Хүмүүн бид амьдрах хугацааныхаа цаг хором тутамд сэтгэл ханамж, баяр талархал, зовлон, гуниг, айдас түгшүүр, атаа хорсол, үл итгэлцэл, эргэлзээ, худал хуурмаг зэрэг асар олон янзын сэтгэл хөдлөлд автаж байдаг. Нэг үгээр хэлэхэд бид үргэлж л сэтгэл хөдлөлийнхөө боол болж тарчилж, шаналж явдаг. Алхам тутамдаа, таарсан хүн бүхэндээ тохируулан өөр өөр дүрд тоглож байдгаа бид өөрсдөө ч үл анзаарна. Даргын өмнө хариуцлагатай ажилтан, аав ээжийн ачлалт хүү, хүүхдийн аав, хүний хань, багын найз, эр хүн, танд дургүй нэгэнд хөгийн новш гээд ямар олон дүрд та бид хувирна вэ? Ингэхэд хэзээ, хаана би яг жинхэнэ өөрөөрөө байж чаддаг юм болоо? Би яг хэн бэ? Дээрхийн гэгээн XIV Далай ламын сургаальд “Өдөр бүр 15 минутыг өөртэйгөө танилцахад зориулж байгаарай. Харин ямар арга замаар гэвэл бясалгал хийж” хэмээсэн байдаг.
 
Бясалгал гэж юу вэ?
 
    Бясалгалыг амьдралын бодит үнэнийг байгаагаар нь хүлээн авч, бие сэтгэлээ өөрийн бодол санаагаар ариусгаж болдог агуу урлаг гэж ойлгож болно. Бусдын үгээр хаашаа л бол хаашаа л савчиж байдаг сэтгэлээ нэг зүйл дээр тогтоон бариж сурна гэдэг тийм ч амар зүйл биш. Тиймээс л бидний сэтгэл дорой, гутранги байдаг байна. Харин бясалгал хийж сурснаар сэтгэлийн амар амгаланг олох болно. Бясалгал хийхийн ач тус юу вэ? Бясалгал хийдэггүй хүн өөрийн жинхэнэ “би” гэж хаана байдаг, яг юу вэ гэдгийн учрыг олж мэдэхгүй байсаар нэгэн биеийг элээдэг гэж Буддын шашинд үздэг. Хайрлана гэдэг хүний хамгийн эрхэм дээд чанар. Харин хүмүүс бие биенээ ээж аав, эхнэр хүүхэд, ах дүүгээ хайрлаж тэднийхээ төлөө юугаа ч зориулахаас буцдаггүй. Гэвч харамсалтай нь нэг л хүнийг жинхэнэ ёсоор таньж, хайрлахыг огт мэддэггүй. Тэр хэн бэ гэвэл та өөрөө. Ганцхан өөрөө өөрийгөө л бид огт анзаарч хайрладаггүй. Үнэт эдлэл, амттай тансаг хоол, толгой эргэм нэр хүнд аль нь таны жинхэнэ “би”-гийн хүсэл биш.
 

      Жинхэнэ “та, би” юуг хүсдэг вэ гэвэл орчлонгийн аливаа явдлыг огоорон бясалгахыг хүсдэг хэмээн төгс гэгээрсэн Шри Ошо гэгээнтэн айлдсан байдаг. 5000 гаруй жилийн тэртээ бурхан Будда ертөнцийн амар амгаланд хэрхэн хүрэх тухай бясалгаж байхдаа энэ орчлонгийн бүхий л сайн муу учралууд хоосон чанартайг таньж мэдсэн гэдэг. Та бидний хэн нь ч үхэл хэзээ ирэхийг тааж үл мэднэ, энэ насны минь амьдрах хугацаа хэдхэн жил, сар тэр ч бүү хэл хэдэн цагийн дараа ч төгсөж болох. Харин бурхан багшийн сургаальд айлдсанаар хүмүүний биеийг авч төрж буй хэн бүхэн асар том хариуцлага хүлээж авдаг аж.
 
     Тэр нь энэ насандаа хойд бүх төрлөө амар амгалан, аз жаргалтай учруулахын тулд буян үйлдэж, бясалгах хэмээжээ. Өдөр бүр өөртөө зориулж буй бясалгал тань бусдыг өрөвдөн өршөөх, уучлан нигүүлсэнгүй байх нь чухал. Учир нь бурхан багшийн сургааль номуудад байдагчлан бясалгаж буй сэтгэлийн нүгэлт, буянт аль нь байхаас хамааран эдлэх зовлон жаргал үйлийн үр туурвигдан байдаг байна. Зарим хүмүүс үйлийн үр байдаг гэдэгт эргэлзэж үүнд итгэдэг хүмүүст л үйлчилдэг гэж боддог. Гэтэл таны мэддэг “би”-гийн итгэх, үл итгэхээс үл хамааран үйлийн үр боловсорч байдаг байна. Өөрөөр хэлбэл та чинжүүний үр суулгачихаад эндээс чинжүү ургахгүй дээ гэж хичнээн итгэвч ургац авах үед тэндээс чинжүү л ургана.
 
  Зарим хүмүүс бясалгал нямба хийж, залбирал тарни унших боловч амьдрал нь дээрдэхгүй зарим нь бүүр дордох нь ч бий. Магадгүй тэдгээр бүх буян мөрийн мэт үйлс нь зөвхөн өнгөн шинжтэй төдийхөн, хайр энэрэлгүй, дотоод сэтгэлийн ариусал үгүйтэй холбоотой байх талтай.
 
   “Бясалгал хийж байхдаа хүн бурхантай уулздаг. Бурхан хүний зүрхэнд оршдог” гэж нэгэн гэгээнтэн хэлсэн байдаг. Лам хувраг, тусгай хүмүүс л бясалгал хийдэг гэж бид эндүүрдэг. Хүн бүхэн бясалгагч, амар амгаланг хүсэмжлэгч хэн бүхэнд зориулсан бурхны бэлэг гэж Будда, Христос, Хинду, Мохаммедын сургаальд бичсэн байдаг. Бясалгал хийдэг хүн урд ес, хойд есөн төрлөө гэрэлтүүлж үйлийн үрээ нимгэлж байдаг гэж мөн л бурхны сургаальд заадаг.
 
 
Ноён хутагт Данзанравжаа
 
Ариун чанар
 
Ариун чанар төгөлдөр
Ачит дээд богддоо
Арван хар нүглээ
Арилган байж мөргөе
 Хэтэрхий их жаргавч
 Өнгөц хэлбэрийн хоосон
 Хийсэн үйлийн үр нь л
 Урвалтгүй ажаам Үнэнээр явж гэмээнэ
Үйлийн үр мэдэм зээ
Хилэнц үгүй явбал
Хэн ч муулаад чадахгүй