“Эрүүл, өөдрөг амьдрал” булан энэ удаа өглөөний ундны талаар ярилцахаар бэлтгэлээ. Бидний өглөө хэрхэн эхэлдэг билээ. Мэдээж босохоос, бас өглөөний цайнаас. Харин энэ хэмнэл газар бүрт адилхан юм шиг хэрнээ хүн бүрийн хэмнэл арай л өөр өөр.
 
Хөдөөгийн өглөө
 
       Малчны өглөө хэдэн цагаас эхэлж байгааг нойр ихтэй хотын би тэр бүр сайн тодорхойлж чадаагүй боловч 5.30 орчимд эхлэж байна хэмээн таамаглана. Өглөө босоод эрчүүдийн нэг нь чөдөрлөж тавьсан морио бариад адуундаа явна. Гэрийн эзэгтэй цайгаа чанаад бусад хүмүүсээ сэрээнэ. Ширээн дээр өрөм, ааруул, боорцог эсвэл гамбир тавиастай. Зун цагт залуучууд бол хөхүүртэй айрагнаас том хулаар уугаад л өглөөний цай шүү дээ. Гэрийнхэн аажуухан босоцгоож, хүүхэд, томгүй тухтайхан цайлж аваад тус тусын ноогдсон гэр малын ажилдаа гарцгаана.
 
       Хөдөөд өглөө бүр давтагдах нэгэн хэвийн гэмээр энэ хэмнэл хотынхны хэмнэлээс ондоо. Ингээд хотын өглөө хэрхэн эхэлдэг талаар нэлээд олон хүнтэй уулзаж, бас блогчдын бичлэгүүдээс түүвэрлэснээ толилуулья.
 
Хотын өглөө
 
7.30. Үсрэн бослоо.
7.40. “За байз аяга кофе уучих юмсан…” Кофе тавьлаа. “Нүүрээ будчих юмсан. Шкафаа ухлаа. Нэг жинс олоод урд талыг нь индүүдлээ. Арагш нь эргүүллээ. Ашгүй ард тал нь давхар индүүдэгдчихэж. Хувцсаа өмслөө. Цагаа харлаа.
8.00 “Кофеноосоо 2 балгалаа. “Өө хичээлээ ялгаагүй юм байна ш дээ. За байз өнөөдөр юу юу орох билээ
8.07. Хар эрчээрээ гүйгээд буудал дээр ирлээ. Унаанд суулаа. Цүнхэн доторхоо эвлүүлж янзлаад, энгэр заамаа товчилж аваад, ороолтоо ороолоо. За сургууль дээр очоод л юм олж идэхээс… Маргааш өглөө эртхэн босох юм шүү, өнөө өглөө оройтож боссоноос болж…
http://busguin-temdeglel.blog.banjig.net
 
Оюутан үеийнхээ зангаар л өглөө цагийг нь тулгаж босчихоод гялс хувцаслаад л гараад гүйдэг хүн дээ би...
miniiheseg.blogspot.com/.../blog-post_15.html
 
- Гал тогооны өрөөнд ортол угаалтуурт өглөөний унд уусан аяга таваг бохир тэр хэвээрээ овоолоостой. Нэг аяга хагарчихсан ширээний доор хэвтэж байв.
uran20.delhii.net/.../сургамжит-өгүүллэгүүд/
 
- Ээж нь сандран өглөөний унд бэлтгэсэн боловч Итгэл аяга ус уугаад хиамтай талх бариад л гарааш руугаа гарчээ. Гар утас нь цэнэггүй тул тэр чигт нь орхив. ...
www.biirbeh.com/modules.php?...
 
Хандаа үүрийн шаргал туяатай уралдан босч эзэгтэй хүний ёсоор галаа түлж, цайгаа чанаад өглөөний унд бэлтгэнэ. Халуун хөнжилдөө бөх гэгч нь нойрсох эр нөхрөө сэрээхээр...
www.tanhil.mn/.../literature?...
 
Орон дотроо кофе, шинэхэн жимсний шүүс зэрэг өглөөний унд ууна. 1
0.30 - Сэргээгч хөөстэй шүршүүрт орно.
www.nar.mn/.../4981
 
Эмээгийн хайрсан боорцог, ээжийн минь гарын цай... өглөөний унд бараг үд хүртэл өл даана. "Миний охин наашаа суу, ундаа уу" гэж хэлэхэд нь ширээн дээр тавьсан тавагтай боорцог, аягатай цайг хараад...
sl.blog.gogo.mn/.../entry29327
 
       Хүмүүс өөрсдийн өглөөний хэмнэлийнхээ талаар ийн өгүүлжээ. Хот, хөдөөгийн шинэ өглөө, бас өглөөний унд ингэж эхлэж байна. Яагаад ч юм бид өглөө бүр нэг их яараад л... Тэр хэмнэлдээ хэдийнээ дасал болчихож.
 
Та өглөөд ундаа тогтмол ууж чаддаг уу?
 
       -Та өглөөд ундаа тогтмол ууж чаддаг уу гэсэн бидний асуултанд хүмүүс хариулж байна.
Одноо: -Би байнга уудаг юм байна. Яамай даа.
Мөнхзаяа :-Би өглөөд их иддэг шүү.
Туяа:-Яанаа бид өглөөний ундаа ерөөсөө ууж амждаггүй.
Бэхээ: -Өглөөний цайнд юу хэрэглэх вэ, Хоносон хоол уу, хуурай идэх юм уу, Би хуурай идэх юм муу гэж сонсож байсан. Бас мэдээж хоносон хоол муу байх л даа гэхдээ...Хар өглөө хоол хийгээд сууж байлтай биш ...
 
       Бидний өглөөний ундандаа хандах хандлагын зарим жишээнүүдийг та уншлаа.
 
       Ямартай ч бид өглөөний унд чухал гэдгийг мэддэг ч тэр бүр хэвшүүлж чаддаггүй. Дийлэнх олонхи нь шөнө дөл болтол ажилладаг болохоор өглөө босмогц хоол идэж амжилгүй санд мэнд босоод л яаран гүйдэг. Ингэсээр зарим хүмүүс өглөөний унд ууж чаддаггүй заншилтай болдог байна.
 
Өглөөний хоол яагаад чухал вэ?
 
       Шинжлэх ухааны нотолгоогоор өвчин туслаа гэдэг нь био хэмнэл алдагдсан гэсэн үг. Хэмнэл алдагдах нь амьдралын дэглэм, зөв хооллолттой холбоотой гэнэ. Хүн 100 тэрбум орчим эсээс бүтдэг гэж эрдэмтэд тооцоолжээ. Шөнө унтаж байх явцад эсийн нөхөн сэргээлт явагддаг байна. Эс хуваагдаж, муу эсээ устгаж, шинээр сайн эсийг төрүүлж байдаг. Шөнөжингөө ажилласан эсүүд урьд өдөр нь хүний идсэн хоолноос өөрт хэрэгтэй шим тэжээлээ авч хэрэглэчихсэн байдаг. Эс амьд, мөн ухаантай. Өөрт хэрэгтэй гэсэн тэжээлээ л хэрэгцээтэй тоо хэмжээгээр авч хэрэглэдэг. Хэзээ ч маргааш хэрэглэнэ гэж нөөцөлдөггүй. Иймээс өглөө босонгуут л “тэд” биднээс ажлынхаа хөлс болгож 114 төрлийн шинэ тэжээл, хоол нэхэж байдаг. “Тэд” биднийг амьсгал хураатал ажиллах бөгөөд өглөө бүр биднээс хоол тэжээлээ нэхсээр л байх болно. Хэрвээ тэр нэхэж байгаа үед нь л хэрэгтэй бодисыг нь өгч чадахгүй бол эс өвчилдөг, эсийн буруу өсөлт буюу мутаци явагддаг. Мутаци явагдсанаар хавдрын болон үрэвслийн эсүүд олноор үржиж бий болдог. Ингээд хүн өвддөг. Өглөө эсдээ хэрэгцээтэй хоол тэжээлийг нь өгч чадвал бие организм сэргэлэн цовоо, эрч хүчтэй болж эхэлдэг. Хэрвээ өгөхгүй бол ямар ч эрч хүч байхгүй, хүний бие унтаа байдалтай байдаг ажээ.
 
Өглөөний ундаа юугаар эхлэх вэ?
 
       -Та өнөөдөр өглөө юу идэх гэж байна вэ?
       - ............................
Талхны тухай хэдэн мөр
 
       Европт өглөөний цай уухдаа шинэхэн талх, шинэ хэвлэлтэйгээ л сууж байдаг даа. Оросд өглөө зургаан цагт сонин бас талх зардаг мухлагууд аль хэдийнээ онгорхой ...
       Америкийн хаа сайгүй л кафе. Тосгон бүрт, томоохон хотуудын булан бүрт. Кафе болгонд өглөөний унд, өдрийн хоол, оройны зоогонд зориулсан зууш, нарийн боов, сэндвич мөн кофе бий. Харин манайд ...
 
       Юун зургаан цагт шинэ талх, хэвлэл. Онгорхой дэлгүүр олдоно оо гэж гонжийн жоо. Хайж явах цаг нь ч юу билээ. За тэгээд оллоо гэхэд шинэ байтугай хуучин талх ч байхгүй л байх вий.
       -Та өглөөд шинэ талх хэрэглэж чаддаг уу ? Тийм - % Үгүй - %
       Судалгаанд хамрагдагсдын 80.3 хувь нь өдөр болгон шинэ талх, нарийн боов, шинэ ногоо хэрэглэж чаддаггүй гэж хариулсан байсан. Нэг, хоёр хоног, түүнээс ч удсан хүнсний бүтээгдэхүүн хэрэглэж, хордлого авах тохиолдол их байна. Ер нь энэ тал дээр хоолны газрууд ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангадаггүй, хяналт шалгалтын байгууллага нь хариуцлага тооцдоггүй болох нь харагдаж байна. Талхыг буруу хадгалснаас болж амт, үнэр, чанараа алддаг. Тэгвэл талхыг хадгалах хэд хэдэн арга бий. Тухайлбал, хөх тарианы болон улаан буудайн талхаа полиэтилен уутанд хийж хадгал. Энэ уутаа долоо хоногт хоёр удаа угааж хатаах хэрэгтэй. Ер нь талхыг гурван хоногоос илүү хадгалвал амт чанараа бүрэн алддаг юм. Иймд олон хоног хадгалсан талхыг аль болох идэхгүй байх хэрэгтэй шүү.
 
       "Талх чихэр" ХК өнөөдөр үйлдвэрлэсэн талх нь өндөр үнэтэй байгаа ч талхаа үйлдвэрлэсээр эрэлт хэрэгцээ нь хэвээр байсаар байна. Эднийх 24 цагаар ажиллаж, шөнийн 02 цагт шинэ талхаа гаргаж байна. 500 ажилчидтай бүрэн автомажсан үйлдвэр.. Нэг талх зургаан цаг болж, дөрвөн цаг хөрж 10 цагийн дараа хэрэглэгчдийн ширээн дээр тавигддаг юм байна.
 
       Талх нь ургамлын гаралтай уургийг агуулснаараа хамгийн үнэ цэнэтэй хүнс болдог. Уургаас гадна метионин, лизин гэсэн аминхүчлүүдийг агуулна. Улаан буудайн талханд хөх тариагаар хийсэн талхыг бодвол уураг илүү их хэмжээгээр агуулагддаг. Талханд нүүрс ус 40 – 50 хувьтай байдаг төдийгүй В-гийн төрлийн аминдэмийн эх ундарга болж, кали, кальци, магни, натри, фосфор, төмөр зэрэг эрдэс бодисыг агуулдаг. Талх бол маш өндөр калори бүхий хүнс. Дээд гурилаар хийсэн зуун грамм талх 233 ккал байдаг бол хөх тарианых 190 ккал байх жишээтэй.
 
Өдөрт хэр хэмжээний талх идэх ёстой вэ?
 
       Энэ асуултад нэг хариулт өгч болохгүй юм. Ургамлын гаралтай эсвэл амьтны гаралтай ямар ч хоол хүнс хэрэглэдэг байсан эрүүл хүн өдөрт 300 – 400 грамм талх идэх хэрэгтэй. Харин ямар нэг архаг хууч өвчтэй тохиолдолд өвчний байдлаас хамааран өдрийн норм хэмжээг бууруулдаг. Мөн илүүдэл жинтэй, тарган хүмүүс өдөрт хэрэглэх талхны хэмжээг бууруулж 100 – 150 грамм болгох хэрэгтэй.
 
Улаан буудайн эсвэл хөх тарианы талхны аль нь илүү тустай вэ?
 
       Бага калори бүхий хөх тарианы талх эрүүл мэндэд илүү тустай байдаг. Хөх тарианы талхыг бид хар талх хэмээн нэрлэж заншсан. Гэхдээ ходоодны шарх, ходоодны архаг үрэвсэл, арван хоёр нугалаа гэдэсний өвчлөл, ходоодны хүчил ихэссэн үед хар талх идэх нь тохиромжгүй. Энэ тохиолдолд цагаан талх, хатаасан талх идэх нь илүү тохиромжтой. Эмчилгээний зориулалттай талхыг дээд зэргийн гурилыг хивэгтэй холин хийдэг. Ингэснээр аминдэм ихээр агуулах боломжтой болдог тул судасны хатуурал, өтгөн хатах, даралт ихдэх үед илүү тохиромжтой байдаг. Давсгүй талх нь бөөрний өвчин, зүрх судасны зарим төрлийн өвчний үед хэрэглэхэд тустай.
 
       Зарим хүмүүс илүүдэл жингээсээ салахын тулд өдөр тутмын хоолны дэглэмээсээ талхыг хасах гэдэг. Энэ бол буруу зүйл бөгөөд талханд агуудлагдаж буй хэрэгцээтэй бодисуудаар бие организм дутагдахад хүрдэг сөрөг талтай. Иймд өдөрт хоёроос гурван зүсэм талх заавал идэх хэрэгтэй бөгөөд чихэр, амтат боов, бялуу, варень зэргээс харин татгалз. Талх бидний хоол хүнсэнд онцгой байрыг эзэлдэг. Ялангуяа өглөөний унданд. Эрүүл хүний хувьд өдөр тутмын хооллолтыг талхгүйгээр төсөөлөх аргагүй. Хүнсний бүтээгдэхүүн дотроос хамгийн онцгой шинж чанарыг талх л агуулдаг. Энэ юу гэвэл өдөр тутам идсэн ч талхнаас бид хэзээ ч уйдаж залхдаггүй.
 
Өглөөний ундны газрууд
 
       Манайхны хувьд өглөө эрт гараад ойрхон кафед хооллоно гэдэг бараг л боломжгүй. Урьд өмнө нь энэ тухай төсөөлдөг ч үгүй байж. Тэгээд ч өглөө эртээ хоол зардаг цайны газар байхгүй байлаа. Байлаа гэдэг үгийг анзаарав уу. Харин сүүлийн үед өглөөний ундаар үйлчилдэг газрууд хэд хэд нээгдээд байна. Уг нь зам зуур халуун цай кофе, хөнгөн зууш худалддаг үйлчилгээний цэгүүд нээгдвэл тэд хөөрхөн орлоготой, хүмүүс ч ундтай хэн хэндээ хэрэгтэй л бизнесийн санаа шүү.
        - Гэртээ унд бэлтгэж амжаагүй бол яах вэ?
       --?
 
Орон орны өглөөний хоол
 
       Дэлхийн олон орны өглөөний хоол нь өөр өөрийн онцлогтой. Өглөөний цай нь бүх соёлд байдаг боловч зохион байгуулалт, заншил, цаг хугацаа, үргэлжлэх хугацаа, хүнсний бүтэц хэмжээ гээд маш их ялгаатай. Манай монголчуудын хувьд сүүтэй цай, өрөм ааруул, боорцгоороо өглөөний цай хийж ирсэн уламжлал нь өдгөө цагт олон төрлийн талх, гурилан бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ жимсний чанамал гээд маш олон төрөл зүйлээр нэмэгдсэн байна. Африк болон азийн орнуудад чихэрлэг зүйлс өглөөд бараг хэрэглэдэггүй. Хойд болон төв европ ялангуяа их британид өглөөний цай нь өдрийн гол хооллох цаг ба гэр бүлтэйгээ гэртээ бүгдээрээ хамтдаа байдаг чухал үе нь юм. Ази, Европын зарим орнуудад өглөөний цай ундандаа ямар хүнсний бүтээгдхүүнийг голчлон хэрэглэдэг талаар хамтдаа сонирхоё.
 
Хятад
 
       Амтат хоол унд тэргүүтнээрээ алдартай Хятадын өглөөний хоол нь бүс нутаг бүрт харилцан адилгүй. Хойд зүгийн өглөөний хоолонд ердөө л мантуу, бин, бууз зэргийг буурцагийн сүү юм уу, цайтай уудаг. Төв ба зүүн бүс нутгийн өглөөний хоол нь өмнө зүгийн болон хойд зүгийн хоолтой адил ба дүпү, нарийн пүнтүүзний шөл, шингэн будаа нугасны давсалсан өндөг, дарсан ногоо, хүрэн өндөг, амталсан буурцагийн сүү, бин буюу юүтио /тосонд шарсан нарийхан урт зөөлөн бин/ зэрэг олон тооны хачирын хамт иддэг.
       Өвөр монголчууд өглөөний хоолондоо боорцог, бууз, бингээ сүүтэй цай, шингэн будаатай иддэг. Зарим хоолны газарт цагаан идээ, тос, борцоор амталсан тулга нэрийн цай бий. Хөдөө нутагтаа халх монголын хөдөөгийн малчдын иддэг өглөөний хоолтой нэг их ялгаа байдаггүй ч харин газар тариалан эрхэлдэг газрын өглөөний унд нь өдөр, хоол оройн хоолтой адилхан.
 
Япон
 
       Японы уламжлалт өглөөний хоолонд будаа, далайн гаралтай хүнс, дарсан ногоо зэрэг байх ба энэ нь бусад япон хоолноос нэг их ялгараад байхгүй. Харин онцгой хоол бол натто хэмээх исгэсэн вандуй бөгөөд энэ нь япончуудын өглөөний хоолондоо хэрэглэдэг нийтлэг хоол юм. Япон хоолны газар өглөөний хоолонд жантай шөлийг будаа, далайн байцаа эсвэл бусад хачир болох исгэсэн вандуй, агшаасан будаа, шарсан загас, түүхий өндөг ба дарсан ногоо зэргийн хамт танд өргөн барих болно. Барууны өглөөний хоолонд түгээмэл иддэг шарсан талх, чанасан буюу шарсан өндөг, овъёосны будааг ч түгээмэл иддэг болж байгаа. Ердийн өглөөний цайнд ногоон цай, кофе уудаг.
 
Солонгос
 
       Өмнөд Солонгост өглөөний хоол нь будаа, шөл, хэд хэдэн төрлийн хачир буюу амталсан ногоо, кимчи, шарсан мах ба загас багтдаг. Уламжлалт өглөөний хоол нь өдрийн бусад цагийн хоолтой нэг их ялгаагүй боловч, арай цөөн хачиртай. Гэхдээ одоо Солонгосчууд барууны маягийн буюу Америк маягийн өглөөний хоолыг илүү таашаах болжээ.
 
Британи ба Ирланд
 
       Англичууд өглөөний ундаа ихэвчлэн өглөөний 7-8 цагийн хооронд уудаг зуршилтай. Үүнд нь эрдэнэ шишийн болон овьёосны зутан, хүүхдийн будаа эсвэл, нүдэлж шарсан, чанасан, хутгаж хуурсан гээд янз бүрийн аргаар бэлтгэсэн өндөг, гахайн утсан мах, маслотай талхнаас гадна мэдээж хэрэг жимсний чанамалтай цай уудаг заншилтай. Утсан загас будааны хачиртай, грилдсэн болон шарсан улаан лооль, цусан хиам, жигнэсэн боов, шарсан талх, олон төрлийн шарсан төмс, мөөгийг ч голлон хэрэглэх нь бий. Энэ уламжлалт хоолоо идсээр байгаа ч хөнгөн зууш бусад зүйлийг хэрэглэх нь ч бий. Жимс, тараг, савласан овьёосны будааг хүйтэн сүүтэй хамт өөх, шарсан талхаа бяслаг, жимсний чанамал, бүржмэл чихэр, лимоны чанамал, мармайт буюу газрын самрын нухаш зэрэгтэй хамт иднэ. Өөр нэг нийтлэг өглөөний хоол нь утсан загас юм. Тэдний хувьд кафе, ресторанд өглөөний цайгаа уухыг илүүд үздэг.
 
Герман Австри
 
       Герман, Австри, Швейцарт өглөөний унданд голдуу халуун ундаа (Кофе, цай, сүү, какао), талх нарийн боов (голдуу талх) түүн дээрээ түрхэх янз бүрийн хольц (масло, маргарин, хиам, бяслаг, варень, зөгийн бал, аарц, самар, гахайн давсалсан мах, хиам, дутуу чанасан өндөг ба кофе жимсний жүүс багтана. Өглөөний цайнд овьёосны будаа идэх нь нийтлэг болсон ба бүс нутгийн онцлогоос шалтгаалан янз янзаар бэлтгэж иддэг байна. Сүүлийн үед Брунч дэлгэрээд байгаа. Английн breakfast өглөөний унд ба lunch өдрийн зоог гэсэн үгнээс үүссэн нэр томьёо. Бага үдэд брунч иддэг тул орой босдог хүмүүст их тохиромжтой. Зочид буудал, ресторанууд хагас бүтэн сайнаар их санал болгодог. Хүйтэн, халуун янз бүрийн идэх юмс байдаг тул үндсэндээ өглөөний цай ба үдийн хоолыг нэгтгэсэн гэсэн үг. Герман үгийн гарал нь өглөө эрт Frьh болон ганц нэг юм stьck гэсэн үгнүүдээс үүсэлтэй бол англи үг нь break болиулах, зогсоох ба fast мацаг барилт, өлсөлт буюу шөнийн мацаг барилтаа зогсоох гэсэн агуулгатай.
 
Франц
 
       Франц нутгийн өглөөний хоол нь том аягатай сүүтэй кофе, халуун шоколад, жүрж, усан үзмийн жүүсээрээ онцлог. Өөрсдийн хийсэн нарийхан урт талхан дээрээ цөцгийн тос, жимсний чанамал, шоколад түрхэж байгаад идэх дуртай. Талх, ороомог, үзэмтэй ба шоколадтай бусад нарийн боов нь уламжлалт хоол нь. Бусад өглөөний хоол нь овьёосны будаа, жимсний компот, цагаан бяслаг, тараг зэрэг нь нийтлэг хоол хүнсний нэг хэсэг болж байгаа юм.
 
Нигер
 
       Нигер бол Африкийн хүн ам шигүү суурьшсан орон бөгөөд 250 гаруй үндэстэнтэй. Баруун өмнө зүгт байдаг Ёоруба хүмүүс эрдэнэ шишийн агшаамалыг өтгөрүүлсэн сүүтэй иддэг. Оги Акараже хүмүүс нь цэвэрлэсэн хар нүдэн буурцагийг бөөрөнхийлж дал модны тосонд шарж, сонгино ба шинэ хар чинжүүгээр хийсэн буурцагийн жигнэмэгтэй амтархан иддэг. Энэ хоёр хоол нь хоёулаа буурцагийн гурилаар хийсэн, “Акара” нь тосонд шарсан, “мой мой” нь навч буюу тугалган цаасанд ороож жигнэсэн хүнс. акара мой мой Өглөөний цайндаа англи цай буюу нэг төрлийн зөөлөн ундаа,чихэрлэг амттан хэрэглэдэг. Баруун өмнө Нигерчүүдийн өглөөний хоолны бас нэг сонголт бол овьёосны будаа шиг иддэг “гари” болно. Энэ хоолыг нэг төрлийн ургамлын үндсээр хийсэн бөгөөд усанд дэвтээж сахар нэмж иддэг онцлогтой.
 
       Орон орныхоны хоолны онцлог зан заншил орчин нөхцлөөсөө хамаараад ондоо байдаг хэдий ч сүүлийн үед ижил хандлагатай болоод байгааг бид ажиглалаа.
 
     Өглөөдөө хагас бэлэн бүтээгдэхүүн хэрэглэвэл дээр үү, эсвэл шинэхэн бэлтгэсэн хоол хүнс сонговол дээр үү? Мэдээж шинэхэн ногооны салат салат, зуушийг бэлтгэж идвэл сайн. Хүнс судлаачид өглөө зутан идэхийг зөвлөдөг. Мах, өндөг, бутербродоос илүүтэй зутан идэх нь жингээ барих хүсэлтэй хүмүүст хамгийн зөв сонголт болно. Сүүтэй овсянк, хүүхдийн будаа бүхий каша нь зүрхний өвчин, чихрийн шижин тусах магадлалыг эрс бууруулдаг. Төрөл бүрийн эрдэс бодис, аминдэмээр баялаг үр тариа, будаа нь өглөөний унданд хамгийн тохиромжтой. Мөн шинэхэн ногоо, жимс, эрдэс бодис бүхий хүнсийг сонгох хэрэгтэй. Өглөөдөө амттай тэр тусмаа чихэрлэг нялуун амттай каша идэх хэрэггүй. Ханасан тос агуулсан хоол, ялангуяа давс, өөх ихтэй махан бүтээгдэхүүн хэрэглэхгүй байвал сайн. Цагаан талх бус харин хөх тарианы хар талх сонгож идээрэй.
 
Эрүүл өглөөний ундны цэс
 
      Авах ёстой илчлэгийн хэмжээ нь хүний нас, хүйс, эрхэлж буй ажил зэргээс хамаарна. Өдрийн хамгийн бага хэмжээ нь 1100 - 1200 калори. Харин 1000 –аас доош байвал хэрэгцээт аминдэм, эрдэс бодисыг авч чадахгүй бодисын солилцооны хямралд орох эрсдэлтэй.
 
Бутерброд: Зүсэм бяслаг, масло, улаан лоольтой бутерброд нь хамгийн зөв сонголт. Цагаан гурилаар хийсэн талх бус харин хөх тарианы хар гурилаар барьсан талх сайн. Мөн зөгийн бал болон сахар хэрэглэхээс татгалз. Учир нь цусан дахь холестирины хэмжээг огцом нэмэгдүүлдэг талтай.
 
Цитрусын/жүрж/ төрлийн жимс ба шүүс : Өглөөний унданд цитрусын төрлийн жимсний шүүсийг заавал багтаах хэрэгтэй. Учир нь С аминдэмээр баялаг байдаг юм. Өглөөний унднаас эхлэн хамгийн багадаа өдөрт гурван удаа жимс идээрэй.
 
Өндөг : Өндөг бол хангалттай бага илчлэгтэй хэр нь уургийн хамгийн сайн эх үүсвэр. Хүнс судлаачид өдөрт нэг ширхэг өндөг идэхийг зөвлөдөг. Ингэхдээ чанасан өндөг, өндөгний нухаш, омлет гээд ямар ч аргаар боловсруулан хэрэглэж болно.
 
Өөхгүй мах: Хэрвээ та өглөөгүүр мах идэх дуртай бол өөхгүй махыг л сонгоорой. Тахиа, загасны мах бол бүр сайн. Лосось, тунц загастай, нимгэн майонез түрхсэн бутерброд нь тосны хүчил омега – 3 –ийн хамгийн сайн эх үүсвэр болдог юм. За ингээд бүгдээрээ өглөөний хэмнэлээ өөрчилж, өөдрөг амьдарцгаая.
 
Өглөөд хаан шиг зоог барьж, өдөрт хан шиг хооллож, оройд гуйлгачин мэт идэж байгтун гэдэг үгийг санаж яваарай.