Би яг одоо сургуулийнхаа мэдээлэл зүйн кабинетад сууж байна. Анх сургуульд ороход бөгсөндөө сандлынхаа мөрийг гартал суусан ч болно гээд байсан алдарт “интернэттэй анги”. Хөөрхий үхэр тэрэг шиг удаан компьютерууд нь бүгд хамуур­чихаж. Нэг үйлдэл хийгээд нэг гацна, хоёр үйлдэл хийгээд хорин секунд хүлээнэ. Долоон настай дүүгээ энд аваад ирвэл “Хөөх, дундад зууны үеийн компьютерийн музей юм уу?” гэх байх даа.
 
  За тэгээд, яаж зүгээр байхав, интернэт ачаалж байх хооронд энд тэнд оюутнуудын хадгалсан файлуудыг нээж үзлээ. Бие даалт, реферат, зураг, дуу янз бүрийн л юм байна. Бүр хувийн тэмдэглэл нь хүртэл энд байж байх юм. Устгахгүй яасан юм бол доо. Гэхдээ хүн надаас юмаа нуухгүй байхад би нүдээ нуухгүй шүү дээ. Уншиж л орхилоо. Зүс танил хэд хэдэн хүний тухай овоо мэдээлэлтэй болсон шүү. Тэгж хэсүүчилж явсаар нэг танил зүйл олов.
 
  “Анагаахаас эхнэргүй төгсвөл онигоо, ШУТИС-иас нөхөргүй төгсвөл онигоо, МУИС-иас мэдлэггүй төгсвөл онигоо” гэж... Нээрээ хэн ч зохиосон юм, ийм яриа оюутнуудын дунд байдаг юм. Магадгүй тэгээд л онигоонд орохгүйн тулд ТИС-ийн охид хичээлээ хийхгүй банди хараад, Анагаахын хөвгүүд охид хайсаар дөрвөн жил болдог болохоор чанарын шаардлага хангахгүй диплом өвөртөлсөн энэ нөхдүүд олноороо төгсөөд байж ч магад.
 
  Харин МУИС-иас мэдлэг... Ингээд бодохоор энэ үгийг нэг хоосон толгойтой МУИС-ийн нөхөр онгирох юм олдохгүй болохоор нь “Ядаж сургуулиараа...” гээд зохио­чихсон ч байж магад.
 
  Нэгэнт хаа сайгүй ийм нэртэй болохоороо манай сургуулийн удирдлага бас онигоонд орохгүйг хичээнэ. Хэдэн оюутнуудаа гүрийлгээд л, хийлгээд л, шалгалт аваад л, даалгавар, бие даалтаар бөмбөг­дөөд л... Даанч ихэнх оюутнууд нь яаж ч хичээгээд, гүрийгээд, үрчийгээд, хорчий­гоод хойно нь гарахгүй болохоороо хуурч, худалдан авч, хаалгадаж, гуйж гувшиж нэг юм нүглийн нүдийг гурилаар хуурна, бас хуулна. Тэрэндээ бүр дөжөрчихсөн. “Хөөх, маргааш шалгалттай юм уу?”, “Өнөөдөр бие даалт шалгана аа? Хэзээ, ямар хичээл дээр өгсөн юм?”, “Хичээл орох юм уу”, гээд л утаатай хот шигээ манарч өгнө шүү дээ. Бүр бүтэн семистр хичээл орсон багшийнхаа нэрийг мэдэхгүй яваа оюутан ч зөндөө. Тийм нөхдүүдэд амралт, “цонхлох”, багш ирэхгүй байх гэдэг их цөлийн дундах баян бүрд л гэсэн үг. Даанч нөгөө нэрээ хичээдэг сургуулийн багш нар юу гэж ажлаа таслахав, хүрээд л ирнэ. Тэгээд нөгөө ирц гэдэг айхтар хүлээстэй нөхдүүд чинь хойно ямар аятайхан суудал байна, хэн хаана суусан байна гээд л хичээлийн үеэр хувийн ажлаа амжуулцгаана даа.
 
  Тэгж бодоод инээд хүрээд сууж байтал нөгөө Золбоо ороод ирлээ. Зуданд уруудах гэж байгаа юм шиг хамаг нүүр амаа боож баглаад, томдсон ногоон куртик өмсчихсөн, нэг л салбагар байцаа шиг харагдаж байв. “Гадаа арай цасан шуурга болж байгаа юм биш биз дээ?”гэвэл “Гадаа ч гайгүй байна аа. Харин 169-д мөстлөг явагдаж байх шиг байна. Жоохон суучихсан чинь зайрмаг болох шахлаа” гэдэг юм байна. Харин би хуучин PC-ний музей дотор царцаад арай л үзмэр болчихоогүй байс­наа ойлгоод хамт гарлаа. Коридороор алхаж явахдаа “Яаж ийм хачин байцаатай хамт явна аа, юу бодож ийм куртик өмсдөг байна аа” гэж бодож байтал ашгүй нөгөө байцааны өмсгөл найзынх нь байж таарав. (Тийм байлгүй дээ !) Нэг ангид ороод гадуурхаа сольчихоод гараад ирлээ.
 
  Мэдээж, сургуулийн үүдэнд ирээд намайг одоо юу хийх юм бэ гэж асууж байна. Уг нь надад ажил байхгүй л дээ. Гэхдээ юу гэж хэлдэг юм билээ...