Хүн та энэ хорвоод ирээд хүй тасартал нүцгэн биеэр тийчэлж хэвтсэн дээ. Өсөж, өндийж, өтөлж өвгөртлөө хэчнээн хувцас, давхац, нөмрөг, хучлага хэрэглэснийг хэн мэдэхэв.
 
  Хамгийн эхлээд таны нэрийг бичсэн баримт “Төрөгсдийн гэрчилгээ” (төрсний) авна. Нас ахих тусамд нэмэгдэх байцаал (баримт, тодорхойлолт,байцаал болгох, биеийн байцаал) бичиг цаасууд цуглана.
 
  Я.Цэвэлийн “Монгол хэлний тайлбар толь” бичгийг сөхье.
Анкет - хариу авах тодорхой асуулт бүхий хүснэгт,
Баримт - гэрч, бат нот, үнэмшүүлэх бичиг,
Үнэмлэх - үнэнд үзэх, үнэмших, баримт болгох бичиг,
Диплом - Зэрэг цолын үнэмлэх, мэргэжлийн, өндөр үнэлгээний, шагналын гэрчилгээ,
Гэрээ – гэрч, тэмдэг болох баталгаа баримт, хоорондын батлах хүн, хэмээн тайлсан байх юм.
 
      За тэгээд насан туршдаа барьж, гардсан байцаал бичгүүд юу сан билээ гээд үзэв.
 
  • Төрөгсдийн гэрчилгээ
  • Иргэний үнэмлэх
  • Бага, дунд сургууль төгссөний гэрчилгээ, аттестат
  • Дээд боловсролын диплом
  • Дамжаа, түр сургалтын гэрчилгээ, үнэмлэх, сертифекат
  • Мэргэжлийн үнэмлэхүүд
  • Гэрлэлтийн баталгаа
  • Дотоод, гадаадад барих паспорт - албан ёсны баримт,
  • Орон сууц эзэмших гэрчилгээ, гэрээ
  • Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ,
  • Эрүүл мэндийн дэвтэр (карт)
  • Эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ
  • Гишүүнчлэлийн бат илэрхийлэх, батлах
  • Тэтгэвэрийн дэвтэр
  • Банкны хадгаламжийн дэвтэр, виза карт
  • Мөнгөний картууд, чекүүд
  • Албан ажлын үнэмлэх, пропуск, нэвтрэх карт, хуудас
  • Жолоочийн үнэмлэх, санамж,
  • Номын сангийн үнэмлэх, карт
  • Буу эзэмших эрхийн үнэмлэх
  • Анчны үнэмлэх
  • Одон, тэмдгийн үнэмлэхүүд
  • Тусгай зөвшөөрлийн үнэмлэх
  • Автобусаар зорчих эрхийн үнэмлэх
  • Газар эзэмшлийн гэрчилгээ
  • Бэлтгэл дайчны үнэмлэх
  • Гар утасны карт (эрхийн дугаартай)
  • Албан байгууллагатай хийсэн хөдөлмөрийн гэрээ
  • Анкет (байцаал бичиг)
  • Өргөмжлөл, баярын бичиг, дурсгалын, мэндчилгээний, талархлын хуудсууд
  • Өрхийн ам бүлийн бүртгэл
  • Гэрийн эд хогшлын бүртгэл ……
гээд нижгээд хавтас, хуудас, цаас цугларчээ. Энэ бүгд миний аргамжаа, хүнд сурталын хүлээс юм. Хөгшин европын хөгжингүй орнуудад дотоод, гадаадад үзүү­лэх Паспорт нэг, түүн дээр биеийн байцаалыг багтаасан байдаг бөгөөд тэр болгон сольдоггүй, сун­га­даггүй.
 
  Насан туршидаа барих үнэмш­лийн бичиг, албан ёсны баримт, бүрэн эрхийн баталгаа болно.
 
  Сүүлийн жилд монголчудын гадаад паспорт 4 удаа солиг­дож, дотоод паспорт 3 удаа шинэч­лэгдэж, бусад баримт сэлтүүд 2-оос доошгүй өөрчлөгд­сөн байна. Нийтийн унаагаар зорчих эрхийн бичгийг жил дутамд сун­гаж, шинэчлэн олон ардыг сөхөрч сөгдтөл нь дараалалд зогсоож, хураамж, төлбөр авч, аль болохоор чирэгдүүлэхийг хичээнэ.
 
  Энэ бүх хүнд суртлын хүлээс болсон барагдаж, дундардаггүй бичиг баримтууд чөтгөр шулам руу­гаа хийсвэл таарна.
 
  Бичиг баримт бүрийн цаана танихгүй царай, мэдэхгүй хүн, мэндгүй албат, гуйлга түйлэгийн эзэд, дэндэхээрээ авлагын алга тэнийл­гэх бий вий.
 
  Өтлөөд өнхрөхийн цагт тэр бүх үнэмлэх бичгүүд хэрэггүй болж хүй тасартал нүцгэнээрээ тийч­лэж хэвтсэн шигээ хөшиж, хөр­сөн нүцгэнээрээ чимэгүйхэн одно.