нарт лекц семинар уншина. Мөн бидэнтэй хамтран ажилладаг түнш байгууллагуудад тусалж, сургалт явуулах үүрэгтэй байлаа.
- Энд ирэхээсээ өмнө та юу хийж байсан бэ?
- Кенид хүүхдийн хөгжлийн байгууллагад ажиллаж байсан. Бас л эмзэг бүлгийн хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг сургах багш нарыг бэлтгэж байсан. Эмзэг бүлгийн хүүхдүүдэд ямар боловсрол шаардлагатай талаар багш нарыг сурган мэргэшүүлж байсан. Мөн өнчин хүүхдүүдэд тусална. Кенид өнчин хүүхэд олон л доо. Би энд ирэхээсээ жилийн өмнө Нидерландад мастер хамгаалсан.
- Олон улсын сайн дурын байгууллагын шугамаар Монголд ажиллаж байгаа хүмүүс ихэвчлэн өндөр хөгжилтэй орноос ирсэн байдаг. Кени манайхтай ижил жижиг буурай орон. Яагаад энд ирэх болсон бэ?
- Монголд тулгараад байгаа олон асуудал Кенид ч гэсэн тохиолддог. Би өмнө нь нэг жил Кенид ажиллаж байсан. Тэгээд бусад оронд ажиллаж өөрийнхөө туршлагаас хуваалцахыг хүссэн юм. Би Нидерландад оюутан байхдаа орон орны олон л хүнтэй уулзаж байсан. Хөгжиж буй орны хүмүүс бие биенээ илүү сайн ойлголцдог юм болов уу гэж бодсон.
- Өөрийн орныхоо тухай ярихгүй юу. Олимпийн аварга, алдартай гүйлтийн тамирчидтай гэж мэдэх юм байна?
- Кени маш үзэсгэлэнтэй орон. 36 сая хүн амтай. Олон янзын соёл нэвтэрсэн орон. Жуулчдын анхаарлыг их татдаг. Зэрлэг ан амьтан ихтэй. Алдартай тамирчидтай гэж үнэн шүү. Кенигийн бүх хүн гүйдэггүй ч хүүхдүүд нь багаасаа л гүйж эхэлдэг. Эдийн засгийн хувьд Африкийн орнуудаас нэлээд гайгүйд нь тооцогддог. Сургалтын тогтолцоо нь Монголынхтой ижилхэн. Үндэсний хэл нь суахили. Албан ёсны хоёрдогч хэл нь англи хэл. Миний амьдардаг газар суахили хэлээр ярьдаг. Би түрүүн хэлсэн, тэнд олон төрлийн соёл байдаг. Тийм учраас хүн болгон багаар бодоход гурван хэлээр ярьдаг.
- Танай оронтой харьцуулахад Монгол ямар санагддаг вэ?
- Мэдээж хоёулаа хөгжиж буй орон. Ялгаатай зүйл зөндөө байлгүй яахав. Хамгийн наад зах нь Кенид цэвэр усны проблем асар их. Монголд тийм биш. Халуун орон учраас манайд паар халаах шаардлага байдаггүй. Манай нийслэл Ниароби маш өндөр өндөр барилгуудтай, хүн ам их төвлөрсөн, тээврийн хэрэгсэл ихтэй. Кенигийн ард олон боломжийн өндөр цалинтай. Багаар бодоход дунджаар 500 ам.доллар сарын хөлсөнд авдаг. Эдийн засгийн гол хөшүүрэг нь аялал жуулчлал. Цай, кофе, буудай их тариалдаг. Халуун орон учраас газар тариалан их хөгжсөн. Өөр нэг ялгаатай зүйл нь нийгмийн халамж, тэтгэврийн асуудал. Монголд өндөр настнууд маш өндөр тэтгэвэр авдаг. Бас залуус, шинэ төрж байгаа нярай, мөн хүүхдүүдэд сар болгон тэтгэлэг өгдөг. Кенид тийм биш.
- Та Монголд хоёр ч өвлийг өнгөрөөлөө. Даарсан уу?
- Тийм ээ, маш хүйтэн байсан. Нидерландад би өмнө нь байсан. Тэнд ч бас сэрүүхэн газар шүү дээ. Гэтэл Нидерландаас ч хүйтэн байна. Зөндөө олон хувцас давхарлаж өмсөх хэрэгтэй болдог. Гэхдээ дажгүй ээ, дассан.
- Монголд амьдрахад хэцүү асуудал юу байв?
- Сайн хэлж мэдэхгүй байна. Монгол хэл сурах гэж их хичээсэн. Үг цээжилж гадуур хүмүүстэй бага сага ярьдаг ч гэсэн монгол хэл сурахад хэцүү юм билээ. Гадуур бас гудамжаар алхаж явахад хүмүүс намайг хараад “Хөөх, хар арьстан байна, хар хүүхэн явж байна” гэдэг. Монголд хар арьстан ховор байдаг болохоор тэр байх л даа. Гэхдээ монголчууд их сайхан сэтгэлтэй, хэчнээн шоолж инээж байгаа ч гэсэн цайлган хүмүүс шүү дээ.
- Боловсролын хөтөлбөр дээр ажиллаж байсан гэлээ. Монголын боловсролын тогтолцоо гадны хүний нүдээр харахад ямар санагдсан бэ?
- Би Монголын боловсролын системийг муу гэж хэлэхгүй ээ. Өөрийн гэсэн онцлогтой. VSO-гийн боловсролын хөтөлбөр бол боловсролын чанарыг сайжруулах, ядуу эмзэг бүлгийн хүүхдүүдэд боловсрол олгох, тэднийг боловсролд тэгш хамруулан сургах, нийгэмд тустай хүн болгох талаас нь анхаардаг. Мөн хөгжлийн бэрхшээлтэй болон эмзэг бүлгийн хүүхдүүдтэй хэрхэн ажиллах талаар багш нарт идэвхтэй сургалт явуулдаг, тийм чиглэлээр голлон ажилладаг хөтөлбөр. Харин нэг зүйл хэлэхэд Монголд үйл ажиллагаа явуулж байгаа гадна, дотны маш олон боловсролын байгууллага байдаг ч ерөөсөө ч нэгдэж ажилладаггүй. Тус тусдаа үйл ажиллагаа явуулдаг болохоор үр дүн маш бага гардаг. Тиймээс бид боловсролын чанарыг сайжруулахаар өөрсдийн ажлын талаар санал солилцож, туршлага хуваалцахаар сүлжээ үүсгэн ажиллаж байгаа. Дээд шатны байгууллага болон төрийн байгууллагуудыг энэ сүлжээндээ оруулахаар зорьж байна.
- Өөр дутагдалтай зүйл юу байна?
- Миний ажигласнаар Монгол багш нар ихэвчлэн Орост боловсрол эзэмшсэн байдаг. Хуучны арга барилтай, өнөөгийн нөхцөлд яаж ажиллахаа мэддэггүй, тэдэнд сургалтын тодорхой төлөвлөгөө хөтөлбөр байдаггүй. VSO-гийн Боловсролын хөтөлбөр ADRA олон улсын байгууллагатай хамтраад сургалтын хөтөлбөр гаргаж байгаа. Хоёр сарын дараа бэлэн болгоод Монголын сургуулиудаар хэрэгжүүлж эхэлнэ. Энэ бүхэн ажил хэрэг болвол Монголын боловсролд хувь нэмрээ оруулах гэсэн зорилго минь биелнэ. Би их баяртай байгаа.
- Та шууд нутагтаа очих уу?
- Тийм ээ. Кенидээ очно. Тэнд миний нөхөр, хүү хоёр хүлээж байгаа. Хүүгээ энд авчрая гэж бодсон боловч хэтэрхий хүйтнээс нь айгаад больсон. Гэхдээ би таван сар тутам нөхөр, хүүхэд хоёр дээрээ очдог байсан.
- Кени бүсгүйчүүд тан шиг ийм гоё зүүлт чимэгтэй байдаг уу?
- Тийм ээ. Ер нь ихэнх эмэгтэйчүүд зүүлт зүүдэг. Гэхдээ нийгмийн гаралаас ч юм уу, амьдралынхаа байдлаас хамаараад илүү олон, хямд эсвэл үнэтэй зүүлт чимэглэл зүүдэг.
- Сүүлчийн асуултыг танд үлдээе?
- Өнгөрсөн жил хагасын хугацаанд надад маш сайхан хандаж байсан монголчуудын зочломтгой байдал, найрсаг занд их талархаж байна. Монголын буузыг л их санах байх даа. Монголд хар арьстай өөр олон сайн дурынхан ирэх байх. Ер нь Монголын гудамжаар алхаад явахад их тайван, аюул багатай санагддаг. Монгол сайхан орон.