Саяхан миний нэг шавь аль эрт бичээд мартчихсан нэг өгүүллийг маань авчирч өгөөд заавал блогтоо тавиарай гэж хүссэн юм. Яагаад гэсэн чинь одооны залуучууд Таны блог нээснээс өмнө бичсэн олон зүйлийг мэдэхгүй шүү дээ гэж байна. Энэ өгүүллийг осолгүй л ноён Н.Энхбаяр ид мандаж байсан 2003 оны сүүлээр хуучны “Монгол Таймс”, одооны “Улс төрийн сонин”-д бичиж байсан санагдана. Одоо үзэхэд системийн хямрал өнөөдөр биш, аль эрт эхэлсэн, олон талаар дордсон нь хэнд ч ойлгогдоно буй за. Ямар ч үндэстэн үзсэн туулсан юмаа эргээд нэг харчихаж гэмгүй л байх. Тэр үед нийгэм маань намайг даанч ойлгоогүй дээ…
 
        Одоо бол энэ төрийг өөрчлөх ёстой гэсэн цорын ганц дүгнэлт гарцаагүй гарна биз дээ…
 
       Манайх гэж нэг айл Брежнев даргын бэлэглэсэн IY хорооллын есөн давхар цэнхэр байшингуудын нэгэнд амьдрах. Манай СӨХ–ийн дарга гэж нэг дүүрчихсэн новш байх. Уг нь байр, орцыг маань гоё болгоно гээд бичиг цаас бариад давхиад байхаар нь итгээд сонгож орхисон юм. Итгээд ч гэж дээ зүгээр л орцны авгайчууд магтаад байхаар нь зурчихаж байгаа хэрэг л дээ. Гэтэл өнөөх чинь дайсан байжээ. Өдөр болгон архи ууж, нөгөө ажил мажил нь бүр ч өнгөрлөө. Энэ нөхөр арай дэндэж байна, хусах юмсан гэж орцондоо, орцондоо ч гэждээ шатаар зөрөхдөө ярьсаар байтал нэг мэдэхэд бараг гурван жил өнгөрчихөж. Яг хусах гэхлээр орцныхон маань цугладаггүй ээ. Нэг өдөр түүнийг хусах бослого гаргагчдын бүрэлдэхүүнд манай авгай орчихсон цохиж явна. Орой болгон үглээд байхаар чинь монгол хүн чинь анхаарч эхэлдэг юм байна. Ингээд арга буюу бослогын нэг гол зохион байгуулагч боловоо хөөрхий. Түүнийг унагах гэж бараг засгийн газрыг унагахаас илүү дажин болов.
 
       Би ямар Н. Энхбаяр, Р.Гончигдорж хоёр шиг дандаа хуйвалдаж олон Засгийн газар унагаж сурсан биш. Тамгаа аваад зугтаад алга болдог л гэнэ, санхүүгийн бичиг баримтыг нь шалгах гэсэн чинь хулгайд алдчихсан л гэнэ. Манайд хулгайч дүүрэн боловч нэг муу СӨХ – ийн дансыг авах хулгайч баймааргүй л юм. Бүр аргаа ядаад гэрээр саналын хайрцаг явуулж нэг хүүхэн олж сонговоо. Тэр хүүхнээ бас сайн мэдэхгүй ээ. Архи арай бага шиг уух болов уу гэж л бодсон хэрэг. Асуудал явсаар Хууль зүй, дотоод хэргийн яам хүрч, зунжингаа лифтгүй, жижүүргүй байж шийтгүүлсээр дөрвөн сар гаруйн дараа арай гэж нөгөө дайсангаа зайлуулж дөнгөлөө дөө. Yр дүн нь гэвэл СӨХ маань татварын албанд бүртгүүлээгүй, бид бөөн өртэй болж үлдлээ дээ. Мөнгөө өгсөөр байгаад өртэй болдгийг ойлгох гэхэд миний л ухаан хүрэхгүй аж.
 
       Нэг удаа хороон дээрээ очлоо. Нөгөө сонгогдож монгогддог ч бүр алга болж. Гурав дахь дарга нь гээд нэг авгай сууж байх нь тэр. Уг нь орон нутгийн сонгуулиар нэг нөхрийг хороон даргаар сонгогчоо аядсанаа бүүр түүр санаад байдаг. МАХН – аас сонгогдсон тэр нөхөр ажил дээрээ архидаж байгаад хусагдчихаж. Дараа нь бас л МАХН – аас нэг банди томилсон нь ажлаа хийж чадалгүй больчихсон гэнэ. Одоо байж байгаа хорооны дарга авгай ихэд бардмаар намайг МАХН – аас томилсон гэж хэлэв. Нутгийн өөрөө удирдах ёс, хууль мууль ч гэж алга болж. Ингээд бодлоо. Би ер нь дүүрэг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчөө мэдэх үү гэж.
 
       Осолгүй л Их Хурлын сонгуулийн дараа намар нь хэдэн хүний нэрийг дугуйлж байсан санагдана. Санаж байгаа юм ер алга. Бүр таг шүү. Лав л арав гаруй жил нийслэл, дүүргийн иргэдийн төлөөлөгч гэдэг нэг ч амьд хүний бараа хараагүй юм чинь арга байж уу. Нэг муу судлаач ухааны юм болохоороо эхлээд орцныхон, дараа нь ах дүү, хамаатан садан, бүр сүүлд нь ажлынхаа газрынхны дунд сэмхэн тандлаа. Сэмхэн гэдэг нь над шиг маанаг амьтан хэр зэрэг олон бэ гэдгийг л мэдэх гэсэн хэрэг. Ашгүй бүгдээрээ над шиг хөгийн хэнэггүй амьтас юм гээч. Өөртэйгөө адилхан маанаг хүн олохоороо бараг баярлах шинжтэй. Хороо, дүүрэг, нийслэлээ мэддэг амьтан гэж алга. Гэтэл энд тэнд орилж чарлаж, зодолдож, алалцаж, хажууд чинь хүүхдийн тоглоомын талбай нурааж, хайс хашаа эвдэж, зүлэг мод сүйтгэж, орц, лифтэнд шээж, хог хаян бузарлаж, гараж, байшин барин зам талбай хааж байхад бид зүгээр л ангайгаад сууж байдаг хэнэггүй улс байна.
 
       Уг нь энэ асуудлыг шийд гэж бид засаг захиргаа, төр гээч юмыг сонгодог билээ. Тэгсэн мөртлөө би их том эдээ. Ер нь тун их юм мэддэг юм байна.
 
       Геополитик ч бүр энүүхэнд. Бин Ладен, Саддам Хуссейн, Басаев, Путин, Буш, Иракийн дайн, Солонгосын байдал, Ойрхи дорнодын хямрал, Америк–Хятадын харилцаа гээд мэдэхгүй юм алга гээч. Бараг л НYБ –д зөвлөх хийвэл чадмаар ч юм шиг. За тэгээд өөрийнхөө том улс төрчдийг ч бүр илүү мэдэж байна. Н. Багабанди, Н. Энхбаяр, М. Энхсайхан, С. Оюун, Б. Эрдэнэбат эднүүсийг дүгнэх зэрэг яршиг л байна. Бүр Л. Гүндалай, Ц. Нямдорж, Ж. Баатар нарыг бүр дотор нь орсон шиг мэдэхээр барахгүй, дараагийн үйлдлийг нь таамаглаж, дүгнэж, үнэлж чадаж байнаа. Түүгээр ч барахгүй Баабар нөхөр ийм буруу юм хэлчихэж, биччихэж гэдгийг дэндүү сайн мэдэхээс гадна Б.Даш–Ендонтой хүртэл гүн ухаан мухаанаар дандаа үзэлцдэг байсан гээч.
 
       Ээжийн маань хамаатан хэдэн сайхан хөгшин байх. Хааяа очиход дандаа улс төр л ярина. Нөгөө тэтгэвэр мэтгэвэр ч яамай л байна. Тэд маань надыг байтугай Н. Багабандийг дагуулахгүй улс төрчид. Бүр хүүхэд, хүргэн, бэр нь хүртэл шүү. Манайхан удмаараа ийм гажигтай юу гэтэл биш юмаа. Саявтар буцсан АНУ–ын элчин сайд Жон Дингер манай иргэдтэй уулзаж гэнэ. Мэдээж элчин сайд хүн америкийн бодлого, монгол–америкийн харьцааг л ярьж таарна биз дээ. Гэтэл манайхан болохоор Бин Ладенг яаж барих гэж байна, яаж шийтгэх гэж байна, Хятадын шинэ удирдлагуудыг Та юу гэж дүгнэж байна гэх мэт геополитик асуусаар байгаад таарсан гэдэг. Өөрийнхөө амьдралтай холбоотой ганцхан юм асуусан нь америкийн виз гаргуулах тухай л байсан гэнэлээ.
 
       Ингээд ер нь сүүлийн жилүүдэд манайх гэдэг айл яасан вэ гээд нэг бодоод үзлээ. Жил гаруйн дотор хүү маань хэд хэд зодуулчихаж, охин маань цүнх, халааснаасаа хэд хэдэн юм алдчихаж, авгай маань хэд хэдэн цүнх алдаж, мөн хэд хэд зүсүүлж, юмаа байнга алддагаар барахгүй, иргэний үнэмлэхээ алдаад худалдаж авсан юм байна. Би ч өөрөө нэг удаа орцондоо зодуулаад авч. Цахилгааны тоолуураа хоёр удаа хулгайд алдаад эргүүлж худалдаж авсан юм байна. Хаалганыхаа цоожыг эвдүүлээд хэд хэд сольсон юм байна. Иймхэн хэргээр цагдаа руу очвол шоолуулна гэдгээ нэг муу мэдээд байнаа. Ингээд ирэхлээрээ хамгаалалт хэрэгтэй болдог золиг байна. Эхлээд өөрийндөө бүргэд хаалга, дараа нь хөрштэйгөө нийлж аваад хамтын хаалга хийж бараг л хэрэм цайз босговоо. Хорооны цагдаа гэж хаана байдаг амьтан юм бүү мэд. Хүнээс асуухад тэд ийм жижигхэн юмыг тоохоо байгаад удсан гэнэ. Авгайгаасаа асууж асууж, хэд хоног хайж байгаад байрны мөнгө төлсөн бичгээ гаргаж үзлээ. Квитанци ч билүү нэг тийм бичиг байдгийг л мэдэхээс биш, энэ насаараа шагайж ч хараагүй эд байдаг юм байна. Ер нь төр засагт бид юу төлсөн улс байна гээд хартал аймаар эд байдаг байна. Байр, дулаан, цахилгаан, бохир цэвэр ус, лифт, телефон гэх мэтээр адаг сүүлд нь өнөөх гайтай СӨХ –ны мөнгөний аль нэгийг нэмээгүй улирал гэж алга. Мэдээж энэ зүйл бидэнд бүгдэд нь байгаа болохоор үүний тооцоог өгүүлэх нь илүүц зүйл болно. Уур ч хүрч байна гэж жигтэйхэн. Хэнд уурлаад байгаагаа мэдэх юм бас алга.
 
       Манай гадаа нэг компани барилга барьж, түүнийгээ өргөтгөхдөө явган хүний аятайхан замыг эвдэж, бөөн шороо чулуу болгочихож. Зүлэг мод гэж бүр байдаггүй. Орцны маань үүдэнд нэг ширээ, хоёр урт сандал байх. Гэтэл аваад хаячихаж. Тэр хогийг чинь алга болоод гурван сар болж байгааг анзаардаггүй амьтан юм гээч. Яасан гэтэл тэнд даалуучид цуглаад орцонд шээгээд байхаар нь аваад хаячихсан гэнэ. Байрны маань урд хүүхдийн тоглоомын сайхан талбай байсансан. Одоо бүр сэг. Хажууд нь манай орцны нэг нөхөр гараж барина гэж бөөн нүх ухчихаж. Ашгүй ямар буянтай нь эсэргүүцсэн юм бүү мэд, нэг юм болиулсан гэдгийг жилийн дараа дуулж байгаа юм даа. Зусланд гарахчээ болноо, манайх. Эргэн тойрон том том байшин, хашаа хайс гээд гишгэх газар алга. Гишүү түүх гээд ой руу орох гэтэл нэг том боссын сахиул нь хүн явуулахыг хориглочихож. Тэр өвгөн бүр байчихаад нөгөө хурдан морь уралдуулдаг, Нийслэлийн засаг даргын тамгын газрын Т. Бадамжунайн гарын үсэгтэй үнэмлэх үзүүлсэн гээд л бодчих.
 
       Яахлаараа төрийн байгууллагын тамгатай үнэмлэх пиу хувийн байшингийн сахиул өвгөнд оччихдог юм бол, бас л чөтгөр бүү мэд. Манай зусдаг Жигжидийн ам барагцаалбал хоёр километр урт. Нэг километр орчим зайд нь 800 гаруй айл байх. Yлдсэн нэг километр зайг нь хаагаад Ховд аймгийн гуравхан феодал байшин барьж, хашаа хатгаад энэ амыг баян ядуу гэсэн хоёр хэсэгт хуваажээ. Жигжидийн голыг маань хаагаад цементэн далан барьчихаж. Усан сан байгуулж байгаа нь тэр. Энэ жил голын ус бараг урссангүй. Нөгөө газрын тухай, байгаль хамгаалах тухай хууль мууль нь хаачсан юм, бүү мэд.
 
       Одоо тэр 800 айл баян боссын төрийн үнэмлэхтэй сахиулаас гуйж байж ой руугаа орох нь. Хог, жорлонг ч бүр ярилтгүй. Ноднин хогийн мөнгө гэж 2500 төгрөг авдаг байсансан. Энэ жил 5000 төгрөг болчихож. Цахилгааны мөнгийг мань мэтийн маанаг хүн л төлдөг байна. Сүүлд нь сонсоод байхад зусланд гарагсдын 30 хувиас л цахилгааны мөнгөө салгаж чадсан аж. Энэ намар нэг согтуу нөхөр зуслангийн маань муу амбаарыг машинаараа цөм мөргөчихлөө. Цагдаад хэлсэн чинь хүн амины болон сая сая төгрөгийн асуудал ярихаас биш, ийм жижиг асуудал руу ордоггүй улс байна. Yнэхээр ч ажилдаа дарагдсан улс байдаг юм байна. Өөрөөр хэлбэл надад тус болох, үйлчлэх байгууллага, хүн гэж алга. Нэг удаа хүүдээ эмнэлгийн бүрэн шинжилгээ хийлгэтэл зардал нь бараг зуу гаруй мянган төгрөг болчихож. Хэсгийн эмчийн сонгууль болж нэг хүүхэн болж л гэж дуулдсан.
 
       Бас л би сонгогчоо болсон хэрэг. Түүнийхээ барааг би л лав ганцхан удаа харсан. Хэрэв өвдвөл мөнгөгүй бол үхэх нь гарцаагүй юм байна. Сургууль нь хүүхдээс байж байгаад л мөнгө татна. Би чинь монгол хүн болохлоороо тэдэн төгрөг гаргая гэсэн баярхуу хүнийг дотроо хараавч тэр олон эцэг эхчүүдийн улаан нүүрийг мэлийтэл харж байгаад үгүй гэж хэлж чаддаггүй нэрэлхүү хижиг юм байна. Бодвол өөрийнхөө болон хүүхдийнхээ нэр төрийг бодохчоо аядаж байгаа юм байлгүй.
 
       Хотын нэг дүүрэгт Засаг даргатай уулзах гэсэн хүнд урд өдөр нь эмнэлэгт өгдөг шиг номер тараадаг болчихож. Нийслэлийн Засаг даргын тамгын газар гэхэд л үүдэндээ Төрийн ордноос ч хатуу харуултай болчихож. Яамдууд бол ер ярилтгүй. Хуучин засгийн үед ч тэнд жирийн жижүүр сууж, хуучнаар хөдөлмөрчид, одооныхоор иргэд орж гарч, санал хүсэлтээ тавьдаг байлаа. Өөрөөр хэлбэл төрийн байгууллагууд иргэдээсээ улам бүр тусгаарлаж, холдож, хөндийрч байна. Yүнийг мань мэт нь жирийн юм шиг ойлгодог болж.
 
       Ийм байдлыг ганц над шиг маанаг амьтанд тохиолдсон зүйл юм байх гэтэл арваад жил судалгаа явуулаад үзэхлээр бүгдээрээ шахам аль нэг байдлаар ийм байдалтай тулгардаг аж. Шүүх, цагдаа, шүүхийн шийдвэр биелүүлэх газар, дүүрэг, яамдаас орвол бараг л амьдынхаа тамтай учирдаг аж. Гэтэл би гэж нэг хөгийн амьтан геополитик, улс төр, түүх, гүн ухаан, социологи, нам судлал, сэтгэл зүй, сонгууль монгууль, имиж, пиар энэ тэр том том юм ярьсан шиг хажуугаар нь томроод давхиад байдаг. Бидний амьдрал, нийгмийн орчин ийм л байна. Нийгмийн эдгээр тулгамдсан асуудлыг шийд, удирд гэж бид төр засгаа сонгодог ухаантай. Эдгээр нь жижиг асуудал огтоос биш, нийтлэг бөгөөд том асуудал. Бидний амьдралын энэ л асуудлуудыг шийдэх гэж төр байдаг аж.
 
       Нөгөө талаас бид өөрсдөө арай жаахан арчаатай, унхиатай байж, өөрийн эрх ашиг гэж зүйлийг ухаарч хамгаалах ёстой юм байна. Улс төр гэдэг чинь том юмнаас биш, энэ мэт жижиг гэмээр нийтлэг асуудлаас үүсдэг байна. “Сайн засаглал” хөтөлбөр, Төрийн удирдлага, санхүүжилтийн хууль мэтээр нь мань мэт нь ямар үхснээ хийхэв. Мөн одоо хэрэгжүүлж буй гэж яриад гайхуулаад байгаа Засгийн газрын 11 тэргүүлэх чиглэл, 180 гаруй хөтөлбөр гээч юмаар ямар элэнцгээ хийхэв. Хамгийн гол нь надад, танд тулгарсан дээрх асуудлуудыг бага ч гэсэн шийдвэрлэж байвал барав. Гэтэл ийм янз огт алга, улам л дордсоор байх юм.
 
       Нийгмийн орчин, төр хоёр хувь хүнийг улам бүр багалзуурдаж байна. Энэ нь нэг талаас мань мэт шиг хайнга, хэнэггүй, юм анзаардаггүй, эрхээ мэддэггүй, хамгаалдаггүй улсаас болдог байна. Хэрэв үүнийг шийдвэрлэж чадахгүй юм бол ардчилсан орнуудад төр, засгаа буюу юу ч хийж чадахгүй, чадаагүй хүмүүсийг огцруулдаг юм байна. Би бас төрд ажиллаж үзсээн. 1990 – ээд оны эхэн болон дундуур хавтгай архиддаг байсан нь арай татарч. Харин манай дарга нар бие биенээ гуйсаар байгаад үр хүүхэд, хамаатан саднаа төрийн ажилд оруулсаар байтал тэр нь бараг шинэ маягийн овгийн байгуулал болчихож. Тэр ч байтугай явалддаг хүүхнүүдээ авчраад ажилд оруулна гээч. Ажил хийдэг хүн гэж бараг алга. Хүний ажлыг дүгнэдэг, шалгадаг, хурал хуй хийдэг, санаа оноог нь сонсдог зэрэг юм бүгдээрээ алга болж. Нэгэнт ийм юм байхгүй болохоор хүнийг үнэлэх цорын ганц шалгуур нь дарга нарын аясыг дагах л үлддэг аж.
 
       Тэд нар нь мэддэг, чаддаг юм гэж бараг үгүй, гэхдээ дураараа аашлах, дарамтлах, төрийн албан тушаалаараа бизнес хийхдээ тун гарамгай. Хариуцлага хүлээнэ гэж даанч нэг байхгүй дээ. Ядаж байж даргархах гэдэг нь яана. Миний сайн танил, бараг найз гэж хэлж болмоор УИХ – ын нэг гишүүн байх. Сайхан зантай, боловсролтой аятайхан л нэгэн. Хоёулахнаа байхад ний нуугүй хамаагүй ярина аа. Гэтэл гаднаас том хүн орж ирвэл царай нь төв болж, гэнэт намын бодлогоо надад тайлбарлаж гарнаа. Чи юу ч ойлгохгүй байна л гэнэ.
 
       Судлаач Д. Ганхуягтай намын бодлогоо хамгаалж зад маргалдаж байгаагаа цаад Н. Энхбаяртаа сонсгох гэж байгаа царай нь тэр. Хэрэв жижиг хүн орж ирвэл бас л царай нь хүйтэн албархуу болж, надыгаа дээрэлхэж гарна даа. Алив цай дууд, миний сонинг аваад ир гэх мэт. Хөдөө хамт явбал бүр галзуутай томорч өгнө. Цаад хүмүүст надаас хавьгүй томоо харуулж байгаа царай нь энэ. Телевизээр гарвал ухаан нь тархиндаа багтаж ядсан мэт аяглах нь хууль бөгөөд ийм дүрийг ардын жүжигчин ч бүтээж чадахгүй юм. Нэг хүн яахаараа гэнэт өвчин туссан юм шиг ийм олон дүрд зэрэг хувирч болдогийг би гайхаад гайхаад учрыг нь олдоггүй юм. Зарим нь бүр миний барааг харангуутаа ум хумгүй зугтаад алга болж өгнө.
 
       Эсэргүүтэй мэндэлж байгаад Н. Энхбаярт баригдчихвал хоолноосоо сална гэж айж байгааг нь би мэднэ л дээ. Yүнийгээ тэд ардчилсан нийгэм, төр мөр гэж ярьна. Өөр ч хөгийн юм олон болноо. Одоо гаалийн газрын дарга байгаа Х. Баатар УИХ дахь МАХН – ын бүлгийн ажлын албаны дарга хийж, би гээч амьтан түүний дор улс төрийн ахлах зөвлөхөөр ажиллаж байлаа.
 
       Манайд ажилладаг тун ажилсаг, бишрэм өндөр мэргэжилтэй, хуульч нэг хүүхэн маань гэнэт Тайланд явж хэлний дамжаанд суралцах юм боллоо. Бид хэд ч түүнийгээ гаргаж өгч байна гэж найрлаж хэрдээ л сүйд. Гэтэл Х. Баатар дарга маань эндүүрээд нөгөө хуульч хүүхнийг маань Тайландад тракторчдын дамжаанд явуулчихсан байх нь тэр. Түүний авахуулсан олон гоё зургийн дундаас нэг зураг санаанаас огт гардаггүй юм. Хөөрхий нөгөө хуульч найз маань нэг “Белорусс” шиг тракторын дэргэд томоо гээчийн түлхүүр барьж байгаад зургаа авахуулчихаж. Гэхдээ тэр маань газар үзсэн л дээ. Хамт ажилладаг хүнээсээ хахууль аваагүй нь мэдээжийн хэрэг. Тэр үеэс л Х. Баатар дарга олон хүнийг гадаадад явуулах ажил бараг нууцаар эрхэлдэг байсныг би мэдэх болсон юм. Тэр шугамаар явсан бараг бүх хүнийг нь би танина л даа…
 
       Төрийн албан хаагчид эхлээд өөрийнхөө ажлыг амжуулж амжуулж дуусахаараа дараа нь төрийнхөө ажлыг оромддог нь ердийн хэм хэмжээ болчихож. Улсын Их Хурлын гишүүдээсээ эхлээд төрийн албан хаагчдын хийдэг үндсэн бөгөөд гол ажил нь элдэв төрлийн гуйлга бүтээх, гүйцэлдүүлэх явдал болно. Сургууль, ажилд оруулахаас эхлээд тэтгэмж олгох, хуучин хувцас олох, эрүүлжүүлэхээс архичин гаргах, шоронгоос суллах, жолооны хураалгасан үнэмлэх олж өгөх гэх мэт. Тэднээс гуйхгүй юм гэж бараг үгүй. Зарим нь бүр урлагийн тоглолтын билет шахаад зогсож байна гээч. Олон хүн тэднийг төрийн ажил хийгээд завгүй яваа гэж боддог байх. Yнэндээ бол тэд мань мэтийнхээ хийдэг өдөр тутмын гуйлга түйлгийн ажлыг л хийнэ дээ. Ялгаа нь өндөр дээрээс том хүн гуйж байгаа болохоор бүтэх нь хавьгүй хурдан, үр дүнтэй.
 
       Дараагийн гол ажил нь бизнесийн үйл ажиллагаа болно. Харин түүнийгээ бол тас нуухчаа аядана. Гааль, татвар, цагдаа, шүүх, газрын алба гээд утасдахгүй, гуйхгүй, явахгүй газар гэж үгүй. Эндээс л нөгөө хээл хахуулийн сүлжээний толгой эхэлнэ дээ. Энэ талаар хожим өгүүлнэ. Дээрх хоёр үндсэн ажил нь бараг зуун хувь хууль зөрчсөн үйлдлийг өөрөө буюу төрийн байгууллага, албан тушаалтнаар хийх, хийлгэх зүйл байдаг. Дор байгаа хүнээсээ нэгэнт ийм зүйл байнга гуйж байдаг амьтан чинь дараа нь шалгана, шаардана, шийтгэнэ гэдэг ёстой лөөлөө болно доо. Хаа ч очиж энэ дээр бол намын ялгаа гэж ёстой байхгүй, энэ асуудлаар би аль ч намыг муу хэлж чадахгүй. Зүгээр л бидний, бидний ч гэж дээ төрийн маань байж байгаа царай энэ. Ийм их ажил байнга хийгээд ирэхлээр төрийн ажил гээч юм нь тэр чигээрээ тэмбэржүржиг болох нь дэндүү ойлгомжтой юм. Төрийн түшээд радио, телевизээр ярихлаараа ард түмний төлөө нойр хоолгүй, бараг хоногийн хорин дөрвөн цаг ажиллаж жигтэйхэн зовч зүдэрч байгаа юм ярина.
 
       Ингэж их зовж зүдэрч байгаа юм бол болиод зовохгүй, зүдрэхгүй, чаддаг ажлаа хийгээч гэж орилмоор. Шинжлэх ухаан гээч юмыг даанч нэг мэдэхгүй дээ. Хууль мууль гээчийг шинжлэх ухааны тооцоо судалгаан дээр хийдэг баймаар. Монгол хүн нэг л дарга болоод авбал тэр шинжлэх ухаан зэрэг ч яамай л хэвтэнэ. Гэнэтхэн бүх юмыг мэддэг болчихож байгаа юм чинь, шинжлэх ухаанаар ямар үхснээ хийхэв. Юм ярихлаар битгий онолдоод бай гэнэ. Уг нь би онол монол нэг ч ярьдаггүй хүн. Энэ хөгийн байдлыг нь чадахгүй хэвтэж өөрчлөх гэж санал гаргагчээ болдог ухаантай. 1993-1996 онуудад би гээч амьтан УИХ – ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал хийж байсан цаг.
 
       Нэг удаа УИХ – аас яамдын ажлыг шалгах юм боллоо. Мэддэг хүн байдаггүй ээ. Энэ ч аргагүй юм. Хууль тогтоох байгууллага нь анх удаа гүйцэтгэх байгууллагаа шалгаж байгаа нь тэр. Би ч өөрөө сайн мэдэхгүй ээ. Шаварт унасан шарын эзэн болохоороо юу ч гэсэн хамт олны нийгэм-сэтгэл зүйн уур амьсгал, нийцлийг судалдаг социометрийн гэдэг судалгаа хийж үзэхээр шийдээд өнөөхийгөө нэг яаманд явууллаа даа. Бодвол нэлээд таалагдсан бололтой. Гэтэл өнөөх судалгааны материалуудыг хуулж хувилж аваад энд тэндгүй өөрсдөө судалгаа явуулдаг улс юм байна, манай дарга нар.
 
       Нэг харсан чинь өнөөх социометрийн судалгаа маань изометрийн судалгаа нэртэй болчихсон цохиж явна. Изометр гэхээр дунд сургуульд үздэг геометрийн проекцийн арга байдаг. Яахлаараа социологийн судалгааны нэг төрөл геометр болчихдог, яахлаараа мэргэжлийн хүн бус, дарга нар өөрөө судалгаа хийж мэдэмхийрдгийн учрыг би одоо болтол олдоггүй юм. Миний мэдэхгүй юм олон байна шүү. Манай төрийн шинжлэх ухаан гэдэг нэг иймэрхүү. Тэгсэн мөртлөө манай дарга нар төрийн бодлого, намын бодлого гэж их яринаа.
 
       Тэр ч байтугай Н. Энхбаяр нь гуч дөчин жилийн цаадахыг хардаг гэж сийхгүй зална. Yзмэрч Б. Дашцэрэн ч ингэж зүрхлэхгүй байх. Байхгүй юмыг юугий нь ч ярьдаг юм бүү мэд. Яагаад төрийн бодлого гэдэг юм байхгүй гэж зүтгээд байна гэхлээр миний, таны дээр дурдсан асуудлуудыг шийдвэрлэж яагаад ч чадахгүй, алингий нь алдуулчихаад, улам дордуулаад байгаад оршино. Нэгэнт шийдвэрлэж чадахгүй байгаа тохиолдолд намын нэрээр төрд гарч, төрийн нэрээр төрийн албыг оромдож, мань мэтийгээ мартчихсан хөгийн хүмүүсээс шаардах, тэднийг хянах, болохгүй бол солихыг л ардчилал гэдэг юм байна. Уг нь биднээс нэг ч их хол эд биш аж. Бензины үнэ тэнгэрт хадав, гурилын үнэ нэмэв, саяхан талхны маань үнийг нэмчихлээ. Төр гээч өнөөх зүйл маань үүнийг хийж байдаг бөгөөд бид ч аанай л таг чиг сууна. Энэ бол бидний амьдралын болон эдийн засгийн амин чухал асуудал мөнөөс мөн. Нарийн ярьвал улс төр гэдэг нь болчихож байгаа нь энэ. Төр нь сулрахаар ингэдэг юм. Бид өөрийгөө болон орчноо арай хянуур ажиглах аваас нөгөө эрх, мэрх, хууль хуудас нь бас ч гэж байнаа.
 
       Та бидний хэн нь ч дээр дурдсан хөгийн амьдрал, түүний орчныг өөрчлөхийг хүсдэг. Энэ нь нэг их том зүйлээс биш, дээр дурдсан зүгээр л энгийн юмнаас эхэлдэг ба үүнийг зөвхөн ард түмэн Та бид л хийж чаддаг юм байна. Одоо Танд энэ арчаагүй төрийг өөрчлөх хэрэгтэй гэж бодогдохгүй байна гэж үү ? Yүнийг хийх гол арга нь би, бид, та нар хэнэггүй зангаа орхиж өөрийнхөө эрх ашиг гээч юмыг хамгаалах, эрхээ эдлэх, төрөөс, өөрөөр хэлбэл чадна хэмээн сонгогдож, томилогдсон хүмүүсээс шахаж шаардах, болохгүй бол солих явдал л юм байна. Бүр болохгүй бол оюуны сэхээтнүүдийнхээ хүчээр ингэж ажилла, тэгж хий гэсэн бүх юмыг нь зааж өгснийхөө дараа шинээр сонгочихсон ч болдог юм байна. Yүнийг тоглолтын шинэ дүрэм гэх. Ийм цаг нь аль хэдийн болчихоод байна. Одоо хар л даа. Төр нь ч, намууд нь нь ч сонгуулиар ялж гараад мөнгө иднэ, дураараа дургина гэсэн хүсэл нь бараг өвчин болтлоо хөгжсөн хүмүүсийн хэрүүл, хуйвалдааны талбараас өөр зүйлгүй болчихоод байна. Тэднийг олон нам, олон засгийн газрын толгойг залгисан архаг луйварчид ил далдаар толгойлж байна.