Өөдрөг бодол өвчнийг илааршуулдаг
Эм тариа, хүчтэй антибиотикноос илүү сэтгэлийн дэм, өөдрөг бодол хүнд өвчнийг илааршуулж бие тэнхрэхэд ихээр нөлөөлдөг болохыг эмч нар судлан тогтоожээ. Тухайлбал, хагалгаа хийлгэсэн өвчтөн өрөөнийхөө цонхоор ногоон ургамал цэцэг, байгалийн сайхныг харвал хөл дээрээ хурдан босдог гэнэ. Амьдралын сайн сайханд итгэх итгэл эдгэрэхэд нөлөөлдгийн нэгэн баталгаа энэ ажээ. Тэсэхийн аргагүй хүнд өвчтэй байсан ч уулзахыг хүссэн хүнтэйгээ амжиж уулзсаныхаа дараа өөд болсон хүмүүсийн жишээ олон байдаг тухай эмч нар бичсэн байдаг.
Судлаачид хүний нерв, дайвар (гормон) биеийн эсэргүүцэл гурав нь нягт холбоотой гэдгийг олж мэджээ. Энэ юу гэсэн үг вэ гэхээр хүний сэтгэл, хүсэл биеийн дархлаанд шууд нөлөөлдөг гэсэн тааамаглал юм. Эндээс харахад хүн эдгэрнэ гэдэг нь сэтгэл санааны болон гадна нөлөөлөлтэй шууд холбоотойг харуулж буй хэрэг.
Өвчтөн өөрөө эмчдээ итгэх нь чухал ажээ. Эмч нь түүний таньдаг хүн байх, өвчтөнтэйгээ эелдэг дотно харилцах, хийж буй эмчилгээгээ тайлбарлан ярьж өгөх нь бас өвчин эдгэхэд нөлөөлдөг байна.
Эрт дээр үеэс л эмч домч нар хүн гашуун эмэнд итгэдэг, түүнийг уусан хүн эмчилгээндээ илүү итгэл үнэмшилтэй болдгийг мэддэг байжээ. Тэр ч байтугай эмийн өнгө будаг, сав, хайрцаг боолт хүртэл өвчин эдгэхэд нөлөөлдөг гэнэ. Жишээлбэл, улаан өнгийн эмэнд хүн их итгэдэг, харин цэнхэр өнгийн эмийг таашаадаггүй байна. Хүмүүс мөн аль болох олноор нь боосон эмэнд дуртай, нэг хоёрхоноор нь савласан тохиолдолд дурамжхан байдаг аж.
Хүний бие илааршихад сэтгэлийн тэнхээ ямар нөлөөтэй талаар 500 гаруй эмч, судлаач оролцсон конференцийг Америкийн Бетесда хотын Эрүүл мэндийн институтээс саяхан зохион байгуулжээ. Энэ хурлын гол зорилго нь анагаах ухааны эмийн эмчилгээг хүний өөрийнх нь итгэл үнэмшлээр эрчимжүүлж одоо хүртэл тайлагдаагүй тэр нууц механизмыг эмчилгээнд ашиглахад орших гэнэ.