1990 оны ардчилсан хувьсгалаар vгvй хийх ёстой юмны нэг нь чухам энэ их одон медаль байсан гэдэгт би огтхон ч эргэлздэггүй юм. Хэрэв тэр vеийн коммунист хань нөхдөө дагасан бол шүү дээ. ОХУ-д энэ адармаатай vзэгдлийг орвонгоор нь шинэчилсэн, Дорнод Европт хvчингvй болгосон, хэрэв социализмын үеийн одон медалиа гаргаж зүүвэл шийтгэгдэх хууль ч заримд нь мөрдөж байна. Эдүгээ ганцхан манай Монгол, Хойд Солонгос хоёрт л цэцэглээстэй vлдсэн, хөгийн гэхэд хаашаа юм, солиорлын хэмжээнд очиж vйлчилсээр байгаа тийм нэгэн үзэгдлийг би ховсдуулсан дэлхий дээрх хоёрхон үндэстний нэг нь бид гэж гарчиглалаа.
Харин хойд солонгосчууд төмөрлөгийнхөө нөөцийг барсан уу, эсвэл тэгэхээс тэгж байна уу, одонгуудаа хуванцараар хийж олшруулаад 22 сая хvндээ толгой дараалан тараадаг хэвээрээ. Энэ янзаараа бол манайд ч мөн хуванцар одон зүүх цаг мөдхөн ирнэ.
Хаа очиж Монголын төрт улсын 3000 гаруй жилийн тvvхнээ одон медаль, алдар цол бол сvvлийн 60-гаруйхан жилийн тvvхэн бvтээл юм байна. 1930-аад онд “Аж vйлдвэрийн гавьяаны”, “Цусан гавьяаны” одонгууд бий болж, Халх голын тулааны vед “Улсын баатар”, 1950-иад онд “Хөдөлмөрийн баатар” бий болж, завсарт нь бусад одон медаль, ойн медалиуд цувж vvссээр 1960-аад онд жинхэнэ дvр төрхөө олжээ. Харин энэ 60 гаруй жилд одон медальд зориулж хичнээн зуун тонн ган, болд хайлуулж цутгасан, хичнээн тонн төмрийн будаг, боронз урсгасан, хичнээн мянган хvний хөдөлмөр бүтээл шингэсэн гэвэл толгойд багтахгvй солиормоор их тоо гарах нь мэдээж. Мөн энэ 60 гаруй жилд Монголд хичнээн хvн төрж өсч, хорвоог туулаад бурхан болсон, тэднээс хэд нь хичнээн одон тэмдэгтэй гэхчлэн тоо гаргая гэвэл эрvvл ухаан дийлэхгvй, лав Гиннесийн номд оруулсан ч чамлагдахааргүй үзүүлэлт гарах биз ээ.
Нэгэнт хойд солонгосчуудтай хоёулхнаа сондгойрч үлдсэн бид энэ чигээрээ зүтгээд байх уу, эсвэл дэлхий рүү нэг сайн өнгийж хараад өөрөөр зориглох уу?
Хэрэв үнэхээр ардчилсан, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, зах зээлийн харилцаа бүхий улс юм бол АНУ, Япон, Баруун Европоос суралцъя л даа. Эсвэл хөрш Хятадаасаа сайныг нь хуулъя л даа. Хөгжил дэвшил нь манайхаас дутуугүй цэцэглэсэн, хүн ард нь монголчуудаас дутуугүй хөдөлмөрлөж бүтээдэг тэдгээр улсад “Хөдөлмөрөө төр, засгаараа үнэлүүлнэ”, “Төрийн буян”, “Төрийн хишиг“, “Энгэрийг мялаах“, “Одон медалийн хур буулгалаа”, “Эгнээнээсээ төдөн алдартан төрүүлсэн хамт олон” гэх ойлголт огтоос байдаггүй юм гэнэ ээ. Ард түмэн нь хөдөлмөрлөөд л, бүтээгээд л, харин төр, засаг нь гөлийчихөөд, таг чиг.
Ингэхэд одон медаль гэж юу вэ? Социализмын үеийн моралийн урамшуулал, үүнээс өөрөөр тайлбар олдохгүй. Ингэхэд хур хураар буудаг энэ их одон медаль гэгч нь ямар ач холбогдолтой, ялангуяа хүртсэн хүндээ юу өгдөг эд вэ? Энэ асуултад учир шалтгааны тайлбар олж хэлэх хүн тэр бүр байхгүй. Социалист моралийн урамшуулал учраас тэр л дээ. Гэхдээ манай монголчуудаас хэн нь ч татгалзаж байсангvйг бодоход цаанаа татан дагуулах увидастай, ямар нэг ид шидийн ховс оршиж байх шиг. Монгол Улс түүхэндээ төрүүлсэн хөдөлмөрийн баатар, гавьяат, ардын цолтон, төрийн шагналтны тоог хөгжил рүү нь механикаар хуулбарлахад дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй, баян тансаг орон байхаар дүр зураг аяндаа бууж байна.
Уг нь аливаа шан шагналын цаана шагнуулагчийн амьдралын чанарын дээшлэлт, мөнгөн хуримтлал, нийгмийн бусад баталгаа оршиж баймаарсан. Харин манайд эсрэгээр эргэчихээд хичнээн олон одон тэмдэг зүүгээд зүүгээд амьдрал ахуй нь дорой ядуу, дэлхийн дундаж түвшнээс доогуур ертөнцийн хар өдрүүдийг өнгөрүүлж байна. Чухам яг одон зүүсэн өдрөө цаад хүн тэнэгэр, сэтгэл өег байдгийг нь энд унтрааж болохгүй л дээ.
Бичихэд эвгүй боловч гашуун үнэн нэг тайлбар байна. Коммунизмын 70 жилд бидний гайгvй сайн суралцсан юмны нэг нь хүн хөдөөлүүлэх үндэсний ёсоо орхиж, бvрэн оросжуулсан явдал. Тэгж оросжсоны нэг жишээ бол бурхан болоочийн одон тэмдгvvдийг жинтvvн дээр ярайтал өрж оршуулгын цуваанд авч яван шарилын газар очдог ёсон билээ. Өөрөөр хэлбэл одон тэмдгээр шагнуулагч маань насандаа анх удаа ба эцсийн удаа бүх шагналуудаа ярайлгаж байгаа нь тэр. Үхэхэд жинтүүн дээр өрдөг, гашуудлын мэдээнд (сонинд хэвлүүлэхийн тулд) дурсдаг тэр хэдэн өнгөтэй паалантай төмрөнд эцсийн эцэст нь ямар нэгэн утга учир байна уу? Нэгэнтээ vхээд өнгөрч буй хvн тэр хэдэн төмрийг авахын төлөө бvх насаараа тэгж шаналж энэлж, авсангvйнхээ төлөө голдоо ортол гомдож, боож vхэж явах хэрэг байсан уу?
Зах зээлийн хатуу хууль vйлчилж байгаа нийгэмд (жишээ нь барууны орнууд, мөд бид тийм болно) бол хөдөлмөрийн гол хөшvvрэг нь зөвхөн мөнгө байдаг бол зах зээлгvй нийгэмд одон медалиар хуурч ажиллуулдаг нь жам ёсны vзэгдэл юм. Гэтэл бид зах зээл рүү шилжээд 18 дахь хавраа угтаж байдаг, одон медалийн үер буулгасаар, гурав дахь Ерөнхийлөгчийнхөө нүүрийг үзэж байна.
Өнгөрсөн 18 жил бол ардчилал тvгээмэлжиж, хvний эрх баталгаажсан он жилvvд байсны хэрээр хvмvvсийн овсгоо самбааг сорьсон, нэр төр алдар гавьяаны төлөө уралдуулсан, түүн дээр нэг хэсэг нь бизнес хийсэн он жилүүд байлаа. Одон тэмдэг, шагнал горилогчид албан газрынхаа нэгжээс нэр дэвших гэгч гаж vзэгдлээр гараа нь эхэлнэ. Шагнал горилогч өөрөө хуурамчаар нэр дэвшсэн бичиг vйлдээд, дээш оруулж мотордуулбал болж байх жишиг аль хэдийнэ тогтсон. Иймд замаар одон хvртэх зам нээлттэй байна. Албан байгууллагын дарга нь цаад хvнээ тийм одонгоор шагнуулъя гэж дээшээ албан тоот бичээд хvлээгээд суухад гарцаагvй нэг “төмөр тэмдэг” ирж л таараа.
Цэргийн ба хvчний байгууллагаар дамжвал хvнд нөхцөлд муу ажил хийлгэснийх нь төлөө, ар гэр амьдралыг нь орхигдуулсны төлөө 10 жил болоод “Цагаан морь”, 15 жил “Алтан гадас”, 20 жил “Цэргийн гавьяа” гээд хөвөрч өгөх ба завсарт нь ойн медалиудын хур бууна. Тэгэхдээ л уг хvн эрvvл биегvй, ар гэр тогтворгvй, нvvдэл суудал дунд нэг мэдэхнээ хөгширдөг нь маргаангvй. Эцсийн бvлэгт нөгөө төмрvvд нь жинтvvн дээр л үлдэнэ. Ач гуч нар нь яадгийг ёстой бүү мэд.
Төр нь одон, медалийнхаа төмрийн нөөцийг барах дөхөж байтал ядахад яр гэгчээр улс төрийн намууд, төрийн бус байгууллагууд, зарим их сургууль одон гаргаж тараадаг бас нэг хийрхэл нэмэгджээ. Цадаж ханахыг үл мэдэгч шуналын дэвтэнгүүдийг энгэр нь дааж хүчрэх болов уу гэлтэй их далай шиг цутгах ОДОН МЕДАЛЬ хэзээ барагдаж дуусахыг XXI зууны Монголын шинэ иргэд vзэх болов уу, яадаг бол?
Энэ цагаас эхлэн “Ардын”, “Гавьяат”, “Хөдөлмөрийн баатар” цол олгохоо больё. Социализмын үеийн моралийн урамшууллаас татгалзъя хэмээн УИХ-ын чуулган дээр С.Баярцогт гишүүний зоригтой хэлсэн үг миний загатнасан газрыг маажих шиг болж, урам орохдоо дээрхийг тэрлэж, уншигч ахайтан Танаас хүлцэл өчье. Энэ урамшууллаас болж дэлхийд хоёулхнаа торойн хоцроод, мөдхөн хуванцар гархи зүүх эмгэнэлийн өмнө тулж ирлээ шүү.