Эрх чөлөө бол тунхаг-уриа, хоосон яриа төдий зүйл гэж үү?

Одоо Монголд ул дол болсон хоёр сэдэв байнаа. “Эрх чөлөө”, “Хүний эрх” гэсэн энэ хоёр сэдвээр амтай болгон ярьж, бичиг үсэг тайлагдсан хүн бүр бичиж байх шиг (тэдний нэгэнд би ч орох байх). Сэргэлэн нэг нь энэ хоёр сэдвийг шүүрэн авч төсөл мөсөлхөн хийж гадаадынхнаас мөнгө цохичхно, түүнээс сэргэлэн нь энэ хоёр сэдвээр донгодсоор байгаад эрх мэдэлд хүрнэ.

Бид эрх чөлөөний тухай яасан ч их ярив, бичив, маргав! Одоо тэгээд эрх чөлөө гэсэн хоосон үгнээс залхаж эхлэв бололтой. Ямар ч чухал сэдвийг улиг, хэн ч тоодоггүй үг-яриа төдий зүйл болгоё гэвэл тухайн зүйлээ амьдралд хэрэгжүүлэхгүй, харин түүнийхээ тухай үндэслэлтэй үндэслэлгүй зүйл байнга яншаад байх ёстой юм шиг байна. Тэгснээр тухайн сэдэв улиг болж, хүмүүс ч сонирхохоо больж эхэлдэг бололтой. Уг нь яг ийм нөхцөл байдалтай холбогдуулж Жэффэрсон хүмүүст анхааруулж хэлсэн байдаг юм: “Эрх чөлөөний сонор сэрэмжээ алдахгүй байж чадах юм бол та эрх чөлөөтэй байсныхаа төлбөрийг хийж байгаа хэрэг юм шүү!” гэж. Бид энэ үгийн утгыг үл хэрэгссээр ирэв.

Ер нь бидний амьдарч буй нийгэм тун хачин нийгэм юм шүү дээ. Ардчилсан, эрх чөлөөтэй гэдэг атал оршихуйд маань боолчлолын элемент тун их байдаг. Боолчлол! Юун сүртэй үг хэрэглэдэг юм бэ гэж үү? Боолчлогдож байгаагаа мэдэхгүй байгаад боолчлолын нэг үндэс байдаг. Та болон танай гэр бүлийнхэн тартагтаа тулсан амьдралаар амьдарч байж төрийн өндөрлөгт байгаа хэн нэгэн,  түүний гэр бүлийн тансаг байдлын төлөө хөлсгүй ажиллаад байвал түүнийг боолчлол гэхгүй өөр юу гэх юм бэ? Төрийн өндөрлөгт байгаа энэ хүмүүсийн хэрэглээ, хангамж, тансаглалыг хар л даа. Энэ бүхний зардлыг та л төлж байгаа шүү дээ.

Гэхдээ сонирхолтой нь төрийнхөн энэ мэт тансаглалыг дур зоргоороо эдлээд байгаа юм биш, төрд ажилладаг хүн иймэрхүү хангамж эдлэх ёстойг хуулиар зөвшөөрсөн байдаг аж (Энэ бол худал, үнэндээ зөвшөөрдөг биш, тэд өөрсдөдөө зориулж ийм хууль гаргадаг). Тэр хуулиндаа энэ бүх тансаглал, хангамжийн зардлыг улсаас гаргуулахаар тусгасан байдаг (Энэ бас худал, улсаас биш, биднээс гаргуулахаар). Тэгэхээр нөгөөх “төрийн хүн” маань энэ бүх хангамж, тансаглалыг эдлэхгүй бол хуулиа зөрчсөн хэрэг болох нь байна шүү дээ (Энэ бол харин үнэн). Хууль зүйт нийгэмд амьдарч байгаагийн хувьд хуулийн ийм заалтыг биелүүлэх ёстой. Хууль зүйн ийм орчинд бүх залуус төрийн алба руу зүтгэж байна. Тэнэг биш л бол хэн ч гэсэн боолчлогдож байснаас боолын эзэн байсан нь дээр гэдгийг мэдэлгүй дээ.

Төрийнхөн, хүн л юм чинь бидэнд ч гэсэн гачигдал зовлон байна гэдэг л дээ. Тийм ээ, гачигдал гэвэл жирийн иргэдийн гачигдал, зовлон хамаагүй бодитой, тулгамдсан, бас тэгээд үнэн байдаг. Гэсэн ч тэдэнд төрд өгсөн мөнгөнөөсөө хэрэглэх бололцоо олддоггүй. Жирийн иргэн та үнэхээр төрийнхөнтэй адил эрх чөлөөт, тэгш эрх бүхий иргэн мөн юм бол төрд өгсөн татвар хураамжаасаа хааяа (төрийнхөн шиг байнга биш) хэрэглэх эрхтэй байх ёстой. Энэ бүхэн нь тун нухацтай хандах ёстой асуудал атал иргэд бид даанч хэнэггүй байдаг учраас тэдэнд улам ихээр завших бололцоо олгодог. Бид бүхэн төрд байгаа хүмүүсийн төлөө хөлсгүй хөдөлмөрлөх ёсгүй л юм бол өөрийн бүтээсэн баялгийг хаашаа явж байгаа, хэн, юунд, хэрхэн зарцуулсныг заавал асууж байх ёстой. Либертари үзэлтэй хүмүүс энэ мэт асуултыг иргэдэд тавьснаараа тэдний “өөрөө өөрийнхөө төлөө” гэсэн ухамсрыг нь сэргээж өгөхийг хичээж байдаг билээ.

Үгүй дээ, эрх чөлөө гэдэг зүйл амьдрал дээр хэрэгжсэн тохиолдолд эрх чөлөө болдог!

Бодит байдал ийм байхад улс төрчид тэдний гар хөл болсон хуульчид эрх чөлөө гэдэг үгийг хэзээ ч хэрэгждэггүй хуулиндаа оруулснаар “та нарт эрх чөлөөт нийгмийг чинь байгуулаад өглөө шүү” гэдэг. Даапаалж байна гэхээс өөр юу гэхэв! Солженицынийн хэлснээр, тэр хууль нь “хааш нь ч харуулаад өмсчихөж болдог дээл” шиг болсон эд юм чинь. Тэд уг хуулиа дотор гадаргүй эргүүлж, янз бүрээр тайлбарласаар байгаад өөрсдийнхөө тансаглах эрх чөлөө, тэр тансаглалынхаа зардлыг биднээр төлүүлэх үндэслэлийг гаргаад ирнэ. Уг нь тэдний хэлж байгаа үндэслэл худал, цаад логик нь зөрчилтэй байгааг илрүүлэхэд амархан л даа. Тархинд нь хор хутгахаас өөр олигтойхон ажиллачихдаг нейрон байдаггүй улс төрчдийн үндэслэлийн өнгөн хэсгийг жаахан л малтахад цаанаас нь жинхэнэ мөн чанар нь цухуйгаад эхэлдэг.

Өнөөдөр Монголын ямар ч иргэн өөрийгөө ардчилсан оронд амьдарч буй эрх чөлөөт иргэн гэж хэлнэ. Энэ бол бидний цээжилсэн үг, уриа лоозун. Та эрх чөлөөтэй гэдгээ яаж мэдэж байгаа юм бэ гэж асуувал Үндсэн хуулинд тэгж заасан, би сонгуульд оролцдог, нэг их ухаантай хүн, тэр дарга намайг эрх чөлөөтэй хүн гэж хэлсэн гээд улс төрч, хуульч, ордны профессоруудын амнаас гардаг нөгөө хэдэн өгүүлбэрийг үргэлжлүүлдэг. Үнэхээр цаадуулын чинь яриагаар бол бид Үндсэн хуультай, бүх хүн нь сонгох сонгогдох эрхтэй, хүн бүр хуулийн өмнө тэгш, ардчилсан оронд амьдарч буй учраас эрх чөлөөтэй хүмүүс л дээ. Тийм ээ, бид хуулиар бол эрх чөлөөтэй, харин амьдрал дээр бол... Жагсаал цуглаан хийх эрхээ эдэлсний төлөө буудаад алчхаж байгаа орныг эрх чөлөөт орон гэх үү (одоо болтол тэр алуурчдаа шийтгээгүй л байна). Энэ бол үнэхээр илээс ил, тодоос тод баримт. Ийм байхад эрх баригчид чамайг эрх чөлөөтэй гэж буй явдал бол үнэн хэрэгтээ “май үүнийг ид” гээд хоосон гараа сарвайж буй хэрэг. Эрх баригчдын үгээр өөрийгөө эрх чөлөөтэй гэж бодож буй хүн бол өлссөн хоёр хужаатай адил өөрсдийгөө хуурч буй хэрэг: Хоёр хужаа хээр явж байгаад төөрч л дээ. Өлсөх гэдэг тэсэхийн аргагүй болсон тэр хоёр хоорондоо яах вэ гэж ярьж байгаад нэг нь нөгөөдөө “Чи сайхан сайхан хоолны нэр хэлваа, харин би түүнээс чинь савхдаваа!” гэсэн гэдэг. Түүн шиг “би сонгуульд оролцдог”, “манайд Үндсэн хууль байна”, “манайх ардчилсан орон” гэсэн сайхан сайхан хоолны нэр хэлээд байхаас даа.

Чи үнэхээр эрх чөлөөтэй юм бол өөрийнхөө мөнгөөр хэнд ч хор хөнөөл учруулахгүйгээр зөвхөн өөртөө хамаатай (онцлов) юмыг хийх гээд үз л дээ. Болохгүй байвал эрх чөлөө гэдэг хоосон үг. Бид чинь ийм энгийн үнэнийг ойлгохгүй орчинд байна шүү дээ. Сонс, та үнэхээр эрх чөлөөтэй юм бол өөрийнхөө зөв юман дээр эрх мэдэлтнүүд болон хөрөнгө чинээтэй хүмүүстэй тэмцээд үз. Хэрэв хууль, төр үнэн мөнийг нь тогтоож ялалт чиний талд ирвэл эрх чөлөөтэй. Бусад тохиолдолд эрх чөлөө гэдэг “сайхан хоолны нэр”. Үнэхээр амьдрал дээр хөндлөнгийн хэн нэгэнд хор хөнөөл болох зүйл хийгээгүй атал таны үйлдлийг хориглоод байх юм бол бид эрх чөлөөтэй юм гэж үү.

Өгүүллийг бичигч намайг эрх чөлөөний тухай ярихдаа яагаад хар тамхи, биеэ үнэлэх, архи зэрэг хамгийн халгаатай сэдвийг сонгож авдаг юм бэ гэж олон хүн асуудаг. Асуудал хамгийн хурц, эгзэгтэй асуудал дээр л тод илэрдэг. Бусад зүйл дээр хэн ямар байр суурин дээр байгаа болон асуудлын мөн чанар тодорхойгүй үлдчихдэг юм. Эрх чөлөөний сэдэв дээр асуудлыг хамгийн хурц тавиад хариуг нь шууд авах хэрэгтэй. “Аль аль нь зөв”, “Уг нь зөв, гэхдээ...” гэх мэтээр асуудлаас булзах бололцоо өгөхгүй байх хэрэгтэй. Рандын хэлснээр, саарал суртахуунд байр тавьж өгөх ёсгүй. Түүнээс биш Монголд насанд хүрсэн хүн эротик кино үзэж, порно ном уншиж, хэн нэгэнтэй ярьж байхдаа хөлөө ачин сууж, өөрийн өмчийн өрөөнд хөлөө ширээн дээрээ тавьж, дуртай хувцсаа өмсөж болж байна, тэгэхээр манайд эрх чөлөө байна гэсэн гэм халгүй юм яриад байж болох л доо. Хар тамхи, биеэ үнэлэх явдал, архийг муулаад байгаа хүмүүс бол өөрөө өөртэйгөө тэмцэж чаддаггүй, тийм учраас өөрийн болоод бусад хүний эрх чөлөөг хасуулж байж уг зүйлээс зайлсхийх гэсэн бурууг дандаа бусдаас хайж байдаг хүмүүсээс гардаг яриа юм. Ёстой л гэрийнхээ дэргэдэх түргэн хоолны газраас хамбургэр, хот-дог авч идсээр байгаад хэт таргалан улмаар түргэн хоолны газрыг шүүхэд өгсөн “задарсан эрхийн” (Боазын хэлснээр) кэйс шиг зүйл болно. Би уруу татагдчих гээд байна, миний тэсвэр тэвчээр хүрэхгүй нь гээд нөгөө хүнийхээ зохистой хэрэглэдэг тэр зүйлийг хориод өгөөч гэх нь хэр зөв байна даа. Та нар бод л доо, архинд орсон бүх хүн “Чамаас болоод миний амьдрал ийм байна” гээд архины үйлдвэрийн эзэн рүү дайраад байж болохгүй биз дээ. Үнэндээ тэр архины үйлдвэрийн эзэн, УБ-ын өмнөх хүүхэн хоёр яг адилхан. Энэ хоёр “Бид зөвхөн санал тавьж байна. Нэг нь, миний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг ууна уу, жүүсээ ууна уу таны дур, нөгөө нь, миний биеийг хэрэглэнэ үү, эс хэрэглэнэ үү та нарын сонголт” гэж байна шүү дээ. Нэг нь архи, нөгөө нь биеэ санал болгож байна. Эцсийн эцэст хэрэглэх эсэх нь таны сонголт. Аль нь ч гэсэн бидний хэрэгцээн дээр тулгуурласан бизнес. Тэдгээр зүйлийг хэрэглэхгүй байх бүрэн эрх танд бий. Муухай гэвэл аль аль нь муухай. Нөгөө талаас нь авч үзэх юм бол хэн нэгний өмнө ёс суртахууны үүрэг хүлээгээгүй хүмүүс зохистой хэрэглээд байж болох л зүйлс. Эцсийн эцэст энэ бол хувь хүний асуудал шүү дээ.

Ийм яриа үүсэхээр хүмүүс дараахь зүйлийг хэлдэг юм. “Та яахав, архи уучхаад, марихуан татчихаад бусдадаа гай тарихгүй, хор хөнөөл учруулахгүй биеэ аваад явчихдаг байж болноо. Тэгвэл бусад хүн тэгэхгүй” гэдэг. Өөр нэг хүн ямар нэг үл бүтэх юм хийж магадгүй гээд гэмгүй миний эрх чөлөөг хасдаг ямар хачин нийгэм бэ? Ёстой нийтийн эрх ашгийн төлөө нэг хүнийг яаж ч болно гэдэг утилитари үзлийн буруу тал энэ шүү дээ (Миллийг социалист эхнэрийнхээ нөлөөгөөр ийм үзлийг бараг баримтлахаа шахсан гэдэг).

Иймэрхүү зүйл чөлөөтэй байх нь хувь хүн өөрөө хариуцлагатай байж, улмаар зүй зохистой тохируулан хэрэглэх, тэгснээрээ өөрийн эрхийг хадгалж үлдэх, улмаар төр гэсэн хөндлөнгийн зүйлийг хувийнхаа амьдралд оруулахгүй байх бололцоо нөхцөлийг хангадаг.

Өнөөгийн түвшинд монголчууд энэ үзэл санааг хүлээн авах нөхцөл бүрдээгүй (зарим хүний ярьдгаар монголчууд Холланд, Бельги, Америк, Франц, Английн иргэдээс ухамсар дорой, ухаантай муутай) гэж ярьдаг ч либертари үзэлтнүүд эрх чөлөөний мөн чанарыг бусад үзлээс хамаагүй тууштай бөгөөд үндэслэлтэй илэрхийлж байна. Либертари үзэлд өнгөц хандаж, магадгүй зөвхөн гоё сайхан санагдсан ганц хоёр үгэнд татагдсан хүмүүст хандаж хэлэхэд энэ үзэл бол бүх зүйл чөлөөтэй байхад өөрөө маш хариуцлагатай, чанд байхыг шаарддаг (бусдыг хуурч мэхэлж, дээрэмдэх гэх мэтээр эрхэнд халдаж болохгүй, хуулийн хүрээнд ч гэсэн бусдыгаа хохироож болдоггүй тухай өмнө бичиж байсан өгүүллүүддээ тодорхой өгүүлж байсан билээ) нэлээд хатуу үзэл шүү гэмээр байна.