Санхүүгийн хямрал үргэлжлэхийн хэрээр хүн төрөлхтөн мөнгөний хэрэглээгээ хумиж эхэллээ. Гэхдээ үүнд эерэг тал бас байна аа. Зочид буудал, ресторан, зар сурталчилгааны агентлагууд төлбөрийн шинэ систем нэвтрүүлж “хүссэнээрээ төлцгөө” гэдэг болсон байна шүү.
 
Австрид үнэгүй аялах
 
      Хүн чанар чинь хүлээн зөвшөөрч л байгаа бол Австрид 3 хоног үнэгүй аялж болно. Австрийн Langenfeld сууринд 200 хүн гурав хоног амарч болох байр бэлэн ажээ. Төгсгөлд нь амрагчид бүх үйлчилгээнд (буудлын хөлс, ресторанд хооллосон болон амарч зугаалсны тооцоо) өөрсдийн үзэмжээр төлбөр хийж болно гэнэ. Энэ төсөлд 16 зочид буудал, 4 ресторан, 7 амралт зугаалгын газар оролцож байна. Жуулчдад зориулсан усан аялал- рафтинг, дугуйн аялал, жуулчдын тойрон аялалууд, ууланд авиралт, усанд сэлэлт, соёлын арга хэмжээ болон Спа үйлчилгээ гээд маш олон төрлийн амралт зугаалгын арга хэмжээнүүд байгаа ажээ. Зочид өөрсдөө чанарыг нь үнэлэх боломж олгож буй энэхүү үйлчилгээ чанартай гэдэгт орон нутгийн оршин суугчид итгэлтэй байгаа ба жуулчлалын төв болж хөгжинө гэдэгтээ уг төслийг санаачлагч Мартин Зантер итгэлтэй байгаа гэнэ.
 
Үнээ өөрсдөө буулгацгаа
 
      Сан-Диего дахь Rancho Bernardo Inn зочид буудал үнэ бүрдүүлэх шинэ арга бодож олжээ. Буудалд буугчид зарим нэг тав тухтай үйлчилгээнээс татгалзах замаар (ингэснээр үнээ хямдруулна) түрийвчнийхээ хэмжээнд тааруулан үйлчилгээ авахыг санал болгож байна. Хоёр ортой өрөө /өглөөний ундтай/ үндсэн үнэ нь 219 ам.доллар. Ингээд зочин маань өглөөний унд уухгүй бол 199 ам.доллар, бааргүй бол 179 ам.доллар, агааржуулагчгүй бол 159 ам.доллар , дэр авахгүй бол 139 ам.доллар, бүтээлэггүй бол 109 ам.доллар, гэрэлтүүлэггүй бол 89 ам.доллар, цагаан хэрэгсэл авахгүй бол 59 ам.доллар, тавлаг орчин шаардлагагүй бол 39 ам.доллар, бүр ор хэрэглэхгүй бол 19 ам.доллар болж хямдрах ажээ.
 
Үйлчлүүлэгчдээ сорьж үзэж байгаа нь
 
       Америкийн зар сурталчилгааны компани Nil тогтсон үнэлгээгүй үйлчилгээг санал болгож байна. Хэдий хэмжээгээр төлөхөө үйлчлүүлэгч өөрөө шийднэ. Компанийн шууд зардлыг (томилолт, сурталчилгааны материал бэлтгэх г.м.) л харин урьдчилан тохиролцож заавал төлөх ажээ. Компанийн шууд бус зардлыг хүссэнээрээ төлж болох юм байна. Захиалагч нь харам загнаад компанийн ажлыг үнэлж хөлс төлөхгүй бол тэд иймэрхүү компанитай цаашдаа хамтран ажиллахгүй байх болно гэдгээ тэд мэдэгдээд байгаа ажээ. Компанийг үндэслэгч Хэнк Лебер “Асуудал үнэ буулгахдаа бус, харин эрэлт болон нийлүүлэлт юм. Салбарын асуудал эерэгээр эргэнэ гэдэгт би итгэж байгаа. Зах зээл үүнээс болж муудахгүй, үнэ өөрчлөгдсөөр л байх болно, харин ингэхдээ тухайн компанийн дураараа зарцуулсан цагаар бус үйлчлүүлэгчийн санаанд чанар нь хэр таалагдсанаас үнэ нь хэлбэлзэх болно” гэж мэдэгдэж байна. Зар сурталчилгааны компаниуд болон үйлчүүлэгчдийн харилцаанд хувьсгал гарна гэх юмаа.
 
Лондоны ресторан нэг сар үнэгүй үйлчилнэ
 
        Лондоны нэр хүндтэй Little Bay рестораны эзэн Питер Илик нэгэн сонирхолтой үйл ажиллагаа явуулж байна. Тэрээр өөрийн ресторандаа бүтэн нэг сар үнэгүй үйлчлэхээр зоригложээ. «Хэдий чинээг болно гэж үзнэ түүгээрээ төл» гэсэн сурталчилгааг явуулж эхэлсэн байна. Үйлчлүүлэгчид идсэн хоол нь таалагдсан эсэх мөн тэдний хүний мөс чанар болон нүнжиг хэр байхаас төлбөрийн хэмжээ хамаарах ажээ. Нэг сарын хугацаанд үйлчлүүлэгчид нь фуа-гра (Foie gras — «тослог печень» франц үг), яргай загас, түрс, төрөл бүрийн амтат махан хоол, наймаалжин амттан, ямааны бяслаган амтат боов зэргийн тансаг хоолоор дайлуулаад дараа нь өөрсдийн үзэмжээр төлбөр тооцоог хийх ажээ. Үйл ажиллагаагаа эхлэхдээ л рестораны эзэн ганц зоос ч байсан 50 паунд ч байсан төлбөрийг адилхан л хүлээн авна гэдгээ мэдэгдсэн ажээ. Харин ундааг л заавал төлөх ёстой ажээ. Бүр их хэмнэх гэсэн үйлчлүүлэгчдэд крантны ус үнэгүй санал болгосон байна. Ингэхэд Little Bay тансаг зоог барих дуртай хэрэглэгчдийн дунд тун их алдаршиж байгаа тул урьдчилан захиалахгүйгээр тус ресторанд очих аргагүй болоод байгаа гэнэ.
      Бүр 48 цагийн өмнөөс суудал захидаг болсон байна. Рестораны нэр төр болон үйлчлүүлэгчдийнхээ онцгой байдалд найдан эзэн анх ийм шийдвэр гаргаж дампуурчихгүй байх гэж найджээ. “Хүмүүс их найрсаг бөгөөд хангалтгүй төлчихвий гэж болгоомжилдог” гэж Илик ярьж байна. Түүний тооцоо зөвдөж, рестораны орлого 20% өсчээ.
 
Radiohead-ийн фэнүүд тэднийг гомдоосонгүй
 
       Худалдан авагч үнийг үзэмжээрээ тогтоох санаа бол тийм ч шинэхэн эд биш юмаа. 2008 онд Radiohead хамтлагийнхан «In Rainbows» альбомоо “хүссэн үнээрээ худалдан авахыг” санал болгож байв. Тэд альбомоо борлуулж 10 сая долларын орлого олсон билээ. Шүтэн бишрэгчид нь дуртай хамтлагийнханаа гомдоохыг бодсонгүй, зарим тохиолдолд тэд бүр хоёр дахин их үнэ төлж байлаа.
 
Үнэгүй захиалгаар сэтгүүлийн орлого нэмэгдэнэ
 
       Поп урлагийн «Paste» сэтгүүл 2007 оны 10-р сард захиалгын үнийг уншигчид өөрсдөө тогтоох боломж олгожээ. Хоёр долоо хоногийн хугацаанд хүссэн хүн бүр тус хэвлэлийн жилийн захиалгыг (11 дугаар, 11 CD) өөрсдөө тодорхойлон захиалахыг зөвшөөрсөн байна. Доод үнийг 1 доллараар тогтоожээ. “Манай үйлчлүүлэгчид биднийг яаж үнэлдэг нь л сонин байлаа. Ингэж асуухаас илүү үүнийг мэдэх ямар арга байх вэ” гэж «Paste» сэтгүүлийн эрхлэгч Тим Реган-Портер ярьсан байна. Энэ бол уламжлалт арга биш боловч хүмүүсийг сэтгүүлтэй танилцуулж улмаар байнгын уншигч болоход нөлөөлжээ. Зар сурталчилгааны үнээ нэмэх гэсэн хэвлэгчдийн заль мэх гэж үүнийг үзэх хүмүүс ч гарчээ. АНУ-д сонин, сэтгүүлийн зар сурталчилгааны үнэ нь хэвлэлтийн хувийг хянах товчооны судалгааны үр дүнгээр хэмжигддэг бөгөөд үүнд үндсэн захиалагчдын тоо голлон нөлөөлдөг ажээ. Нэг талаар захиалагчид бага мөнгө төлснөөр орлого буурах боловч нөгөө талаар захиалагчдын тоо өссөнөөр зар сурталчилгаагаар орох орлого ихсэх тул энэ нь алдаагүй наймаа юм.
 
“Хүссэнээрээ төл” аргыг дарс үйлдвэрлэгчид сэджээ
 
        1996 онд дарсны үйлдвэрийнхээ дэргэд нэгэн түншийнхээ хамт багахан кафе нээн ажиллуулсан Германы Франкен хотын иргэн Юрген Штумпфыг “хүссэнээрээ төл” гэдэг аргыг үндэслэгч гэж үзэж болох юм. Дарсны үнийг тун амархан тохиролцсон боловч хоолны үнэн дээр хоёр түнш удаан маргасны эцэст тохиролцож чадаагүйгээс ерөөсөө үйлчүүлэгчдээрээ хоолны үнийг тодорхойлуулахаар шийджээ. Энэ кафений нэр хүнд асар хурдан тархаж хоёр түнш маань Weinerei брэндийн өөр гурван ресторан нэмж нээсэн байна.
 
Орост харин ...
 
       “Аялалаа сонгоод хүссэнээрээ төлбөрөө хий” гэсэн зар Оросын аялал жуулчлалын нэгэн компани DAILY ONLINE сайтад гаргажээ. Оросууд Европчууд шиг өгөөмөр загнасангүй, энэ нь зөвхөн ганц өдөр “Оросын алтан гурвалжин“-гийн нэг хотод л хүчин төгөлдөр үйлчлэх ажээ. “Дэлхийн аль нэг оронд жуулчлах дурын аялалыг сонгож ав, бид танд оросын нэг хот руу нэгэн өдрийн аялалыг зохион байгуулж өгнө. Үүний төлөө та хэдийг ч төлж болно, нэг копейк ч байсан яахав, аль эсвэл найз нөхөддөө бэлэглэж ч болно” гэж компанийн захирал Владимир Соколов ярьсан байна. “Та хүссэнээрээ л төл” гэж санал тавих нь Оросын хувьд нилээд эрсдэлтэй байдаг ажээ. Үйлчлүүлэгчдийнхээ өгөөмөр занд найдсан цэцэг худалдагч хөгшчүүд болон таксиний жолооч нар хааяа ийм санал тавьдаг боловч хожихоосоо алдах нь их байдаг ажээ.
 
Жуулчдад “үр тогтоолтын шагнал” өгнө
 
       Карибын тэнгисийн Аруба арал дээрх таван одтой зочид буудал Westin Resort “үр тогтоолтын шагнал” буюу 300 америк долларын хөнгөлөлт үзүүлэхээр зарлажээ. Энэ нь тус буудалд нэг өдөр хагас байхад хүрэлцэх мөнгө гэнэ. Тус буудалд буугчид зочид буудалд байх хугацаандаа жирэмсэлснээ нотлох эмнэлгийн магадлагаатай бол ирэх жил энэ хөнгөлөлтийг эдлэж болох юм байна. 2009 оны 12-р сарын 18 хүртэл хугацаанд тус буудалд байсан бүх зочинд энэ санал хүчинтэй гэж Telegraph хэвлэл мэдээлэв.