Хубилайг (1215-1294) дөнгөж 12 настай байхад түүний өвөө Чингис хаан нас эцэслэжээ.
1259 онд их хаан болсон Хубилайн төр барих арга барил өмнөх хаадынхаасаа эрс ялгарч байлаа.
Хубилай 1251 он хүртэл гол төлөв Хархоринд сууж байлаа. Эхлээд тэр хааны ордны олон язгууртан дундаас гойд ялгарах юмгүй жирийн нэгэн байлаа. 1236 онд Өгөдэй хаан Син жоуг (өнөөгийн Хэбэй мужийн Синггтайг) Хубилайд хуваарилан өгчээ. Энэ нутагт 10 мянга орчим өрх амьдардаг байв. Хубилай энэ эзэмшил нутгаа эхлээд Хархориноос удирдаж байсан бөгөөд онцгой татварыг хассан нь эдийн засгийг тогтворжуулахад тун нааштай үр дүн өгчээ.
1244 оноос Хубилай захирах, удирдах асуудалд онцгой анхаарах болж хуучин төрийн үед ажиллаж байсан хашир дадлага, туршлагатай түшмэдүүдийг Хархоринд урьж санал, зөвлөгөөг нь авч эхэлсэн байна. Тэдгээрийн дунд Күнзийн сургаальтан олон байсан бөгөөд Хубилайд Күнзийн үзэл бодлыг алхам алхмаар шингээхэд, хожим түүний үйл ажиллагаанд ч энэ нь тусгалаа олсон гэдэг. Хубилайн зөвлөхүүдийн ихэнх нь өндөр дээд албан тушаалд томилогдон, ирээдүйн засаглалын бодлогод ч шийдвэрлэх үүрэг гүйцэтгэцгээсэн билээ.
1251 онд Хубилай их говиос урагш орших Хятадын нутгийг эзэмшин захирах болж, тэр үеэс Лию Бингжоныг (1216-1274) дэргэдээ суулган засаглалын зохион байгуулалтыг өөрчлөн шинэчлэх даалгавар өгөн ажиллуулжээ. Үүний зэрэгцээ бусад асуудлыг шийдвэрлэх хүмүүсийг ч тохоон томилсон байна. Лию Бингжонг Хубилайд янз бүрийн санамж гарган сонордуулж байсны дотроос 1249 онд гаргасан “Нэг түмэн тэмдэгтийн санамж” хамгийн чухал нь байлаа. Энэ санамжид Монгол гүрний засаглалыг хэрхэн буурь суурьтай болгох, удирдлагын бүтэц зохион байгуулалтын талаар олон санал дэвшүүлсэн байлаа. Энэ санамжийг Лию Бингжонг Хятадын уламжлалт засаглалын арга барилд тулгуурлан боловсруулсан байлаа.
Тэрчлэн Елью Чуцайны хэлж байсан „Морин дэл дээгүүр давхин их гүрнийг эзэлж болох ч, харин морин дээрээс түүнийг захирах боломжгүй” хэмээх цэцэн үгийг иш татжээ. Мөн Лию Бингжонгийн санамжид Хятадын Күнзийн сургаалиас олонтаа ишлэл татсан байгаа.
Тэрбээр удаан хугацааны турш монголчуудын дайны хөлд талхлагдан, эмх замбараагаа алдсан Хятад орныг дахин иргэний нийгмийн удирдлагатай болгох зорилгыг сэтгэлдээ агуулж, түүнийгээ хэрэгжүүлэхээр мэрийжээ.
1252 онд өмнө зүгт хийх дайны төлөвлөгөөний үеэр Мөнх хаан Хубилайд дахин нэг эзэмшил нутаг санал болгожээ. Энэ удаа тэрээр Сианг мужийг нэмж авах боллоо. 1253 оны 10-р сард Хубилай өмнө зүгт Далийн хаант улсыг элбэн тохинуулах дайн хийлээ. Энэ дайнд Хубилайг Иао Шү дагалдан явлаа. Тэр Хубилайд шинээр бий болсон Сонг гүрнийг ганц ч хүний гарзгүйгээр эзэлсэн Цао Бин (930-999)-ы тухай ярьж өгчээ. Хубилай түүний арга барилаар цэргүүдээ удирдсан нь амжилттай болж, тэр дайн урьд хожид монголчуудын хийж байсан дайнаас шал өөрөөр өндөрлөсөн аж.
Дайны дараа Хубилай Сианг мужийг сэргээх талаар санаа тавьж эхэлжээ. Сиан эдийн засгийн хувьд доройтож, хүн ам нь туйлаас ядуурсан байлаа. Лию Бингжонгийн санаачилгаар тэр мужид Хятадын уламжлалд тулгуурласан удирдлагын тогтолцоо бий болгожээ. Тэрбээр эмх цэгцтэй засаглал, тогтмол ажиллагаатай сургуулийн тогтолцоог бий болгох зорилго тавьж байлаа. Хубилай боловсролын тогтолцоог Фүнзийн үзэлтэн Сү Хэнгэд хариуцуулж, түүний удирдлага дор бүх муж, тойрогт сургууль байгуулж эхэлжээ. Дайны хөл үймээнээс амарсан ард түмэн түүний бодлогыг талархан дэмжиж байлаа.
1259 онд Сонгтой хийсэн дайны үеэр Мөнх хаан нас барахад түүний шарилыг умар зүгт тээвэрлэн аваачиж, эцэг Тулуй, өвөг эцэг Чингис хааны оршсон газар нутаглуулжээ. Хубилай хаан ч бас хэсэг бодсоны дараа давшилтаа зогсоон Кайпинг (Шангду) руу яаралтай очиж Хятадын хуанлийн 3-р сард Их хаан сонгох Хуралдайг яаран зарлуулжээ. Монгол өлгий нутагтаа үлдсэн Хубилайн отгон дүү Аригбөх монголчуудын дэмжлэгийг авч хаан ширээ залгамжлах цорын ганц хөвүүн байлаа. Аригбөх 6-р сард Хархоринд болсон Хуралдайгаар Их хаанд өргөмжлөгдөв. Ийнхүү нэг зэрэг ах дүү хоёр Их хааны сэнтийд залрах нь тэр. Уламжлалт ёсоороо талын монголчуудаасаа сонгогдсон Аригбөх, Хятадын нөлөө бүхий монголчуудаас сонгогдсон түүний ах Хубилай хоёрын хооронд он удаан жилийн маргаан, тэмцэл өрнөсөн юм. Энэ тэмцэл явж явж Хятадын хүчинд дулдуйдсан, Хятад зөвлөх нарынхаа нарийн ухаанаар цэнэглэгдсэн Хубилайн ялалтаар дууссан билээ.
Хубилай хааны эзэлсэн, захирсан бүх нутаг дэвсгэр түүний өмч байв. Хархорин бол Чингис хааны залгамжлагчдын хувьд нийслэл нь байлаа. Өмнөд нутгийг эзэлсэнтэй холбогдоод Хархорины стратегийн ач холбогдол аажмаар алдагдаж эхэлсэн байна. Өмнө зүгт аян дайныг үргэлжлүүлж, нутаг дэвсгэрээ тэлэхийн тулд засаглалын төвийг өмнө зүгт шилжүүлэх хэрэгтэй болжээ. Бас эдийн засаг, цаг агаарын нөхцөл байдал ч үүнийг шаардаж байлаа. Мэдээж хэрэг хаан цаашдаа ч гэсэн эхний ээлжинд Монголын морьтон арми, Монгол язгууртан нараа түшиглэжээ. Тэд хааны хэл соёл нэгтэй ах дүү нар бөгөөд эзэлж нэгтгэсэн ард түмнээс илүү итгэлтэй нь байлаа. Эзэлсэн газар нутгаа урт удаан хугацаагаар захиран удирдана хэмээн Хубилай бодож байсан учраас эзэлсэн газар нутгийнхаа хүн ардыг нэгтгэн төвхнүүлэх хэрэгтэй нь мэдээж билээ. Хубилай засаглалаа батжуулах, өргөтгөхөд ихээр санаа тавьж байжээ. Амжилттай хаанчлал гэдэг Хубилайн хувьд уламжлалаа хадгалахаас ч чухал байлаа.
Өөрийн төрөлхийн ухаан дээр Хятадын удирдлагын ухааныг нэмсэн Хубилай хаан Монгол цэргийн хүчээр хойд Хятадын нутгийг эзлэн авч чаджээ.
1244 онд Хубилай Хархорин дахь ордондоо өөрийн эзэлсэн орны хувь заяаны талаар санаа зовнин эдгээр орны хуучин түшмэдүүд болон дэлхийн өнцөг булан бүрээс эрдэмтдийг дуудан ирүүлж, засаглалын асууудлаар зөвлөлдөж байжээ. Энэ үеийг Хятадын эх сурвалжид Хубилайн Хятадын соёлтой танилцаж эхэлсэн үе хэмээн бичсэн байдаг билээ.
Дээрх явдалд Хубилайн ээж Сорхогтани Бэкийн нөлөө их байсан нь ойлгомжтой. Ухаантай, чадварлаг энэ эмэгтэйг өөрийн ууган хүү Мөнхийг Их хаан болоход онцгой үүрэг гүйцэтгэсэн гэж үздэг. Сорхагтани Бэки бол Чингис хааны отгон хүү, хааны ордонд онцгой нэр нөлөө бүхий Тулуйн хатан билээ. Тулуйг 1233 онд нас нөгцсөнөөс хойш 1236 онд Өгөөдэйг Их хаан болоод түүний гавьяа зүтгэлийг үнэлж Хэбэй муж дахь Жэндинг Сорхагтани Бэкид хишиг болгон хүртээжээ. Тэр жилдээ мөн Хубилайд Хэбэй мужид орших Шинжоугийн газар нутгийг бэлэглэсэн ажээ. Сорхагтани Бэки эзэмшилд авсан нутгаа удирдахдаа Хятадын хуучин түшмэдүүдийг ашиглаж, хөдөө аж ахуй, боловсролын системийг дэмжиж байжээ. Монголын бусад ноёдтой харьцуулахад Сорхагтани Бэки эзэмшилд байгаа нутгийн хүн ардыг бодлогогүй тонон дээрэмддэггүй, эзэмшил нутгийнхаа хүн ардыг эмх цэгцтэй, хэвийн амьдралд дахин оруулахыг чармайж байлаа. Хэвийн ажиллагаатай нутгаас илүү сайн, тогтмол үр ашгийг удаан хугацаанд олох боломжтой гэдгийг тэр сайн мэдэж байлаа.
Хубилай хааны улс төрийн боловсролд онцгой нөлөө үзүүлсэн бас нэг хүн бол Лию Бинжонг болой. Тэрээр монгол хэл суран 1238 онд Хан Бүддизмд орсон нэгэн. Хай Юн 1242 онд Хархорин явах замдаа Датонгд саатах зуур Лию Бингжонгтай танилцжээ. Тэр түүний өргөн их боловсролыг биширч, түүнийг дагуулан Хархоринд аваачжээ. Лию Бингжонг Хархоринд очоод Хубилай хааны итгэлийг хүлээж, улмаар дотны найз нь болсон юм. Хай Юнг 1244 онд өмнө зүг буцахад Лию Бингжонг Хубилайн зөвлөхөөр үлджээ. 1241 он хүртэл улс төрийн эрх Өгээдэй хааны гарт байлаа. Өгээдэй хааныг нас нөгцсөнөөс хойш хатан Төрэгэнэ нэг хэсэг хугацаанд төр барьж байгаад Өгээдэйн хүү Гүег 1246 -1248 онуудад хаан ширээнд заларчээ. Хубилай энэ үед хэдийгээр хаадын удмын олон хүний зөвхөн нэг нь байсан, алсдаа төр толгойлох эсэх нь огт тодорхойгүй байсан ч Лию Бингжонг хийгээд Хятадын олон түшмэд, эрдэмтдийг Хархорин руу дуудан авчирч зөвлөгөө авдаг байжээ.
Германы нэрт хятад судлаач Отто Франке “Хубилай нэг бол хүн таних ер бусын чадвартай хүн байсан байж таараа, эсвэл найз нөхдөө сонгох тал дээр туйлын азтай нэгэн байсан байх. Учир нь түүний сонгосон хүмүүс бараг л бүгдээрээ дээгүүр, зарим нь бүр өндөр албан тушаалд хүрцгээсэн бөгөөд хэнийг нь ч арга хэмжээ авч, тушаал буулгах хэрэг гараагүй, тэд өтөл насан хүртлээ итгэл хүлээн шударга, дуулгавартайгаар Хубилайд үйлчилж байсан билээ. 1260 онд Хубилайг хаан болж засаглалыг авсны дараа ч тийм л байлаа“ хэмээсэн юм.
Орчуулсан А. Цэрэнчулуун