Ажил дээр, оюутны ширээ­ний ард, автобусанд, гудамжинд, ер нь хаа сайгүй л дурлалын бяцхан бурхан нум сумаа онилон нисэж яваа.

Тэр бас их гэнээн, эхнэр, нөхөртэй, олон хүүхэдтэй, тэр ч байтугай өтөл буурал нэгний зүрхэнд ч бодох юмгүй сумаа илгээж л орхино. Түүний сум байгаа нэгэнт оносон л бол хөгшин залуу, сайн муу, сайхан муухай харгалзахгүй дурлалын эцэс төгсгөлгүй романыг хөврүүлж гарна даа. Хэрэг таригч харин ажлаа үргэлжлүүлэн аз жаргалтайгаар дэвэн дэлхийгээр нисч явдаг. Энэ удаа бид дурлалын бурхан Анжелийг шүүн тунгаах гэсэнгүй, харин түүний үйлдсэн “хэргүүд” хийгээд, хүн төрөлхтөний мөнхийн сэдэв хайр дурлалын тухай л хүүрнэх гэсэн юм. “Цаг төр, хүмүүс” сэтгүүл өмнө нь хайрын тухай бичиж байсныг уншигчид маань санаж байгаа нь лав. Эхнэр нөхрийн, ээж хүүгийн хайрын тухай, унтрах шахсан гэр бүлийн нандин харьцаагаа хэрхэн сэргээх талаар, хайраа халуухан хэвээр нь хадгалахын тулд хөдөлмөрлөх хэрэгтэй гэхчлэн ар араасаа урссан олон асуултад бид бага ч болов хариулт өгч чадсан байх аа гэж найдаж байна. Өмнө нь хэн ч хайр бол хөдөлмөр юм гэж дуугарч байсныг мэдэхгүй юм. Бидний энэ хөндөж тавьсан сэдэв ялангуяа амьдрал үзсэн хүмүүст ихээхэн таалагдаж, талархан дэмжиж байсан билээ.

  Харин энэ удаа бид удахгүй болох гэгээн Валентины өдөрт зориулан хүн болгоны зүрх сэтгэлд халуу төөнүүлэн дурсагдаж явдаг, хамгийн нандин мэдрэмж, анхны хайрын тухай яриа өрнүүлэх гэсэн юм. Анхны хайр гэхээр хөгшин залуу хэн хүнгүй л сэтгэлдээ байгаа нандин дурсамжаа өөрийн эрхгүй санаж байгаа нь лав. Хэдэн жилийн өмнөх, магадгүй хэдэн аравны өмнөх гайхалтай тэр өдрүүд нүдний тань өмнө харагдаж байгаа биз? Анхны харц, анхны үнсэлт, анхны шөнө гээд огт мэдрээгүй, үзээгүй тэр ертөнцийн өмнө  бяцхан айдас тээн зүрхээ даран зогссон өнөөх шавилхан хархүү, гэнэн томоогүй охин та өнөөдөр хэн болсон бэ? Олон хүүхдийн аав, ээж, эмээ өвөө юү? Тийм бол сэтгэл зүрх нь хайраар бялхан догдолж яваа хүүдээ, охиндоо, ачдаа энэ тухай зориуд нэг хуучлаарай. Та бидний хэрэг болгож ярьдаггүй, өнгөрсөн баларсан юм гээд ойшоодоггүй сэдвүүд таны хүүхдэд сургамж болох ч юм билүү?  Хайр гэдэг гэгээн мэдрэмж байдаггүйсэн бол хорвоо нээрээ ямар байх бол гэж бодохоор нэг л төсөөлөгдөж өгөхгүй, сонин шүү.   

 

Таны анхны хайр бүтсэн үү?

  • Бүтсэн                                       19%
  • Бүтээгүй                                     65%
  • Хайртайгаа учраагүй явна            16%

 

 

Бидний анхны хайр инээдтэй, бас тэнэг

  Тэгвэл хайр дурлал хэрхэн эхэлдэг, бас хэрхэн өрнөдөг бол?  Энэ бүхэнд асуулт хайж үзэх үү? Юуны өмнө бусдын дурлалын түүхийг зориуд энд дурдмаар санагдлаа.

 

/Г.Тэргэл. 32 настай/

  - Миний анхны хайр охидтой төдийлэн харьцаж үзээгүй байх гэмээр эв хавгүй яриатай, туранхай өндөр нуруутай жирийн л нэгэн хүү байлаа. Түүнийг харахаараа л зүрх минь амаар гарах гэж байгаа юм шиг догдолж, учиргүй их сандардаг сан. Ичсэндээ хацар ув улаан болчихно оо. Тэгэх тусмаа би ямар харагдаж байгаа бол гэж бодохоор бүүр биеэ барьчихна. Гацаж түгдрээд, ярих гэж ээрч муураад одоо бодоход ёстой инээдтэй байжээ. Аз болоход тэр надтай танилцахаар өөрөө ирсэн юм. Сургуулиа төгсөж, бид их сургуулийн оюутан боллоо. Түүнийгээ хэтэрхий их бурханчилж, хайр дурлал үнэхээр гайхамшигтай зүйл гэдэгт би  дэндүү их итгэчихсэн байсан юм. Өөрөөр хэлбэл, түүнд сохроор дурлачихаад байлаа. Тэр гадаадад сурахаар явсан ч бидний үерхэл үргэлжилсэн хэвээр л байлаа. Зүрх, сарнай цэцгийн зураг бүхий дэгжин дугтуйтай жигтэйхэн гоё захидлууд түүнээс авахаараа учиргүй их баярладаг байж билээ. Амралтаараа тэр хааяа ирнэ л дээ. Гэвч бидний хооронд байгаа тэр хана хэрэм зузаарсаар байгааг л би өдөр ирэх тусам мэдэрч байсан юм. Чамин хийцтэй ганган гэгчийн ваар байдаг даа. Бидний хайр яг түүн шиг ганц унахад л бут үсрэхээр хэврэг эд байлаа. Түүнийг амралтаараа нэг ирэхэд нь л өнөөх ваар дахин эвлэхгүйгээр хагарч орхисон. Үл ойлгогдох харьцаа гэдэг чинь ямар ч тайлбар шалтгаангүйгээр цэг тавихад хүргэдэг юм билээ. Бид учиргүй муудалцаагүй, нүүр нүүрээ харж байгаад хоёулаа одоо больё оо гэж ч хэлээгүй. Учир битүүлэг хайр дурлалтайгаа хамт үл ойлгогдох тэр нөхөр миний амьдралаас бүр мөсөн яваад өгсөн юм.

  Хайр дурлалаас болж би яасан их шаналж, ямар олон өдөр зүрхэндээ шархтай явсан гэхэв. Уйлаад л байдаг байлаа, сүүлд найз бүсгүйтэй болсон гэж дуулаад бүүр их уйлсан. Тэгсгээд мартах байх гэж хичээсэн. Тэгсэн хэрнээ зөрж өнгөрөх олны дундаас түүнтэй адилхан царайтай, түүн шиг дүр төрхтэй хүмүүсийг хайгаад л яваад байлаа. Яагаад ч юм тэр нь надад зугаатай санагддаг байсан юм. Тэгсээр нэг өдөр яг тийм хүнтэйгээ гудамжинд тааралдсан. Үнэндээ тэр өөрөө дүрээрээ зогсож байсан л даа. Гэхдээ миний догдлон дурлаж байсан өнөөх хүү биш, хэн нэгэн огтоос  танихгүй эр болсон байлаа. Миний анхны хайр, олон жил намайг өвтгөсөн хайр дурлал минь хаашаа ч юм нисээд алга болчихож. Юу ч болоогүй юм шиг эртний танилтайгаа инээд алдан мэндлээд л зөрсөн. Дахин би тэр царайг хайхаа больсоон. Миний хайрын түүх одоо бодоход инээдтэй, бас тэнэг санагддаг.

 

/Б.Баттөр. 25 настай/

  - Миний анхны хайр бүтээгүй ээ. Ер нь анхны хайр нь бүтсэн хүн байдаг юм уу. Байдаггүй учраас л анхных гэдэг байх. Би эгчмэд бүсгүйд анх дурласан юм. Бүтэхгүй дээ, ямар ч шаансгүй гэж бодсон мөртлөө л нэг мэдэхэд гэрийнх нь үүдэнд оччихсон зогсдог байж билээ. Олон хоног зовоосон болоод ч тэр үү, үнэхээр надад талтай ч болсон юм уу, надад удалгүй зөвшөөрч бид үерхдэг болсон. Гэхдээ энэ үерхэл удаан үргэлжлээгүй ээ. Цагдаагийн академийн нэг оюутан түүнийг минь надаас  булаачихсан юм. Шарандаа би дахиж нэг ч удаа тэднийд очоогүй. Надад хайртай л гэдэг байсан шал худлаа юм билээ. Гэхдээ одоо түүнийг буруутгахаа больсон. Харин түүнийг хэзээ ч мартахгүй гэдгээ л мэдэж байна.    

 

/Г.Нямжаргал 30 настай/

  - Би нэг залууд галзуу юм шиг л дурлаж билээ. Шинэ жилийн үдэшлэгийн үеэр танилцсан бид дөрөв хоногийн дараа л суух тухай ярьж байсан гээд бод доо. Түүний өөгүй цэвэрхэн царай, өөртөө итгэлтэй байдал, ер нь байгаа бүхэн нь намайг соронзон шиг татаж байсан юм. Солиорсон дурлал гэж үнэхээр байдаг бол тэр нь л болсон байх. Зэргэлдээх байранд тэднийх байдаг байлаа. Нэг удаа шөнийн 02.00 цагт тэр над руу залгалаа. Хувцаслаад гарах гэтэл ээж минь “Чи чинь галзуураа юу. Хэн дуртай нь чамайг хүссэн цагтаа дуудаж л байдаг, чи очиж л байдаг. Эмэгтэй хүн байж нэрээ бодооч” гэж тас загнаад намайг гаргадаггүй. Түүнтэйгээ л уулзаж байвал би юу ч хийхээс буцахгүй болсон байлаа. Ээж ээ, намайг гаргачихаач гэж уйлан дуулан гуйж, эгч, дүү нар минь бүгд орноосоо босчихсон “Энэ яг солиорчихож” гэж байж билээ. Машин зам гарахдаа хүртэл “Ийм сайхан хайртай учирчихаад үхчих вий дээ“ гэж хүртэл бодно гээч. Ухаангүй дурлал маань мэдээж бүтээгүй ээ. Дөрвөн жил сэтгэлдээ шаналж, шинэ оны баярыг орондоо хэвтэж өнгөрүүлсэн дээ. Одоо бодоход тийм хүчтэй дурлаж байсан залуутайгаа үнэхээр суусан бол би маш их зовох байсан байх гэж боддог юм. 

 

Анхны харцаар уу, аль эсвэл…

  “ - Би анх хараад л ухаангүй дурлачихсан”. Ийн ярих хүнтэй та нэг биш удаа тааралдсан л байх. Яг үнэндээ анхны харцаар байтугай биенээ огт хараагүй хүмүүс ч дурлалцах тохиолдол байдаг гэнэ. Зарим хүн хараад  дурладаг бол зарим нь дасаж дотносоод сэтгэлд нь, өөрөөр хэлбэл дотоод ертөнцөд нь татагддаг байна.

  Гэхдээ хүмүүсийн дурлал янз бүр шүү дээ. Юу нь тэгтэл татдаг байна аа, түүнд бусдаас ялгарах гойд юм алга л байна шүү дээ гэхээр хүнд хөл алдан дурласан байх нь бий. Нүд, уруулынх нь хэлбэр, хацар нь хөөрхөн хонхойдог ч юм уу, эсвэл гарынх нь өвөрмөц  хөдөлгөөн зэрэг огт санаанд ормооргүй зүйлс хүртэл эсрэг хүйстнийг нь ухаан алдтал дурлуулдаг аж. Хараад дурлаагүй хэрнээ үнэрт нь, дуу хоолойнд нь татагдаад суучихсан  хүн ч цөөнгүй байдаг.       

  Хайр дурлалд хүний өссөн орчин, үзэл бодол багагүй нөлөөлдөг аж. Эрчүүд ихэвчлэн ээжтэйгээ адилхан хүнийг сонгодог нь хар багаасаа л ээжийгээ хорвоогийн хамгийн сайхан эмэгтэй гэж итгэж өссөнийх гэнэ. Тэгээд сэтгэлд нь төсөөлөгдөж байсан дуу хоолой, зан ааштай хүн бодит амьдрал дээр гараад ирэхээр өөрийн эрхгүй тэмүүлдэг байна.

  Хайрын зургаан төрөл байдаг тухай зохиолч Лий номондоо бичсэн байдаг. Түүнийхээр

 - Романтик хайр

 - Тоглоом хэлбэрийн хайр

 - Найз маягийн хайр

 - Өмчилсөн хайр

 - Прагматик хайр

 - Зөвхөн түүндээ л бүхнээ зориул­даг хайр.

  Олны анхаарлыг татсан нүүр царай гэж бий. Нэлээд хэдэн жилийн өмнө Солонгосын олон ангит “Анхны хайр” гэдэг кино гарч гол дүрийн жүжигчин Чанвуд нэгэн монгол охин ухаангүй дурлаж, 9 давхраас унаж амиа хорлоно гээд бөөн сенсааци дэгдээж байсныг санаж байна. Нэвтрүүлэгч, хөтлөгч монгол Чанву гэгддэг Гантулгад хижээл насны  эмэгтэй дурлаад, багагүй паян дэгдээсэн талаар 25 дугаар телевизийнхэн ярьдаг юм. Телевизийн гадаа ирээд “Гантулга аа, би чамд хайртай” гээд хашгирч байсан тэр эмэгтэй дуртайдаа тэгж олны элэг доог болоогүй л байх. Сүмогийн бөх, озэки Кайод туяхан япон хүүхнүүд хөл алдан дурладаг гэлцдэг. Харин мань эрийн сонголт шал эсрэгээр, өөрөөсөө тав эгч, нохой зодооны тамирчин байсан булиа бүсгүйг авааль эхнэрээ болгон авчээ.

 

Анхны хайр насан туршид мартагддаггүй гэж үнэн үү?

  • Ямар дурсамж үлдээснээс болно                42%
  • Хэзээ ч мартдаггүй                                    35%
  • Шал дэмий юм, бодохыг ч хүсдэггүй            0%
  • Аль хэдийнэ мартчихсан                             23%

 

Өмнө байгаагүй мэдрэмж хүнийг солиоруулдаг

  Анхны хайр маш хүчтэй сэтгэгдэл төрүүлдэг, сэтгэлийн нарийн мэдрэмж юм. Өмнө нь огт мэдэрч байгаагүй тийм мэдрэмжтэй учраад хүн өөрийн ухаангүй болж, үхэн хатан дурладаг. Дээр жишээ болгон өгүүлсэн Нямжаргалын дурлалын түүх шиг үнэхээр л хэн ч, юу ч гэж хэлж байсан дурласан хүн яахаас ч буцахгүй болдог байна. Хорвоод хүн болж мэндлээд галзуурсан мэт ийм дурлалтай эхний бөгөөд эцсийн удаа л учирдаг. Гэхдээ үүнийг хүн болгон тойрч биш, дайрч өнгөрдөг. Хүн ийм үедээ ховсдуулсан мэт,  хар тамхинд донтсон хүн шиг ч өөрийн мэдэлгүй болдог байна. Хичнээн өөртөө итгэлтэй, ухаалаг, царайлаг хүн ч бай, үнэхээр л дурласан бол хайртай хүнийхээ дэргэд зүрх зориггүй, хэлье гэснээ ч хэлж чаддаггүй, аймхай хулчгар, сул дорой болдог. Хайраас болж үхэхэд ч бэлэн байдаг тийм л нас. 

  Хайр бол зөвхөн эелдэг сайхан зан төрх биш, дан эротик зүйл ч биш, нэг нь нөгөөдөө санаа  тавих хоорондын холбоос төдий зүйл ч бас биш юм. Амьдрал гэж юуг хэлэх вэ гэдэгтэй адилхан хайр бас хялбар томъёологдох зүйл биш боловч ярихгүй өнгөрөхийн аргагүй тийм сэдэв.

  Монголчууд үр хүүхдэдээ багаас нь сэтгэл санааны баялаг амьдралыг мэдрүүлээгүйгээс болж гэнэтхэн нэг л өдөр хайр дур­лал, сэтгэлийн орон зайд хөл тавихаараа ухаангүй тэмүүлж сохроор дурладаг ажээ. Ядаж байхад тэр нь шилжилтийн үе таардаг. Үүнээсээ болж хүүхдүүд амьдралдаа алддаг, урууддаг, өгсдөг. Тиймээс эцэг эхчүүд хүүхэдтэйгээ аль болох нээлттэй байж, багаас нь хайрлаж, хүндэлж, сэтгэл санааны баялаг мэдрэмж өгөх хэрэгтэй гэнэ.

  Цэцэрлэгт байхаа­саа л хүүхдүүд эсрэг хүйстнээ сонирхож эхэлдэг. “Манай ангийн Цэцгээ хамгийн хөөрхөн нь. Ээж ээ, би Цэцгээд бэлэг өгмөөр байна” гэхчлэн нялх үр чинь таныг гайхашруулж мэдэх юм. Цочирдох хэрэггүй, хорьж цагдах ч огт хэрэггүй. Аль болох зөв залж, хүүхдээ тэр талын боловсролтой болгох хэрэгтэй. Айл­гаж ичээхдээ гол нь биш. Учрыг  нь тайлбарлаж, өөрийнхөө дурсамжийг хуваалцаж, хэрэгтэй бол гэр бүлийн сургуулийн сайн дурын багш нь та байг л дээ.

 

Эрх чөлөөт дурлал

  Герман орноор жишээ авъя. Тэндхийн өсвөр насныхан хамаагүй эрт буюу ихэвчлэн 13-тайгаасаа бэлгийн харьцаанд ордог ажээ. Ид шохоорхдог насан дээрээ буюу 15-16-тайдаа ёстой л хонь хурга нийлүүлсэн мэт охидыг сольж, хольж өгдөг гэнэ. Харин 17 хүрээд ирэхээрээ тогтсон нэг найз охинтой болж, үерхэх хугацаа нь сар, хоёр сар ч юм уу, арай жаахан уртасдаг бол 18 хүрээд томоожиж нэг охинтой жил, хоёр жил үерхдэг гэнэ. Тэгж явсаар 25-30 гараад нэг хүнтэй суудаг. Тийм олон шат дамжлагын дараа гэрлэсэн үедээ тэд гэр бүлээс гадуур янз бүрийн юм мөрөөдөөд байх нь ховор гэнэ. Тэгээд бас болоогүй ээ, нэг хоёр хүүхэд гаргаад гэр бүлийн амьдралаас залхдаг ч юм уу, удалгүй салцгаачихдаг байна. 40-50 гартлаа ганц бие явж байгаад хамт өтлөх хүнтэйгээ дахиад гэр бүл болж үхэн үхтэлээ насан туршдаа хамт амьдардаг аж. Хэт замбараагүй юм шиг тэгсэн атлаа эрх чөлөөтэй амьдралын энэ  хэв маяг юу өгүүлнэ вэ? 

  Манайд тэгвэл залуус 18-19-тэй гэр бүл болдог, салж чаддаггүй. Хэн хэн нь юу ч мэдэхгүй, хайр дурлал мөн эсэхээ ч сайн ойлгохгүй суучихаад насан туршдаа хөндий амьдралтай явах нь бий. Энэ бол нийгмийн амьдрал, уламжлалтай их хамаатай асуудал. Хайргүй хүнтэйгээ суугаад хүүхэд гаргачихсан, хүүхдээ бодоод насан туршдаа аз жаргалгүй амьдарсан хос бидний дунд цөөн биш. Монгол залуус хүүхэдтэй болсон хойноо гэр бүл болж байгаа тухай бид “Хурим” гэсэн сэдэвт дэлгэрэнгүй өгүүлж байсныг та санаж байгаа байх. Хуримлаж буй хосын 60-аас дээш хувь нь нялх үрээ мэндэлсний дараа гал голомтоо бадрааж, айл гэр болдог гэсэн судалгаа гарсан байна. Энэ бүхэн юутай холбоотой бол?

  Нас бие гүйцээд ирэхээрээ эрчүүд өөрийн эрхгүй биологийн хэрэгцээгээ хангах шаардлага гардаг. Тийм учраас найз охинтой болж, байнгын харьцаатай болохыг хүсдэг. Тэдний толгойд гэр бүл, үр хүүхэдтэй болох төлөвлөгөө байтугай бодол ч орж ирээгүй байхад хүсээгүй бяцхан иргэн  хорвоод мэндэлдэг гэвэл үнэнээс нэг их хол зөрөхгүй л болов уу. Манайхан хэзээ хүүхэдтэй болох вэ гэдгээ огтхон ч төлөвлөдөггүй. Энэ нь мэдлэггүй байдлаас нь ихэвчлэн болдог. Ээж, аав нь огт ярихгүй, ам сургаар л  нэг тийм юм байдаг юм байна гэж явсаар нэг л өдөр өөрсдөө аав ээжүүд болчихдог байна. Үүний үр дагавар тэгвэл юу вэ? Азтай нэг нь сайн хүнтэй суугаад  явна. Азгүй нь хаягдаж, бие сэтгэлдээ насан туршдаа шархтай үлддэг. 

Зүрхээ дагах уу, толгойдоо захирагдах уу?

  Эхэнд өгүүлсэн эмэгтэйн түүх шиг бага залуу насандаа хүмүүс ихэвчлэн зүрхээ л дагадаг аж. Зүрх нь хаашаа гэнэ, тийшээ л зүтгэдэг. Аав ээж, ах эгч нь хэчнээн ятгаж сэнхрүүлэвч “Би тэр хүнд хайртай” гээд л дөргүй бух шиг зүтгээд байх нь тэр. Өнөөх л солиорсон мэт дурлалын өвчин нөлөөлж буй хэрэг. Тэгвэл хүмүүс нас жаахан ахих тусам зүрхээ дагахаас илүү толгойдоо захирагдах нь элбэг гэнэ. Өөрөөр хэлбэл, сэтгэлийн хөдөлгөөнөө хорьж, “Энэ залуу намайг сайхан амьдруулж чадах уу, үгүй юу, ар гэрийнхэн нь ямархуу хүмүүс бол, байртай юу, мөнгөтэй юу” гээд л олон талаас нь шинжин сорьдог байна. Тиймдээ ч бүсгүйчүүд ажил албандаа тодорхой  амжилт гаргасан, гялалзаж яваа боломжийн залуустай танилцахыг хүсдэг аж. Тэгэхээр хүн залуу байх тусмаа зүрхээ чагнадаг, нас ахих тусмаа толгойгоо чагнадаг болдог байна.

  Хүний ажил мэргэжил хайрлаж дурлахад ихээхэн нөлөөлдөг болохыг амьдрал харуулж байна. 30-40-өөд оны үед хүүхнүүд жолоочтой суух нь элбэг байж. Тэр үеийн зохиол, кинонуудыг үзээрэй л дээ. Ихэвчлэн жолооч хархүү, саальчин бүсгүйн хооронд л дурлалын паян өрнөх вий. 50-60-аад оны үед цэргийн ахмад, ер нь цэргийн хүмүүс ихээхэн моодонд оров. “Цэрэг дагахаар тэрэг дага” гэсэн үг хүртэл гарсан байх вэ дээ. Шагхийсэн цэрэг сугадчихсан бүсгүй тэнгэрийн умдаг л атгалаа гэсэн үг. 70-80-аад оны үед сэхээтний эрин үе ноёлов. Танц эргэж, дугуй цагаан малгай духдуулсан хээнцэр бүсгүйчүүд зангиа хүрэмтэй номын эрчүүдийг сугадаж алхах дуртай болсон. Тэгвэл 80-90-ээд оны хүүхнүүд яамны ажилтан, дипломатчдыг сүүрс алдан мөрөөдөж эхлэв.

  Өнөөдөр тэгвэл цаг үеийнхээ хөгжил дэвшилтэй холбогдоод ч  тэр үү, нийгмийн тэргүүлэх чиглэл болсон мэдээллийн технологийн мэргэжилтнүүд, компью­тертэй “найз” эрчүүд хамгийн их эрэлттэй “бараа” болоод байна.  Тэгэхээр ажил мэргэжлээс хамаарч хоёр хүний дунд  дурлалын оч харвах уу, үгүй юу гэдэг асуудал шийдэгддэг байх нь байна шүү. Өнөөдөр гудамжинд гараад хараарай, амьдрал ямаршуухан байгааг зөрж өнгөрөх олон олон хүний царай төрх, өмссөн зүүснээс мэдэж болно. Тэгэхээр зүрхээ дагана гээд өнөө маргаашийн амьдралаа арай чүү авч явах нэгэнтэй суух уу, эсвэл өөрийг нь тосонд умбуулж, торгонд ороодоггүй юм аа гэхэд боломжийн аваад явах эртэй суусан нь дээр үү? Бодох л асуудал. Гэхдээ хүүхнүүд ярьдаг л даа, би нөхөртэйгээ ерөөсөө ч мөнгөтэй, чинээлэг гэж бодож  суугаагүй гэдэг. Үнэндээ түүний сонголтын цаана 50-иас дээш хувь нь ирээдүйн нөхөр нь амьдралын боломжтой эсэх талаар бодол шургачихсан л байгаа бий вий. Яг үнэндээ цэвэр сэтгэл зүрхээ дагана гэвэл амьдралд бэрхшээл мундахгүй. Хайртай хүн чинь аав ээжид чинь таалагдахгүйгээс авахуулаад наад захын проблем бий. Охиноо мэдлэг боловсролтой сэхээтэн залуутай суулгана гэж бодож байтал улаан хацартай, малчны бор хүү дагуулаад ороод ирвэл яах вэ? 

 

Одоо сэтгэлд тань анхны хайраас ямар мэдрэмж хамгийн тод үлдсэн бэ?

  • Хамгийн сайхан мэдрэмж                           25%
  • Уйтгар гуниг, таагүй дурсамж                     21%
  • Маш их догдолж байснаа санаж байна        37.5%
  • Тэр үедээ дахин очмоор байна                    16.5%

    

Хайр дурлалыг барьцаанд тавьж болохгүй

  Хайртай залуугаа тогтоож үлдээхийн тулд “Чамайг надаас салах юм бол амиа хорлоно шүү” гэдэг шазруун бүсгүйчүүл байдаг. Эсвэл хүүхдээрээ түрий барьж, хүүхдийг нь гаргачихсан юм чинь энэ яах юм гэсэн хандлагатай хүмүүс ч бий. Нөхрөө үлдээхийн тулд хүүхдээрээ барьцаалсан эмэгтэйг лав мэдэх юм. Гурван удаа нөхөр нь салахыг завдаж, тэр гурван хүүхэд гаргажээ. Инээдтэй юм шиг боловч амьдралын иймэрхүү жишээ бидний дунд цөөнгүй бий. Насаараа аз жаргалгүй амьдарч яваа, хайр дурлалын боол нь болж байгаа хүмүүс ч олон. Ингэж амьдарлаа гэдэг ямар утга учиртай юм бэ?

  Судалгаанаас харахад ухаан алдталаа дурласан хархүүтэйгээ гэр бүл болсон хүн төдийлөн ховор юм билээ. ”Солиорсон юм шиг дурлаж байсан тэр хүнтэйгээ суучихсан бол тэнэг л байхгүй юу” гэж эгдүүцэж байгаа хүн ч байх юм. Тэгэхээр сохроор дурласан бол амьдрал болох нь бас ховор ажээ.     

      Хайр дурлалыг мэдэхгүй хэн байсан юм гэж учиргүй мэдэмхийрч ярьдаг хүн байдаг. Хэзээ ч, хэн ч энэ агуу мэдрэмжийг томъёолж, тодорхойлж чадаагүй явна. Тийм атал хэт мэдэмхийрч, сагсуурах нь бусдад сөрөг сэтгэгдэл төрүүлдэг аж. Хэрвээ найз бүсгүйтэй, найз залуутай болсон бол хайр дурлалд хэрхэвч ам гарч болохгүй нь байна шүү. Мөн дурлалыг хэзээ ч өмчилж, өөрийн эрхшээлд байлгах, хичээх хэрэггүй гэнэ. Хэн нэгэн эрх чөлөөг чинь хааж боож, өөрийн хүссэнээр байлгах гээд байвал танд таалагдахгүй нь мэдээж шүү дээ.

  Мөн хайр дурлалыг бурханчлан шүтэж, төгс төгөлдөр, ербусын  сайхан зүйл хэмээн хэт хийсвэрээр төсөөлдөг бол энэ бодлоо авч хаях хэрэгтэй гэнэ. Хайр дурлал хүн болгонд өөр өөрийн онцлогтой очдог учраас зүгээр л бүхнийг байгаа чигээр нь тосож авах нь хайр дурлалд чинь эерэгээр нөлөөлөх болно.

                                               

Дурлалыг хазаарлах уу, эсвэл…

  Дурлах, дурлуулах нь хэр зэрэг хязгаартай байх вэ гэдэг нь мэдээж хувь хүний өөрийнх нь л асуудал. Амьдрал огт дурлалгүй байна гэвэл уйтгартай. Гэхдээ сээтэгнэсэн болгонтой нь учир ургуулаад гэр бүлээ сүйтгээд байвал утгагүй хэрэг шүү дээ. Тэгэхээр ямар нэгэн хязгаар хэмжээ тавихгүй л бол болохгүй байгаа биз?

  Дэлхийн сонгодог зохиол Лев Толстойн “Анна Каренина”-г эргэн саная. Хайр дурлалын нарийн төвөгтэй энэ асуудлыг гайхамшигтай өгүүлсэн сонгодог роман түүнээс өөр үгүй. Хэрвээ зохиолын гол баатар Анна тийм сайхан дурлалтай учраагүй бол, нөхрөөсөө өөр эрд сэтгэл алдраагүй бол, амьдралыг өөрийнхөөрөө сөрөөгүй бол энэ зохиол мэдээж  дэлхийн сонгодог болж чадахгүй. Дурлалыг хазаарлах уу үгүй юу гэдэг нь амьдралын туршлагатай л холбоотой асуудал хэмээн нэгэн философич дүгнэсэн. Гадаадын нэгэн эмэгтэй Монголд хамаагүй сээтэгнэх нь аюултай шүү гэж үеийнхээ найз нарт аминчлан ярьж байх юм. Учрыг асуувал монгол залуус хандраад байна гэж бодоод бараг л ор руу чирэх шахдаг гэж тэр ярьсан юм.

 

Хүнд хайртай болоход таныхаар юу нөлөөлдөг бол?

  • Тэр хүний байгаа байдал            42%
  • Сэтгэл татам сайхан ааш             13%
  • Гоёмсог дэгжин байдал              6%
  • Хараад л дурлачихсан                22.5%
  • Үзэл бодол, сэтгэл сайтай          16.5%
  • Мөнгөтэй                                  0%

 

Хайр бол гоо сайхан

  Дурлалгүй амьдрал дэндүү уйтгартай гэдэгтэй хэн хүнгүй санал нийлэх биз ээ. Хайр дурлал хүнд аз жаргал, сэтгэлийн гоо сайхан авчирдаг. Дурлачихсан хүнийг харахад л андашгүй. Хацар нь улаа бутарч, харц нь гэрэлтээд цаанаа л нэг өнгөлөг. Хайр дурлал гэгч хязгааргүй хүсэл  тэмүүлэл, сэтгэлийн торгон мэдрэмж байгаа болохоор бидний амьдрал ийм гэгээлэг, аз жаргалтай цог жавхаатай байдаг. Хайртдаа үнсүүлэх гэж яарч, хайртай хүндээ сайхан харагдах гэж сэтгэлээ хүртэл гоёж, хайрынхаа төлөө зовж, жаргаж амьдрах сайхан. 

  Хайр бол сэтгэлийн гоо сайхан юм. Энэ гоо сайхангүйгээр хүн төрөлхтөнийг төсөөлөхөд бэрх. Хайр дурлалыг магтан дуулж, зуун зуунаар дээдэлж, дуу шүлэгтээ хүртэл мөнхрүүлж ирсэн.

  Манайхны зарим нэгний хувьд энэ нь нэг талаар битүү хатуу, хаалттай сэдэв юм шиг ээ. Сэтгэл зүрхний нарийн ширийн асуудлыг ярихаас аль болох зайлсхийдэг хүмүүсийн хувьд хайр дурлалын тухай яриа дургүйг нь хүргэж ч мэднэ. Харин иймэрхүү янзаар амьдралд ханддаг хүмүүс хожих биш хохирч, битүү хатуу ойлголтоос үүсэх хайр сэтгэлийн харьцаа хожим  тэднийг ойртуулах биш улам хөндий болгодог гэдгийг гадна дотны сэтгэл зүйчид баталсаар байна. Аливаа асуудлыг сэтгэл санаагаа тайвширтал ярьж хэлэлцэхгүй хойш тавих л юм бол хэзээ нэг цагт эргэж босч ирдэг тавилантай. Нүүдлийн амьдралтай монголчууд элдэв нарийн ширийн асуудлыг хэрэг болгож яриад байдаггүй, тэгсхийгээд өнгөрөөгөөд сурчих­сан. Аав ээж нь тийм болохоор хүүхдүүд нь ч мөн адил. 

  Магадгүй зарим хүн чухам энэ асуудлыг, амьдралын хамгийн нарийн ширийн зүйлээ аав ээж, үр хүүхэдтэйгээ ярьж зөвлөдөггүйгээсээ болоод хожим харамсавч баршгүй байдалд хүрдэг. Бид сэтгэл зүйн нарийн ээдрээтэй асуудлын тухай сэтгүүлээрээ дамжуулан уншигчдадаа байнга хандаж байгаа. 

  Бид гэгээн Валентины өдрийг угтаж эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хооронд байдаг хайр дурлал, тэр тусмаа ухаангүй мэт дурлуулдаг, өвөрмөц мэдрэмж, анхны хайрын тухай сэдвийг зориуд энд хөндлөө. Таны хайр дурлалыг үзэх үнэлэмж, мэдлэгт тань нэмэр болж чадсан бол бидний зорилго бүтлээ гэсэн үг. Ингээд танд аз жаргал хүсье.