Хорвоо дээр хүн байж, амьдрал үргэлжилж л бай­гаа цагт атаархал байх нь гарцаагүй. Гэхдээ атаач зан эхээс төрж байгаа улаан нялзрайн зүрхэнд хамт төрдөг гэвэл худлаа. Харин хүн хорвоогийн өнгө будгийг мэдэрч эхлэх, өөрөөр хэлбэл ухаан орох тэр үеэс л хүний сэтгэлд атаач зан соёолж эхэлдэг. Хэл, хөлд ороогүй жаахан хүүхэд ээжийн мөөм, аавын хайрыг харам­лаж, хэн нэгнийг /ах, дүүгээ ч юм уу/ хөөж тууж, уйлж дуулах авираар атаархал эхэлдэг байна.
Бас төрсөн эгч, дүү хоёрын хэн нэг нь нөгөөгөөсөө илүү царайлаг бол, эсвэл нэг нь илүү авьяаслаг бол нөгөө нь атаархах энүүхэнд. Энэ мэтээр хүн өөрт байхгүй, дутуу зүйлд, эсвэл хүрч чадахгүй тийм шинжийг өөртөө агуулсан нөгөө хүнд атаархдаг. Энэ бол нийгмийн үйл явц дунд зөвхөн хүмүүсийн хооронд байдаг сэтгэлийн үзэгдэл юм. Хүүхдүүдийн хувьд атаархал ил, цагаан явагддаг. Өөрөөсөө хөөрхөн эгчийгээ маажих, гоё хувц­сыг нь нуух, ээждээ илүү эрхлээд байгаа дүүгийнхээ дун­дуур орж ирэх, “Та намайг биш ахад илүү хайртай” гэж уйлах зэргээр шууд, түс тас илэрдэг. Амьд­ралд ийм атаархал байж л байдаг.
 
Ц. Баяртуяа /30 настай/
 
  - Би айлын хоёр дахь охин. Би багаасаа л аавыгаа эгч бид хоёрт арай өөр ханддагийг мэдэрдэг байсан. Тийм ч сүрхий анзаарагдаад байхгүй ч зүрх сэтгэлийнхээ гүнд мэдэрдэг бай­сан гэх үү дээ. Эгч аав, ээж хоёрт маань зовж байж олдсон анхны хүүхэд юм гэсэн. Тийм болохоор ч тэр үү, аав маань бид хоёрыг үнсэхдээ хүртэл арай өөр үнсээд байх шиг. Энэ нь эгчдээ атаархах сэтгэлийг төрүүлдэг байсан л даа. Гэлээ ч би дотроо л атаархдаг байсан. Харин ээж минь биднийг ижил тэгш хайраар хайрладаг гэд­гийг би мэдэрч, эгчдээ атаархах атаархлаа хааяа ээжээрээ дам­жуулж тайлдаг байлаа. Би эгчээс илүү авьяаслаг болохоор сургууль дээр зохиогдсон урлаг, спортын арга хэмжээнд их оролцдог, тэр үедээ ээжээрээ түрээ барьж, эгчийн өнгөтэй өөдтэй хувцсыг өм­сөх үе гардаг байсан. Энэ мэтээр л атаархлаа гадагшлуулдаг байлаа. Том болсон хойноо аавын хайр хоёр өөр гэдгийг зөв мэдэрч байснаа олон юман дээр бататгасан. Аав эгчийн амьд­ралд илүү хөрөнгө мөнгө зарцуулж байгаагаас гэх зэргээр. Гэхдээ би сэтгэлийн гүнд байдаг жаахан гомдлоо дарж, эгчдээ ч атаар­хахаа больж, эвлэрээд, аавын зүгээс хайр халамж хүлээхээ бүр больсон. Зүгээр л мөрөө хөөн амьдарч байгаа гэх үү дээ.   
 
  Баяртуяагийн ярьсан энэ жишээ шиг аав, ээжүүд үр хүүхдээ адил тэгш хайрлаж чадахгүй алагчлан үздэг нь хүүхдийн хүмүү­жил, зан араншинд муу нөлөө үзүүлж, хэрвээ энэ даамжирвал атаархуу, хорон хүн болж өсөх аюултай. Цэцэрлэг, сургуулийн хүрээнд ч хүмүүжүүлэгч, багш нарын харилцаа, орчин маш чухал нөлөөтэй. Германы зарим сургууль хүүхдүүдийн хооронд атаархал үүсгэхгүйн тулд бага ангийн сурагчдад дүн тавилгүй, инээсэн, урвайсан, уйлсан хүүх­дийн дүрсийг дэвтэр дээр нь тавьдаг. Мөн сурагчид нэгэн ижил дүрэмт хувцастай байх нь хүүхдүүдийн амьдралын түвшинг ил харагдуулж, атаархал үүсгэхгүй байх нэг чухал нөхцөл болдог байна.
 

 
Атаархал дандаа чимээгүй байдаг
 
  Хүний сэтгэлийн олон олон өнгө будгийн нэг атаархал гэгч хүүхэд насанд ил цагаан байснаа он жил улирч, нас ахихын хэрээр чимээгүй, далд хэлбэрт шилждэг байна. Нүдэнд үл үзэгдэж, чихэнд үл сонсогдом тийм нууцлаг, чимээ аниргүйхэн суунаглах утаа шиг. Ийм атаархал хамгийн хортой. Аймаар нь атаархал чимээ­гүй, нууц явагддаг болохоор атаар­хуулж байгаа хүн мэдэхээсээ мэдэхгүй нь их. Атаархагч ч заримдаа өөрийнхөө атаархаад байгааг мэддэггүй. Атаархал гэдэг хүний сэтгэлд ухамсартайгаар төрдөг зүйл биш. Харин сэтгэлд нэгэнт л атаа төрсөн бол түүнийг ухамсартайгаар залж чиглүүлэхгүй бол юунд ч хүргэж мэднэ. Хүмүүс хэрэг болгон онцлон бодож, ач холбогдол өгч дүгнэж цэгнэдэггүй атаархал гэгчийг тоолгүй яваад байх юм бол буглаж бугшаад, тарих хор уршиг нь улам илүү, улам аймшигтай болно. Харин монголчууд бид энэ тухай тусгайлан бодож тунгаах цаг зав гаргаж байсангүй, ер нь сэтгэлийн олон үзэгдлээс ялгаж салган ойлгож ч чадалгүй, хүссэн ч үгүй өнөөг хүрч. Тиймээс атаархал бол муухай гэсэн нэг л бүдүүн тоймын ойлголтоос өөр зүйлгүй, өөрийнхөө сэтгэлд атаа үүсч, бүр байж ядуулахгүй л бол өөрт нь хэн атаархаж, түүнээс юу үүсч болохыг таамаглах ч үгүй явсаар. Манай сэтгүүл хүний сэтгэлийн нарийн нандин, гүн гүнзгий рүү нэвтэрч, урьд өмнө тэр бүр ярьж, бичээд байгаагүй ч амьдралын хамгийн чухал, ойрын асуудлууд руу зориглон орж байгаагийнх бидний дунд ажиллаж амьдарч яваа хүмүүс атаархлын тухай ямар бодолтой явдгийг сонирхож Улсын их хурлын гишүүн асан Б.Мөнхтуяа руу утас цохилоо.
 
  - Бид энэ удаа хавтасны сэдвээрээ атаархлын тухай бичиж байгаа юм.
 
  - Тийм үү, ямар аймаар сэдэв бэ?
 
  - Хүмүүстэй ярилцаж байхад Монголын нийгэм бүхэлдээ, тэр тусмаа улс төр атаархлын үүр уурхай болсон гэж хэлэх юм. Та улс төр дотор байгаа хүн үүнийг хэр мэдэрч байна?
 
  - Тэгж хэлж байна уу. Би атаархлыг мэдрэхийг хүсдэггүй. Мэдэрлээ гээд амьдралд хэрэгтэй, гэрэл гэгээ өгөх зүйл биш. Атаархал гэдэг чинь өөрөө хар, муухай зүйл болохоор түүнээс хол явахыг хүсдэг.
 
Атаархлын тойрог
 
  Олон хүн ингэж боддог. Атаархлын тухай мэдэхийг ч хүсдэггүй. Гэтэл яг үнэндээ хүн гэдэг амьтан өөрийгөө судалж, өөрт болон бусдад байдаг элдэв зан чанарыг мэдэрч, хэрэгтэйг нь усалж тордож, хэрэггүй, хор уршиг тарьж болзошгүйгээс нь өөрийгөө хамгаалж, аварч байх учиртай юм. Тиймээс ч англи хэлэнд “Атаархлын тойрог” гэсэн үг байдаг.
  Энэ нь энгийнээр хүн хэн нэгэнтэй хэт ойртон дотносох, өөрөөр хэлбэл хэтэрхий нялганах дэмий гэсэн үг юм. “Хамгийн сайн найз хамгийн том дайсан байдаг” гэсэн үгтэй л агуулга нэг юм даа. Хэн нэгэнд өөрөөсөө дутуугүй итгэж, хамаг долоон булчирхайгаа тоочиж, бизнесийн болон аливаа бүхнээ даатган орхих нь нэг л өдөр өөрийн чинь эсрэг дайрах өвч зэвсэг болуузай гэсэн сануулга юм. Амьдрал дунд ийм зүйл захаас аваад байдаг болохоор хүн өөрийгөө тойруулж үл үзэгдэгч тойрог зурах нь л дээр дээ гэж байгаа хэрэг. Олон хүн “Надад хүмүүс атаархана уу, байна уу, ер нь юу ч гэж бодож байсан хамаагүй” гээд яваад байдаг. Гэтэл өнөө үл үзэгдэгч айхавтар хорт утаа таныг хэдийнэ чиглээд, нэг л өдөр амьдралд тань, үгүй ядахдаа сэтгэл зүйд тань балаг тарьж магадгүй.
 
Ө.Энх-Од /Хэвлэлийн компаний захирал/
 
  - Одоогоос арваад жилийн өмнө би компаниа байгуулж, хамаатны нэг хүнээ захиалга хүлээн авагчаар ажиллуулсан юм. Би шинэ байгуулсан компаниа хөл дээр нь босгохын тулд гадуур дотуур маш их ажил хөөцөлддөг байлаа. Тиймээс дотоод, тэр тусмаа үйлчлүүлэгч нартай харилцах хамгийн чухал ажлаа өнөө хүндээ бүрэн даатгаад орхи­чих­сон байв. Ажил урагштай явж, бүх юм жигдрээд ирэхийн цагт нэг л өдөр миний хамгийн их итгэж, найдаж байсан хүн маань манайхаас гарч өөрөө хэвлэлийн компани байгуулаад явчихдаг юм байна. Тэгэхдээ манай бүх үйлч­лүү­лэгчдийг аваад шүү. Бодоод байсан чинь, тэр хүн манайд ажиллаж байх хугацаанд сэтгэлд нь атаархлын оч ассан байгаа юм. Тэр “Би энэ олон үйлчлүүлэгчтэй танил болж, би л бүх ажлыг хийж байна. Гэтэл миний шууд оролцоотойгоор орж ирж байгаа энэ их мөнгө зөвхөн үүний л халаас руу ороод байна” гэж надад атаархан хараад байж л дээ. Гэтэл би түүний атаархлыг огт олж харахгүй, мэдрэхгүй байсан болохоороо урьдчилан бэлтгэлтэй байж чадаагүй, нэг ёсондоо надад ямар ч дархлаа байгаагүй болохоор бизнесийн болоод сэтгэл зүйн хувьд үнэндээ эрсдэлд орсон.
 
  Бидний амьдралд дээрх гашуун түүх өдөр бүр, алхам тутамд тохиолдож, хар мөрөө үл­дээж байдаг болохоор манай сэтгүүл урьд өмнө тоож ярьдаггүй, ойлгохыг ч хүсэлгүй ирсэн АТААРХЛЫН тухай энэ удаа хэрэг болгон бичиж, таныг атаархлын тойргийг өөртөө үүсгэж, ямар нэгэн юм болоход зохицуулж чадах сэтгэл зүйн болон бусад талын урьдчилсан бэлтгэлтэй байж сурах, үгүй юм аа гэхэд энэ тухай эргэцүүлж нэг удаа боловч бодож үзээсэй хэмээн цочроо өгч байгаа юм.
 
     Монголд хамгийн их атаархал агуулсан салбар аль нь вэ?
 
                 Улс төр                         50 %
                 Урлаг                            12,5 %
                 Төрийн байгууллага       19 %
                 Загварын ертөнц            5 %
                 Хувийн хэвшил               12,5 %
                 Бусад                            0 %
 
Түй, түй, цагаан хэл ам…
 
  Бид хэзээнээс ингэх болсон юм бүү мэд. “Хар хэл амнаас илүү цагаан хэл ам хэцүү байдаг юм гэнэ билээ” гэлцэж, амьдралд болж бүтэж байгаа, сайн сайхан зүйлээ бие биенээсээ тас нуугаад сурчихаж. Дутах гачих зүйлгүй, аз жаргалтай сайхан амьдарч байгаагаа, өөрт тохиолдсон баяр­тай сайхан үйл явдлаа зөвхөн гэр бүлийн хүрээндээ л “шивнэлдэж”, гадагш нь гаргахыг хориглоно. Харин хүрээний гадна талд бол аль болох бүтэлгүй, урагшгүй байгаа дүр үзүүлж, болж өгвөл ямар нэгэн зовлон, бэрхшээл зохиогоод ч хамаагүй ярина. Гадаадад гарах визэнд ороод тэр нь бүтэлгүйтвэл “Энэ цагаан хэл амнаас л боллоо” гэж, бүр түүндээ чин сэтгэлээсээ итгэнэ. Гэтэл яг үнэндээ визний материалаа үнэн зөв, хангалттай бүрдүүлж чадаагүйгээс л бүтэлгүйтсэн байх жишээтэй.
 
  “Түй, түй, цагаан хэл ам…” гэж сайн сайхнаа тас нуудаг энэ монгол зангаас болоод нийгэм маань өнөөдөр бүхэлдээ болж бүтэхгүйн, гэрэл гэгээгүй, хав харан­хуйн өнгөөр будагдаад байна.
 
Б. Гантөгс /Амьдрах урлаг бясалгалын багш/
 
  - Хэрвээ атаархал байхгүй бол, хэн нэгэн чамд янз бүрийн авир ааш гаргахгүй, бүх юм шулуун дардан яваад байвал гаргасан амжилт хүртэл амтгүй санагдах байх гэж би бодож байна. Хэрвээ хэн нэгэн чамд атаархаад түлхээд унагаачихад босоод цааш явж чадахгүй, тэндээ үлдчих юм бол чи л өөрөө хохирно.
 
  Атаархал гэдэг үеийн үед л байсан. Түүнийг яаж хүлээж авч, өөрийнхөө ажил амьдралд хэрхэн эерэг байдлаар ашиглах вэ гэдгийг л бодох ёстой байх.
 
  Нээрээ бид чинь цагаан хэл ам хүрчихнэ гэдэг шүү дээ. Би олон жил сэтгэл судлал сонирхсоны хувьд хүн ер нь юу ярина, юу бодно тэр ерөөлөөрөө болж байдаг гэдгийг ойлгосон. Яахав, манайхан цагаан, хар хэл ам гэж ярьдаг л даа. Цагаан хэл ам гэхээр хэтэрхий их магтаалд автах, хар хэл ам гэдэг бол муу юманд автахыг хэлж байгаа хэрэг. Харин цагаан хэл амнаас айж сайн сайхнаа муу болгож ярьж байна гэвэл үнэхээр өрөөсгөл ойлголттой байгаагийнх. Хүн ер нь муу юмыг ч сайн болгож, сайныг ч сайнаар нь ярьж сурах хэрэгтэй. Цагаан, хар хэл амнаас айгаад байх хэрэггүй. Харин аль болох сайн сайхнаа ярьж, түүгээрээ бахархаж сурснаар сэтгэл санаа, амьдрал ахуй ч өөдлөн дэвждэг.
 
Хэнд хэн атаархдаг вэ
 
  Атаархалд үүсэх хөрс суурь гэж бий. Хүн өөрт байхгүй, дутуу, хүрч чадахгүй зүйл нь хэн нэгэнд байвал атаархдаг. Гэхдээ атаархуулж байгаа хүн нь хаа хол, таньж мэдэхгүй, зурагтаар л зүсийг нь харж байдаг хүн биш. Өөрөөр хэлбэл атаархагч яг дэргэд тань, хамар доор тань байдаг гэсэн үг. Ингээд хэлчихээр та хамт ажиллаж байгаа, эсвэл найз нөхдийнхөө хэн нэгнийг хардах хэрэггүй. Гэхдээ л олон жилийн сэтгэл судлалын үндсэн дээр хүн гэдэг амьтан хамгийн ойр байгаа, тэгэхдээ өөртэйгээ ижил түвшний амьдралын шугаман дээр байгаа хүнд атаархах нь олон гэдгийг баталжээ.   Хог түүж амьдардаг Бат, Их хурлын эрхэм гишүүнд атаархахгүй. Атаархлаа гээд яахав чааваас, их л бодож хараана биз. Тэр харин цуг хог түүж явахдаа арай дээр хүрэм олоод өмсчихсөн Дондогт атаархвал мэдээж аюултай. Юу ч хийж магадгүй. Үүн шигээр зиндаа зиндаагаараа, хүрээ, хүрээндээ атаархалцдаг байна.
 
О.Бат-Эрдэнэ / “Чандмана” ХХК-ийн захирал /
 
  - Атаархал ажил урагш явуулах­гүй байна. Манайх барилгын материал импортолдог компани. Адил үйл ажиллагаа явуул­даг компаниудын зүгээс байнга атаархал ирдэг. Энэ нь гэнэт гэнэт ирдэг гааль, татварын хэт олон шалгалтаар илэр­дэг. Мэдээж яаж ийгээд алдаа олно, торгоно. Манай гааль, татварынхан ажлаа сайн хийдэг­тээ шалгадаггүй л байхгүй юу. Хэн нэгэн атаархагчийн матаасаар л ирж байгаа хэрэг. Манайх торгууллаа гээд атаархагчийн халаасанд тэр мөнгө орохгүй шүү дээ. Зүгээр л түүнээс кайф авч байгаа хэрэг. Энэ мэтээс болоод компаниа томруулж, үйл ажиллагаагаа илүү эрчимжүүлэх эрч хүч байхгүй болдог. Улам томорч, улам сайн ажиллавал бүр илүү атаархалд өртөнө, бүр илүү их торгуулна гэсэн үг.
 
  Мөн манайд ажиллаж, хүн хартай танилцаж, ажлын арга барилыг ойлгож авсан хүн нэг л өдөр хаяад гараад явчихдаг. Учир нь “Энэ нөхрийн бизнесийн нууцыг, арга туршлагыг би мэдлээ. Одоо энд ажиллаж байснаас өөрөө компани байгуулаад адилхан мөнгө олдог хэрэг ээ” гээд л. Энэ бас атаархал. Ингээд би итгэж байсан хүндээ мадлуулаад, бизнесийн нууц, хамаг туршлагаа өгөөд явуулчихаж байгаа юм. Энэ манайхны атаархуу зан, нийгэмшиж, соёлжиж чадаагүйн хар гай.
 
С.Цэцэгдэлгэр / 40 настай /
 
  - Атаархал мэдэгддэггүй гэж ярьдаг. Гэхдээ би л лав надад атаархаж байгааг нь шууд мэдэрдэг. Бүр ойрхон, хамт ажиллаж байгаа хүнээсээ. Яаж мэдэрдэг вэ гэж үү. Нэгдүгээрт, надад байгаа боловч нөгөө хүнд байхгүй тэр зүйл руу хэрхэн шунан зүтгэж байгааг нь харж. Хоёрдугаарт, найз найз гэж сай­хан аашилчихаад, надад ямар нэгэн асуудал тохиолдвол нэг л чимээгүй царайлж, тэр тухай шууд асуухгүй, хөндөж ярихгүй мөртлөө их л анхааралтай ажиг­лаж байгаа нь мэдрэгддэг. Ийнхүү чих тавьж байгаагаас нь, нүүрэнд нь баярласан биш юмаа гэхэд тайвширсан байдал хэрхэн тодорч байгаагаас нь, сэтгэл ханасан төрхнөөс нь би түүнийг надад атаархаж байгааг нь мэддэг. Тэрнийхээр бол би түүнээс ухаан, боловсролоороо дутуу мөртлөө түүнээс илүү сайхан амьдраад байгаа юм. Үүнийг л тэр хүлээн зөвшөөрч чадахгүй атаархаад байгаа хэрэг. Саяхнаас тэр надтай хамт ажиллахаа болиод өөр газар ажилд орсон.
 
         Танд хэн нэгэн атаархдаг уу?
 
             Тийм         28 %
             Үгүй          11 %
             Мэдэхгүй    50 %
             Магадгүй    11 %
 
         Тийм бол атаархаж байгаа нь яаж мэдрэгдэж байна?
 
             Хов живээр                            25 %
             Хорлон сүйтгэх замаар            8 %
             Харцаар                                 17 %
             Нүүрний хувирлаар                 0 %
             Шууд үгэн илэрхийллээр         8 %
             Мэдэхгүй                               42 % 
             Бусад                                    - Янз бүрийн байдлаар, ам дамжсан яриагаар
 
Атаархал амар заяа үзүүлдэггүй
 
  Атаач сэтгэлд идэгдсэн хүн өөрөө амар заяа үздэггүй. Атаарх­лыг нь төрүүлээд байгаа хүнээ үзэн ядаж, үргэлж сэтгэлдээ бухимдаж, шаналж байдаг гэнэ. Атаар­хагч нөгөө хүнээсээ аль болох зай барьж, тэгэх­дээ хамаг мэдрэл, сонс­­гол нь түүний зүг анхаарч бай­даг. Атаархуулаад байгаа хүнээ бүтэлгүйтэж, дорой­тож, унаж мөхөхийг нь үзэх гэж тэр. Хэрэв түүний хүссэнээр атаархлыг нь төрүүлээд байсан хүн өвдөж, эсвэл золгүй явдалд өртөх юм бол атаархагч хамгийн түрүүнд, сайн найзын дүр эсгэн гүйж очно. Үнэхээр өвдсөн, золгүй байдалд орсныг нь нүдээр харж, өөрийгөө тайвшруулах гэж шүү дээ. Амьдрал дунд ийм дүр зураг зөндөө. / Гэхдээ уншигч та үүнийг уншаад бэрхшээл зовлон тохиолдсон үед хамгийн түрүүн гүйгээд ирдэг нөхрөө атаархагч гэж шууд хардахгүй байх /.
 
  Хүн бүр атаархлын тухай тухайлан бодож, мэдэрч чаддаг­гүйгээс биш дээрх шиг атаархагч таны хаа нэгтээ отоод сууж л байдаг гэнэ. Эдгэшгүй өвчин туссан хүн эрүүл, цовоо хүнийг өөртэйгээ адилхан өвдөөсэй гэж хүсдэг гэдэг шүү дээ. Үүнийг ДОХ туссан хүн санаатайгаар түүнээ тараасан жишээгээр баталж болох юм. атаархлын донд автсан хүн эсрэг этгээддээ гарз хохирол учруулахыг хүсэхдээ түүнийг хамтдаа амсахад ч бэлэн байдаг гэнэ.
 
Улс төр гэдэг атаархлын том сав
 
  Бид уламжлал ёсоор хав­тас­ны сэдвээ бичихийн тулд иргэдийн дунд судалгаа авсан. Тэгэхэд хүмүүс Монголын нийгэм дэх атаархлын хамгийн том сав бол улс төр гэж дуу нэгтэй хэлж байна.
 
Ц.Ган-Эрдэнэ / 42 настай/
 
  Ямар нэгэн юм дүрэм журмаараа яваагүйгээс нийгэмд атаархал үүсэх үндэс суурь тавигддаг. Жишээ авъя л даа. Их сургуулийн нэг ангийн, сурлагадаа улаан нойл, шоудахаас өөрийг мэддэггүй байсан нэг нөхөр хичээл номондоо мэрийлттэй, түүнээс хамаагүй илүү явах магад­лал өндөртэй чиний хийж байгаа­гаас хавьгүй сайн ажилд орчихлоо. Тэгэхдээ танил тал, арын хаалга ашиглаж байгаад шүү дээ. Энэ тохиолдолд чиний сэтгэлд атаархлын дөл асна аа даа. Үүнээс болоод өмнө нь инээж хөхрөөд явдаг байсан та хоё­рын харилцаанд өөрчлөлт орно. Энэ мэтээр дүрэм журмыг гажуудуулсан бүхэн атаархал үүсэх шалтаг болж цаашлаад нийгмийн харилцаанд сөргөөр нөлөөлдөг. Нэг албан байгууллагад л гэхэд тэс өөр мэргэжлийн хүн захирлын хамаатан, найзынх нь дүү гэсэн нэрийн дор орж ирээд бусдын гурван сар гүрийтлээ явдаг туршилтын хугацааг ихдээ л 10 хоног болгон товчилж, үндсэн ажилтан болоход нь тэнд байгаа олон хүн ил гаргахгүй ч дотроо дургүйцэж, атаархаж хардаг.
 
  Манайд хамгийн их атаархал агуулсан сав бол улс төр. Хууль боловсруулагч нэртэй энэ эрхмүүд бүгдийг хууль дүрмээс гадуур хийж байгаа болохоор хамгийн их хар атаа тэдний эргэн тойронд л бий. Монгол улс төрчид бүхнийг товчилж богино хугацаанд албан тушаал, эд баялагт хүрэхээр санаархаж, түүний тулд юу ч хийхээс буцахгүй байгаа нь хар хор, атаа үүсэх гол нөхцөл.
 
Монгол атаархлын онцлог
 
  Монголчууд бид өнөөдөр юунд хамгийн ихээр атаархаж байна вэ? Бидний атаархал өөрийн гэсэн онцлогтой бололтой. Анзаараад байхад албан тушаал, нэр төрийн хойноос үхэн хатан хөөцөлдөөд байгаа болохоор хамгийн ихээр атаархал дагуулдаг зүйл энэ байх нь. Албан тушаал гэдэг эрх мэдэл. Эрх мэдэлд очсон хүн эд баялагт хүрч болдог. Тиймээс л угаасаа, өвөө эмээ, ээж, аавын үеэс хурааж хуримтлуулсан хөрөнгө мөнгөгүй явж ирсэн монгол хүн цагийн ороо бусгааг ашиглан, богино хугацаанд бэлжиж авахын тулд түүнд хүрэх замаа албан тушаал гэж ойлгон түүний төлөө атаархал дагуулан тэмцэлдэж байна. Гэхдээ энэ бол нийтийн атаархан тэмцэх зүйл биш л дээ. Харин нийгмийн тодорхой хүрээ, тухайлбал өөрсдийгөө дундаас дээш түвшний гэж үздэг хэсэгт энэ хамаатай. Манайд өнөөдөр нэгэнт албан тушаалаар дөрөөлж эд баялагт хүрдэг жишиг тогтчихоод байгаа болохоор энэ хоёрын төлөө тэмцэж, түрүүлж хүрсэн нэгэндээ атаархахгүй бол яаж ч “амжилтад хүрэх билээ”.
 
Ж.Батсайхан /45 настай/
 
  - Монголын нийгэм өнөөдөр атаа жөтөөний үүр болчихоод байна. Хуучин бол монголчууд атаа жөтөөг цээрлэдэг байсан шүү дээ. Ямар сайндаа хар, цагаанаар нь ялгадаг байхав. Одоо бол ямар ч юман дээр атаархал. Өнөөдөр ерөнхий боловсролын сургуулийн, бүр цэцэрлэгийн хүүх­дүү­дийн дунд ч атаархал цэцэглэж байна. “Энэ өнөө хэн даргын хүүхэд, тэр компанийн захирлын хүүхэд” гэдгээс эхлээд хүүхдүүд барьж байгаа гар утас, утасны дугаараараа хүртэл зиндаархаж, атаархалцаж байна. Нийгмийн хамгийн бага, нялх хүүхдүүдийн дунд ч үүсч байгаа энэ атаа дунд, дээд төвшин рүү очихоороо нийгмийг маш хүнд байдал руу татаж байна. Төрийн ямар ч ажил атаа жөтөөн дунд л явж байна. Төрийн ажилд очсон, даргын суудалд суусан нэгэндээ атаархана. Энэ бүхэн зүгээр нэг эмэгтэйчүүдийн өмсөж зүүх, өнгө гоёлын атаархлаас илүү хортой, ноцтой болж байна. Хэт улс төржилт, нийгмийн бурангуй байдлаас болж атаа үүсч байгаа юм. Манай нийгэм бүхэлдээ хав хар болчихоод байгаа юм биш л дээ. Гэрэл гэгээ байгаа. Гэтэл энэ гэрэл гэгээг улс төржилтөөр, албан тушаалын хэнээрхлээр харлуулаад байна. Энэ харанхуйг дагаад “буг” босч ирж байна. “Буг” гэдэгт энэ атаархал орж ирж байгаа юм.
 
Цол гуншин дагасан атаархал
 
   Монгол атаархлын бас нэг тэмүүлэл нь цол гуншин. Урлаг, соёл, аль нэг салбарт мөр зэрэгцэн явсан хэн нэг нь гавьяат, наад тал нь Соёлын тэргүүний ажилтан цол авчих л юм бол “Би түүнээс юугаараа дутуу гэж” ирээд л атаархаж эхэлнэ. Тэгээд хүсээд байгаа алдар цолыг цагт нь өгөөгүй гэж төр засагт гомдож, зарим нь бүр архинд орж, амьдралаа алддаг дүр зураг зөндөө л байдаг. Цол гуншинд шимтэх энэ үзэл социализмын гэх баларсан нийгмээс өвлөгдөн үлдэж. Тэр үед хүмүүс нэг төвшинд амьдарч, идэж уух, өмсөх зүүх, авдаг цалингаараа бие биенээсээ хол тасраад байсангүй. Төрөөс хайрладаг гавьяа, цол л бусдаас онцгой, шилдэг болгож харагдуулж байлаа. Үнэнч шударга, идэвхи зүтгэлтэй, шинийг санаачлан ажилласнаараа энгэрээ мялаасан одон, тэмдэг бол амьдралын утга учир, бахархал байсан. Тухайн нийгэм хүнийг өөрийгөө мартан хөдөлмөрлөснийх нь шанг ийнхүү өгдөг байлаа. Аав, ээжийн үеийн нийгмийн тэр үнэлэмж өнөөг хүртэл амь бөхтэй зууралдаж, одоо бараг хүн бүхэн ядахдаа л Соёлын тэргүүний ажилтан гэдэг үгийг овгийнхоо оронд дуудуулахаар тэмцэлдэх боллоо.
 
  Соёлын тэргүүний ажилтан, дуучин Т.Баясгалангийн “Би улайрч олон жил дуулахгүй” гарчигтай ярилцлага “Зууны шуудан” сонины ¹011 /0101/ дугаарт нийтлэгдсэнийг NEWS.MN сайт тавьсан байлаа. Зохиолын эмэгтэй дуучдын ман­лай нь гэж хэлж болохоор энэ бүсгүйн ярилцлагын дор үнэхээр энд бичиж үл болом, сэтгэл зовом зүйлүүдийг /сэтгэгдэл бололтой/ дүүрэн бичсэн байв. Эндээс “Хөөрхий, энэ дуучин бүсгүй мөн олон атаархагчтай юм аа” гэсэн бодол төрж, өөрт нь хандлаа.
 
Т.Баясгалан /Соёлын тэргүүний ажилтан/
 
  - Хүнд ер нь тодорхой хэмжээний атаархал байх хэрэг­тэй л дээ. Цагаан атаа, хор шар ч гэх юм уу. Тэгж байж хүн өөрий­гөө ирлэж, дайчилж, амжил­тад хүрдэг. Хүмүүс ер нь нийгэмд байгаа авьяаслаг, оюун­лиг хүмүүс­тээ атаархалгүй, хүлээн зөв­шөө­рөх хэрэгтэй. Бусад дуучид надад атаархдаг эсэхийг мэдэх­гүй. Миний хувьд бол хэн нэгэн дуучинд атаархаад байх шаард­лага байхгүй гээд дээрх сайтад тавьсан ярилц­лагыг үзээгүй юу, яасан тодорхой хариулт өгсөнгүй. Хүүхнүүдийн атаа   Хүүхнүүдийг хамгийн их атаач хүмүүс гэдэг. Хамгийн дотнын найз нь илүү хувцасласан байх юм бол, илүү аятайхан харагдаж байх юм бол, хэн нэгний анхаарлыг өөрөөс нь илүү татаад байх юм бол… гээд атаархах зүйл мундахгүй. Гэхдээ хүүхнүүдийн ийм атаа тийм ч хортой зүйл биш. Хэтэрчихгүй бол шүү дээ. Бурхан хүүхнүүдэд ийм атаа өгснөөр хорвоо илүү өнгөлөг харагддаг ч байж болох юм. Эс бөгөөд өөрийгөө өөд нь татдаггүй, сэгсийж, пөөнийсөн, бүдүүн хүүх­нүүд хорвоогоор дүүрэн байхсан. Харин бүсгүйчүүдийн атаа хэтэр­вэл ямар ч хор дагуулж магадгүй.
 
Т.Цэцэглэн / 42 настай /
 
  - Би сүүлийн үед хар багаасаа хамт тоглож, зовлон жаргалаа хувааж өссөн зарим найзуу­даасаа холдсон. Яагаад гэвэл бидний амьдрал огт өөр. Ядаж, өөртөө авсан үнэтэй шубээ найз­даа үзүүлэхээр нөгөөхийн маань нүд орой дээрээ гарна. Учир нь шуб маань түүний хоёр жилийн цалингийн үнэтэй. Энэ мэт байд­лаас болоод бид хоёр юу ярилцахаа мэдэхээ больчихдог. Харин түүний оронд хар багаасаа найз­лаагүй ч амьдралын түвшин ижил хүүхнүүдтэй найзлахад амар байдаг юм.
 
Ч.Хонгормаа /33 настай /
 
  - Би сайн найз хүүхнээсээ хамгийн аймаар атаархлыг мэдэр­дэг. Оюутан цагаасаа найзалж байгаа найз бүсгүй маань намайг өөрөөсөө илүү байхыг огт зөвшөөр­дөггүй юм. Би түүнээс царай зүсээр илүү, харин тэр надаас аятайхан биетэй. Мэргэжил нэг, амьдрал ахуй ч ойролцоо бид хоёр уг нь бие биедээ атаархаад байх утгагүй л дээ. Гэхдээ л би түүнээс илүү хувцаслаж, илүүг эдэлж хэрэглэж болдоггүй юм. Аятайхан харагдаж байгаа үедээ түүнтэй уулзвал шууд л харцанд нь атаархал гялалзаад ирнэ. Зөвхөн ингээд зогсохгүй зан ааш нь өөрчлөгдөөд л, юу ч гэж хэлж магадгүй. Би түүний занг мэддэг болохоор нэг их ач холбогдол өгдөггүй л дээ. Гэхдээ л юмыг яаж мэдэх вэ, хэтэрхий их атаархуу зангаасаа болоод амьдралд минь юу ч хийгээ билээ. Учир нь тэр миний амьдралын нарийн ширийн нууцыг бүгдийг мэддэг юм чинь.
 
Атаархуулж амьдрах сайхан
 
  Хүмүүс “Ёстой атаархтал нь сайхан амьдарна даа” гэдэг. Сайхан бүсгүйг “Атаархмаар сайхан амьтан байна” гэлцэх нь бий. Бусдын атаархлыг төрүү­лэм сайхан төрөх, өрөөлийн харц унаж, атаархал хөдлөм сай­хан харагдах, атаархтал ажиллаж, амьдарч явах сайхан байлгүй яахав. Бусдаас ямар нэгэн юмаараа илүү, гялалзаж яваа хүн л бусдын атаархлыг төрүүлдэг. Залуу нас, цог золбоо, гоо үзэсгэлэн, амжилт бүтээл, аз жаргалтай амьдрал гээд өөдрөг бүтэмжтэй бүхэн атаархал дагуулж байдаг.
 
  Атаархуулж амьдрах сайхаан. Гэхдээ атаархуулж явах үедээ амьдралын зөв зохицуулдаг л байх хэрэгтэй. Олны харц татсан сайхан бүсгүй залуу халуун насандаа гайхуулж, гялбуулж, олон эр сольж явсаар нэг л өдөр гоо үзэсгэлэн ч үгүй, нэр төр ч үгүй, тогтсон амьдрал ч үгүй шалдаа буусны жишээ олон бий. Энэ бол хэтэрхий эрдэж, сайн муугийн тэнцвэр барьж чадаа­гүйнх, атаархлын тойроггүй явс­ных.
 
Хар, атаа хоёр өөр
 
  Олон хүн хардах, атаархах хоёрыг нэг болгон ойлгох нь байдаг. Энэ хоёр бол сэтгэлийн өөр үзэгдлүүд. Эр нөхөр нь өөр бүсгүйд сээтэн хаяад байгааг мэдсэн эмэгтэйн сэтгэлд хар хор буцалж, ямар ч ааш аяг гаргахаас буцахгүй. Тэр эмэгтэйг хэн боло­хыг нь мэдсэн тохиолдолд гүйж очоод нүүрийг нь урж, үсийг нь зулгаагаад хаямаар. Муучилж, мууг нь үзмээр. Үүнийг атаархаж байна гэж үзэж болох л доо. Гэхдээ атаархал гэдэг хоёр хүний, эсвэл бүлэг этгээдийн хоо­ронд явагддаг байна. Гурван хүний хоорондын асуудал болоод ирэхээрээ атаархал биш хардалт болдог.
 
Р.Болормаа /32 настай /
 
  - Тэр үнэн байх шүү. Манай нөхөр нэг хүүхэнтэй явалдаад надад баригдсан юм. Аз болоход би тэр хүүхнээс юугаараа ч дутуу биш. Царай, зүс, нуруу туруу, мэдлэг боловсролоор ч тэр. Тэгээд ч би хүний нөхөртэй хоног өнгөрөөдөг завхай тэр хүүхэн биш, нөхрийнхөө албан ёсны эхнэр нь, хүүхдүүдийнх нь ээж. Би үүнийгээ ойлгож байгаа боло­хоор тэр хүүхэнд хичнээн дургүй хүрч байлаа ч атаархаад сүйд болдоггүй. Өөрийнхөө давуу талыг мэдэрч байгаадаа ч тэр үү, тэгээд ч нөхрийгөө уучилж, түүнээс бүр мөсөн холдуулж чадсандаа сэтгэл тун хангалуун байдаг. Гэхдээ, түүнийг муу явбал би л лав дотроо баярлах болно.
 
Атаархлыг ярилцан ойлголцож болох уу
 
  Бараг л худлаа даа. Хамгийн гол нь атаархал өөрөө чимээгүй, нууцлаг болохоор зарим тохиол­долд сэтгэлдээ атаархал агуулсан эзэн хүн ч өөрөө өөрөөсөө нуух нь холгүй явдаг. Хүн өөрт нь атаархаад байгааг сэтгэлдээ мэдэрч, засч залруулах санаатай “Чи надад атаархаад байна аа даа…” гээд хэлчихвэл юу болох бол? Уг нь хүмүүс аливаа асуудлыг эрүүл саруулаар ярил­цаж, ойлголцож, нэг тийш нь болгож болдог доо.
 
С.Цэцэгдэлгэр / 40 настай /
 
  - Атаархал дээр энэ ёстой бүтэхгүй. Атаархаж байгаагаа хэн ч хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй шүү дээ. Би өөртөө атаархаад байгаа найздаа “Чи надад битгий атаархаач дээ” гээд хэлчихвэл нөгөөх маань уурандаа бүр “шатна” биз дээ. Тэгээд “Солиор, би чиний юунд атаархах юм бэ?” л гэнэ шүү дээ. Ингээд өнөө нууцхан байсан эвгүй харьцаа маань шууд дайсагнал болж хувирна гэдэг нь ойлгомжтой.
 
Атаархал соёл иргэншлийн толинд
 
  Хүн төрөлхтөн оршин байх хамгийн зөв бөгөөд таатай нөхцөлөө суурин амьдрал гэж үзсэн. Суурин амьдралыг нэгэнт сонгосон хүмүүс өөрсдийн амьдрах орчноо тавлаг, таатай байл­га­хын тулд чадах бүхнээ хийсээр ирлээ. Элбэг дэлбэг, сайн сайхан нийгмийг бүтээхийн тулд олноороо нийлж, “Олны хүч оломгүй далай” гэдэг үгийг хэрэгжүүлж, хамтарч бүтээж, хамтдаа үр шимийг нь хүртэж байна. Амьдралаас сайхныг нь мэдрэхийн тулд зайлшгүй чиний дэргэд хэн нэгэн байх ёстой. Ганцаараа түүнийг мэдрээд урам­гүй шүү дээ. Тиймээс л хүмүүс хамтарч амьдарч, хамтарч сурч байна. Гэтэл АТААРХАЛ гэж бидний сэтгэлийн гүнд байдаг энэ үзэгдлийг авч хэлэлцэхгүй, тоохгүй, зоргоор нь тавиад байх юм бол хамтаар амьдарч, хамтаар бүтээх бүхэнд саад тотгор учирсаар байх болно. Бүтээлч байдлыг үгүйсгэдэг, хэтрээд ирэхээрээ ямар ч муу зүйл хийх шийдвэр гаргуулж дөнгөдөг, харин жор хэмжээ нь таарсан үедээ амжилт бүтээл, сайн сайханд хүргэж байдаг атаархал гэгчийн тухай эргэцүүлж нэг бодох цаг болсоон.
 
  Атаархалд хандах хүмүүсийн хандлагын хамгийн буруу нь үүнийг мэдрэхгүй, тоохгүй, нүдээ аниад өнгөрөөе гэх бодол. Хүн хэчнээн нүдээ аниад, чихээ бөглөөд суусан ч атаархал хажуу­гаар чинь өнгөрөөд өөр хүнд очоод наалдахгүй. Мэргэн бууч анаж онилсон хүнээ биш зам зуурын хүнийг бууддаггүй шүү дээ. Тиймээс атаархлаас зугтаад асуудлыг шийдэхгүй. Иргэншсэн нийгэм рүү цаг алдалгүй хүрэхийн тулд монголчууд бид хүнд, энэ амьдралд байдаг бүхнийг нээлттэй ярилцаж, зөв гольдролд нь оруулах л учиртай.