Ах маань Солонгосоос ирлээ. Надаас нэгхэн жилийн өмнө төр­сөн ч би ах гэж хүндэлдэг юм л даа. Ер нь манай удамд ягштал барим­талж ирсэн нэг зарчим ч гэх үү, бичигдээгүй хууль ч гэх үү бий. Тэр нь нэг насны зөрөөтэй байсан ч төрсөн ч бай, ах дүүсийн хүүхдүүд ч бай бүгдэд нь энэ хорвоод түрүүлж ирснээ хүндэт­гэж харилцах ёс хамаатай.
 
  Мөөгий ах бид хоёр эгч дүүсийн хүүхдүүд. Ах 2006 оны намар оройхон Хан гүг нут­гийг зорьсон юм л даа. Дээд сургуулийн нэгдүгээр курсийг орхиод явсан. Гэрээгээр явсан болохоор нэг талаар амар бай­сан ч, эхлээд их хэцүү ажил хийж байжээ. Уг нь бол алдарт “Хьюндай”-гийн усан онгоцны үйлдвэрт хуваарилагдсан юм билээ л дээ. Хөлгүй далайд хөвөл­зөн дүнсийх том том онгоц­нуудыг харах бүртээ мань хүн “Миний амьдралын түүх нэг сэдвээр баяжлаа даа. Харийн энэ оронд хар ажил хийхээр ирэх­дээ хаа очиж дэлхийд цуутай үйлдвэрт ажиллах гэдэг чам­лахаар юм биш” гэж их өөд­рөгөөр ажилдаа орсон гэсэн. Тэр хэдэн монгол залуустай усан онгоцны их биеийн бүрдэл хэс­гүүдийг хооронд нь гагнасан хэс­гийг толийлгож янзлан будах ажил хийдэг байж. Их хүнд ажил гэнэ ээ. Будагны үнэр танар гэж жигтэйхэн, оройдоо энд тэнд гишгэх шахаад л буудаг юм байх. Яавч удаан ингэж ажиллаж болох­гүй, аягүй бол үргүй болно гэж үзээд ажлаа солихын хүслэн болж гэнэ. Химийн хор үргүй болгох аюултай гэдгийг ах хэдийнэ мэддэг байж л дээ. Би бол метилийн спиртний сенсаац­ны “ачаар” л бага сага мэдээлэл­тэй болсон байв.
 
  Их хүсэл гэдэг зорьсон ажлын тал нь байдаг гэж хаа нэг­тэй­гээс уншсан юм байна. Үнэхээр тэр ёсоор хөнгөхөн, үгүй­дээ л ирээдүйд үрийн зулай үнэрлэх чадавхитай үлдэхийн төлөө ах идэвхтэй тэмцсэний дүнд амжилтад хүрчээ. Одоо бол ундаа, сүү зэрэг бүтээгдэхүүний бөглөө­ний үйлдвэрт ажиллаж байгаа юм байна. Тэдний жижиг үйлдвэр хоногт 3000 ширхэг бөглөө дэлгүүрт нийлүүлдэг гэнэ. Ах бэлэн болсон бөглөөнүүд дээр эцсийн тэмдэглэгээ хийгээд очих газрууд руу нь хуваарилж өрдөг юм байх. Нэг бодлын гунигтай ч юм шиг. Өнөөх хүн төрөлх­төний бахархал болсон агуу бүтээн байгуулагчидтай нэг агаараар амьсгалж явснаа гэнэт баавгай, туулайн онигоо шиг нял шал хийгээд явчих ч шиг. Гэхдээ хүнд эрүүл мэнд, ирээдүй чухал хойно ахын шийдвэр зөв байх аа.
 
     Тэгтэл тэр туулайн чадах ажил нь бас амаргүй гэнэ ээ. Өдөр, шөнө ээлжилж ажилладаг боло­хоор нойроор яваад өгдөг. Сайн зохицуулж байхгүй бол дамжлага дээрээ унаад өгнө. Ундааны шилний бөглөөний гүйх дамжлага гэхээр хүүхдийн тоглоом шиг юм байгаа биз гэж бодож болохгүй гэнэ шүү. Араа, хөдөл­гүүртэй техник л юм хойно анзаарга алдахыг андахгүй, хуу хамаад явчихаж мэднэ. Өдөр ажил­лахдаа өглөөний 7.30-аас орой 8.30 хүртэл гүрийнэ. Мөн л ялгаагүй усан онгоц буддаг байх үеийнхээс дутахгүй ядарсан байх. Тэр үед ээжийнх нь хайрын харц, тохилог дулаахан гэр нь, ах, дүү охин хоёрынх нь энхрий дотно царай нүднийх нь өмнүүр жирэлзээд өнгөрөхөд нь хоолой нь бачуурч, уйлмаар болдгийг нуусангүй. Нээрэн аав нь мөн тэнд, гэхдээ арай өөр хотод ажилладаг юм л даа. Бүр найм дахь жилдээ тэнд бай­гаа юм. Хараар ажилладаг ч олон жил болчихсон болохоор солонгосуудтай учир зүйгээ олоод байгаад байдаг шиг байгаа юм. Аав нь ойрхон байдаг боло­хоор арай ч ганцаараа цурхиртлаа уйлаа­гүй байх. Гэхдээ л…
 
  Аль бага ангид сурч байхад нь явсан болохоор аавынхаа жин­хэнэ дүр төрхийг бараг марта­хаа шахахгүй юу. Анх Солонгос оронд, усан онгоцны үйлдвэртэй хотод хөл тавиад гурав хонос­ных нь дараа аав нь ирж л дээ. Мөөгий ах энд Солонгосын хөрөнгө оруулалттай дээд сур­гуульд сурч байсан болохоор хэлэн­дээ гайгүй. Тийм болохоор бүх талаар хамт явсан нөхдөөсөө давуу байсан бололтой. Захирал (эзэн гэх би дургүй), дарга нар нь ахад их сайн юм байна л даа. Тиймдээ ч нэр хичээсэн биз, нэрэлхээ ч биз, аавыгаа анх харчихаад уйлаагүй, аав нь ч хэзээ­ний ойр байсан хүн шиг инээд хөөрөөр угтсан гэж байгаа. Орой­жин монгол, солонгосууд нийлж бужигнаад унтацгааж. Харин аав, хүү хоёр маргааш нь мах­ны газар орж хооллохдоо юу болсон гэж санана. Товчхондоо тэд нус, нулимстайгаа холилдож гүйц­сэн гэнэ. Хүү нь аавыгаа, аав нь хүүгээ, хүүхдүүдээ, эхнэ­рээ, ах дүүсээ, нутаг орноо санаад бэтгэрэх шахсан байсныг мэдэрт­лээ уйлалдсан гэнэ. Нэг юм яриад л уйлна, тэгж байснаа инээл­­дэхдээ ч уйлж байсан гэсэн.
 
  Мөнгө олох сайхан ч хүний нутагт, харийн хүний хатуу гарт хамаг хүнд хүчир ажил хийж өдөр хоногийг цээжиндээ нулимс­­тай өнгөрөөдөг ажээ, монгол­­чууд. Цээжин дэх нулимс нүднээ үзэгдтэл бас л богиногүй зам туулдаг бололтой.
 
  Энэ бүхнийг яриулж суухдаа зургаа авахуулсан газарт нь бай­сан, түрүүнээс хойш сонирхол тат­сан аав, ээж, хүү гурвыг дүрсэл­сэн бололтой модоор сүлжсэн модерн баримлыг зааж “Энэ их гоё юм аа” гэвэл “Өө, тэнд ийм юмнууд зөндөө. Гарах зав ер байхгүй болохоор хаана юу байд­гийг нь ч мэддэггүй”гэсэн юм.
 
  “За тэгээд өөр сонин сайхан юу байна даа” гэвэл “Ажил л байна. Ямар ч төрсөн өдөр, шоу, зугаалга байхгүй. Хоногийн 24 цаг ажиллах нь холгүй. Солонгос­чууд ч өөрсдөө тийм хүмүүс юм” гэдэг байгаа. Ах 10 хоногийн амрал­таар ирсэн юм. Дараа жил ирэх­дээ юу ярихыг нь тэсэн ядан хүлээе.