Оны төгсгөлд айл өрх, албан байгууллага бүр бараг байгаа хүнийхээ тоогоор номинаци зарлаж байгаад эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй эвтэйхэн хуваарилаад өгчихдөг болсон. Би ч гэсэн юугаараа дутахав, өөрөө өөртөө ганцаар тогтохгүй номинаци гаргаж байгаад өөрийгөө баахан шагнав. Оны хамгийн салан, хамгийн их хичээл таслагч, хамгийн хурдан лекц нөхөгч гээд хөврөөд өгсөн шүү. Тэр дундаас онцлох нь “хамгийн шилдэг PR”.
 
  Манай 10-н жилийн нэг банди найз охинд минь дурлаад ёстой л нөгөө хайртай дуртай, хадаастай үдээстэй гээд гүйж гарав аа. Уг нь манай хүн ч дажгүй, ховрын залуу л даа. Архи, тамхи хэрэглэхгүй ч шаардлагатай үед номын царайлаад томоотой суугаад байдаггүй, гудамжаар хүсэл мөрөөдөл ч үгүй, их л бодож байр машин мөрөөддөг залуусаас хамаагүй илүүг зорьсон, захад нь хүрч ч яваа чадварлаг залуу. Дөнгөж 2-р курс юм байж ажил төрөл, орлого мөнгө, машин тэрэг гээд юм юмтай ч бодвол эхнэр хүүхэд л дутаад байгаа бололтой. Намайгаа бүр шаналгаж гардаг юм байна.
 
  Харин найз охин минь яг үнэндээ түүнээс хавьгүй илүү хүнийг харж явдаг юм. Өөрөө ч чадалтай, боловсролтой, за тэгээд царай зүс, юм юм нь бүрдсэн охин. Эмэгтэй л хүн хэзээд л өөрөөсөө илүү хүчтэй, чадалтай хүнийг хайдаг болохоор өөртэйгөө эн тэнцүү залууг голоод байлаа. Би ч мэдэж л байсан. Гэхдээ л эрийг бүү бас, далайг бүү янд гэдэг дээ.
 
  Харин надад бол тэр хоёр үнэхээр тохирсон хос болох юм шиг санагдаад болдоггүй ээ. Ёстой л алга загатнаад, болдогсон бол гүйж очоод нийлүүлээд тавьчихмаар санагдаад байдаг байлаа. Тиймээс удалгүй “Х менежер” ажиллагаанд орсон юм.
 
  Охид их сонин. Яг адилхан хоёр сайхан залуу байлаа гэж бодъё. Нэг нь арай илүү царайлаг, мөнгөтэй. Харин нөгөө нь хаана нь ч хүрэхгүй хэрнээ байнга бүсгүйчүүдээр хүрээлүүлж, хэл аманд өртөж явдаг бол охид хоёр дахь залууг л сонирхоно. Өөрөөр хэлбэл, тэр нь үнэ цэнэтэй санагддаг юм. Бүх охид тийм биш байх л даа, гэхдээ хэн ч сонирхдоггүй залуу хэнд ч сонин биш байдаг. Иймээс би гол баатраа “үнэд оруулахаар шийдлээ”.
 
  Нэг өдөр найз охидтойгоо уулзаад “Надад “Дурлалбаатар” таалагдаад байна аа. Яах вэ?” гээд л урсгаж өглөө дөө. Гэтэл нөгөө найз охин маань “Тийм шүү та хоёр тохирно” гэдэг байгаа. Уг нь үүнийг сонсоод ядаж дотроо харамлах байх гэсэн бүтсэнгүй ээ. Бүр эсрэгээрээ эргэчихлээ. За яахав. Тэгэнгүүт нь “Дурлалбаатар” ингэсэн, тэгэхээрээ ингэдэг, тэр нь хөөрхөн, тийм сайхан чанартай учраас надад таалагдсан гээд уулзах болгондоо баруун солгойгүй магтаж гарлаа. Тэгсээр байгаад дүрдээ итгээд арай л өөрөө дурлачихсангүй. Бараг хоёр сар өнгөрсний дараа би хүний сэтгэл гэдэг алга урвуулах шиг амархан зүйл биш юм байна гэдгийг голдоо ортол ухаарсан. Хэрвээ тийм байсан бол өнөөдөр над шиг хэн дуртай нь хүссэн хүмүүсээ хоёр хоёроор нь нийлүүлж тавиад, миний ч, таны ч эх эцэг олдохгүй хачин юм болох байсан биз. Гэхдээ ямар ч байсан надад алдах зүйл байхгүй байсан болохоор Дурлалбаатарт жинхэнэ шилдэг PR хийсэн гэж бодож байгаа шүү. Би түүнийг өөрийн хүссэн зүйлдээ хүрээсэй, хайр нь бүтээсэй гэж бодсон. Харин найз охиныгоо тийм сайхан сэтгэлээр, сайн залууд хайрлуулаасай гэж хүссэн.
 
  “Х менежер” ажиллагаа амжилттай дууссан. Учир нь найз охин маань нэг хэсэг нүд нь гэрэлтчихээд л гүйгээд байсан. Харин одоо найз залуутайгаа Валентины өдрөө яаж тэмдэглэх тухайгаа ярилцаад сууж байгаа байх. Мэдээж манай Дурлалбаатартай шүү дээ.