“Цаг төр, хүмүүс” сэтгүүлд хандан ноён Т.Мөкэржэ материал бичиж ирүүлснийг та бүхэнд сийрүүлэн хүргэж байна. Тэрээр Энэтхэг улсыг иргэн бөгөөд насаараа хэвлэл мэдээллийн байгууллагад ажилласан мэргэжлийн сэтгүүлч. Өдгөө англи хэлээр гардаг “UB Post” сонинд тэр редактор хийдэг.
 
       “Монголын мэдээллийн салбарт ажиллаад 18 сар болохдоо өөрт анзаарагдсан зарим нэг зүйлийн талаар та бүхэнтэй санал бодлоо хуваалцъя гэж зорилоо. Би Монголын хэвлэлийг тэр бүр уншдаггүй ч зарим тохиолдолд тун сэтгэл дундуурхан явдгаа нуумааргүй байна. Бодитой биш, дутуу дулимаг мэдээлэл гэдэг ор үндэсгүй худал мэдээллээс ч дор байдаг. Үүгээрээ би яг юу хэлэхийг хүсч байна гэхээр алдаа мадаг ихтэй, үнэнээс хол зөвхөн ойртуулаад л хаясан мэдээ мэдээллийг Монголын хэвлэлүүд цацаж байна. Хэрвээ миний ингэж үзэж байгаа нь буруу байвал би хувьдаа туйлын их баяртай байхсан. Гэвч энэ бүхэн бодит байдалтай яв цав нийлж байгаа нь харамсалтай. Монгол орон хуучин улс төрийн тогтолцооноос ардчилсан нийгэм рүү шилжсэнээр эрх мэдэл ард түмний гарт очсон. Хамгийн түрүүнд тэд сонгох, сонгогдох эрхтэй, өөрийнхөөрөө чөлөөтэй сэтгэж бодох эрх чөлөөтэй болсон. Өөрсдийнх нь сонгосон улс төрчид ард түмний эрх ашигт нийцсэн шийдвэр гаргаж байгаа эсэхэд хяналт тавих, эргэлзээтэй байгаа асуудалдаа хариулт авах, тэдний асуудалд хандаж буй нь хангалтгүй мэт санагдвал дараагийн сонгуулиар дахин сонгохгүй байхаас гадна ирэх сонгуулиас өмнө эргүүлэн татах эрхийг тэд гартаа авсан билээ.
 
  Хариуцлагатай үйл ажил­лагааны хүрээнд, хаалттай хаалганы цаана юу болж байгааг ард түмэн мэдэж байх хэрэгтэй болдог. Засаг захиргааны ил тод байдал гэдэг бол тэр хаалганы цаана чухам юу болж байгааг ил тод тайлбарлаж байхад оршино. Үүгээр ч зогсохгүй үйл ажиллагаа хэрхэн явагдаж байгаа, чухам ямар учир шалтгаан байгаа эсэх нь ил тод байх ёстой. Ямар нэгэн чухал шийдвэр гаргахын өмнө эрх баригчид энэ тухай бүх шатанд ард түмэнд мэдээлж байх үүрэгтэй. Эндээс л ОНМХ-ийн үүрэг эхэлнэ. Сэтгүүлчдийн гол үүрэг нь төр засгийн үйл ажиллагааг олон нийтэд үнэн зөвөөр хүргэхэд оршдог. Харин эрх баригчид өөрсдийн үйл ажиллагааны талаар олон нийтэд дэлгэхэд дургүй байдаг. Тиймээс өнөөгийн нөхцөлд Монголын сэтгүүлчид үнэн зөв мэдээлэл олж авахад маш хүндрэлтэй байдаг. Нэг талаас энэ нь аливаа хэвлэл мэдээллийн хэрэгслийн өчүүхэн алдаа ч эрх баригчдыг аятайхан дөнгөх боломж болж өгдөг. Тэгснээр хардлага сэрдлэгт өртсөн хэвлэл мэдээллийнхэн царайчилсан бядангуй маягаар үйл ажиллагаагаа явуулах болдог. Би ингэж л ажигласан. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нэгдэн ухаант, гэгээлэг үндэсний эрх ашигт нийцсэн мэдээллийг олж авахын тулд хуулийн тэдгээр хатуу заалтуудыг эсэргүүцсэн хөдөлгөөн эхлүүлэх нь зүйтэй болов уу.
 
  Би хэдэн өөр төрлийн жишээ хэлье. 2007 оны сүүлчээр 2008 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжих татварын шинэ хуулийг гаргасан. Ямар учраас энэ хуулийг ингэж өөрчлөх болсон тухай хэвлэл мэдээллүүд тайлбар хүргэж байл уу? Энэ хууль амьдрал дээр аль хэдийн хэрэгжээд эхэлсэн. Иргэд хуучин, шинэ татварын зөрүүнээс хэдий хэмжээний алдагдал хүлээв? Энэ тухай хэвлэн нийтэлж буй мэдээллийн хэрэгсэл гэж байна уу?
 
  Нам нь эргүүлэн татаж огцруулсан экс Ерөнхий сайд, одоогийн Засгийн газрын шадар сайдын албыг хашиж байгаа. Энэ асуудалд хариулт олох гэж би үнэхээр мухардалд орсон. Ингэх л байсан юм бол Засгийн газраа огцруулах ямар шаардлагатай байв аа. Огцруулсан Ерөнхий сайдаа, шадар сайд болгох хэнд хэрэгтэй байсан юм бол? Ямар гээчийн эвсэл бүлэглэл, эрх ашиг, сонирхол эрх баригч намын дотор явагдаж байдаг юм бол? Яагаад шинээр байгуулагдсан намууд одоогийн Засгийн газартай эвсэн нийлээд ажиллаад байна вэ? Эрх баригчид өөрсдийн үйл хэргийг тэдэнд зөвтгөн тайлбарлаж хэвлэл мэдээллийнхэн тэрийг нь дамжуулж байх л үүрэгтэй юм болов уу?
 
  Хэвлэл мэдээллийнхний гол зорилго нь үнэхээр хөшигний ард ямар гээчийн зүйл цэцэглээд байгааг мэдээлэх үүрэгтэй баймаарсан. Хамт ажиллаж байгаа хүмүүс маань эдгээр сайхан мэдээлийн ард бодит үнэн биш таамаг байдаг тухай хэлж байсан. Гэтэл хэвлэл мэдээллийнхэн үнэн зөвийг нь олохгүйгээр шууд л нийтэлдэг. Жишээ нь хууль гарснаас хойш хэчнээн гадаадын хөрөнгө оруулагч Монголд ирснийг мэдээлж байна уу? Үнэн аль талд нь байна вэ гэдгийг иргэд шүүн тунгааж мэдэх үү? Үнэн мэдээлэл нийтэлсний төлөөс нь дандаа дайсантай болох биш шүү дээ.