ӨГЛӨӨ ХААН, ӨДӨР НОЁН, ОРОЙ ГУЙГАЧИН ШИГ ХООЛЛОЖ СУР

Машиндаа тохирох шата­хуун, тосыг нь бид хийдэг. Яагаад гэвэл үнэтэй цайтай зүйлээ аль болох удаан хэрэглэх л гэж байгаа хэрэг. Гэтэл эрдэнэт хүний бие гэдэг тэр бүхнээс үнэтэй билээ. Хүн эрүүл явж, урт насалбал тэр байтугай ихийг бүтээнэ. Тэр байтугайг эдэлж хэрэглэнэ. Зарим хүн үнэ­тэй юм авна гэж мөнгөө хураан чанар­гүй хямдхан хоолоор ходоод гэдсээ зөвхөн дүүргэхийг л боддог. Гэтэл эрүүл мэндээ золиослон байж олсон өнөөх зүйлээ эдлэх ч завдалгүй хорвоог орхидог тал бий. Зарим нэг нь болохоор арай ч ийм хоол идэх дээрээ тулаагүй хэмээн баярхаж баахан үнэтэй хоол тансаглаж идээд хий дэмий өөх хуримтлуулан даралтаа өс­гөж, зүрхээ муутган эм тангийн идэвх­тэй хэрэглэгч болдог.
 
  Тэгвэл хоолыг эм болгож эрүүл хооллох боломж бидэнд байна. Тухайлбал, тариа будааны хальс илчлэг ялгаруулдаг төдийгүй энэ нь хоол боловсруулах явцыг түргэт­гэн, гэдэсний гүрэлзэх хөдөл­гөөнийг идэвхжүүлдэг. Тэгэхээр будааны талх, арвайн гурил, хоёрдугаар гурил, хивэгтэй гурил зэргийг идэж байвал эрүүл мэндэд хэрэгтэй, хэтэвчтэй мөнгөнд ч арвитай ажээ.
 
  Дотор эрхтэн эрүүл байх нь бусад эрхтэн эрүүл байх нөхцөлийг бүрдүүлдэг гэнэ. Зарим хүн өөх хортой гээд нүнжигтэй бүхнээс зугтаадаг. Гэтэл хүний биед өөх тос бас чухал хэрэгцээтэй ажээ. Тэгээд ч Монгол орны цаг уурын онцлогоос болоод бид өвөлдөө илчлэг ихтэй хоол идэх зайлшгүй шаардлагатай. Нэг грамм тос 39kJ энерги өгнө. Хүн өдөрт бас 4-6 г тосны хүчил биедээ авах шаардлагатай гэнэ. Хүний биед зайлшгүй шаардлагатай А, D, K амин дэмүүд зөвхөн тосонд л уусна. Тэгээд эдгээр амин дэмүүд зөвхөн өөх тос “хөлөглөн” зохих газраа хүрч, үр дүнгээ өгдөг юм байна.
 
  Та бидний өдөр тутмын хоолондоо хэрэглэдэг зарим хүнсний ногоо хүний бие орга­низмд ямар нөлөө үзүүлдэг талаар зарим мэдээллийг одоо танд хүргэе.  Сонгино хэмээх байгалийн анти­­био­­текийг ханиад томуу ихэс­сэн үед түлхүү хэрэглэх шаард­­­лагатай. Байнга хэрэг­­лэ­вэл цусан дахь холестерины хэмжээ багасдаг. Түүхий­гээр нь идвэл илүү сайн. Мөн цусны даралт багасгах үйлчил­гээтэй ажээ.
 
   Байцаанд вета, каротин, кальци, фолик хүчил, кали, витамин С, Е болон биотен, магни, манган, эслэг, нүүрс ус агуулагддаг. Хавд­рын эсрэг үйлчил­гээтэй глюсодинолате гэдэг бодис байдгийг эрдэмтэд нээжээ. Мөн түүнч­лэн байцаа нь элэгний хоргүйжүүлэх үйл ажиллагааг идэвхжүүлдэг байна.
 
 Үндэстэн бүхэн зөв хооллохын чухлыг эртнээс анхаарч туршлага хуримтлуулан, түүнийгээ үр хойч­доо сургаж иржээ. Европчууд өглөө хаан хүн шиг, өдөр ноён хүн шиг, орой гуйлгачин хүн шиг хооллож бай хэмээн өдөр идэх хоолоо хэдийд ямар хэмжээгээр идэх вэ гэдгийг сургадаг байна. Бас манай ард түмэн гэнэт цадах гэдсэнд цөвтэй, гэнэт баяжих насанд цөвтэй гэж хэлэлцдэг нь хоолыг хэт их идэх хортойг сургажээ. Бас гэм хийсэн гэдэс биш гэнэт олдсон хоол биш хэмээдэг нь олдсон зоргоор идэх нь эрүүл мэндэд хортой, ходоод гэдсээ хордуулах хэрэггүй гэсэн гүн утгатай сургааль ажээ.
 
  Бас зундаа сүү цагаан идээ илүү хэрэглэх нь өвөлжин хүнд хоол боловсруулж ядарсан ходоод гэдсээ амраан, бас өвөлдөө олж аваагүй амин дэм, эрдэс давсаа сүү цагаан идээнээсээ олж авах сайн талтай юм.
 
  Сайн хооллох гэдэг хэт их идэхийн нэр биш хэрэгцээтэй зүйлээ л тэндээс олж авах явдал юм. Хоол тэжээлээрээ дамжуулан хүн амьд явах, амьсгал авах, өсөж бойжих, хөдөлж, үржихэд зайлшгүй шаардлагатай зүйлсийг нөхөн олж авдаг. Хүн ургамлын гаралтай ногоо, жимс, үр тариа хийгээд малын гаралтай сүү, өндөг, мах зэргээр хооллоно. Хүн хоол хүнсээрээ дамжуулан өдрийн хэрэгцээний дүүргэгч бодис, уураг, нүүрс ус, тос, эрдэс, амин дэмийг олж авна.
 
  Ходоод гэдсэнд орсон хоол тэжээлийн зүйлс энзимийн тусламж­­тайгаар задран тэн­дээс ялгарсан, хүний биед шаард­лагатай чухал бодис, элементүүд цусаар дамжин бүх бие мах бодид түгэн хэрэгцээт эд эрхтэндээ хүрч очдог. Хөдөлгөөний эрч хүч хийгээд дулаан ялгарна. Биенд үлдсэн хэрэггүй зүйлс хүний ялгагдас, болон амьсгалаар дам­жин гадагшилдаг.
 
  Насанд хүрсэн эрүүл хүн биеийн жингийн нэг килограмм тутам­даа нэг цаг тутам 4,2 kJ энерги шаардлагатай бөгөөд энэ энергийг хоол ундаараа дамжуу­лан авдаг байна.
 
  Энэ хорвоод эрдэнэт хүний биеийг олж төрсөн бид энэ биеэ хайрлаж, зөв хооллож, урт удаан наслах хэрэгтэй бус уу. Хүн гэдэг аугаа их ухаантай амьтан мөртлөө өөрийнхөө биеийг л хайрлаж чаддаггүй том дутагдалтай ажээ. Эмийг голдуу өдөрт гурван удаа уудаг шиг хоол ундаа ч бас өдөрт гурван удаа хэрэглэж байх ёстой бөгөөд тэгэхдээ хэм хэмжээндээ тохируулан бие махбодид зайлш­гүй шаардлагатай зүйлийг агуул­сан хоол унд идэх ёстой. Их үнээр заримдаа хоол биш хор худалдан авч иднэ. Хоолыг эм шиг сонгон зөвхөн хэрэгтэй хүнсээ, шаардлагатай хэмжээгээр нь идэхгүй бол янз бүрийн өвчин, хуучтай болох нь байна шүү.