Төрийн өмчийн их сургуулиуд ба төрийн оролцоо
 
  Өнөөдөр улсын гэгдэх сургуулиуд нь улсаас нэг ч төгрө­гийн дэмжлэг татаас авдаггүй, цэвэр оюутнуудын төлбө­рөөр амьдарч байна. Энэ талаа­раа бусад бүх хувийн дээд сургуу­лиуд­тай адил. Олон улсын жишгээс үзвэл их, дээд сургуулиудын санхүү­жил­тийн 40 хүрэхгүй хувийг сургалтын төлбөр эзэлдэг бол манай орны хувьд 99 хувийг дан сургалтын төлбөр эзэлж байгаа юм. Улсын их сургууль гэж ямар сургуулийг хэлдэг юм бэ. Улсын гэдэг нь цол нь юм уу, өмчийн харьяалал нь юм уу, зэрэглэл түвшин нь юм уу. Боловсролын байгууллагууд ашгийн бус байгуул­лага байх ёстой боловч өнөөдрийн байд­лаар улсын их сургуулиуд нь төрийн сангийн дансанд мөнгө төвлөрүүлэх аж ахуйн нэгж-Улсын үйлдвэрийн газар шиг харагдах боллоо. Боловсрол ашгийн бус гэдэг утгаараа оюутнуудын төлбөр болон бусад арга хэмжээнээс олсон орлогыг 100 хувь сургалт болон үйл ажиллагаанд зарцуулан оршин тогтнох учиртай. Энэ талаа­раа хувийн сургуулиудаас давуу тал байна уу гэдгийг харъя.
 
  Хувийн сургуулиуд төлбөрөөр цугларсан мөнгийг захиран зар­цуу­­лах эрхтэй бол улсын их сургуулиу­дад тэр эрх нь хязгаарлагдмал.
 
  Хувийн сургуулиуд төлбөрөө жилийн эхэнд цуглуулж төвлө­рүүлдэг бол төрийн өмчийн сургуулиуд бүтэн жилийн турш цувуулж авна. Дээр нь төлбөрийн дийлэн­хийг бүрдүүлдэг төрийн сангийн төлбөр, сургалтын жил дуусахын өмнөхөн л хэл амтай­гаар хагас дутуу шилжиж орж ирдэг. Багш нар хичээлээ зааж дуусчихаад, одоо та нар төлбөрөө төлөөч ээ гэж оюутнуудаасаа гуйх нь халаг болно.
 
  Төлбөрийн хэмжээг хязгаар­лаж дээрээс нь тогтоож өгнө. Дэлхийн зах зээлд тааруухан нэг сургуу­лийн хэлний курсийн жилийн дундаж төлбөр 6000 ам доллар байхад Монголд улсын их сургуулиудын жилийн төлбөр ердөө л 300-500 ам доллар. 15-20 дахин бага үнэ. Та Англид үйлдвэр­лэсэн, дунд зэргийн чанартай гутал 100 ам.доллараар авдаг бол Монголын дээд зэргийн чанартай гутлыг таван доллараас илүүгүй үнээр зар гээд шахаад байвал хэн гутал хийж зовлогоо зовоохыг бодох юм бэ. Иймэрхүү байдлаар улсын их сургуулиуд дөнгөж л амь зогоож нэр хүнд нь жилээс жилд унаж байгаа. Зориуд бодлогоор ингэж унагаж байгаа гэж үзэх хүмүүс ч бий. Бүх улсын их сургуулиудын удирдах зөвлөлийн гишүүд бараг бүгдээрээ хувийн сургуультай байдаг нь ёс шиг. Тэд хувийнхаа сургуулийг бодох уу, улсын сургуулийг бодох уу гэдэг нь асуултгүй тодорхой биз.
 
  Төлбөрөө нэмж чадахаа байсан захирлууд ямар замаар орлогоо нэмэгдүүлэх вэ гэхээр элсэлтийн хэмжээг нэмж, оюутны­хаа тоог олшруулдаг. Нэг ангид дунджаар 20 оюутан, нэг багшид дунджаар 15 оюутан ноогддог байсан бол ингэснээр нэг ангид 30-35 оюутан, нэг багшид 20-25 оюутан ноогдох жишээтэй. Төлбөр, санхүүжилтийн хувьд нэг удаа асуудлаа шийдлээ гэхэд сургалтын чанар эрс муудна. Одоо­гийн байдлаар ийм байдлаар оюутныхаа тоог нэмэгдүүлж эх үүсвэ­рээ зузаатгасан сургуулиуд 2-3 ээлжээр хичээллэж байна. Өглөө 8 цагт хичээл заасан багш, орой 16 цагт хичээлээ хэр зааж байгаа бол. 20 хүнд заадаг байсан хичээлийг 35 хүнд заахад үр дүн нь сайжрахгүй нь ойлгомжтой.
 
  Оюутны тоог яамнаас хязгаар­лана. Элсэлт нэмж санхүүжилтийн эх үүсвэрээ бүрдүүлдэг замыг нь хаа­чихаж байгаа юм. Зөв л дөө гэхдээ өөр гарах гарцыг нь зааж өгөхгүйгээр зүгээр л боо­милж болохгүй. Yнийг дээрээс тогтоосноор, үнэ мэдээлэл зөөдөг гэсэн чанарыг үгүй болгож байгаа бол оюутны тоонд хязгаарлалт хийс­нээр эдийн засгийн хөшүүр­гийг нь хураагаад авчихаж байгаа юм.   
 
     Төрөөс баримталж байгаа бодлого нь төрийн сургуулиудад хэрхэн нөлөөлж байгааг зөвхөн төлбөр­тэй холбогдуулан эдийн засгийн өнцгөөр авч үзэхэд ийм бөгөөд бусад олон хүчин зүйлийн талаар мөн судалж, ярьж болох билээ.
 
Yнэгүй юм үнэгүй байдаг
 
  Сургуулиуд аль болох элсэлт их авахыг чухалчилж буй учраас элсэлтийн шалгалтын босго оноог доошлуулах, аль эсвэл элсэгчдэд илүү амар хялбар байлгах зорилгоор шалгалт авах тест гэх мэт хөнгөн хэлбэрүүдийг голлон хэрэг­лэдэг. Элсэлтийн шалгалтыг сургуулиуд өөрсдөө авахаа больж аль сургуульд хэн суралцаж болохыг Боловсролын үнэлгээний төв гэх тестийн алба шийддэг болсон. Энд хүний мөнгөөр хүнд бэлэг худалдаж авах хүнийссэн сэтгэл зүй үйлчилнэ. Шалгуур сул байх нь боловсролын зэрэглэлийн ач холбогдлыг алдагдуулдаг сөрөг үр дагавартай. Үүнийг өнгөр­сөн хаврын математикийн шалгалтын дүн, шалгалтын явц, хэл ам бэлээхнээ гэрчилнэ. Ном ёсоор бол шаардлага хангахуйц мэдлэг боловсролтой хэсэг нь л дараагийн буюу ахисан түвшинд суралцах эрх эдлэх ёстой. Гэтэл энэ зарчим Монголд хэдийнэ алдагдсан. Мөнгө төлж л чадаж байвал бакалавр, магистрантур цааш­лаад бүр докторантурт ч суралцах боломжтой. Yүнд тухайн суралцагчийн мэдлэг чадвар гол биш болжээ.
 
  Мэдээж хэрэг дийлэнх сургуулиуд санхүүгийн гачаалал­тай холбоотойгоор элсэгчдийн чанарыг бус төлбөрийг нь гол болгож элсүүлсэн учраас төлбөрийг нь алдахгүйн тулд тухайн элсэгчдийг бүрэн бүтэн төгсгөх буюу төгсөлт их байлгах бодлого барьдаг. Энэ байдал нь дахин, нөхөн шалгалтын хэлбэ­рүүдийг бий болгож буйгаас илэрхий харагдана. Сургуулиудын дотоод дүрмэнд хангалтгүй суралц­сан, тухайн түвшний болзол биелүү­лээгүй оюутнуудыг сургуу­лиас хасах тухай заалт байдаг ч зүгээр л тунхаглалын шинжтэй. Дийлэнх болсон идэвх султай оюутнуудыг шахах, хянал­тын механизм сул учраас энэ маягаар оюутнуудын идэвхгүй байдал газар авахад хүргэдэг. Мөн идэвхтэй цөөнх хэсэгт чиглэ­сэн урамшуулал бага байдаг нь тэдний суралцах идэвхийг нь өрнүүлж чаддаггүй.
 
  Сургуулиуд санхүүгийн болол­цоо муу тул багш нарын цалин бага, хийсэн ажлыг нь урамшуулах механизм сул байдаг. Yүний уршгаар багшлах гэдэг нь багш нарын хувьд үндсэн ажил биш болно. Учир нь хийж хийж авсан цалин нь амьд­рал ахуйд нь хүрэлцээтэй байж чаддаггүй. Тиймээс багш нар арга буюу орлогын бусад эх үүсвэрт анхаарал тавих болдог байна. Энэ байдал нь багш нар цалингийн урамшуулалгүй сургалт, үйл ажиллагааны хэлбэ­рүү­­дэд тоомжиргүй хандаж, өөр давхар ажил хийж нэмэг­дэл орлого олоход хүргэдэг. Нийтийн тээв­рийн­хэн, цахилгаан станцын­хан, нүүрсний уурхайнхан хэн ч байсан бүтээгдэхүүнийхээ үнэд санаа зовж, хийсэнтэйгээ дүйцэ­хүйц цалин авахын тулд тэмцэж үгээ хэлж үр дүнд хүрч чаддаг бол багш нарт ийм чадвар байхгүй, ёстой л сонгодог Е бүлгийн идэвхгүйчүүд болно.
 
  Бага төлбөр төлсөн оюутан бага зэргийн үйлчилгээ авч түүндээ сэтгэл ханадаг учир сургал­тын чанарыг дээшлүүлэх талаар хяналт тавьж, шаардлагаа өндөрсгөх сонирхолгүй байдаг. Бараг төлбөргүй /бага/ учир тэгсгээд явж байгаад нэг диплом өвөртөлчихөд нэг их гарзгүй ажээ. Эцэг эх нь ч гэсэн үнэтэйхэн дамжаа­ны мөнгө төлчихсөн учир түүнийхээ араас нэхэл дагал болж, юу болж байна, сургуулиуд юу зааж байна, манай хүүхэд юм сурч байна уу гэхээсээ хасагдсан, төгссөн эсэхийг л сонирхоно. Харин ч хэл амгүй сургуульд сурсан нэртэй “өдөр өнжүүлэхэд” явж байх нь ажилгүй, архи дарс ууж, хэл аманд өртчих вий гэж санаа зовох юмгүй амар байдаг гэнэ.
 
  Төрийн сургуулиудын санхүү­жилт нэгэнт хангалттай биш учир сургалтын чанарт анхаарал тавих ямар ч боломжгүй, сургуулиуд сургалтандаа нэмэлт хөрөнгө оруулж бараа үйлчилгээ­нийхээ чанарыг дээшлүүлэх боломж байхгүй ажээ. Багшлах болов­сон хүчнээ бэлтгэх, сургал­тын хөтөлбөрөө шинэчлэх боловс­ронгуй болгох зэрэг нь дараагийн шатны асуудал бөгөөд өнөөдрийг аргацааж хүлцэх л үлдэнэ. Ийм байдлаар бол төрийн сургуулиуд жил ирэх тутам уналтын байдал руу дөтөлнө.
 
  Yнэгүй учраас суралцагчид сурах сонирхолгүй, хяналтгүй, хяналтгүй сургалт чанаргүй, чанар­гүй учраас нэр хүндгүй, ач холбог­дол­гүй бизнесийн сургалт зонхилдог, бизнес учраас аль болох бага зардлаар аль болох олон оюутныг төгсгөхөд чиглэнэ. Дүгнэвэл өнөөдөр төрийн өмчийн гэх их дээд сургуулиуд мухардлын байдалд орчихсон түүнээсээ гарах арга замыг нь төрөөс бодло­гоор хаасан байдалтай байна. Энэ нь боловсролын салбарт сэдэл төрүүлэх бүтэц үгүй, нийгэмд гүйцэтгэх үүргээ гүйцэт­­гэж чадахгүй, ерөнхийдөө боловс­ролын салбар маань нийг­мийн хариуцлагагүй байгаа гэсэн үг юм.