Улс төрчид хоёр янз. Зарим нь хэвлэл мэдээллийн хэрэгслийн хойноос гүйж, мөнгөөр зодон, худал сенсааци дэгдээх мэтээр мянга бичүүлээд ч сэтгэлд хоногшихгүй, дээд зах нь “явган шогийн баатар” болоод л дуусна. Заримынх нь хойноос хэвлэл мэдээллийнхэн хошуурцгааж, удам судраас нь эхлээд хөдөлгөөн нэг бүрийг нь агнан гүйлдэнэ. Түүнтэй орооцолдсон бүхэн хэвлэлийн од болон тодорно. Саркози хоёр дахь төрөлд нь багтана. Түүний дүр интернэтийн чухал мэдээ, дэлхийн том хэвлэлийн нүүрнээс салахгүй шахам. Яагаад? Хамгийн их анхаарал татдаг зүйл бол төрийн харчуудын дэглэсэн “Савангийн дуурь”, түүнээс улбаалаад шинэлэг сэтгэлгээтэй нэгэн эсэхийг дүгнэх нийгмийн сэтгэхүй. Билл ба Хиллари Клинтон, Жорж ба Лаура Буш, ХБНГУ-ын канцлер асан Шредерийн хайр дурлалын цуврал... Хөдөлгөөнтэй хүний зан араншин содон байдаг. Нийгмийн сэтгэхүйд дарагдан гэлдрэгсэд нэг л залхуутай. Саркозигийн хувийн ба хувьсгалын амьдрал аль аль нь туйлын сонирхолтой.
 
  53 настай Саркози ерөнхий­лөгч болмогцоо гэрлэлтээ цуцлуулж од болов. Түүний 20 жил хамт амьдарсан экс эхнэр Сесили “Сүүдэрт нам гүм амьдрах дуртай” нэгэн. Нэгэнтээ таарахаа байсан хосын амьдралын зам 2005 оноос салж, Сесили ч өөр эрд дурлажээ. Гэтэл сэтгүүлчдийн хараанд нэгэнтээ өртөөд эхэлсэн Сесили Саркозитай дахин амьдрахыг хүссэн ч бүтсэнгүй. Улс төрчийн эхнэр байх түүнд амаргүй санагдана. Сесили хэн нэгний нөмөр бараадалгүй бие даан үйлс бүтээх чадвартай хэмээн харуулахыг хүсдэг нэгэн. Нөхрийнхөө сонгуулийн суртал­чилгааны үеэр амьдрал нь хямралтай байсан тул аль болох бусдын хэл амнаас хол байхыг дээрд үзсэнийг францчууд ойлгох байх хэмээн тэр найдаж байна. Саркози гэрлэлтээ цуцлуулаад гуравхан сар өнгөрмөгц шансон дуучин, 40 настай модель Бруни­тай холбогдсон талаарх мэдээ улс төр сонирхдоггүй нэгний чихийг ч дэлсэх болсон. “Бруни дахиад жирэмсэн”, “Салсан эхнэр, нөхрийн таван хүүтэй хосуудад охин үр заяах болов уу” гэсэн горьдлого, “2-р сарын 8, 9-нд хуримлах нь” гэсэн мэдээ...
 
     Магад Саркози Диана гүнжийн дараа хэвлэ­лийнхнийг хошууруулж буй од мөн бололтой. “Төрийн өндөр албан тушаал, од хэмээх суу алдар хоёр гэрлэж байна. Ардчил­лын энэ эх нутгаас өөр хаа ч засгийн ажил ингэж төгс төгөлдрөөр савангийн дуурьд уусан шингэж байсангүй” хэмээн “Шпийгель” сэтгүүлд бичжээ. Улс төрчдийг хаа сайгүй “хүлцэнгүй, сайн эцэг”-ийн дүрээр хүлээж аваад сурчихсан, “Гэр бүл тогтворгүй” байх нь улс төрийн нууцад халгаатай, ийм хүнд төрийн жолоо атгуулах хэрэггүй гэсэн хэвшмэл төсөөлөл тогтсон байдаг. Гэтэл өмнөх ерөнхийлөгч Жак Ширакийн зүүрмэглэн байсан эрин үеийг энэ хүн нэгмөсөн цэглэж орхив. Ёс жудаг ноёрхсон уламжлалд атгуулан хүмүүжсэн, иргэншсэн, католик шашны үзэл дээр бүрэлдэн тогтсон францын хуучинсаг элитийн нийгэмд ичгүүр сонжуургүй, шинэ баяны цээж “ханхалзуулсан”, бугуйдаа Ролекс фирмийн цагтай, Рей бан фирмийн нарны шил зүүсэн, Жон Лобб фирмийн гутал өшиглөсөн, олон хүүхэнтэй “орооцолдсон” эр төрийн сэнтийд залрав. Дээр нь түүний шинэхэн хайр Карла Бруни нь цагтаа жилд 7,5 сая ам.долларын орлоготой явсан, сайхан, чинээлэг, алдарт эрсийн “дамжин явах цом” нэртэйг ч хэлэх үү. Тэр Ролингстоуны Мик Жеггер, алдарт од Эрик Клаптон, Кэвин Костнер, Шон Коннэри, тэрбумтан Дональд Трамп нарын чимэг болж, зүрхийг нь зүсэж явсан бүсгүй. Францын философич, хэвлэлийн эзэн Жан Поол Энтховэнээс салмагцаа түүний хүүтэй дэр нэгтгэн бяцхан хүүгээ төрүүлсэн эх хүн. Гэхдээ үйлдвэрийн чинээлэг эзэн, 18 саяын урлагийн цуглуулга өвлүүлэн үлдээсэн, дуурийн аялгуу зохиогч эцэгтэй, төгөлдөр хуурч эхтэй, итали гаралтай түүнийг францын эрхэмсэг нийгэм тэргүүн хатагтайн зиндаанд хүлээн авахгүй нь. Хос хоёрын нийтлэг шинж бол хүнд ховор заяадаг их эрч хүч. “Ганц ч хормыг би өрсөлдөгчдөө илүүчлэхийг хүсэхгүй” хэмээн Саркози хэлдэг. Хуучныг халж шинийг цогцлуулна хэмээн сонгогдсон түүнийг нэн тэргүүнд хувийн амьдрал, ерөнхийлөгчийн “дэглэх үзэгдлийг” өөрчлөх юм гэж хэн ч таасангүй
 
  Өчигдөрхөн л харааны шилээ хамар дээрээ тохсон намбалаг өвөө төрийн үгийг үлгэр унших мэт ард түмэндээ сонордуулдаг байсан бол өнөөдөр тийрэлтэт хөдөлгүүр мэт шуурхай нөхөр үндэстэн, түүний ирээдүй, өөрийнхөө ч тухай чөлөө зав­гүй урсгана. Сарын өмнө Елисе ордноос шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэхдээ “Би” гэдэг үгийг 43 удаа удаа хэлсэн тухай сэтгүүлүүд бичиж байна. Тэр үндэстнээ нэгтгэх “бид” гэсэн сэтгэхүйг гээх вий хэмээх айдас түгэв. “Супер Саркози” нь засгийн газрын дасгалжуулагч, багийн ахлагч, хаалгач – дээр нь шүүгч байхад яагаад үгүй гэж? Тэрбээр гэрлэлтээ цуцлуулахаасаа өмнө­хөн Гадаад яамны сайдыг нөөц тоглогчийн суудалд залчихаад, оронд нь дипломат албаны туршлагагүй эхнэр Сесилийгээ Ливид цаазаар авах яланд унасан болгар сувилагчдыг авруулахаар илгээсэн түүхтэй. Эрх мэдэл, тэргүүн баячууд, сайхан хүүх­нээр “жонглёрддог” Саркози сонгуулийн үеэр эрх мэдлийг тэгш хуваарилна, парламентад илүү эрх олгоно, сайд нар, ерөнхий сайдыг илүү бие даалгана хэмээн амлаж байв. Гэтэл одоо тайзны голд зогсоод сайд нарыгаа ердөө л хөшигний ард байгаа өчүүхэн статистикчид болон хараг­дуулна.
 
     Шарль дэ Голиос эхлээд Жак Ширак хүртэл бүхий л ерөнхийлөгч нар БНУ-ын бэлгэдэл болж, нийтийг хамарсан томоохон асуудал дээр л анхааруулга өгдөг байв. Өдөр тутмын болон тодорхой асуудлыг тэд ерөнхий сайд, засгийн газарт нь даалган үлдээдэг байв. Гэтэл Саркози бусдыгаа ердөө л “хамтран ажиллагсад” болгон хувиргалаа. Брюсселийн уулзалтад сангийн сайдынхаа өмнөөс оролцож, соёлын сайдын үүргийг өөртөө наан “Багш нарт хандсан захидал” бичиж, гадаадын харьяатын асуудлыг ч зааварлах болжээ. “Засаглалыг барьдаг ерөнхийлөгч” болохоо нэгэнтээ амласан тэрбээр ерөнхийлөгчийн дэргэд 100 орчим тусгай ажлын багууд байгуулж авав. Тэдгээр нь тэтгэвэр, эрүүл мэндийн шинэчлэл, хулгайн хуулбараас эхлээд алцхаймерийн өвчтөнүүдийг хэрхэх талаар ч төлөвлөгөө боловсруулж гарлаа. Ерөнхийлөгч нам, фракцуудыг далдуур залуурдан, мужуудын эрхэмсэг тайж нарын хийж буй “найраа”-г хараанаасаа салгалгүй 3-р сард болох орон нутгийн сонгуулийн явцыг чандлан хянаж байна. Ер нь л Карла Брунитай орондоо загас наадуулдаг эсэх, хэзээ дуг хийдэг нь ч тодорхойгүй болжээ. Эрч хүчээс гадна өр нимгэн хааны дүрээр оюутан босогчид ба ажилчид, гундуухан яваа загасчид, нүд нь хөхөрсөн эхнэрүүд, гал сөнөөгчдийн ар гэр, амь үрэгдэгсдийн хүүхдүүдийн эцэг эхийг ч хүлээн авч уулзана. Өрөвч эр сэтгэлээ нээлттэй дэлгэн уудалсаар нам бүлгээс ангид баатар болон мандав. Түүнийг ер нь л “сэтгэлээ тайчигч” хэмээн нэрийдвэл зохилтой.
 
  Унгарын сурвалжит удамтай эцэг, грекийн еврей эхийн холимог ертөнцөд өндийсөн, францын сурвалжит төрийн тэргүүний ёс, сэтгэлгээний хил хязгаарыг бус­ниулж чадсан Саркози Фран­цаас халин дэлхийг манаргаж байна. Тэр дарангуйлагч Путин, Гаддафи нартай хэрхэн харьцахаа хэнээр ч заалгасангүй. Учир нь түүнд улс төр, бизнесийн бодит үр дүн хамгийн чухал. Эх орондоо тэр татварыг амласан ёсоороо 50% бууруулж, илүү цагийн хөлсийг татвар, хураамжаас чөлөөлж, дээд боловсролын шинэчлэл хийж, их сургуулиудад илүү эрх олгож, хууль эрх зүйн шинэчлэлийг эхлүүлээд явж байна. Эдийн засгийг өөд нь татах, ДНБ-ний 2,6%-д хүрээд байгаа гадаад өрийг бууруулж, төсвийн тэнцэл тогтоох зорилго нь тийм ч амар бүтэхгүй бололтой. Тэр хүмүүсийг цочирдтол итгэл төрүүлнэ хэмээн амла­сан билээ. Саркози бүх­нийг залуур­дан хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээнэ хэмээн өөртөө хэт итгэлтэй байна. Гэтэл иргэдийн орлого буураад байхад түүний хувийн орлого даруй 170%-иар суга өсч сарын 20.000 еврод хүрэв. Саркозигийн эдийн засгийн бодлогын цөм нь “хөдөлмөрийн зах зээлийн шинэчлэл”-ийн бод­лого.
 
     Саркози зөвхөн улс төрч биш, сайн менежер: Бээжингээс хоёр ширхэг усны даралтын систем, нэг Айрбус нисэх онгоцны 20 тэрбумын захиалга, Катараас 470 тэрбумын атомын цахилгаан станцын төсөл ороод л ирсэн. Дурласан ерөнхийлөгч, гэрлэлтээ цуцлуулсан ерөнхийлөгч, бугуйн шинэ цаг зүүсэн ерөнхийлөгч, хаа сайгүй “цоглог ерөнхийлөгч”. Дарангуйлагчид хаа сайгүй харагдаж амжихын тулд өөрийн ижил төрхтэй нөхрийг “шоудахаар” илгээдэг байжээ. Түүнийг ийм зам руу орох вий хэмээн даажигнах шинжтэй. Энэ онд Их наймыг тэргүүлэх ерөнхийлөгч бол Сар­кози. Гэтэл францчууд түүнийг чадна гэдэгт нэг л итгэлгүй байна. Тэрбумтнуудаар Улаан тэнгисийн эрэг дээрх амралтаа төлүүлэхэд нь харин франц маягаар үл хэрэгсэнэ. Саркози хэт сэргэлэн, хэт дураараа ийм л хүн.