Монголын ард түмэн 2009 оны 11 дүгээр сарын 26-нд БНМАУ-ыг тунхагласны 85 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэж байна. Төр ёс үүссэнээс хойш дэлхийн улс түмнүүд хаант засаг, Бүгд Найрамдах засаг хэмээх төрийн хоёр хэлбэрийн аль нэгийг сонгож хэрэгжүүлж иржээ. Дундад зууны үе буюу феодализмын үед дэлхийн улс орнуудад хаант засгийн хэлбэр ноёрхож байв. Харин ХХ зуунд улс түмнүүд Бүгд найрамдах байгуулалд шилжсэн юм. Төрийн энэ хоёр хэлбэр эдүгээ ч улс орны онцлогоос болж, олон янз, өвөрмөц байдлаар хэрэгждэг. Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Улс, Парламентын Бүгд Найрамдах улс, Үндсэн хуульт хаант засаг гэх мэт.
Бидний монголчууд жил бүрийн 11 дүгээр сарын 26-ныг албан ёсны амралтын өдөр болгож, ёслон тэмдэглэж ирсэн нь хаант засгаас Бүгд Найрамдах засагт шилжсэн түүхт их үйл явдлыг ёслон тэмдэглэж буй хэрэг юм. 1924 онд хуралдсан Улсын анхдугаар их хурал 11 дүгээр сарын 26-нд I Үндсэн хуулийг баталж, Ардын эрхт Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг тунхагласан билээ. Ийнхүү ХХ зууны эхэн үед тус улс хэмжээгүй эрхт хаант засгаас хэмжээт эрхт хаант засагт, түүнээс Бүгд Найрамдах Засагт шилжсэн нь улс төр, ардчилалын хувьд яах аргагүй том дэвшил байсан юм. Ингэж Монгол Улс түүхэндээ анх удаа Үндсэн хуультай, тэр тусмаа Бүгд Найрамдах байгууллыг тунхагласан Үндсэн хуультай болсон билээ. БНМАУ-ын анхдугаар Үндсэн хуульд монгол хүний эрх, эрх чөлөөг анх удаагаа хуульчлан тунхаглажээ. Гэхдээ аливаа хөрөнгөтний хувьсгалын нэг адил дундад зууны бурангуй ёсыг халах талаар шийдвэртэй алхам хийж эхэлсний томоохон илэрхийлэл нь I Үндсэн хуулиар бусдыг зарж амьдрагч, худалдаачид, мөнгө хүүлэгчид, ван, гүн, хутагт хувилгаад, хүрээ хийдэд байнга суудаг лам нарын сонгох, сонгогдох эрхийг хассан явдал юм.
Үндсэн хуулийн энэхүү заалтыг эдүгээгийн өндөрлөгөөс харахад, хүний эрхийг зөрчиж, ардчилалд хязгаарлалт тавьсан тал бий. Хэдий тийм боловч, эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийн нэг адил тэгш эрхтэй болохыг Азийн орнуудын дотроос анх түрүүн хуульчлан тунхагласан нь Монгол оронд ардчилсан ёс хэрэгжихэд томхон алхам болсон юм. Ийнхүү бидний монголчууд сонгодог ардчилсан орнууд болох Англи, АНУ-аас ч өмнө эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн нэг адил тэгш эрхтэй болохыг хуульчлан тунхаглаж, амьдралд хэрэгжүүлсэн бүлгээ. Улсын анхдугаар Үндсэн хуулиар анх удаа сонгож байгуулах парламентын эх үндсийг баттай тавьсан юм. Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага байсан бөгөөд Улсын анхдугаар их хурлаас Улсын Бага Хурлыг 30 гишүүнтэй сонгож байгуулжээ.
Улсын Бага хурал 1990 оных шиг байнгын ажиллагаатай байгаагүй боловч, Улсын Их Хурлын чөлөө цагт төрийн дээд эрхийг барих, хууль тогтоох, улс орны хөгжлийн амин чухал асуудлыг шийдвэрлэх, ард олны төлөөллийн байгууллага болж байсан билээ. Чингэхлээр Улсын анхдугаар их хурлаар 11 дүгээр сарын 26-нд Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласан нь Монгол төрийн түүхэнд урьд өмнө байгаагүй олон олон зүйлийн анхдагч ардчилсан эх суурийг тавьсан нэн хүндэтгэлт баяр ёслолын өдөр юм. Харин 11 дүгээр сарын 26-ны учир явдлыг буруу ухварласнаас хэвлэл, мэдээллийн хэрэгслээр тусгаар тогтнолын өдөр гэх мэтээр андуу ташуу ярьж бичих болсныг залруулж ойлгох шаардлагатай. Тусгаар тогтнол хэмээхүйг орчин цагийн улс төрийн шинжлэх ухааны улс хэмээх ухагдахууны болзлыг хэрхэн хангасан байдлаар нь ойлгох ёстой.
Товчоор илэрхийлбэл, улс тусгаар тогтносон эсэхийг өөрийн гэсэн газар нутаг, хил хязгаар, хүн ам, төрийн бүрэн эрхт байдлыг хангасан байдлаар тодорхойлдог. ХХ зууны Монголын түүхээс үзвэл, монголын ард түмэн 1911 оны үндэсний хувьсгалаар 1636 онд Өмнөд Монгол Манжид эзлэгдсэнээс хойш 275 жил, 1691 онд Халх Монгол Манжийн хараат түшмэд болсноос хойш 220 жил, 1755-1758 онд Ойрад Монгол Манжийн түрэмгийлэлд автсанаас хойш 160-аад жилийн дараа үндэсний тусгаар тогтнолоо дахин сэргээсэн юм. Гэвч хоёр их хөрш-Хятад, Оросын хавсайдалтаар 1915 оны гурван улсын Хиагтын гэрээгээр Хятадын эзэн харъяат автономит улс болжээ. Ийм үед ч Монголчууд улсаа тусгаар тогтносон хэмээн үзсээр байсан юм.
Гэвч 1919 оны 11 дүгээр сард хятадын генерал Сюй-Шүчжен их цэргийн хүчээр цөмрөн орж ирж, цэргийн харгис дэглэм тогтоон, тусгаар тогтнолоо түр алдсан байна. Энэ нь Монголчуудын хувьд үндэсний гутамшиг байлаа. Ийм эгзэгтэй үед Монголчуудын үндэсний ухамсар урьд үзэгдээгүй их сэргэж Монголд анхны улс төрийн нам-МАН-ыг байгуулан түүний удирдлагаар 1921 оны ардын хувьсгал хийж, эх орноосоо харийн түрэмгийлэгчдийг хөөн зайлуулж, үндэсний тусгаар тогтнолоо байлдан олж авсан юм. Ийм учраас Улсын Их Хурал 1911 оны 12 дугаар сарын 29-нд үндэсний тусгаар тогтнолоо сэргээсэн өдрийг үндэсний эрх чөлөөний өдөр болгон тэмдэглэх тогтоол баталсан. Ийм учраас сүүлийн жилүүдэд энэ өдрийг тэмдэглэдэг болсон.
2008 онд Монгол Улсын Ерөнхийлөгч 1911 оны үндэсний хувьсгалын 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх зарлиг гаргасан юм. Ийнхүү Бүгд Найрамдах Улс тунхагласан, улс тусгаар тогтносон хэмээх ойлголтуудыг ялган салгаж ойлгох нь чухал болой.
Академич, Түүхийн ухааны доктор Ж.Болдбаатар