Домогт өгүүлэх нь:

Өдгөөгөөс зуу илүү жилийн тэртээ Гандангийн лам нар, хятадын пүүсийн худалдаачдын дунд том зодоон болжээ. Гандангийн зүүн талд байсан хятад пүүсэнд нэг лам орж наймаа хийж байгаад хэрэлдэж гэнэ. Хэрүүл нь сүүлдээ зодоон болж хувираад олон лам нар, хятадууд оролцсон их зодоон болж гэнэ. Энэ зодооноос хятадын пүүсэнд их гарз хохирол болсон юм гэдэг. Манж амбан хятадын пүүсүүдийн хохирлыг барагдуулахаар шахаж, пүүсний юмыг монголчуудаар төлүүлэх болж монголчууд хохирох болсон гэнэ. Олон ноёд аргаа барж Лу гүнээс асуужээ. Лу гүн “Данжаад нараа цуглуул, ярих юм байна” гэж гэнэ. Хятад данжаад нарыг цуглуулж, олон лам нар ч зэрэгцээд цуглаж гэнэ. Лу гүн хэлжээ: “За лам нар пүүсний их юмыг эвдэж сүйтгэсэн байна. Төлөх хэрэгтэй. Данжаад нар ч юмаа төлүүлж авах хэрэгтэй” гэж гэнэ. Тэгэхэд хятадууд инээлдэж их баярлаж байж дээ. Лу гүн цааш нь хэлжээ: “Цаашдаа бас ийм хэрэг гарах магадгүй. Ийм хэрэг гарах шалтгааныг арилгах хэрэгтэй. Энэ зодооны гарсан шалтгаан бол Гандан Хүрээ хоёрын хооронд хятад пүүсүүд байрласнаас болсон байна Амбаны тушаалаар анхнаас байгуулсан Наймаа хот гэж байна. Гандан Хүрээ хоёрын хоорондох пүүснүүдийг долоо хоногийн дотор Наймаа хотод нүүлгэж суурьшуулъя. Лам нарын сүйтгэсэн юмыг ч мөн долоо хоногийн дотор төлүүлж дуусгая” гэж гэнэ. Хятад пүүсүүдийг нүүлгэх зардал нь лам нарын сүйтгэсэн юмнаас хавьгүй их болох байжээ. Тэгэхээр хятадууд ухарч “Юмаа төлүүлэхээ ч больё. Наймаа хот руу нүүхээ ч больё гэж хэлсэн юм гэдэг. хариуд нь эдгээр пүүсүүдийг бүгдийг Наймаа хот руу нүүлгэх шаардлага тавьж нээнтэглэсээр асуудлыг хохиролгүй шийдсэн гэдэг. Хурал тарж, цугласан лам нарын хажуугаар цуван гарах ноёдыг тэд, “Нэг торгонд боодолтой мах, хоёр торгонд боодолтой мах” хэмээн тоолон өнгөрөөж, харин асуудлыг ухаалгаар шийдэж чадсан Лу гүнийг “Энэ нэг дөрвөлжин бурам, Аль ч талаас нь долоосон амттай” хэмээн их л хүндэлж хэд хоног цайлсан юм гэдэг… (“Монгол ардын домог” номоос)

            Тэрчлэн өнөөгийн УИХ, ЗГ-ын гишүүдийг ажиглавал “торгонд боодолтой махнууд” нь дийлэнх, “дөрвөлжин бурам” нь тун ч цөөхөн ажгуу. Одоо ч торгонд гэхээсээ илүүтэй костюманд ороолттой махнууд олон байгаа. Та чаддаг юм бол нэг ч гэсэн тийм “дөрвөлжин бурмыг” нэрлээд орхи. Тал талаас нь “долоож” үзье. “Амттай” байна уу, “амтгүй” байна уу. Үнэхээр “дөрвөлжин бурам” бол хаанаас нь ч долоосон шорвог амтагдахгүй.

            УИХ-ын гишүүдэд, тойрог бүрт 10 сая төгрөг олгож байх шийдвэрийг 2000 оны парламент анх гаргасан санагдана. Тухайн үед нэг намын дарангуйлал тогтсон байсан тул хамар дороо гунганасан болоод олигтой шүүмжлэх хүн ч олдоогүй. Сумын клубуудэд баахан хөгжим болж очсон. 2004 оны парламент энэ ханшийг 250 сая төгрөг болгон өсгөхөд эсрэг санал өгсөн 7 гишүүний дотор Э.Бат-Yүл, Батж.Батбаяр нар байсан гэлцдэг. Ямар ч хаашаа УИХ-ын гишүүд байдаг юм, ямар ч бодлогогүй хууль тогтоогчид юм. Yндсэн хууль, тендэрийн хууль, сонгуулийн хууль, ер нь хичнээн ч хуулийн хэдэн ч зүйл заалтыг зөрчиж байгаа юм бэ? Ядахад л шинэ батлагдсан, хэрэгжиж эхэлчихээд байсан сонгуулийн хуулиар, 76 тойрог гэдэг бүтэц нь байхгүй болчихсон гэдгийг мэддэггүй ийм ч хууль тогтоогчид байх гэж дээ көөркөс хэмээн тухайн үед бодож байлаа. Одоо зөв замдаа орчихсон, хуулийнхаа дагуу хөрөнгө оруулалтын сандаа багтаасан, тойргийн мөнгө гэж нэрлэхээ больсон манай нам л ийм шийдвэр гаргуулж чадлаа гээд Элбэгдорж шүлсээ татахгүй яриад байсан.

            Тухайн үед парламентийн гадна байсан олон улс төрчид энэ мөнгийг авлига хэмээн тодорхойлж эрс хатуу шүүмжилцгээж байсан. Цагаа тулаад ирэхээр бүгд л адилхан юм шив дээ. Шударга үнэний туйл болсон олон хүн 2008 оны парламентад сонгогдонгуутаа энэ талаар ган ч гэхгүй дуугүйхэн л хүртчих санаатай амаа хамхиж байна. 500 саяд хүрсэн тойргийн мөнгөнийхөө ханшийг тэрбум болгох талаар ярилцаад хэнэг ч үгүй сууцгааж байна. Бүгдээрээ авч байхад би юу гэж хоцрох вэ гэх ухааны юм яриад л хусцгааж байна. Бүгдээрээ авлигач юм бол би ч гэсэн авлига авъя. Бүгдээрээ хулгайч юм бол би ч гэсэн хулгайлъя гэх шиг. Хаана байна тэр улс төрийн соёл моёл, хаана байна тэр зарчим энээ тэрээ чинь. Төрчингүүд бүгдээрээ, толгой дараалан хуу ижил. Улаан нь ч тэр ногоон нь ч тэр, ардчилагч нь ч тэр хувьсгалч нь  ч тэр. Өөрт олдсон боломжийг цааш гэж түлхдэггүй аж. Хүн бүр потенциальный гэмт хэрэгтэн гэж юутай үнэн үг вэ?

            Оюутолгойн гэрээ баталсан гээд л баярлаад байсан. Мөнгө тараагаад ард түмнээ хөл хөсөр гар газар амар жимэр амьдруулах юм болоод явчихсан. Гэрээ батлагдаад сар ч болоогүй байхад зөрүүлээд НДШ-ийн хувь хэмжээг нэмэх хуулийн төсөл өргөн барих гэж байдаг. Нуруу тэнийхээ байг гэхэд юунд НДШ-ийн хувь хэмжээг нэмэгдүүлэх гээд байгаа юм бэ? Бэлэн мөнгө тараахаа больё, НДШ-ийнхээ хувь хэмжээг нэмэхээ болиоч. Ард түмнээ тэгж битгий харж үзээч. Та бүхний амалж байгаа диваажингийн ертөнцөд хүрэхээсээ өмнө сөхрөх нь байна. Гэрээ батлагдангуут л улсын сан хөмрөг арвижиж, мөнгөөр бөөлжиж, алтаар бороо оруулах шахуу ярьж байсан амлалт чинь хэрэг дээрээ ард түмний нуруун дээр ачаа болон буух гэж үү?

            Би танаас асууя. Албан ёсоор асууя. Энэ эрх баригчдын баталсан ганц ч гэсэн сайн хууль, ард түмний тусын тулд баталсан нэг ч гэсэн заалтыг нэрлээд өг. Ингээд ингээд ашигтай тустай гээд надад үнэмшүүлээд орхи. Наанаа сайхан яривч цаанаа дандаа л төрчингүүдэд үйлчлэх хуулиуд батлагдаад үйлдвэрлэгдээд байна гэж хэлбэл нэг их дэгсдүүлсэн болохгүй буй заа. Оюутолгойн гэрээг батлахад хүчин мөхөстсөн, туршлага дутсан, аргагүй байдалд орсон явдал бий л байх. Гэхдээ энэ 76 дотор ганц ч гэсэн “дөрвөлжин бурам” байсан бол Оюутолгойг арай ч ингээд зүгээр алдчихгүй л байсан байх. За яахав Оюутолгойн лицензийг танайх авчихсан юм байж, та нар ашигла. Гэхдээ гэнэтийн ашгийн татвар 68 %-иа танайх төлөх ёстой гээд л гэдийгээд байсан бол ийм юм болно гэж үү? Тэгээд бодохоор фортуна Батбаяр гишүүн “Дөрвөлжин бурам” байсан болж таарч байна. Эсвэл, та нар ашигладгаараа ашигла, гэхдээ жилд төчнөөн тооноос илүүг олборлохгүй шүү гээд төрийн бодлогоор хязгаарлачихаж болдоггүй л байсан юм болов уу? Тэгвэл тэр “Дөрвөлжин бурам” болох байлаа. Эсвэл, та нар ашигладгаараа ашигла, усны төлбөр харин өндөр шүү гэсэн бол тэр “дөрвөлжин бурам” болох байлаа. Олон боломж байсан, гэвч манай парламентад “дөрвөлжин бурам” байхгүй ажээ.